Монголбанкны дэд ерөнхийлөгч асан, олон улсын санхүүгийн шинжээч, зөвлөх Д.Энхжаргалтай ярилцлаа.
-Эдийн засагт үүсдэг “хар хун” гэсэн ойлголтын талаар тайлбарлана уу. Ямар үзэгдлийг ингэж нэрлэдэг вэ?
-Хар хун харсан хүн байгаа болов уу. Нууранд очихоор цагаан хун л хосоороо хөвдөг биз дээ. Хар хун дэлхийд маш ховор. Тэгэхээр эдийн засаг, санхүүгийн салбарт эрчимтэй, том давлагаатай нөлөө үзүүлж буй ховор үзэгдлийг эрсдэлийн судлаач нар “хар хун” гэж нэрлэсэн юм. Сангийн сайд асан С.Баярцогт эдийн засгийн 20 мянган хувьсагчийн талаар ярьсан. Тэр олон хувьсагчийн нэг нь маш онцгой, бараг тохиолддоггүй байж болно. Гэтэл тэр хувьсагч тохиолдож, эдийн засагт хүчтэй нөлөөлж байгааг “хар хун” гэдэг. Энгийнээр тайлбарлая. Улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 2-6 хувиар өсдөг. Гэтэл нэг улсынх нь дотоодын нийт бүтээгдэхүүн ямар нэгэн хүчин зүйл, хувьсагчаас шалтгаалаад 100 хувиар өсөж, буурсан гэж бодъё. Тэгвэл энэ нь эдийн засаг, статистикийн шинжилгээнд олонлогоос гажсан үзэгдэл учраас “хар хун” юм. Товчхондоо, онцгой хувьсагчийг хар хун гэж нэрлэдэг.
-Шинэ коронавирус эдийн засгийн онцгой хувьсагч мөн үү?
-Мөн. Эрдэмтэд, судлаачид шинэ коронавирус онцгой хувьсагч болчихлоо гэж тайлбарлаж байна. Жишээ татъя. УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө “60 тэрбумын схем” гэх асуудлыг нэг залуу гаргаж тавьсан. Уг нь эл асуудлыг эрт гаргаж тавих бололцоо байсан. Гэтэл сонгуулийн үеэр олон нийтэд дэлгэж, сэтгэл зүйг нь өөрчлөх гэж оролдсон. Төр, захиргааны өндөр албан тушаалыг арилжиж, 60 тэрбум төгрөг цуглуулах гэж байна гэсэн мэдээлэл иргэдийн сэтгэл зүйд шок үүсгэх нь мэдээж. Гэхдээ иргэд итгээгүй, сонголтоо хийсэн. Тэгвэл Ардчилсан намынхан сонгуулийн санал хураалт болохын өмнөх өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны 49 хувийг Монголын компани ОХУ-аас худалдаж авсныг зарласан. Энэ нь урьдаас төлөвлөж байгаад сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн ажил. Монголын улс төрийн орчинд өрнөсөн энэ үйл явдалтай харьцуулбал коронавирус эдийн засагт гэнэт орж ирсэн хувьсагч. Эрдэмтдийн ярьж буйгаар, коронавирус дөрвөн бүлэгтэй, түүн дотроо олон төрөлтэй байж. Үүнийг судалж байсан гэнэ. Тэсрэх бөмбөгний түгжээг мултлахаас нааш дэлбэрэхгүй. Харин түгжээг нь мулталбал дэлбэрнэ. Идэвхгүй байсан вирусийг эвгүй оролдсоноос дэгдчихжээ. Ингэнэ гэж хүн төрөлхтөн төсөөлөөгүй. Үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод буй бизнес эрхлэгчид ч ийм зүйл тохиолдвол ингэнэ, тэгнэ гэж огт төлөвлөөгүй. Шинэ коронавирус дэлхийн олон оронд тархаж, эдийн засагт нь ямар нэг байдлаар нөлөөлөх нь тодорхой болчихлоо.
-Өмнө нь ийм үзэгдэл хэзээ тохиолдож байсан бэ?
-Дэлхийн санхүүгийн хямрал 2008-2010 онд тохиосон. Бас Европын Холбооны гишүүн орнуудын улсын өрийн хямрал олон улсын санхүү, эдийн засагт нөлөөлсөн учраас “хар хун” тохиосон гэж үздэг. Ийм үзэгдлийн үед аливаа улс, аж ахуйн нэгж, хувь хүн самгардалгүй, эрсдэлээ тооцоод даван туулах бэлтгэлтэй байх ёстой. Монгол Улсын хувьд эдийн засгийн эрсдэлийн нөлөөллийн хэмжээг тооцож тогтоодог, хянадаг систем байх хэрэгтэй. Дараа нь эдийн засагт таван хувийн нөлөө үзүүлбэл ямар арга хэмжээ авах вэ, 10 хувийн нөлөө үзүүлбэл хэрхэх вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргасан байх ёстой.
-Манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
-Монгол Улс энэ онд эдийн засгаа зургаан хувиар өснө гэж тооцож байсан. БНХАУ ч эдийн засгийн өсөлтөө зургаа орчим хувь байна гэж тооцсон. Гэтэл өсөлт нь нэг орчим хувиар буурах нь тодорхой болоод байна. Эрэлтийн ч, нийлүүлэлтийн ч талд эрсдэл бий. Үйлдвэрүүд нь зогссоноос бусад орны тухайлбал, Японы машины үйлдвэрлэл түр хаагдсан шүү дээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт 0.5 хувиар буурна гэж судлаачид үзэж байна. Манай улсын эдийн засгийн дийлэнх салбар нэг сар орчим хугацаанд зогсонги байлаа. Ялангуяа төсвийн орлого бүрдүүлэхэд чухал нөлөөтэй нүүрсний экспортын тээврийг сар зогсоосон. Тэгэхээр эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Хятад улсад 13 жилийн өмнө шувууны томуу өвчин тархсан. Тухайн үед аялал жуулчлал, агаарын тээврийн олон компани нь дампуурсан. Тэдний буцаж сэргэх хугацаа 1-2 жил орчим байсан. Өмнөхийн адил Хятадын аялал жуулчлал, тээврийн салбарт том цохилт болж байна. Манай аялал жуулчлал, үйлчилгээ, жижиглэн худалдааны салбарт ч хүнд цохилт боллоо. Хорио цээрийн дэглэм тогтоогоод хоёр сар болж байна.
Цаашид хэдий хугацаанд үргэлжлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлж чадахгүй байна. МҮХАҮТ-аас 1100 аж ахуйн нэгжийн судалгааг танилцуулснаас үзэхэд 57.4 хувь маш их нөлөөлсөн, 32 нь дунд зэрэг гэж хариулсан байна. Энэ нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай гэжээ. Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа, үйлчилгээний нийлүүлэлт 57.7 хувиар буурсан, 40.1 хувь нь тээвэр, ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14.5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбаруудын орлого буурсан. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэж компаниудын 66 хувь хариулжээ. Тэгвэл түрээсийн төлбөр гэж 22, төрийн үйлчилгээний хүнд суртал гэж ес, санхүүгийн эх үүсвэр гэж гурван хувь нь хариулсан. Коронавирус тархаж эхэлж байхад бүх зүйл тодорхойгүй байсан тул эдийн засгийн хямрал болж магадгүй байлаа. Одоо вирусийн тархалтын хурд тодорхой боллоо. Хятад улс вирусийн халдвар авсан хүмүүсийнхээ талыг эмчилчихлээ. Зарим зүйл тодорхой болсноор эдийн засгийн хямрал бүх салбарт болохгүй, харин өсөлт саарах нь илэрхий болоод байна.
-Бизнес эрхлэгчдэд зээлийн төлбөр, хүүгийн дарамт их байгаа нь судалгаанаас ч харагджээ. Иймээс зээлд хүү тооцохыг зогсоох ч санал гаргасан. Ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Шийдвэрлэх арга замууд бий. Монгол Улсад ч иймэрхүү тохиолдол авч хэрэгжүүлсэн арга хэмжээний туршлага байдаг. Зах зээлийн эдийн засагт шилжиж байсан 1990-ээд оны үед эдийн засгийн ямар хөшүүрэг хэрэглэх гэж буй нь ойлгомжгүй байлаа. Тухайн үед улсын үйлдвэрийн олон газрыг хувьчилсан. Гэтэл бүгд зээлтэй байсан. Хөрөнгийг нь хувьчлаад зээлийг нь банкуудад үлдээчихсэн. Банкууд хугацаа хэтэрсэн, эзэнгүй зээлээс болоод хүнд байдалд орж байв. Иймээс банкийг эрүүлжүүлэх хөтөлбөрийг 1994-1997 онд хэрэгжүүлсэн. Зээлийн хүүгээ төлөхгүй бол банкууд орлогогүй болно. Гэтэл хадгаламжийн хүүгээ бодож олгох ёстой. Хадгаламжийн хүү төлөхгүй бол банкууд дампуурна. Давагдашгүй хүчин зүйлээс үүдэж ийм нөхцөл үүссэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд тодорхойлох хэрэгтэй. Зээлдэгчид банкуудад үнэн байдлаа ойлгуулах шаардлагатай. Зээлээ төлөхийн тулд хугацааг нь сунгах арга хэмжээ авч болно. Банкууд ч коронавирустэй холбоотой түр саатлын зээлийн багцаа тодорхойлж, ангилах хэрэгтэй. Тэгээд хугацаа хэтэрсэн зээлд оруулахгүйгээр тусгай багц гэж нэрлээд явах ёстой юм. Хэрэв хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд оруулбал бизнес эрхлэгч дахин зээл авах боломжгүй болно. Банкууд Монголбанктай ярилцаж, тусгай багцаа санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр авах хэрэгтэй. Монголбанк мөнгө хэвлэж, инфляц, валютын ханшид сөргөөр нөлөөлүүлэхгүй байхаар ажиллах шаардлагатай.
