“Таван цагариг”-ийн энэ удаагийн дугаарт уригдсан зочныг Ц.Баярдаваа гэдэг. Тэрбээр цаг засварчнаар ажиллаж байхдаа 2006 онд зүүн талынх нь гар, хөл мэдээгүй болж, хоёр жил хэвтэрт байжээ. “Бээжин 2008” паралимпийг үзэж суухдаа “Хөлгүй, гаргүй хүмүүс тэмцээнд оролцож байхад би ингээд хэвтэж болохгүй, хөл дээрээ заавал босно” гэж өөртөө тангарагласан гэдэг. Тэр жил Гавьяат тамирчин Д.Баатаржав байт харваагаар паралимпийн аварга болсон нь түүнд найдлага төрүүлжээ. Өөрийгөө өөрчилж чадсан хүн олон байдаг ч түүн шиг аюулт өвчнийг сэтгэлийн тэнхээгээр даван туулж, ялсан нь хэд бол. Эрүүл, эрч хүчтэй амьдрахад дасгал хөдөлгөөн хамгаас чухал гэдгийг өөрийн биеэр баталж яваа тэрбээр хөдөлмөрийн чадвараа алдсан ч спортоор хичээллэн хөл дээрээ боссон юм. Бөөрөнцөг, зээрэнцэг, пауэрлифтингээр хичээллэдэг Ц.Баярдаваа өдгөө Монголын пара хөнгөн атлетикийн тамирчин болж, ОУХМ цолны болзол биелүүлэн “Elite gym” клубт дасгалжуулагч багшаар ажиллаж буй. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Спортод хөл тавьсан тамирчдын түүх сонирхолтой байдаг. Гэхдээ таны түүх тэднээс арай өөр юм. Эрүүл болох чин хүсэл тань таныг спорт руу хөтөлжээ.
-Тийм ээ. Би гэр бүлээ айдас түгшүүр дунд амьдруулахыг хүсээгүй. Тиймдээ ч өөрийг минь сөхрүүлсэн хүнд өвчинтэй тэмцсэн. Тэмцээд ялсан, ялаад амжилт гаргасан. Хэцүү бүхнийг ардаа орхисон болохоор одоо надад амьдрал сайхан санагддаг. Хүнд боломжгүй зүйл гэж байдаггүй юм. Спортоор хичээллэж, хүнд өвчнөө ялан дийлнэ гэдэг гайхамшиг. Ийм зан чанар зөвхөн тамирчин хүнд л байдаг гэж өмнө нь боддог байлаа. Одоогоос 14 жилийн өмнө цус харвасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг таван кг-аас дээш зүйл өргөж болохгүй гэж эмч нар зөвлөдөг. Гэтэл тэр байтугай хүнд жинтэй төмөр өргөж байна, би. Энэ бол спортоор хичээллэсний ач тус. Хүнийг эрүүл, урт наслуулдаг зүйл бол дасгал хөдөлгөөн. Спортоор хичээллэсэн хүн идэвхтэй амьдарч, эрч хүч, урам зориг, сэтгэлийн дэмээр урагшилдаг. Спорт намайг өөрчилж, өнгөрсөн он жилүүдийн таагүй бүхнээс холдуулсан. Би 1983 онд хуучнаар ЗХУ-ын Ярослав хотод цаг засварчин мэргэжлээр төгсөж ирээд, 1992 онд Монголд цаг засварын “Болор” хувиараа эрхлэх аж ахуй байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хүмүүсийн цагийг баталгаа гарган өдөрт нь засаж, өдөр, шөнөгүй ажиллан амрахаа хойш тавьдаг байлаа. Мөнгө сайн олж, ар гэрийнхээ амьдралыг хангалуун авч явах тухай бодож, биеэ хайрлахгүй зүтгэснээ хожим ойлгосон. Гэхдээ би өөрийнхөө ажлыг дүүдээ өвлүүлсэн. Одоо дүү минь хамгийн сайн засварчин боллоо. Өнгөрсөн жил аварга цагчин, энэ жил Үйлдвэрлэл хоршооллын тэргүүний ажилтан боллоо.
-Спортоор хичээллэж, хөл дээрээ эргээд боссон цөөн хүний нэг нь та. Ийм алхам хийхэд 2008 оны паралимпийн олимп танд их нөлөөлж, найдлага төрүүлсэн гэдэг.
