-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалттай холбогдуулан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ-
Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Нэргүйгээс цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэдийн өргөдлийг хэзээ хэлэлцэх вэ. Зөвхөн энэ хуулийн хүрээнд 10 орчим өргөдөл, гомдлыг иргэдээс Цэцэд ирүүлээд байсан шүү дээ.
-Цэцийн гишүүн энэ талаар урьдчилан хянан шалгаад, хуулийн зарим зүйл, заалттай холбогдуулан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай шийдвэр гаргаж, улмаар дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажил эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэж тусгасны “...сонгууль товлон зарлахаас өмнө...” гэсэн заалт нь уг хуулийн 28.3.1 дэх заалтад заасан хугацаатай нийцэхгүй, улмаар Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу маргаан хянан шалгах ажиллагаа явуулж байна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 дахь хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 72.1 дэх хэсгийн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасны “...эсхүл дутуу...” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх өргөдөл, мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байгаа.
-Цэц энэ асуудлаар хэзээ хуралдах бол?
-Маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногийн дотор дунд суудлын хуралдаанд бэлтгэдэг. Цэцийн гишүүн хуралдааны бэлтгэл бүрэн хангагдсан гэж үзвэл хуралдааны тов болон хянан хэлэлцэх асуудлыг долоо хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
-Гэхдээ Цэц шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж хуралдаанаа хойшлуулсан нь цаг үеийн нөхцөл байдлыг далимдуулж иргэдийн өргөдөл, мэдээллийг хав дарлаа, хуралдахгүй байх чиглэлийг аль нэг байгууллага, албан тушаалтан, бүр улс төрийн хүчин өгч буй гэх шүүмжлэл дагуулсан хэвээр байна.
-Үндсэн хуулийн цэц цаг үеийн нөхцөл байдлыг далимдуулсан, олон хуралдаан хойшлуулсан, иргэдийн өргөдөл, мэдээллийг хав дарсан зүйл огт байхгүй. Энэ аюулт өвчнөөс сэрэмжилж Монгол Улсын төрийн холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг бүх албан тушаалтан, иргэн дагаж мөрдөх ёстой. Үүнээс хараат бус байх эрх Цэцэд ч үгүй. Улсын онцгой комиссын шийдвэрийг иргэнээсээ авхуулаад Ерөнхийлөгч ч чанд дагаж мөрдөж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийнх нь амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой эрсдэлтэй цаг үед Цэцийн хараат бус байх зарчим алдагдсан, эсэх, Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөх ёстой юу, үгүй юү гэж ярих нь туйлын зохимжгүй бөгөөд ёс зүйгүй юм. Зүй бус, хууль бус үйлдэл хийхийг уриалсан, тулган шаардсан аливаа өдөөн хатгалгад Үндсэн хуулийн цэц хэзээ ч автагдахгүй. Тэгээд ч аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хуулиар хориглосон байдгийг энд дурдахад илүүц биш болов уу.
Нөгөө талаас нэг удаагийн хуралдаанаа гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан түр хугацаагаар хойшлуулсан ч энэ нь Цэцийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэдгийг цохон хэлье. Тодруулбал, он гарсаар Цэцэд иргэдээс 50 гаруй өргөдөл, мэдээлэл, гомдол ирүүлсэн байна. Тэдгээр нь Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал мөн үү, маргаан үүсгэх үү, үгүй юү гэдгийг хянах, Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулж буй, эсэхийг урьдчилан шалгах хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтнаас лавлагаа, нотлох баримт гаргуулж авах зэргээр өргөдөл, гомдлыг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л бэлтгэл ажлыг хугацаанд нь хийж байгаа. Тодруулбал, өнөөдрийн (өчигдөр) байдлаар иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх дунд суудлын арав гаруй хуралдаан хийхээр бэлтгэж байна. Бага суудлын хуралдааныг тогтмол хийж байгаа. Энэ оны эхний хоёр сарын байдлаар Цэцийн гишүүд маргаан үүсгэх, эсэхтэй холбоотойгоор бага суудлын хуралдааныг долоон удаа хийсэн. Бага суудлын хэд хэдэн хуралдааныг удахгүй хийхээр төлөвлөөд байна.
-Олон нийтийн арга хэмжээ гэдэгт Цэцийн хуралдаан хамааралгүй юм биш үү?
-Дунд суудлын хуралдааныг зөвхөн Цэцийн таван гишүүн ширээ тойрч суугаад, цомхон бүрэлдэхүүнтэй хийдэг мэтээр зарим хүн ойлгож, тайлбарлаад байх шиг байгаа юм. Тийм биш. Цэцийн гишүүдээс гадна техникийн үйлчилгээ үзүүлэх, хуралдааны тэмдэглэл хөтлөх, дэг сахиулах зэргээр бэлтгэл ажил, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй Тамгын газрын ажилтнууд ч байлцдаг. Түүнээс гадна маргагч талууд, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шинжээч, хэвлэлийнхэн гээд хамгийн багаар тооцоход 20 гаруй хүн дунд суудлын хуралдаанд оролцдог. Шаардлагатай бол гэрч, орчуулагч, тусгай мэргэжилтнийг оролцуулах журамтай. Ер нь Цэцийн хуралдааны танхим 70 гаруй хүний суудалтай. Хэлэлцэж буй асуудлаас шалтгаалан танхим дүүрэх, нэмж суудал тавих тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс олон хүн хуралдаанд оролцуулж, эрсдэл үүсгэхгүй байхыг чухалчилж нэг удаагийн хуралдаанаа одоо үүсээд байгаа халдварт өвчний нөхцөл байдлыг арилтал түр хойшлуулсан.
-Ер нь Цэцийн хуралдааныг хаалттай хийх шалтгаан, нөхцөл байдаг уу?
-Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулахаар хуульчилсан. Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах онцгой шаардлагатайгаас бусад тохиолдолд Цэцийн хуралдааныг нээлттэй хийдэг.