Акробат, уран нугаралтын “Angels” төвийн уран нугаралтын багш, Монголын уран нугараачдын холбооны тэргүүн, Гавьяат жүжигчин Л.Энхцэцэгийг урьж ярилцлаа. Тэрбээр хүү, тус төвийн захирал Б.Оргилболдынхоо баруун гарын туслах, зөвлөх, ер нь бүх талын хамтрагч нь юм. Тэд Монголын циркчид, үндэсний урлагийн уран бүтээлчдийн “Номад” шоуг Парисын алдарт “Феникс” циркт хоёр сарын турш амжилттай зохион байгуулсан юм.
-“Номад” шоуг Парисаас гадна тус улсын есөн том хотод үзүүлээд, дараа нь Швейцарт очсон байна лээ. Хаана ч үзэгчид ихэд таалсан гэсэн. Гол нь ямар сэтгэгдэл хэлж байв?
-“Төсөөлж байгаагүй орон Монголд очсон юм шиг боллоо. Нээрэн л Монгол гэж ийм улс байх, монголчууд мал аж ахуй эрхэлж, ингэж гоё дуулж, бүжиглэдэг хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлголоо. Уудам сайхан нутагтай, мал сүрэг бэлчсэн орон юм байна” гэж хэлэх нь олонтоо байсан. Уран бүтээлчдийн багт циркийн жүжигчдээс гадна ҮУИТ-ын бүжигчид, дуучин, хуурч, хөөмийчийг багтааж, малчдын өдөр тутмын амьдралыг урлагаар илэрхийлж үзүүлсэн нь сонирхолтой болсон л доо. Тайзыг талд байгаа гэрийн хаалгыг онгорхой байдлаар зассан. Тэр гэрээс уран бүтээлчид гарч ирж, дуулж хуурдахдаа араг, савраар жонглёр хийх зэргээр монгол ахуйн онцлогийн талаар өгүүлдэг найруулгатай. Энэ нь циркийн урлагийн тухайд шинэлэг агуулга болсон. Найруулагч нь миний хүү. Парист циркийн найруулагч мэргэжлээр суралцаж, төгссөн мэргэжилтэн.
-Цаашид хэзээ, хаана тоглох вэ?
-Энэ оны арваннэгдүгээр сард дахин Францад очно. Тус улсын өмнөд хэсгийн Монако, Канн зэрэг хотод тоглоод Герман явна. Бас энэ тоглолтын багасгасан хувилбар гэж хэлж болох, цөөн уран бүтээлчээс бүрдүүлсэн шоу хэлбэрээр Туркт тоглох болсон. Дөчин уран бүтээлч арай олон байна гэж үзжээ. Карантин тавигдахаар энэ ажилдаа санаа тавина. Туркийн таван одтой зочид буудлуудад манай циркчид тоглодог болсоор удаж байна. Бид эхлэлийг нь тавьж байлаа.
-Бид гэж хэн бэ?
-Манай үеийнхэн. Манай нөхөр Ё.Батболд гээд нэрлээд эхэлнэ. Миний хань циркчин байсан. 1981 онд шидэх банзнаас агаарт дэлхийд анхлан дөрөв эргэсэн амжилт гаргаж байлаа. Дэлхийн рекордыг гурван удаа эвдсэн дээ. Долоон тэмээн дээгүүр харайдаг үзүүлбэрээр нь үзэгчид илүү сайн мэддэг.
-Хүүгээ та хоёр зориуд циркчин болгосон уу?
-Үгүй ээ. Аав, ээжийнхээ ажлын газарт өнжиж байхдаа биднийг, бусад уран бүтээлчийг харж, өөрийгөө оронд нь тавьж төсөөлсөөр байгаад дуртай болчихсон байх.
-Охин тань ямар мэргэжилтэй вэ?
-Миний охин мөн л адил циркийн жүжигчин. Уран нугаралт, агаарын даавуу, усан дотор нугарах гэх мэт нэлээд хэдэн төрөл дээр ажилласан.
-Морин хуурч япон бүсгүй бэр тань болжээ. Хүүтэй тань хаана таарсан юм бол?
-Японд анх уулзсан гэдэг. Нэг өдөр хүү маань “Ээж, хөөрхөн япон бүсгүй бодогдоод байх боллоо. Яах вэ” гэж асуудаг юм байна. Тэгэхээр нь бодогдох нь бүү хэл таалагдаад байгаа юм байна гэж бодоод “Миний хүүд яг тохирох бүсгүй бол хаанахын хэн байх нь хамаагүй ээ. Сэтгэл нийлж л байвал боллоо” гэж хэлсэн. Нэг мэдэхэд манай хоёр гэрлэх болсон байлаа.
-Уучлаарай, таны насыг асууж болох уу. Одоогоос гурван жилийн өмнө та уран бүтээлийн тоглолт хийхдээ зургаагаас жаран настай уран нугараачдын цугларалт зохион байгуулсан. Та хэдтэйдээ нугарсан бэ?
-Тэгэхэд 54 настай байжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа, манайхан “Номад” шоу хийсэн “Феникс” театрын тайзан дээр бас нугарсан.