-2006 оны тавдугаар сарын 16-ны өглөө сэртэл зүүн талын гар, хөл мэдээгүй болсон байлаа. Хүн гэнэтийн зүйлтэй эвлэрдэггүй юм билээ. Өөрийгөө ийм болсонд итгэхгүй их бухимдсан. Насаараа хэвтэрт байж, хүний асаргаанд он жилүүдийг өнгөрөөх нь гэж сэтгэлээр ч их унасан. Ийм үед хань, үр хүүхэд, найз нөхдийн сэтгэлийн дэм тус чухал ч өөрийгөө зоригжуулж, хөл дээрээ босохын төлөө хичээх хэрэгтэй байдаг юм билээ. 2008 оны Бээжингийн олимпыг зурагтаар үзэв. Паралимпийн тамирчид амжилт гарган шагналын тавцанд медаль хүртэж байхыг хараад спортоор хичээллэх бодол төрлөө. Тэр үед саажилттай эмэгтэй бассейнд хичээллэсээр эрүүл болсон тухай ч гарсан. Маргааш нь таяг тулаад Төв бассейн руу алхсан. Хүмүүст өөрийгөө гайхуулах бус, спортоор хичээллэн, эрүүл болж өөрчлөгдсөн түүхээ хуваалцахыг хүсдэг. Надтай ийм өвчинд өртсөн хоёроос гурван хүн өдөрт ирж уулздаг. Сард 60 гаруй хүнтэй ярилцсан байдаг юм. Намайг зорьж ирээд миний удирдлагад хичээллэсэн 20 гаруй хүн бий. Би өөртөө “Дахиж өвдөхгүй” гэдэг ойлголтыг суулгасан. Тиймээс өглөөг эрч хүчтэй эхлүүлж, нүүр номынхоо найзуудтайгаа сэтгэл сэргээсэн үгээр мэндэлдэг.
ЗАЛУУСЫН НҮДНЭЭС ОРГИЛСОН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ЭРЧ ХҮЧ ХАРДАГ БАЙЛАА
-Тэр үед өвчнийг тань оношилсон эмч нар тантай эргээд уулзахдаа их гайхсан байх. Ингэхэд пара хөнгөн атлетикийн тамирчин хэзээ болсон юм бэ?
-Гүн харваж гар, хөл нь мэдээгүй болсон бол эргэж сэргэх нь ховор гэж анагаах ухаанд үздэг юм билээ. Эмч нар намайг цус харвасан гэхэд итгэдэггүй юм. Тархины зургийг минь харж байж л итгэдэг. “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч Ц.Энхбаяр бид хоёр нэг ангийн анд. Тэрбээр “Чи онолоос зөрсөн, гайхалтай хүн” гэж хэлдэг юм. Би 50 нас хүрэх гэж байхдаа фитнесээр хичээллэсэн. 2014 онд Бээжинд нээлттэй тэмцээнд оролцохоор очихдоо 14 орны олон улсын эмнэлгийн комиссоор ороход эмч нар “Та саажилттай хүн байна, F37 ангилалд тогтоолоо. Бүх зүйлээ зохицуулаад тэмцээнд оролцож болно” гэж дүгнэсэн. Тэгтэл Чехийн эмч “Таны өрсөлдөх F37 ангилалд төрөлхийн саажилттай хүмүүс багтдаг. Цус харвасны дараа эрүүл хүн шиг болно гэдэг тун ховор тохиолдол” гэсэн. Би Монголын төдийгүй гадаадын эмч нарыг гайхшируулсан шүү. Амьдралыг өөдрөгөөр харах боломжийг спорт надад бэлэглэсэн. “Hearty” клубт фитнесээр хичээллэж байхдаа Ардын багш, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт улсын начин Ц.Дамдинтай тааралдсан юм. Тэрбээр намайг харчихаад “Харвасан хүн 140 кг-ыг газраас татна гэдэг гайхамшиг.
Би чамайг пара хөнгөн атлетикийнхантай холбож өгье” гэлээ. Тэрбээр миний замыг зааж, зассан хүн. Түүний ачаар би тамирчин болсон болохоор ач тусыг нь өгүүлж, дурсах дуртай байдаг юм. 2014 онд пара хөнгөн атлетикийн тамирчин болчихоод залуу тамирчидтай бөөрөнцөг, зээрэнцгийн тэмцээнд оролцож, IV байрт шалгарч байв. 2015 онд Дархан-Уул аймагт болсон зээрэнцгийн тэмцээнд түрүүлж, алтан медаль авсан. 2018, 2019 онд болсон зээрэнцгийн УАШТ-д хүч сорьж, аваргаллаа. Хүчний спортод хөл тавьж, нэг жил хичээллээд өнгөрсөн жил пауэрлифтингийн тэмцээнд газраас таталтын төрөлд 160 кг-ыг өргөж, 145 кг сууж, 100 кг-ыг хэвтээ шахаж, нийлбэр дүнгээр тус бүр хүрэл медаль өвөртөлсөн. Энэ жил мөн өрсөлдөж, амжилтаа ахиуллаа. Миний хувьд энэ жилийг амжилт арвинтай эхлүүлсэн. ОУХМ цолны болзол биелүүлж, Чингэлтэй дүүргийн хүндэт иргэн, Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болсон.
