Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад байгууллага, аж ахуйн нэгжүүд хандив өгсөөр байна. 10 настай И.Бямбасүрэн охин нэг жилийн хугацаанд цуглуулсан 200 мянган төгрөгөө өнгөрсөн баасан гарагт Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ынханд хандивлалаа. “Монгол билиг оюун” сургуулийн 5В ангид сурдаг тэрбээр “Онцгой нөхцөлд ажиллаж буй хүмүүсийн ажлыг хүндэтгэж, шүүмжлэх бус, дэмжиж, урам зориг өгөх ёстой” хэмээсэн. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Яагаад ОБЕГ-ынханд цуглуулсан мөнгөө хандивлах болов?
-Бидний аюулгүй байдлыг хангаж ажилладаг ОБЕГ-ынханд иргэд, байгууллагынхан тусламж үзүүлж байгааг зурагтаар харсан. “Би ч гэсэн мөнгөө хандивлая” гэж ээждээ хэлэхэд дэмжсэн. Нэг жилийн хугацаанд шинэ жил, Цагаан сар болон төрсөн өдрийн баярын үеэр хүмүүсийн бэлэглэсэн мөнгийг номынхоо завсарт хийж хадгалсан юм. Монгол Улсын иргэний хувьд халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Эх орон, иргэдийнхээ төлөө өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг шүүмжилж, ажилд нь төвөг учруулах бус, дэмжиж, урам хайрлах хэрэгтэй. Аав минь цагдаагийн байгууллагад ажилладаг. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш 07.00 цагт ажилдаа явж, шөнө ирдэг болсон. Мөн амралтын өдрүүдэд ч ажиллаж байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр гараа сайн угааж, ариутган, амны хаалт зүүж, гэрээ үргэлж цэвэрлэх хэрэгтэй.
-Хадгалсан мөнгөөрөө юу авах төлөвлөгөөтэй байв?
-Ирэх зун унадаг дугуй, ном авъя гэж бодсон юм. Өвчин тусахгүй бол дараа нь унадаг дугуй авчихаж болно шүү дээ. Өмнө нь олон удаа мөнгө цуглуулсан ч дэмий үрчихсэн.
-Сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод удлаа. Чи энэ хугацаанд юу хийж байна вэ?
-Гэртээ теле хичээл үзэж, дүүгээ харж байгаа. Би нэг дүүтэй, айлын том. Манай ангийн хичээл ETV телевизээр гардаг. Гэхдээ хичээлийн хугацаа бага. Ихдээ 15, заримдаа 10 минут үргэлжилдэг. Хугацааг нь уртасгах шаардлагатай гэж боддог. Мөн ном уншиж, гэрээ цэвэрлэдэг. Саяхан “Цонхны дэргэдээс холддоггүй бяцхан охин Тото” гэдэг ном уншлаа.
-Ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?
-Монгол хэл, математикийн хичээлд дуртай. Мэс заслын эмч болно гэж боддог. Мөн чөлөөт цагаараа газрын теннис тоглож, шүлэг бичдэг.