Хөдөлмөрийн баатар Лувсанжамцын Дашням хэмээх эрхэм хүмүүнтэй хөөрөлдлөө. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар эмэгтэйчүүдийн нэг бөгөөд аж үйлдвэрийн салбарт тасралтгүй 30 гаруй жил гарамгай, гавшгай ажиллаж олны хүндлэл хүлээсэн нэгэн.
-Та бол Монголд аж үйлдвэр идэвхтэй хөгжиж, олон зүйлийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан цаг үеийн төлөөлөл. Тэр үеийн сайхан үйлдвэрүүд байхгүй болж, бид өнөөдөр ихэнх хэрэглээгээ гадаадаас авч байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Үнэхээр бид нэгэн үед бүхнийг өөрсдөө хийдэг, олон үйлдвэртэй байлаа. Жишээ нь, Оёдлын үйлдвэрийн нэгдэл гэхэд л 4000-гаад хүнтэй байсан. Тасаг, цехийн ажилчид нь 100-гаар тоологддог байлаа. Өнөөдөр улс орон аж үйлдвэрийн салбараа л сайн хөгжүүлэх нь чухал санагдах юм. Би цагтаа үйлдвэрийнхээ 4000 хүнээс ажил хөдөлмөрөөрөө долоон удаа түрүүлж явлаа. Ер нь аливаа амжилтад хамт олны дэмжлэг, итгэл их чухал байдаг юм.
-Тэр үед чухам ямар төрлийн хувцаснууд оёдог байв?
-Бүх насныхны гадуур болон дотуур бэлэн хувцас оёдог байсан юм шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүний өвөл, хаврын, булган захтай пальто, хослол, цамц гээд оёхгүй зүйлгүй. Хүүхдийн хувцас ч ялгаагүй иж бүрнээр нь хийдэг байсан.
-Та Оёдлын үйлдвэрийн нэгдлийн ямар цехийн аль дамжлагад нь ажиллаж байсан юм бэ?
-Эмэгтэйчүүдийн гадуур хувцасны гоёлын оёдлын хэсэгт ажилладаг байсан. Хамгийн хариуцлагатай дамжлага. Ганц л хазгай гишгэвэл мурийгаад сүйд болох учраас хянамгай байхгүй бол горьгүй.
-Алдаа гаргавал яадаг байсан бол?
-Чанарын тэмдгийг нь хураачихна шүү дээ. Бас цалингаас нь тодорхой хэмжээгээр суутгана.
-Сүүлийн үед монголчууд дээлээ янз бүрээр, сайхан оёдог болжээ. Та дээл урлаж байна уу?
-Цагтаа жирийтэл оёдог байлаа, одоо ч нүд муудаж, гар салгалаад чадахаа больсон. Сүүлийн үед дээл, хувцсаа үнэхээр уран сайхан оёдог болжээ, хүүхдүүд. Ёстой төрөл бүрээр нь оёж байна аа. Даан ч том үйлдвэр алга.
-Та 42 насандаа Хөдөлмөрийн баатар болжээ. Хөдөлмөрөөрөө аваргалж, бусдаа манлайлсан баатар болтлоо ажилласан хүн гэрийн бараа “хардаггүй” байсан нь ойлгомжтой. Гэр орны ажил, зургаан хүүхэд өсгөх гээд арын албыг хэн үүрч явсан юм бэ?
-Би үүрээр ажил руугаа гараад, харанхуйд л харьдаг байлаа. Ажлын хажуугаар эмэгтэйчүүдийн байгууллагын, депутатын, олон нийтийн сонгуульт ажил гээд их завгүй байжээ. Ямар сайндаа өвгөн маань нэг удаа “Манай арга хэмжээ дууссан, Дашням та явж болно гэхээр л гарч ирдэг юм уу” гэж цаашлуулж байх вэ дээ. Бидний үед хүүхэд төрүүлээд 45 хоноод ажилдаа ордог байсан. Би 40 хонолгүй орсон тохиолдол бий. Нялх хүүхэдтэй эмэгтэй парадад явдаггүй байсан ч би бол хамаагүй ээ, гүйгээд л оччихно. Миний хувьд хууль “үйлчилдэггүй” байсан юм уу гэлтэй. Явахгүй бол яав ийв гээд асууна. Бүх юманд оролцох ёстой гэж өөрөө ч боддог байж. Ямар ч арга хэмжээ болсон хамгийн түрүүнд очоод, өвгөний хэлдгээр адаг сүүлд нь гарч ирнэ. Хурал болбол хамгийн эхний эгнээнд суух жишээтэй.