-Энэ тухай асуух гэж байлаа. Интернэтээр үзсэн юм. Яг л залуугийнх шигээ нугарч байна лээ. Уян хатан байдлаа яаж хадгалдаг вэ?
-Хоёр жилийн өмнө тоглолтод бэлтгэж сургуулилалт хийхэд дажгүй байсан болохоор түүндээ эрдээд тэр том тайзан дээр гарсан. Айдас, аз хоёрыг зэрэг мэдэрсэн дээ.
-Юу болсон юм бэ?
-Манай хүү 2018 онд “Номад” шоуны гэрээг тус циркийн удирдлагатай хийхээр уулзах үед миний тухай яриа болсон юм билээ. Би тэр циркээс зохион байгуулдаг уламжлалт “Маргаашийн цирк” олон улсын наадам-уралдаанд 1982 оны сүүлчээр оролцоод алтан медаль авсан юм. Монголооосоо анх удаа гадаадын томоохон наадамд оролцсон нь тэр. Гэтэл тэр алтан медаль алга болчихсон. Улсын цирк байх үед амжилт гаргасан уран бүтээлчдийн шагнал, урамшуулал, медалиудыг бүгдийг хоёрдугаар давхарт шилэн хоргод байлгадаг байлаа. Циркгүй болсон, медалиуд алга болсон.
-Эзэнтэй медалиудыг хэн авсан байж таарах вэ?
-Мэдэхгүй. Тэр үед би гадаадад байсан болохоор юу болсныг мэдээгүй. “Феникс”-ийн удирдлага энэ тухай сонсоод, бас намайг 2017 онд нугарсныг мэдээд гайхсаны зэрэгцээ урьсан. “Манайх олон улсын наадмынхаа 40 жилийн ойг маш сайхан тэмдэглэх гэж байгаа. 30 гаруй жилийн өмнө алтан медаль хүртэж байсан нугараачийн алтан медалийг нөхөн олгоё. Болж өгвөл нугаруулъя” гэжээ. Хүү Парисаас ийм мэдээлэлтэй ирээд “Бодож байгаад болохгүй ю у даа” гэв. Би бодлоо. 6000- аад үзэгчийн суудалтай танхимд, олон улсын наадмын ойн баярын тоглолтоор нугарч чадах уу, чадлаа гэхэд ямар үзүүлбэртэй оролцох вэ, нум, сум байвал яадаг бол гэх зэргээр бодсон. 2017 онд Монголдоо уран бүтээлийн тоглолт хийхдээ шавь нартайгаа нугарахдаа нум, сум харваж оролдсоноос цаашгүй байдаг. Би залуудаа ингэж харваж байгаагүй юм. Хэдхэн жилийн өмнө дүүгийнхээ хоёр хүүхдийг “Авьяаслаг монголчууд” шоунд нум, сумтай оруулахаар бэлтгэх явцдаа бие халаалт хийхдээ нуруугаа хөдөлгөж байсан юм л даа. Тэр үед нэг шавь маань “Багш аа, та их гоё харагдаж байна. Маш уян юм, харваж чадахаар байна” гэлээ. Хүн урамшихдаа амархан. Нээрэн л чадах юм шиг санагдаад, аажим сургуулилалт хийж байгаад уран бүтээлийн тоглолтоороо шавь нарынхаа дунд нум, сумтай гарсан минь тэр. Үүнийгээ бодоод, ерөөсөө зүтгэе, “Феникс”- ийн урилгыг хүлээж авъя гэж шийдсэн. Циркийн олон улсын наадмын 40 жилийн түүхэнд содон үзүүлбэр харуулсан дөрвөн уран бүтээлчийг “Алтан зочин” хэмээн өргөмжилж урьсны нэг нь би юм билээ. Тэр том байгууллага ингэж хүндэлж байхад үзэгчдэд таалагдах үзүүлбэртэй байх ёстой гэж үзээд нум, сумаас гадна зубник буюу шүдэн дээрээ тогтдог үзүүлбэрээрээ бэлэг барих болов. Шүдэн дээрээ биеийн жингээ авдаг шүү дээ, бүгд мэднэ. Маш сайн бэлтгэл, сургуулилалттай нугараач бардаг ажил. Хүзүү, сээр, нуруу, далны бүхий л булчинд асар их ачаалал өгдөг тул буруу хийвэл аюултай. “Феникс” урьсан, зубник хийхээр бэлтгэж байна” гэж Лас Вегаст байдаг Эрдэнэчимэг эгчид хэлтэл надад тусалж, хажууд минь байх гээд нисээд ирэв ээ.
-Саяхан Гавьяат жүжигчин болсон нугараач уу?
