Монголын волейболын спортын ирээдүй болж яваа залуу шилдэг тамирчдын ур чадвар, авьяас гадаадын тоглогчдоос дутахааргүй болж байгаа нь бахархал төрүүлдэг. Тэдний тоглолтын тэсрэлт, сэтгэл хөдлөлөөс үзэгчид хамгийн гоё агшнуудыг олж хардаг гэдэгт эргэлздэггүй. Волейболын лигийн тэмцээнийг нэг хэсэг үзэхээ больсон байсан хөгжөөн дэмжигчдийг чадварлаг тамирчдын тоглолт эргүүлэн авчирсан. Ямар ч тэмцээн ялагчтай өндөрлөдөг. Тэмцээн болгоныг тэргүүлэхийн төлөө “Хасу мега старс”, “Алтайн барс”, “Эрчим” багийнхан тоглолтын талбайд эн тэнцүү өрсөлдөж ирсэн. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон 18 дахь удаагийн “Үндэсний дээд лиг 2019”-д эдгээр баг тоглож, найман жил завсарласан тэмцээнийг сэргээсэн нь спорт сонирхогчдыг ихэд баярлуулсан билээ. Тоглолтынхоо арга барил, ур чадвар, техникээрээ үеийнхээ тамирчдаас ялгарч, “Шилдэг хаагч”, “Шилдэг довтлогч”, “Шилдэг давуулагч”, “Шилдэг тоглогч”- оор шалгарсан “Алтайн барс” клубийн тамирчин Б.Анхбаярыг “Залуус” буландаа урив.
...Тийм ээ. Манай багт урилгаар Японоос хоёр легионер ирж тоглосон. Улсынхаа II лигт тоглодог өндөр зэрэглэлийн тамирчид. Манайхан Японд очиж, легионер тамирчдын тоглолтыг үзэж байгаад сонгосон юм. Японы тамирчид нэг зүйлийг мянган удаа давтаж өөрийн болгодог...
-Волейболын спортод хэрхэн дурлаж байв. Таны өвөө Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн гуай. Спорттой ойр өсөхөд аав, өвөө хоёрын тань нөлөө байсан болов уу?
-Аав, ээж минь спортын удамтай. Монголын волейболын холбооны улсын шүүгч Д.Хүрэлноров, Үндэсний шигшээ багт тоглодог миний авга эгч Д.Болормаа гээд манай удамд волейболын спорттой хувь заяагаа холбосон хүн бий. Би багаасаа энэ спорттой ойрхон өссөн. Намайг найман настай байхад байрны ах нар “Волейболын бөмбөгөө аваад гараад ир, хамт тоглоё” гэж дуудахад нь дуртай гэгч нь очдог байлаа. Надад нэг сонирхолтой түүх байдаг юм. Би анх волейболын бөмбөг түшиж хөлд орсон гэдэг. Энэ тухай гэрийнхэн минь одоо ч дурсаж ярих дуртай. 2006 онд 10 настай байхад аав волейболын дасгалжуулагч И.Галбаатар багшид шавь оруулснаар тамирчин болох гараагаа эхэлсэн.
-Сагсан бөмбөг, хөлбөмбөг, бокс, жүдо үзэгч олонтой. Волейболыг ямар нэгэн зүйлтэй төлөөлүүлж хэлбэл юутай зүйрлэх вэ?
-Волейболыг боловсрол гэж ойлгодог. Боловсрол зөвхөн нэг зүйлээр хязгаарлагддаггүй шиг тамирчин хүний ур чадвар ч үүнтэй адил. Энэ спорт хүмүүстэй харилцах бүх талын мэдлэг өгдөг. Тэсвэр тэвчээр, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн хатыг спорт хүнд сургадгаараа маш том боловсрол олгодог гэж боддог.
-Багийнхаа тамирчидтай бэлтгэлээ хэрхэн базаадаг тухайгаа сонирхуулж яриач.
-Би 2013 оноос “Алтайн барс” клубт тоглож эхэлсэн. Бид өдөр бүр бэлтгэл хийдэг. Шигшээ багийн тамирчид өглөө зургаан цагт босож гүйнэ, йогоор хичээллэн, усанд сэлнэ. Волейбол хурд, хөдөлгөөний уян хатан чанар шаарддаг спорт. Өөрийгөө мэдэрч төвлөрөх, хайрцагнаас гарч сэтгэхэд йог тусалдаг. Тамирчин хүн өөрийгөө нэг зүйлээр бус олон талаар хөгжүүлдэг байх ёстой.
-Тамирчин хүнд өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна дасгалжуулагчийнх нь зөвлөгөө чухал. Амжилт руу хөтөлсөн багшийнхаа талаар өгүүлээч.
-Энэ спортод дөнгөж хөл тавьж байхад И.Галбаатар багш үндсэн техникүүдээс маш сайн сургасан. Багш минь Дундговь аймгийн шигшээ багийг дасгалжуулдаг. 2013-2018 онд өсвөр үеийн тамирчид нь УАШТ-ээс алт, мөнгөн медаль дараалан хүртсэн бол насанд хүрэгчид эхний гурван байрт шалгарч байв. Сонирхуулахад, багш минь өвөөгийн шавь. Өвөөгийхөө шавийн шавь болж энэ спортоор хичээллэж байгаадаа баярладаг. Шавь нараас нь ОУХМ цолтон 10, I, II, III зэргийн 200 гаруй тамирчин төрсөн байна.