-Их хэнхэг байсан юм уу даа?
-Тийм л болж таарлаа. Багаасаа л хэнхэг байж. Ариун цэврийн дарга болох жигтэйхэн дуртай хүүхэд байж билээ.
Ц.Дэлэг гуай бага хүүдээ оёсон бойтгоо “гайхуулав”
Ингэж хэлээд амаа даран инээх Л.Дашням гуай үнэхээр нямбай, чамбай хүн гэдэг нь гэр орных нь байдлаас илт. Энэ гэрийн ариун цэврийн даргын ажил үүдний өрөөнөөс л харагдав. Айл гэрийн хамгийн ажиллагаатай, “бохир” газар нь гал тогооны өрөө байдаг шүү дээ. Эдний хана, тосгуур, хөргөгч, зуух нь гялалзана. Ширээний бүтээлэг нь ч цэмцгэр. Л.Дашням гуай зургийн цомгоо гаргах үед нь санамсаргүй харахад зочны өрөөний шүүгээн дэх эд зүйлс нь хүртэл тун цэгцтэй юм.
“Олон хүүхэдтэй айл цэвэрхэн байхгүй бол хөл, толгой нь олдохгүй биз дээ. Ямар ч үед нямбай, цэгцтэй байх ёстой. Би одоо нас дээр гарсан гээд гэрийнхээ ажилд хүүхдүүдээ ч хүргэдэггүй. Өөрөө л цэвэрлэж байж санаа амардаг юм” хэмээсэн Л.Дашням баатар “Энэ хэдэн хүүхдээ өвгөн минь л зохицуулж ирсэн дээ. Эхний хоёроо өсгөхөд ээжийн минь тус их.
Дэлэг маань нэг л том дарга шиг ширэн цүнх барьчихаад явдаг сан. Түүн дотроос нь хонины цувдай, толгой, талх, боорцог гээд гарахгүй зүйлгүй. Тийм л аж ахуйч, ажилсаг, сүйхээтэй хүн дээ. Нэг удаа гишүүнийн чанамал хийжээ. Хүүхдүүд дургүй янзтай. Бага хүү бүр хэлээ гаргаад ярвайчихсан сууж байсан нь санаанаас гардаггүй юм. Өвгөн минь одоо ч зүгээр суудаггүй хэвээрээ” гэж ханиа магтахад хажууд нь суусан Ц.Дэлэг гуай “пүг пүг” хийн хүүхэд шиг инээж хөхрөх юм. Тэрбээр ярилцлагын турш гэргийгээ ингэж инээдээрээ дэмжин суух нь хөөрхөн.
Бие биенээ түшин 60 жил болсон улс элдэв үггүй ойлголцож, ийнхүү уусдаг аж.
Өдгөө нас сүүдэр 80 дөхөж яваа Л.Дашням гуайн хань Цэнджавын Дэлэг Төв аймгийн уугуул, Налайхын оёдлын үйлдвэрийн орлогч дарга, аймгийн артелийн дарга, НАХЯ-ны Аж ахуйн хэлтсийн дарга гэхчлэн янз бүрийн ажил, алба хашж явсан, цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан, хошууч цолтой хүн аж. Тэр ч бүү хэл залуудаа “По-2” онгоцны ахлах моторчин байсан гэнэ. 1990-ээд оны эхээр гавьяаны амралтаа эдэлж, өнөөдрийг хүртэл тэрбээр зүгээр суулгүй элдвийг оролдон, ажлын хөвөнтэй бээлий, шаахай оёж, юмхнаар “чулуу” хийж иржээ.
“Олон хүүхэдтэй хүн зүгээр сууж, бэлэнчлээд байж болохгүй шүү дээ. Боломжоороо юм оёж, хүүхдүүдийнхээ бойтог, гутал, сангийн аж ахуй явахад нь хөвөнтэй өмд, цамцыг нь хүртэл хийдэг байлаа. Одоо ч гэрийн шаахайгаа хийчихдэг юм” гэж ярингаа тэрбээр нэлээд элэгдсэн, ширэн ултай, цэмбэ, даавууны өөдсөөр хийж, хоншоорыг нь савхиар чимэглэсэн дэгжин бойтог үзүүллээ. 50 гаруй жилийн өмнө бага хүүдээ оёсон энэ нандин эд өдгөө шүүгээн дээр залагдсан “шүтээн”, дурсамж дэлгэсэн үзмэр болжээ.
“Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг Дэлэг гуай оёдолчин эхнэрээсээ их зүйл сурчээ” гэхэд Л.Дашням гуай “Надаас сурсандаа биш, Дэлэгийнхэн удмаараа уран улс. Манайд эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй дээ” гэж өвгөнөө магтах. “Харин надтай суухдаа жаахан ааш муутай байснаа яваандаа зөөлөрсөөр зөөлөрсөөр одоо нам болсон” хэмээж бөөн инээдэм боллоо.
Энэ гэрийн эзэн 90 насны босгон дээр ирсэн гэхэд ихэд хөнгөн шингэн, оворгүй юм. Ийм байгаагийнх нь нууц уурлаж, бухимдалгүй үргэлж сэтгэл тэнэгэр амьдарсантай нь холбоотой гэнэ. Ц.Дэлэг гуай 12 дэвтэр дүүрэн бичсэн тэмдэглэлээ үзүүлэв. Нэгэн жигд тун нямбай бичжээ. Сайхан бичигтэй юм байна. Тэрбээр өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг гэнэ. Уншсан ном, шүлэг, сонссон зүйлээс гадна хуулан бичих нь ой ухаан сэргэг, өтлөхгүй байхын бас нэг нууц нь бололтой. Түүнээс үлгэрлэх зүйл их аж. Ц.Дэлэг гуайн тэмдэглэлүүд хожим үр хүүхэд, ач, зээ нарт нь үнэлж баршгүй өв, өгүүлж дуусашгүй дурсамж болох нь дамжиггүй.
Эднийх зургаан хүүхэдтэй. Хоёр хүү, дөрвөн охин нь бүгд мэдлэг, боловсролтой, ажилтай, улсдаа хүч хөдөлмөрөө үнэлүүлээд, нэр төртэй явж байгаа нь хамгийн том бахархал гэж “Өнөөдөр”-ийн зочин ээж, аав нь ярилаа. Тэдний хүүхдүүд салаалан, мөчирлөсөөр 10 гаруй ач, зээтэй болгосон нь мөн л мундаг явцгааж байгааг тэд ам уралдан ярилаа. Ингэж үр, хүүхдүүд нь сайн сайхан яваа нь амьдралын хамгийн том баяр хөөр гэж хоёр настан өгүүлсэн.
Үнэхээр тийм шүү. Үр хүүхэд сайн явах нь эцэг, эхийнхээ ачийг хариулахтай утга нэг гэдэг шүү дээ.
-Та хоёр хүүхдүүддээ юуг чухалчлан захидаг вэ?
-Олон түмэнтэй эвтэй байж, хүнийг ялгаж, дугаарлахгүй адилхан хүндэлж харилцахыг байнга хэлж, зөвлөдөг дөө. Энэ бол зөв хүн байх ухаан юм шүү дээ. Хүүхдүүд минь зөв хүн болсон гэж боддог. Өөрсдөө зөв явж байж үр хүүхдэдээ үлгэрлэх учиртай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үнэн үг шүү. Би ээж, ааваасаа 10-уул, айлын гурав дахь хүүхэд. Ах минь улсын сайн малчин. Эгч минь 80 нас гарсан ч зүү ороогоод даалин оёсон хэвээр. Шинэ оны өмнө нэг дүү минь Гавьяат болсон гээд манайхан бүгд л мундаг яваа шүү.
-Сүүлийн үед аав, ээжээрээ тэжээлгэж, тэтгэврийн хэдийг нь авчихдаг хүн олширчээ. Үүнийгээ “Монголчууд үр хүүхдээ үхэн үхтлээ харж ханддаг уламжлалтай” гэхчлэн сайхан тайлбарлаж цайруулах юм. Ер нь ахмад настнууддаа чиглэсэн нийгмийн дорвитой бодлого үгүйлэгдэж байх шиг. Тэтгэвэрт гараад л гэрийн “хорионд” орж, хүүхэд хардаг хүн болж хувирдаг нь манай нийгмийн нэг том гажуудал гэж боддог. Хөгжилтэй улсуудад хөгшчүүлээ хөгжүүлж, нийгэмшүүлэх, насны эцэст аз жаргалтай амьдрахад яах ёстойг мэдүүлдэг дамжаа хичээллүүлэхээс эхлээд олон арга хэмжээ авдаг юм билээ. Та энэ талаар ямар бодолтой вэ?