-Тийм ээ. Зовлонг нь мэддэг болохоор хань болох гэж байхгүй юу. Шаардлага гарвал хориглоно гэж бодсон гэсэн. Тоглолт болохын өмнөх өдөр “Феникс”-ийн захирал багийн гишүүдтэйгээ миний үзүүлбэрийг үзээд, маргааш тайзнаа гарах зөвшөөрөл олгов. Хариуцлагатай мөч тулж ирэхэд их айж байлаа. Өмнө нь хэзээ ч, ямар ч тайз, манежид тэгж сандарч байгаагүй. Зөвхөн тэр тоглолтод зориулж өөрийн ширээг захиж авчруулсан юм. Гэтэл тэр минь талбай жижигтэй болчихсон ч юм шиг, өөр санагдаад ч байх шиг. 32 жил нугарсан хээтэй ширээн дээрээ 20 жилийн өмнө өмсөж байсан хувцастайгаа зогссон доо. Нум, сум харвахдаа эхлээд хоёр удаа алдав. Гурав дахь удаагаа бөмбөлгийг хагалахад танхим дүүрэн үзэгч хашхираад л алга ташлаа. Зубник ч дажгүй. Аз шүү. Хүнд үзүүлбэрийг эрүүл мэндийн хохиролгүй давж, бас бөмбөлгөө хагалж чадсан. Насаараа хийсэн ажил бол өөр. Гэтэл 50 нас гарсан хойноо ганцхан удаа нум, сум харваж үзсэнээс цаашгүй хүн бөмбөлгийг онож чадсандаа баярласан.
-Аргагүй өвөрмөц үзүүлбэр хийх гэж зоригложээ.
-Тэгсэн. Манай хүү, охин хоёр, бас Эрдэнэчимэг эгч ч гэсэн “Зубникээ больчих” гэж ятгаж үзсэн ч би зорьсондоо гээд зүтгэчихсэн (инээв).
-Уран бүтээлчдийн мэргэжлийн “өвчин”, зүрх, зориг гэж аргагүй байх юм аа.
-Шинэ, содон юм хийх гээд л тэр.
-Таны багш хэн бэ?
-Ардын жүжигчин, Төрийн шагналт Цэнд-Аюуш. Улсынхаа циркийн урлагийг үндэслэн байгуулалцсан хүмүүсийн нэг. Ардын жүжигчин Норовсамбуу эгчийн ч багш нь.
-Та нугараач болсон түүхээ сонирхуулаач.
-Зургаан настай байхад болсон явдал ярих нь ээ. Манайх Яармагт байлаа. Би есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Нэг өдөр миний дунд ах хичээлээс ирээд биеийн тамирын хичээлд заасныг хийж чадаагүй гээд давтаж үзүүлээд байлаа. Ах, эгч нар гэрийн гадаа гудас дэвсэж байгаад арагшаа ч, урагшаа ч унаад байх юм. Тэгэхээр нь тэднийг дуурайхдаа элдэв янзаар хөдөлж үзүүлэхэд бүгд гайхав. “Чи яаж ингээд байгаа юм” гээд л энд тэндээс хараад байсан. Аав, ээжийг ирэхэд “Дүү нугардаг юм байна” гэлээ. Тэгэхэд эцэг, эх хоёр минь “Тийм хүн ховорхон заяадаг юм гэсэн. Манайд юу гэж тийм хүүхэд байх юм” гэж байлаа. Гэтэл удалгүй төрөлхийн уян хүүхэд болох нь мэдэгдэж, Яармагийн клубийн уран сайханч ч болов. Клубийн эрхлэгч сэргэлэн нөхөр намайг байсхийгээд ийш тийш нь дагуулж явна. Би өөрөө яаж ч хамаагүй мушгирч харуулна. Хотын захиргааныхан ажлаар явж байгаад олж харсан байсан. Дараахан нь Норовсамсуу эгч таарсан юм билээ. “Яармагийн клубт нугарахаар охин байна” гэж багшид хэлж л дээ. Ингээд л багшийнхаа шавь болсон юм даа.
-Сонирхолтой түүх юм. Тэр хөөрхөн, хаашаа ч хамаагүй мушгирч хүмүүсийг гайхашруулж байсан уран сайханч охин өнөөдөр дэлхийд алдартай циркийн “Алтан зочин”-оор уригдаж, аваад алга болгосон алтан медалиа нөхөж гардаад л. Сэтгэл хөдлөм юм.
-Баярлалаа. Тэр гэнэтийн бэлэг байсан. Хүүд бол хэлсэн. Харин надад гэнэт гардуулж баярлуулсан. Хүндэт зочин болж ганцаараа нугарах нэг хэрэг байлаа. Монгол Улсынхаа нэрийн өмнөөс дэлхийн циркийн төв болсон “Феникс”-т олон уран бүтээлч хамруулсан нэгдмэл “Номад” шоугаар уран нугаралтын ямар үзүүлбэр үзүүлбэл сонирхолтой байх бол гэж их бодсон. Тэднийх хятадуудтай 16, Африк тивийн жүжигчидтэй долоо, Кубийн нугараачидтай мөн олон жил хамтарч ажилласан хойно нум, сумтай нугараачдыг олноор гаргах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрч, үзэгчид таалан хүлээж авсанд баяртай байгаа. Олон улсын наадмын 40 жилийн ойн тоглолтын үеэр олон орны уран бүтээлчдийн шилмэл номеруудыг үзэж байхдаа энэ л хамгийн сайн хувилбар юм гэж бодсон.