Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоог спорт сонирхогчид мэднэ. Түүний шавь нар Дэлхийн цом, Азийн болоод ДАШТ-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Энэ жил БНСУ-ын Чонгсон хотод болсон мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнийг Азийн АШТ-тэй хамтатган зохион байгуулахад хүү Хэрлэн нь хурдны төрөлд хүч сорьж аваргалсан бол шавь Б.Ариунбаяр нь мөн түрүүлэн алтан медаль өвөртөлсөн юм. Тэднийх гэр бүлээрээ уулын спортоор хичээллэдэг. 2014 онд болсон спорт авиралтын УАШТ-ий ахмад, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, тус бүр мөнгөн медаль зүүсэн түүний охин Н.Сэлэнгэ нь өсвөр насныхны тэмцээнд тэргүүлэн сүүлийн гурван жил дараалан аварга болжээ. Сутай хайрхны оройд сүлд хийморио сэргээн, сумынхаа баг тамирчдыг дасгалжуулж, дэлхийн тэмцээнд сойдог түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
-Та “Сутайн бор” клубийн дасгалжуулагчаар олон жил ажиллаж байна. Орон нутгаас хад, мөс, өндөр уул, спорт авиралтын төрлөөр баг тамирчид бэлтгэн томоохон тэмцээнд оролцуулдаг. Тамирчдын амжилтыг хичээл зүтгэл, хөдөлмөрөөс тань салгаж ойлгохооргүй болжээ.
-Говь-Алтай аймгийн Тонхил сумд 1981 онд ахмад тамирчид “Сутай” клуб байгуулан 2011 онд залуус бидэнд хүлээлгэн өгсөн юм. 2012 онд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб болж, уулын спортын төрлүүдээр тамирчид бэлтгэн хичээллүүлсэн. Тамирчдаа бэлтгэл сургуулилалт хийлгэх, клубийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гээд олон ажил ундарч эхэлсэн. Тамирчдын минь амжилт жилээс жилд ахиж байгаа нь урам их өгдөг шүү.
-Та ч бас залуудаа уулын спортоор хичээллэсэн. Эрсдэл ихтэй спортын ертөнцөд амьдралаа харамгүй зориулна гэдэг сэтгэлийн хат, тэвчээр их шаарддаг шиг санагддаг.
-Би хүүхэд байхдаа ууланд авирах дуртай байлаа. Хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан минь энэ спортыг сонгоход дөхөм болсон. Уулын спорт амаргүй ч гэлээ зорилгынхоо төлөө тэмцэх тэвчээр, хатуужилд сургадаг. Ийм чадварт сурахад сэтгэлийн хат, эр зориг, тууштай байдал их нөлөөлнө. Алтайн өндөр оргилуудад зориг гаргаж авирахад “Хүмүүсийн итгэлийг бүү алд, хичээгээрэй” гэж шивнэх шиг санагдсан. Хайрхныхаа шивнэсэн үгийг би сэтгэлдээ олон жилээ тээж явна. Уултай нөхөрлөсөн он жилүүд олон дурсамж үлдээжээ. Тэр дундаас 2013 онд баруун Европ дахь Альпийн нурууны ноён оргил, далайн түвшнээс 4,808 метр өндөрт орших Мон Бланд манай клубийн долоон тамирчин амжилттай авирч, мөн хаданд авиралтын сургалтад хамрагдан Швейцар, Францаар аялангаа өвлийн олимп анх болсон Шамон хотод зочилсон нь хамгийн сайхан дурсамж болж үлдсэн.
-Удирдан чиглүүлж, зааж зөвлөдөг дасгалжуулагчийн хувьд ямар арга барилаар тамирчидтайгаа ажилладаг вэ?
-Уулын спортыг орон нутагт хөгжүүлэх зорилгоор өсвөр үеийнхний бие бялдрын бэлтгэлийг өндөр уул, спорт авиралтын хананд, мөсөнд авиралтын тамирчдыг ОХУ-ын Киров, Эрхүү хотод хамтарсан сургуулилалт хийлгэж байна. Насанд хүрэгчид хүчний бэлтгэлээ Монголын хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад базааж байна.