-Үнэхээр зөв зүйл ярилаа. Миний бодлоор, тэтгэврийн зээл гэдэг чинь үр хүүхдийнхээ төлөө л хийж байгаа аав, ээжийнх нь “ажил” шүү, дийлэнх тохиолдолд. Нийгэм ийм байхад яалтай билээ. Гэхдээ хүүхдүүд нь ухаантай байх хэрэгтэй болов уу. Манайд тэтгэврийн насныханд зориулсан төрийн бодлого алга гэдэгтэй санал нэг байна. Гэлээ гээд өдий настай улс залуучуудаа шүүмжлээд дэмий биз дээ.
-Таны ажил хөдөлмөрийн тухай ярианд эргэн оръё. Та таван жилийн төлөвлөгөөг хэд дахин давуулан биелүүлж байжээ. Амжилтыг тань анх “бүртгэж, ил болгох” ажлыг Дэлэг гуай хийсэн гэж сонссон. Яг юу болсон юм бэ?
-Би Амгалангийн оёдлын артелиас ажлын гараагаа эхэлж, улсад тасралтгүй 30 жил ажиллахдаа 73 жилийн ажил хийж, салбарынхаа аваргаар 40 гаруй удаа шалгарч, ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч болсон. Таван жилийн төлөвлөгөөг 2-3 дахин нугалж биелүүлдэг байлаа. Энэ хугацаанд 16 жил бригад удирдан ажилласан байна. Хамт олон удирдаж, төлөвлөгөө нормоо биелүүлэн ажиллана гэдэг том хариуцлага шүү. Түүнчлэн 300 гаруй залуучуудад мэргэжил, дадлага эзэмшүүлжээ.
Ц.Дэлэг: -Манай хүн их ажилсаг. Би чадахаараа л дэмжинэ. Өдөр тутам, сар бүрийн норм, төлөвлөгөөгөө бичиж, ажлынхаа тооцооны дэвтрийг хөтлөхөд нь хүртэл тусалдаг байлаа. Нэг өдөр ажлынх нь төлөвлөгөөг хараад, тооцож суутал таван жилийнх нь хэдийн биелчихсэн байна шүү. Тэгэхээр нь “1.6 жилд таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлсэн гэдгээ байгууллагадаа рапорт бичээд өгөөрэй” гэж хэллээ. Гэтэл хүмүүс итгэхгүй, бүр шалгаж, баталгаажуулсан юм шүү дээ. Дараахан нь “Үнэн” сонинд “Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Л.Дашням таван жилийн төлөвлөгөөг богино хугацаанд биелүүлж, шинэ дээд амжилт гаргалаа” гэж мандсан даа.
-Оёдлын салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар хэд байдаг вэ?
-10-аад оёдолчин Хөдөлмөрийн баатар болсон шүү. Зөөлөн оёдол буюу хувцас үйлдвэрлэлийн салбараас хоёр баатар төрсний анхных нь би, дараагийнх нь миний шавь Н.Дугуйцагаан. Энэ эрхэм цолыг хүртсэнээс хойш “Баатар” л гэж дуудуулдаг болсон. Тэтгэвэрт суухаас минь өмнө Оёдлын нэгдлийн дарга нар маань Чехославак улс руу явуулж, тэнд нэг жил гаруй ажиллаад ирсэн түүхтэй, би. Ер нь хамт олон, удирдлагынхаа буянд зөндөө л алдар нэртэй болж, сайхан явснаа дурдах ёстой. Одоо ч би хамт олонтойгоо холбоотой байдаг. Түүнчлэн Хөдөлмөрийн баатруудын холбоо гэж бий. Биднийг сайхан амралтад явуулж, Цагаан сараар золголт хийх зэргээр олон үйл ажиллагаа зохион байгуулдаг, их “хөөрхөн” шүү.
