Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон билээ. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Ш.Шинэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Гэмт хэргийг илрүүлэн үнэн, зөв шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг субъект нь гэрч, хохирогч. Гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчин өнөөдөр манайд ямар байна вэ?
-Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг УИХ 2013 онд баталж, 2014 оны нэгдүгээр сараас мөрдөж байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хамгаалалтын арга хэмжээ авах журмуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан.
Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолоор баталсан зэргээр эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлдэг. Манай хэлтэс цагдаагийн байгууллагадаа энэ үүргийг хэрэгжүүлэхэд бодлого, арга зүйгээр хангаж, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр явуулдаг юм.
-Гэрч, хохирогчийг та бүхэн хэрхэн хамгаалдаг вэ?
-Эрүүгийн хэрэгт гэрчээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн эсвэл хамаарал бүхий этгээдийн амь, эрүүл мэндэд гэмт халдлага, эрсдэл учрах бодитой нөхцөл бий болсон үед бид эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хамгаалалтад авдаг. Гэрч, хохирогч гэдэг нь аливаа гэмт хэргийг илрүүлэх, үнэн зөв шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой субъект. Тэдэнд хөндлөнгийн ямар нэг нөлөөлөл бий болсон тохиолдолд, мөн гэрч, хохирогчийн амь, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах, аюулгүй байдал болон сэтгэл зүйн талаас нь хамгаалах, туслалцаа үзүүлэх цогц арга хэмжээ байдаг. Хуульд зааснаар гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаа нь сэтгэл зүйн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ гэсэн хоёр төрөлтэй. Аюулгүй байдлын хамгаалалт нь дотроо есөн хэлбэрийн хамгаалалтын арга хэмжээтэй байдаг. Тухайн хэргийнхээ нөхцөл байдал, гэрч, хохирогчид учирч болох аюулын түвшнээс хамаарч хамгаалалтын хэлбэрүүдээс сонгож хэрэглэдэг юм.
-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэж, өдгөө Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн зэрэг олон хууль, тогтоомжийг өөрчлөн, шинээр баталсан. Тиймээс бусад хууль, тогтоомжтой нийцүүлэх, мөн шинээр зохицуулах харилцааг нэмж тусгах, хамгаалалтад авч байгаа иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх, төсөв хөрөнгө, шийдвэрлэх асуудлыг хуульд тусгах, мөн сэтгэл зүйн хамгаалалт хэрэгжүүлэх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хоёрыг хооронд нь ялгаж, салгах, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандарт бий болгох зэрэг шаардлагатай болсон. Тиймээс эдгээрийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган батлуулахаар ажиллаж байна.
-Танай хэлтсээс хамгаалалт авах хүсэлтэй гэрч, хохирогчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн. Ямар хэргийн гэрч, хохирогч нар ихэвчлэн танайд ханддаг вэ?
-Сүүлийн гурван жилийн тоон мэдээллээс харахад тогтмол өсөж байна. Тухайлбал, 2017 онд 36, 2018 онд 65, 2019 онд 134 иргэнийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь хангажээ. Гэмт хэргийн шинж, эрүүгийн нөхцөл байдалтай холбогдуулан хамгаалалтад орох гэрч, хохирогчийн хэмжээ жилээс жилд өсөж байгаа нь үнэн. Нэн ялангуяа сүүлийн үед хүчирхийллийн болон зохион байгуулалттай гэмт хэргүүдэд хамаарах гэрч, хохирогчдыг хамгаалалтад авах тохиолдол өсөх болсон. Хүн хүч, цаг хугацаа, зардал мөнгө шаардсан хамгаалалтын арга хэмжээнүүд хэрэгжүүлэх байдал ч нэмэгдсэн. Тухайлбал, биечилсэн хамгаалалт, аюулгүй газарт түр байрлуулах гэх зэрэг хүн хүч, цаг хугацаа шаардсан хамгаалалт жил бүр өсөж байгаа.