-Таны хүү Хэрлэн мөсөнд авиралтаар хичээллэдэг. Энэ жил тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон.
-Тийм ээ, хүүгийнхээ амжилтаар их бахархсан. 2018 онд БНСУ-д “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпын наадам зохион байгуулахад Чонгсон хотод болсон мөсөнд авиралтын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль өвөртөлсөн бол энэ жилийн тэмцээнээс алтан медаль хүртэж, монголчуудаа баярлууллаа. Эмэгтэй шавь нараас спортын мастер Б.Ариунбаяр мөн алтан медаль зүүж, аварга болов. Хүү болон шавь минь шагналын тавцанд алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхэд олон хүний итгэл найдварыг биелүүллээ гэж баярлаж суусан даа.
МАНАЙ СУМААС УУЛААР ОВОГЛОСОН ОЛОН АЛДАРТАН ТӨРСӨН
-Уулын спортын тамирчид хүүхдүүдээ өөрийнхөө үргэлжлэл болгож хичээллүүлэхээс татгалздаг. Та хүү, охиноо урвуулчихсан нь сонирхолтой санагддаг. Уг нь Хэрлэн жүдогоор хичээллэж байсан гэдэг.
-Тэгсэн. Манай хүү, охин өөрийн хүсэл, сонирхлоор уулын спортыг сонгосон. Өөрсдөө сонирхож хичээллэдэг болохоор хүндэтгэлтэй ханддаг юм.
-Мөсөнд авирах зоригтон тийм ч олон биш. Хүүдээ хааяа санаа зовж, сэтгэл тань түгшдэг үү?
-Би хүүдээ итгэдэг, гэхдээ тэмцээний үед сэтгэл зүйн бэлтгэл ямар байгаа бол, бэртэл гэмтэл авчих вий дээ, бэлтгэл хийхдээ ачааллаа хэрхэн тааруулж, хоол унд, амралтаа яаж зохицуулж байгаа бол гэж санаа зовж, бас сэтгэл догдолж суудаг.
-Спорт авиралтыг олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаасан. Энэ нь тамирчдад урам төрүүлж, амжилт гаргах зорилгынх нь нэг болсон болов уу?
-Спорт авиралт олимпын төрөлд багтсан нь дасгалжуулагч, тамирчдад урам зориг өгсөн. Багшийн хувьд тамирчдадаа “Өөртөө зорилго тавиад биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж хэлдэг. Тэмцээний үед тамирчдынхаа бичлэгийг үзэж, алдаагаа хэрхэн засах талаар зөвлөдөг юм.
-Тонхил сумд спорт авиралтын “Олимп” төвийг өнгөрсөн намар байгуулсан. Олон улсын стандартад нийцсэн тул тамирчдад бэлтгэл базаах том бааз боллоо. Тэд ийм төвтэй болохыг олон жил хүсэж мөрөөдсөн шүү дээ.
-Сумдаа спорт авиралтын ханатай болохыг мөрөөддөг байсан нутгийн зон олны хүсэл биелсэн. Энэ бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн Говь-Алтай аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, “Сутайн бор” клубийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн “Начинзаан” ХХК захирал Ж.Туяа, Монголын уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх спорт авиралтын ханыг барьж гүйцэтгэсэн Б.Одмандах захиралтай “Нягт холбоо” ХХК-ийн хамт олон, мөн сайхан сэтгэлээр тусалж дэмжсэн бүх хүнд клубийнхээ хамт олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Монголын уулчдын үндэсний холбоо идэвх, санаачилгатай ажиллаж байгаа нь энэ спорт хурдацтай хөгжиж, тамирчдын тив, ДАШТ-д гаргаж буй амжилт, мөн сонирхон хичээллэгсдийн хүрээ жилээс жилд өссөөр байгаагаас харж болно. Манай сумаас уулаар овоглосон олон алдартан төрсөн. Спортын мастер гэхэд 30 гаруй бий. Энэ нь төрийн тахилгат Сутай хайрхны хишиг, уул усаа хайрлаж хүндэтгэдэг ард түмний минь бахархал юм.