2013 онд “Алтайн барс” клубээс надад урилга ирж, зун нь тамирчидтай хамт бэлтгэлд гарч байлаа. 2017 оноос Үндэсний шигшээ баг, “Алтайн барс” клубийн дасгалжуулагч Б.Мөнхнаран багшийн удирдлагад өнөөг хүртэл бэлтгэл хийж байна.
-Та өвөрмөц тоглолтуудаараа спорт сонирхогчдыг их татдаг. Амжилтад хүрэхийн тулд тамирчин хүн ямар байх ёстой вэ?
-Амжилт минь намайг олонд танил болгосон. Миний хувьд бусдыг биш өөрийгөө өөрчлөхөөс бүх зүйл эхэлдэг гэж боддог юм. Хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин байхын тулд хүмүүсийн хүндлэлийг дааж явах нь чухал. Хаана ч очсон сэтгэлийг нь гонсойлгохгүй “Гайхалтай байлаа” гэж хэлүүлж чадахаар тоглодог байх хэрэгтэй.
-Тэмцээнд алдаа гаргадаггүй тамирчин ховор. Дасгалжуулагчийнхаа магтаал, шүүмжлэлээс өөртөө тусгаж авсан зүйл олон байдаг уу?
-Хүн амжилттай явахдаа хэн нэгний зөвлөснийг тэр бүр сонсож хэрэгжүүлдэггүй, харин алдсан үедээ илүү ойлгож, тусгаж авдаг. Энэ утгаар яривал алдаанаасаа суралцах нь өөрийгөө хөгжүүлж, өөрчлөх эхлэл байдаг. 2015 онд 20 тамирчнаас 15-ыг нь сонгон, Үндэсний шигшээ баг бүрдүүлсэн юм. Волейболын багт 12 тамирчин байх ёстой. Би тэмцээн болохоос 10 хоногийн өмнө 13 дахь тамирчин нь болж, хаалганы гадна үлдэж байлаа. Урт хугацааны турш хичээсэн зүтгэл минь надад том сургамж болж үлдсэн. Тэр үед багш минь “Тэмцээн үүгээр дуусахгүй. Чи дөнгөж 18 настай, олон тэмцээн чамайг хүлээж байна. Энэ багт 13 дахь тамирчин нь болно гэдэг том амжилт. Бэлтгэл хийх хугацаандаа олон зүйл сурч авлаа. Харин дараа энэ багт заавал багтах ёстой шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш гурван жилийн дараа шигшээ багт хөл тавьж байлаа.
-Багийнхантайгаа тоглож байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-Өрсөлдөгчөө ялахын тулд багийнхантайгаа гал гартал тоглох тэр үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд ч багадна. Багийн спортоос волейбол хамгийн сонирхолтой. Багаараа хүчтэй өрсөлдөгч байж амжилт гаргана. 2017 онд багийнхаа гишүүн нь болоод талбайд гарахад хүмүүсийн харц, тоглолтын уур амьсгал, үзэгчдийн хүлээж авч буй сэтгэлийн догдлол, хүлээлт мартагдахааргүй сайхан байж билээ. Талбайд өрсөлдөгч багаа буулгаж авах ялалтын агшин хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг юм шүү дээ.
-Хүчтэй багтай тоглох нэг талаар сэтгэлийг тань огшоодог байх л даа.
-“Үндэсний дээд лиг 2019” тэмцээнд багаараа анх удаа оролцсон. Аваргын төлөөх тоглолтод хүчтэй өрсөлдөгчтэй таарсан. Дөрөв хоногийн турш хоёр баг гал гартал тоглож, үзэгчдийг догдлуулсан. Аль нь хожих бол гэж тэсэн ядан хүлээсэн нь тэдний уур амьсгалаас мэдрэгдэж байв. Тоглолт эхэлсэн шигээ сонирхолтой өндөрлөсөнд одоо ч бид бахархдаг.
-Ялагдал ялалтын эхлэл байдаг гэдэг дээ. Танай багийнхан “Хасу мега старс”-ынхантай дараа даагаа нэхэх бодол бий юү?
-Бид алдаануудаа засаж дараагийн тэмцээнд амжилттай оролцоно. Манай багийг олон тэмцээн хүлээж байгаа. Бид үүнээс өөр тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, аварга болсон. “Эрчим” ч гэсэн манайхны хүчтэй өрсөлдөгч. Гэхдээ тэднийг буулган авч, аваргын төлөөх тоглолтод өрсөлдсөндөө баярладаг. Энэ бол амжилт шүү дээ. Бид өглөө болгон эсрэг багийнхаа тоглогчдын тоглолтод тактик боловсруулдаг байлаа. Тэмцээний өмнө тоглолтыг нь нэг бүрчлэн үзэн судалж, өөрсдийнхөө алдаан дээр түлхүү ажилласан.
-Японоос легионер тамирчид багтаа урьж тоглуулахын тулд сайн судлав уу?
-Тийм ээ. Манай багт урилгаар Японоос хоёр легионер ирж тоглосон. Улсынхаа II лигт тоглодог өндөр зэрэглэлийн тамирчид. Манайхан Японд очиж, легионер тамирчдын тоглолтыг үзэж байгаад сонгосон юм. Японы тамирчид нэг зүйлийг мянган удаа давтаж өөрийн болгодог. Аливаа зүйлд хичээл зүтгэлтэй ханддаг зангаа тэмцээнд харуулсан гэж бодож байна. Тоглолтын техникээр манай тамирчдаас өндөр үзүүлэлттэй байсныг ч үзэгчид анзаарсан болов уу.