Цэргийн ангиудад эмэгтэйчүүд үүрэг гүйцэтгэх нь хэвийн үзэгдэл болсон өнөө цагт хил хамгаалах байгууллагын бүсгүйчүүд дунд токарьчин эмэгтэй ажиллаж байна. Хилийн 0252 дугаар ангийн Авто оношилгоо, засварын бүлгийн машин техникийн тос ханхалсан, том том суурь машинуудын дуу хадсан өрөөнд ахлах ахлагч Ч.Одгэрэлийн ажлын нэг өдөр өнгөрдөг юм байна. 17 жилийн хөдөлмөрөө ийнхүү хил хамгаалах байгууллагад өнгөрөөж буй түүнтэй ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Хилийн цэргийн албанд эрчүүд л хийдэг гэж боддог токарьчин хэмээх нарийн мэргэжил эзэмшин ажиллах болсноо ярьж өгөөч.
-Намайг Чойдогийн Одгэрэл гэдэг. Хил хамгаалах байгууллагад 2002 оноос хойш ажиллаж байна. Анх хилийн 0306 дугаар анги шинээр байгуулагдахад ахыгаа даган очиж байлаа. Ахынхаа хүүхдийг харах ажилтай “томилогдсон” гэх үү дээ. Гэтэл залуу хүн ажил хийх хэрэгтэй гэж тухайн үеийн ангийн удирдлага дэмжсэнээр гал тогоонд ажилд орж байлаа. Хоёр жил ажиллаад хилийн 0252 дугаар ангид шилжин ирсэн.
-Танайхан тэгэхээр хилийн цэргийн алба хаагч олонтой байх нь ээ?
-Тийм ээ. Ер нь хилчин удамтай. Миний аав Ж.Чойдог, ээж С.Зоригт нар хилийн 0252 дугаар ангийн анхдагчдын нэг. Аав минь хүнсний албаны дарга, инженерээр ажиллаж байв. Харин ээж минь насаараа л номын санчаар ажилласан юм. Ээж 2003 онд тэтгэвэрт гарахдаа нэг хүүхдээ ангидаа удам залгаж үлдээхээр дотроо бодсон юм билээ. Тэр хүүхэд нь би байж таарсан. Ингээд 2003 оноос хойш тус ангид токарьчнаар ажиллаж байна даа.
Манайх ах дүү долуулаа. Хоёр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг. Харин ах бид хоёр хилчин. Хилийн 0146 дугаар ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бэлтгэл дэд хурандаа Ч.Амартүвшин гэж хүн бий. Ах минь миний бахархал байсаар ирсэн. Түүний тухай ярихаар өөрийн эрхгүй нулимс урсах гээд байдаг юм. Хайртайн илрэл л байх. Ахтай холбоотой олон сайхан дурсамж бий. 2008 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд ахтайгаа хамт оролцож байлаа. Ах, дүү хоёр хилчин маршид оролцсон талаар сонинд мэдээ нийтлэгдэж ч байв. Тэгэхэд ах мөнгө, би хүрэл медаль авч байсан юм. Тухайн үед би их шантарч, халгасан л даа. Саадын зурвасын торон доогуур мөлхөх хамгийн хэцүү нь. Хамаг бие хөхөрч, өвдөнө. Харин тэр үед ах намайг аргадаж, “Миний дүү цэргийн хүн болсон. Бүгдийг чадахын төлөө хичээх хэрэгтэй. Сурчихсан байхад хаана, хэзээ ч газардахгүй эрдэм шүү” гэсэн нь үнэн байлаа. Цэргийн хүний мөн чанар маршийн үеэр гардгийг мэдэрсэн. Цэргийн хөдөлмөр хүмүүст ихийг сургадаг. Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд би гурван удаа оролцсон. Ер нь би хилчин мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг.
-Токарьчин мэргэжлийг хэзээ эзэмшив?
-ХААИС-ийн харьяа Дорнод аймгийн Техник, технологийн сургуулийг 2001 онд төгссөн юм. Автомашины засварчин мэргэжилтэй. Миний бага нас хилийн 0252 дугаар ангид өнгөрсөн. Хүмүүс хэдэн жил ажиллаж байна гэж асуухаар нь би “37 жил” гэж хариулдаг юм. Учир нь ангийнхаа ус зөөдөг машинд төрөх гээд дайгдаж явсан хүүхэд. Яг л энэ өрөөндөө, энэ мэргэжлээрээ 17 жил ажиллаж байна. Авто оношилгоо, засварын бүлгийн байр. Нохой чарга, хянах цамхаг, зам гүүр, модон гүүрийн боолт, токарийн машин дээр өнгөлөх, зүлгэх, таслах, цоолох, нүхлэх гээд олон төрлийн үйл ажиллагаа энд явагддаг. Токарийн суурь машинтайгаа 17 жил нөхөрлөж байна. Мөн өрмийн суурь машин, цахилгаан точил бий. Ажилд ороод удаагүй байтал ангийн захирагч, хурандаа Д.Чулуунбаатар дуудаад, “За, чамд тосонд нь боосон машин өглөө шүү” гээд суурь машин хүлээлгэн өгч билээ. “ИТ-1М” гэж машин л даа. 1980 оны эд.