Л.Дашням Хөдөлмөрийн баатар цолоо Ж.Батмөнх даргаас гардан авчээ
-Таныг их амгалан, тайван хүн гэж сонссон.
-Ер нь адгаж, сандраад байхгүй шүү. Би 1986 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. Тэр үед МАХН-ын XIX их хурал болж таарсан. Тэгээд төрийн ордон руу явж байтал их хурлын төлөөлөгчдийн цуваатай таарч, зам хаачихсан учраас товлосон цагаасаа хоцорч очоод надад шагнал гардуулах Ж.Батмөнх даргыг 20 минут хүлээлгэж хөглөсөн юм. Бүр “танхайрсан” байгаа биз. Нэг сурвалжлагч залуу намайг харчихаад “Би бол муужраад ойчих байх. Энэ хүн чинь ямар амар тайван юм бэ” гэж билээ.
-Та түрүүн Э.Оюун, С.Удвал гуай нар малчин, хөдөрмөрчин эмэгтэйчүүдтэй байнга уулзаж, зөвлөгөө өгдөг байсан талаар дурдсан. Ер нь өмнөх нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал гэдэгт их анхаардаг байв уу?
-Эмэгтэйчүүдийн байгууллагаас тогтмол ажил зохион байгуулдаг, нийгмийн манлай болсон бахархалт бүсгүйчүүдтэй уулзуулж, хурал, зөвлөгөөн тасардаггүй байсан. Э.Оюун гуай “Гэрийн эзэгтэй цэвэрч, цэгцтэй, нямбай байх ёстой. Унь, ханандаа зүү хамаагүй хатгаж болохгүй” гэхчлэн сургадаг байсан.
-Та хэнийг үлгэрлэн дуурайдаг байв?
-Би зөвхөн нэг, хоёр хүнийг дуурайхаасаа илүүтэй юм болгоны сайныг тусгаж авахыг хичээдэг зантай. Жишээ нь, залуу байхдаа нэг удаа найз эмэгтэйнхээ гэрт очлоо. Орныхоо даавууг цав цагаан болтол хачин гоё угаасан байхыг хараад “Би ер нь яаж угаадаг хүн бэ” гэж бодсон. Энэ мэтээр амьдралд суралцах зүйл бишгүй.
-Та залуу үеийнхэндээ, гэрийн эзэгтэй нарт сургаалтай үг хэлж, зөвлөөч. Амьдралд юу эс тохиолдох вэ. Хүүхдүүд тань ханьтайгаа “тар түр” хийгээд ээждээ гүйгээд ирж байв уу. Тэр үед та яадаг вэ?
-Бүсгүйчүүд минь хань ижилтэйгээ эвийг хичээгээрэй. Залуу насанд шалихгүй зүйлээс болж ам зөрөх нь бий. Нэгнийхээ үгийг дааж сурах нь их чухал. Хүнийг яаж хайрлаж, халамжилна тэр хэрээр өөрт хайр хүндлэл ирдэг гэж боддог. Гэр бүлийн маргаан ч бай, бусадтай үл ойлголцсон ч бай хамаагүй би хүүхдүүддээ “Хүнээс өө хайхаас өмнө бурууг өөрөөсөө эрэх хэрэгтэй” гэж хэлдэг. Хэрэв цаад хүн уурлаж, цамнаад байвал тэвчээд дуугүй байснаар буруудахгүй дээ. Амьдрал зохиосон бол хариуцлагаа үүрч сурах ёстой. Гэр бүл бол улс орны эхлэл учраас эх орноо, нийслэлээ бас их хайрлаж, орчиндоо цэвэрхэн амьдрах ёстойг хүн бүр ухаарчихвал мөн сайхан шүү. Хайрлана гэдэг чинь холоос эхлэхгүй. Шүлс, нус, хогоо замбараагүй хаяхгүй байхаас, өөрөөс нь л эхлэх амархан зүйл, уг нь.
Залуу халуун насандаа нийгэмдээ үлгэрлэлтэй амьдарсан шигээ өтөл үедээ ч даган дуурайх зүйл олныг “тарьж” яваа ийм сайхан буурлууд бидний дунд олон бий. Тэдний төлөөлөл болсон, нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлөх аргагүй болтлоо нягтарсан Ц.Дэлэг, Л.Дашням хоёртой хөөрөлдөх сайхан байлаа.