-2017 онд Шинэ Зеландын Окленд хотод болсон дэлхийн мастеруудын их наадамд бөөрөнцөг түлхэлтээр амжилттай өрсөлдөж, дэлхийн аварга болсон санагдана.
-Спортоор хичээллэж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан анхны том амжилт энэ байлаа. Намайг Шинэ Зеландын Окленд хотод болсон тэмцээнд оролцоход Чингэлтэй дүүргийн хамт олон миний зардлыг даасан. Тус дүүргийн биеийн тамирын спорт хороо, “Elite gym” фитнес төвийн хамт олон намайг их дэмждэг. Тамирчин хүн ганцаараа зүтгээд амжилт гаргахгүй. Дэмждэг хүмүүсийнхээ ачийг амжилтаар хариулах юм сан гэж хичээдэг. Амьдрал таашгүй оньсого. Хичээж чадвал хэн ч амжилт гаргана. Хүсэл тэмүүлэл байвал өөрийгөө дайчлаад зүтгэх хэрэгтэй. Би хамгийн гоё бэлгийг спортоос авсан. Спорт хүнийг өөртөө татах увидастай. Би тэр гайхамшгийг өөрийн биеэр туулж явна. 2021 онд дэлхийн мастеруудын олимпын наадамд бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр оролцохоор бэлтгэлээ базааж, амжилт гаргахын төлөө зорьж байгаа. Дэлхийн мастеруудын тэмцээнд амжилт гаргасан мэргэжлийн тамирчид оролцдог. Миний хувьд долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийдэг. Даваа гарагт суултынх, лхагвад цээж шахалт, баасанд нуруу, мөрний, мягмарт мөрний урд тал, пүрэвт мөрний хойд талаа хөгжүүлэх дасгал хийдэг. Тамирчин хүн хэчнээн бяртай, хүчтэй байгаад арга барил, техник муу бол амжилт гаргахгүй. Бэлтгэлээр тодорхой үр дүнд хүрэх ч үүнээс гадна хөдөлгөөний эвсэл, уян хатан, овсгоо самбаа, хичээл зүтгэл, итгэл найдвар гээд олон зүйл нөлөөлдөг.
-Хөнгөн атлекийн тамирчин Д.Махашири, Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор гуай нартай бөөрөнцөг, зээрэнцгийн бэлтгэл хамт базаадаг гэл үү?
-Тийм ээ. Хөнгөн атлекийн алдартай тамирчин Д.Махашири, “Мон-Алтиус” дээд сургуулийн багш С.Аюушжав нарын удирдлагад анх бөөрөнцөг, зээрэнцгээр хичээллэсэн. Д.Махаширигийн амжилтыг монголчууд сайн мэднэ. Социализмын үед хаана тэмцээн болно, тэнд оролцож, Монголын нэрийг гаргадаг байсан. Оролцсон тэмцээнүүдээсээ ганзага хоосон ирж байгаагүй. Зээрэнцэг шидэлтээр олимпын наадамд өрсөлдсөн туршлагатай. Зүүн Азийн АШТ, Азийн АШТ-ээс тус бүр хоёр хүрэл медальтай. Их даруухан хүн бий. Монголын спортын төлөө нойр, хоолоо умартан амрах завгүй зүтгэчихээд өнөөг хүртэл шагнал гавьяагүй яваа. Энэ жил С.Аюушжав Алтангадас одонгоор шагнууллаа. Хүчтэй хүн болгон бөөрөнцөг, зээрэнцгээр амжилт гаргадаггүй. Маш нарийн техниктэй спорт. Би зун болохоор Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор гуайтай бэлтгэл базаадаг. Бид Өвөрхангай аймгаар овоглодог тамирчин. Би “Мон-Алтиус” дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр 2017 онд төгссөн. Хөгширсөн хойноо оюутан болж, залуустай хөл нийлүүлэн сурч байлаа. Залуучуудтай хамт суралцах сайхан, тэдний нүднээс оргилсон хүсэл мөрөөдөл, эрч хүч хардаг байлаа. Дээд сургуульд дөрвөн жил сурахдаа залуу насандаа эргээд очсон мэт санагдсан. Спорт намайг тамирчин, дасгалжуулагч, бас багш болгосон болохоор сэтгэлдээ “баярлалаа” гэж талархаж хэлдэг юм.
НАМАЙГ ДАГААД ҮЕ ТЭНГИЙНХЭН МИНЬ СПОРТОД ХӨЛ ТАВЬЖ БАЙНА
-Спорт зарим хүний зан чанарыг таниулдаг гэдэг. Зорилгынхоо төлөө зүтгэдэг болохоор найз нөхөдтэйгөө уулзах зав бага гардаг уу?
-Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрахаар шунах бодол төрдөггүй юм билээ. Би цагтаа цаг засаж, цалин буухыг хоног тоолж хүлээдэггүй, олсон орлогоороо хангалуун амьдардаг байв. Тэр үед над шиг олон найзтай, мөнгөтэй хүн байгаагүй. Харвасны дараа хоёр найзаас минь өөр нөхөр үлдсэнгүй. Хүний мөсийг зовсон үедээ таньсан болохоор ямар ч үед би хүн чанараа гээхгүйг эрхэмлэдэг. Одоо надад зорилго, гэр бүл, үнэнч нөхөрлөсөн хоёр найз минь байхад хангалттай. Хэдэн жилийн өмнө хуучны андуудтайгаа уулзахаар очлоо. Тэд намайг таяг тулаад салгалсан нөхөр ирнэ гэж төсөөлж л дээ. Гэтэл хослол өмсөж, хар шил зүүгээд очтол мэл гайхсан шүү. Намайг дагаад үе тэнгийнхэн минь спортод хөл тавьж байна. Долоо хоногийн өмнө багын найз минь ирж уулзаад спортоор хичээллэж эхэллээ. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар олон жил ажиллаж байгаад энэ жил гавьяаныхаа амралтад гарсан юм. Өвөрхангай аймгийн Тарагт сум миний нутаг. Нэг ангид хамт сурч, төгссөн ангийн нөхөд минь жил бүр уулзаж, намайг урамшуулдаг юм.
-Спортын гайхамшгийг өөрийн биеэр мэдэрсний хувьд хүүхдүүдээ хичээллэхийг уриалдаг уу.
-Хүүхдүүддээ “Эрүүл, залуу байгаа дээрээ дасгал хөдөлгөөн сайн хий” гэж захидаг. Хэрвээ намайг гэр бүл минь ойлгож, дэмжээгүй бол өдий зэрэгтэй явахгүй байсан. Манайх хүү, охинтой. Зээ хүү минь таван настай. Намайг зээрэнцэг, бөөрөнцгөөр хичээллэдэг болохоор “Шид өвөө” гэж нэрлэдэг юм. Тамирчин болж, зээрэнцэг, бөөрөнцөг шиднэ гэж ярьдаг. Би тэмцээнээс алтан медаль хүртвэл шар, мөнгөн медаль авбал мөнгөлөг өнгөтэй машин бэлэглэдэг юм. Спорт гэж агуу зүйл байдаг, хичээж зүтгэвэл амжилт гаргаж болдог гэдгийг багаас нь ойлгуулахыг хичээж байна.
-Өөдрөг бодол амьдрах итгэл төрүүлдэг шиг сайхан үг эрч хүч өгдөг. Та спорт сонирхогчдод урам хайрлаач?
-Хүнээс урмын үг сонсох сайхан. Энэ бол зөв бодолтой амьдарч байгаагийн илрэл. Хэрвээ би сэтгэлийн хатгүй байсан бол тамирчин болохгүй байлаа. Хатуужил тэсвэр хүнийг хурцалж, зөв зам руу чиглүүлдэг. Харин саад бэрхшээл зорьсон зүйлдээ хүрч чадахыг шалгадаг. Хэрхэн амьдарч, унаж боссоныг өөрт тань харуулах сургамж бол цаг хугацаа юм шүү дээ. Спортоор хичээллэсэн үеэсээ өвчин хэлэхээ больсон. Одоо шавь нараараа хүрээлүүлж, тэднээс урам авч амьдарч байна. Ахмад гэлтгүй ямар ч насны хүмүүс эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс ширээний ард олон цаг ажиллах болжээ. Өөртөө цаг зав гаргаж, дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Ач, зээ нараа гадаа тоглохыг хараад зүгээр суугаа настай хүмүүст “Ач, зээгээ сайн явахыг нь харъя гэж байгаа бол одооноос биеэ бодож бай. Тэднийг тоглож байх зуур 30 минут ч боловч дасгал хөдөлгөөн хий” гэдэг юм. Зарим нь миний хэлснийг хэрэгжүүлж, маргаашнаас нь дасгал хийж байгаа харагддаг. Хүмүүст эхлээд идэвхтэй хөдөл, хоёрт, хоол унд, амралтаа зөв зохицуул, гуравт, мөнгийг биш эрүүл мэндээ нэгдүгээрт эрэмбэл гэж хэлье. Энэ ташрамд, сэтгэлийн дэм өгч, тусалж дэмждэг гэр бүл, “Elite gym” фитнес клубийн хамт олон, ангийн нөхөд, анд найзууддаа талархаж явдгаа уламжилъя.