-Мөнгө хэвлэхгүй санхүүжилт олох ямар гарц байна вэ?
-ОУВС коронавирус тархсан, эдийн засгийн хүндрэлд орж байгаа орнуудад 50 тэрбум ам.долларын санхүүжилтийн эх үүсвэр бэлдсэнээ зарласан, хүүгүй зээлийг ядуу орнуудад маш шуурхай олгох зээлийн шугам нээснээ мэдэгдээд байгаа. Энэ санхүүжилтээс Сангийн яам, Монголбанк ОУВС-гаас санхүүжилт авах боломжтой. Түүгээрээ банкуудын тусгай багцаа санхүүжүүлэх бололцоотой. Анхааруулах нэг зүйл нь moral hazard гэсэн ойлголт. Энэ нь ёс суртахууны уналт, гажуудал, доройтлын аюулаас сэргийлэх тухай ойлголт юм. Шинэ коронавирусээс шалтгаалаад санхүүгийн хүндрэлд орсон бизнес эрхлэгчийн зээлийг төлчихвөл бусад нь барьцаж магадгүй. Ийм тохиолдол гаргахгүй байхаар журамлах ёстой. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл шуурхай ажиллаж, айсан, тээнэгэлзсэн, стресстсэн байдлаас иргэдээ хурдан гаргах хэрэгтэй. Гэвч удаан байна.
-Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй, нөөц хөрөнгөөс мөнгө зарцуулна гэж байна. Энэ хэр зөв шийдэл вэ?
-Маш зөв шийдэл гэж боддог. Бид сахилга баттай байх ёстой. Нэг зүйл тохиолдоход төсвөө тодотгоод байвал сахилга батгүй явдал. Төсвөө хэмнэлттэй зарцуулаад, дутаж буйг нь нөөцөөсөө санхүүжүүлээд явахад болно. Үнэхээр хүнд байдалд орвол төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Одоо бол эрт байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зарчимтай байр суурийг дэмждэг. Санхүүгийн сахилга батыг сайжруулдаг хатуу чанга Сангийн сайдтай байгаадаа баярлаж байна. Сангийн сайд ийм л байх ёстой.
-Монголбанк мөнгөний бодлогын хүүг бууруулахаа зарлачихлаа. Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээ авах болсон гэж тайлбарласан.
-Үүнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөнгөний бодлогын шийдвэрийг хараат бус байдлаар гаргах шаардлагатай. Монголбанкны ерөнхийлөгч мөнгөний бодлогын хүүг бууруулна гэж хэлсэн нь Мөнгөний бодлогын хорооны бусад гишүүн нь өөрийн толгойгүй, дагаж намирдаг гэсэн ойлголт төрүүлж байна. Энэ бол буруу жишиг. Угтаа мөнгөний бодлогын хороогоо хуралдуулчихаад, дараа нь шийдвэрээ зарлах хэрэгтэй байлаа.
-УИХ-ын дарга үүрэг өгчихөв үү гэж харагдсан?
-Монголбанк шуурхай ажиллаж арга хэмжээ авахгүй болохоор УИХ-ын дарга аргаа бараад өөрөө оролцож байх шиг. Ажлаа хийхгүй болохоор нь УИХ-ын дарга харьяа байгууллагынхаа удирдагад үүрэг өгч байна. Шинэ коронавирусийн эдийн засгийн нөлөөллийг тооцоод ямар арга хэмжээ авахаа төлөвлөчихсөн бол ийм байдалд орохгүй байсан. Нөлөөллийг нь тооцсон төлөвлөгөө хийгээгүй учраас барьц алдаж байна.