АХМАД УУЛЧИД САНААЧЛАН БОР МОРИНЫХОО ХӨШӨӨГ БОСГОСОН
-Клубийн тань уулчид Сутай хайрханд авиралт хийхдээ бор морьтой гарсан түүх бий. Тэрхүү үйл явдлыг алдаршуулж, сумдаа “Сутайн бор” морины хөшөө босгосон. Өндөр оргилд морьтой гарсан түүх үүнээс өмнө байхгүй. Морь, оргил аль аль нь эр хүний хийморийг сэргээдэг дээ.
-1981 онд “Сутай” клубийн уулчид Сутай хайрханд бор морьтой хамт авиралт хийсэн юм. Энэ явдал одоогоор дахин давтагдаагүй. 2017 онд ахмад уулчид санаачлан сумдаа бор морины хөшөөг босгосон.
“Шилдэг уулын клуб”-ээр “Сутайн бор” хэдэнтээ шалгарсан. Гар, сэтгэл нийлж ажиллахад хамт олны уур амьсгал их нөлөөдөг биз.
-Манайх Монголын уулчдын үндэсний холбооны шилдэг клубээр гурван удаа шалгарлаа. 2019 онд тус холбооны тэргүүн дээд шагнал Бөртэ чоно гардаж, аймгийнхаа нутгийн зөвлөлийн урлаг, спортын шилдэг нь болж шагнуулсан. Өнгөрсөн жил манай хамт олон шагналын хуртай байлаа. Энэ нь нэг талаар бидэнд эрч, хүч урам зориг өгсөн бол нөгөө талаар үүрэг хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн гэж бодож байна.
-Таны амьдарч буй сумд уулын спорт, спорт авиралт хөгжих боломжтой. Нутгийнхан тань иргэдээ спортоор эрүүл амьдруулах санаачилга хэр гаргадаг вэ?
-Нутгийнхаа иргэдийг спортоор хичээллүүлж, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилгоор “Сутай цом” волейболын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Уулын спортыг сурталчлах ахмадуудын дурсамж авиралтаар гурван цуврал ном хэвлүүлж, олны хүртээл болголоо. “Сутайн бор” цахим хаяг нээн, тамирчдын тэмцээн, уулын спортынхны мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэж байна. Уулын спортыг хөгжүүлэхээр Увс ,Орхон, Завхан аймгийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон. Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит спорт авиралтын УАШТ-ийг зургаан жил ивээн тэтгэж явуулав. Одоо ОХУ-ын Эрхүүгийн Горы Байкала клубтэй хамтран ажиллаж байна.Энэ мэтчилэн санаачилж хийсэн ажил олон бий.
-Монголчууд оргилд гарахаар хийморь сэргэдэг, уул хүнд ухаан, аз хийморь, амжилт авчирдаг гэж ярьдаг. Авиралтын спортоор хичээллэхэд тухайн хүнээс хүчин чармайлт, ур чадвар шаардана. Та тэдэнд өөдрөг үгээр урам хайрлаач.
-Монголчууд бэлгэдлийг эрхэмлэдэг ард түмэн. Анх спортын мастер цол олгохдоо уулын спортын зургаан тамирчныг сонгосон нь учир ерөөлтэй. Энэ эрхэм хүмүүсийн нэг нь Тонхил сумын харьяат Я.Жанцан. Уулын спортын 65 жилийн ойн мэндийг Монголынхоо уулчдад хүргэе. Токиогийн олимпын тэнгэрт эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх Монголын тамирчдыг мөнх цаст хайрхны босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.