Монголын архитекторуудын эвлэл, Японы “Living CG” компанитай хамтран “Lumion youth award” уралдааныг Токио хотод зохион байгуулжээ. Хоёр улсын архитекторууд анимейшн бүтээж өрсөлдсөн тус уралдаанд манай улсын оролцогч Ч.Бат-Оргилын “Memory” бүтээл тэргүүлж, гран при шагнал хүртсэн байна. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Хоёр улсын хэдэн уран бүтээлчтэй өрсөлдөв. Ямар онцлогтой уралдаан болсон бэ?
-21 оролцогч уралдаанд бүтээлээ ирүүлсэн юм билээ. Японоос 14, Монголын долоон оролцогч өрсөлдсөн. Багаараа, эсвэл ганцаараа л өрсөлдөх боломж нээлттэй байв. Япончууд ихэвчлэн багаараа оролцсон. Миний хувьд бүтээлээ ганцаараа хийсэн юм. Манай улсаас мөн ШУТИС-ийн оюутнуудын бүтээл тусгай байрт шалгарлаа. Уралдааны гол шалгуур нь архитектурын 3D зураг боловсруулдаг “Лумион” программаар анимейшн бүтээх байсан. Энэ нь хамгийн сүүлийн үеийн, архитектурын зураг төслийг богино хугацаанд хийх боломжтой дэвшилт технологи л доо. 3D анимейшн бүтээхээр бодитой мэт харагддаг. Японы оролцогчид Монголыг уран зөгнөлт маягаар харуулах “Fantasy of Mongolia” сэдвээр бүтээл хийх даалгавар авсан. Харин монголчууд “Fantasy of Japan” сэдвээр нэг минут 20 секундийн хугацаатай анимейшн хийсэн. Уралдаан хоёр үе шаттай байлаа. Эхний шатанд хоёр улс тус бүр шилдэг гурван оролцогчоо шалгаруулсан. Ингээд шилдэг зургаан оролцогч сүүлийн шатанд Токиод өрсөлдсөн юм.
-Та “Memory” бүтээлдээ Японыг хэрхэн “зөгнөсөн” юм бэ?
-Японыг зөгнөлт маягаар нэг минут 20 секундийн хугацаанд хэрхэн харуулах вэ гэж нэлээд бодсон. Бусад оролцогч нисдэг машин, байшин зэргийг дүрслэх байх гэж төсөөлж, Япон орныг тэднээс өөрөөр харах ёстой гэж төлөвлөсөн юм. Ингээд эрэгтэй, эмэгтэй хоёр робот “бүтээсэн”. Тэд бие биедээ хайртай. Японд хамт амьдарч байсан тэд амьдралын эрхээр салах болж, нэг нь онгоцоор нисэж байгаагаар анимэйшн эхэлдэг. Ингээд өнөөх робот хайртай “хүнээ” бодож, зүүдэлж, жаргалтай үеүдээ дурсаж буйг дүрсэлсэн л дээ. Хиймэл оюун ухаан, өөрөөр хэлбэл, төмөр, хуванцар материалаар бүтээсэн роботууд нэг нэгэндээ хайртай болсон нь жинхэнэ уран зөгнөл гэж бодсоны үндсэн дээр ийм бүтээл хийсэн юм. Энэ санаа минь бусад оролцогчийнхоос ялгарсан.
-Бүтээлээ богино хугацаанд хийсэн үү?
-Хоёр сар гаруйн хугацаанд хийсэн. Санаагаа олоход нэлээд цаг зарцуулсан л даа. Миний төсөөлж байснаар бусад оролцогч нисдэг машин, байшин гээд янз бүрийн гоё гоё дүрслэл гаргасан байсан. Өөрөөр хэлбэл, санаа бус, гүйцэтгэлдээ илүү анхаарсан нь харагдлаа. Агуулга биш, хэлбэрийг чухалчилсан гэсэн үг. Миний хувьд аль аль талд нь анхаарсан. Шүүгчид агуулгыг нь голчилж, ямар учраас ийм санаа гаргасан бэ гэж асууж байлаа.
-Япончууд Монголыг хэрхэн дүрсэлсэн байв?
-Япончууд Монголын ирээдүйг “зөгнөх” амаргүй байсан юм шиг санагдлаа. Сүүлийн шатанд надтай өрсөлдсөн оролцогч уурхайн хоосон карьерыг цэцэрлэгжүүлээд, дээгүүр нь том гэр барьж, дотор нь хотхон бүтээсэн. Манай орныг ихэвчлэн уул уурхай, мал аж ахуй, гэртэй холбон дүрсэлсэн байна лээ.
Бэлтгэсэн: М.Оч