-Суурь машинуудыг эмэгтэй хүн ажиллуулдаг гэхээр төдийлөн хялбар санагдахгүй байна л даа?
-Мэргэжлийг нь эзэмшсэн болохоор дуртай. Багадаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдөлдөө ч хүрсэн. Суурь машин дээр ажиллахад хялбар. Тохиргоог нь нарийн заагаад өгчихдөг юм. Өгөгдсөн хэмжээн дээрээ очоод л машин зогсчихно.
Сая хэдэн хутга ирлээд буцаалаа. Хутга, заазуур гэмтэлтэй байвал аргалаад ишлэн, нөхөөд буцаах жишээтэй. Би ганцхан токарийн машин дээр ажилладаггүй. Давхар аккумляторчны үүрэг гүйцэтгэдэг. Бусад ангитай харьцуулахад олон автотехниктэй учраас аккумляторын засвар, үйлчилгээ их хийнэ. Сүүлийн үед харин ч хүчил шүлт нэмэхээ байсан. Ер нь засварын энэ өрөөнд байгаа хэрэгслүүд бүгд надад хамааралтай. Нийт есөн тоног төхөөрөмж бий. Үндсэн мэргэжил учраас энэ бүхнийг ажиллуулж чаддаг, эзэмшсэн байх нь миний үүрэг. Аюулгүйн арга хэмжээг ханган ажилладаг байх ёстой. Эндээс л миний бүтээл гардаг. Тэр бүтээл эргээд зориулалтын дагуу хэрэглэгддэг учраас нарийн чамбай ажиллах ёстой.
Зарим хүн “Наад муухай өрөөндөө юу хийгээд байдаг юм” гэх нь бий. Нэг хэсэг нь өрөөнд орж ирэхээр айдас төрдөг гэдэг. Найз бүсгүйчүүдээ өрөөндөө цайлаач гэж урихаар цааргална гээч. Надад бол хамгийн сайхан өрөө. Ямар ч тохь тухтай, гялгар цалгар өрөөнөөс илүүтэй, тос масло, аккумляторын хүчил, гагнуурын утаа ханхалсан энэ өрөөндөө би дуртай. Аав, ээж хоёр минь охиноо уул уурхайн чиглэлийн мэргэжилтэн болоорой гэж энэ чиглэлээр сургасан. Гэхдээ хүний амьдрал таашгүй. Миний хоолоо олж идэх газар энд гэдгийг бат ойлгосон.
Токарийн, точилийн суурь машин, багажийн ширээтэйгээ зууралдаж суух нь надад жаргал. Энэ цехдээ хийж болох юу л байна засахыг, болгохыг хичээдэг. Үе үеийн олон дарга нар минь дэмжиж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулсаар ирсэн. Зарим дарга ажлын байр чинь бохир байна гэж хэлдэг юм. Надад харин ч эсрэгээрээ, зоргодос, хогтойгоо байх нь илүү сайхан санагддаг. Ажил явагдаж байгаа нь тэр шүү дээ.
-Ажиллах орчин тань хүнд, хортой нөхцөлд тооцогддог байх. Эрүүл мэндээ хэрхэн хамгаалж байна вэ?
-Манай Эрүүл мэндийн албанаас бидэнд байнга анхаарал хандуулдаг. Бид тус албаныхны зөвлөсний дагуу дарсан боргоцойн шүүс ууж байгаа. Уушги болон биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор хэрэглэхэд сайн гэсэн. Ажлын орчин тоосжилттой учраас ууж байгаа. Аккумлятортой ажиллах нь хортой нөхцөл учраас хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг чухалчилдаг. Миний ажлын гол зүйл угаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар сахих.
-Танай гэрийнхэн, хүүхдүүд нь таны ажлыг хэрхэн хүлээж авдаг бэ?
-Хүү, охин хоёртой. Миний хань Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашины жолоочоор ажилладаг. Хоёулаа гэрийн бараа харахгүй шүү дээ. Ямар сайндаа манай хүүхэд “Яаралтай түргэн тусламжийн яаруу сандруу ажилтай аав, ойлгосон уу, мэдсэн үү гэж үргэлж асууж, тушаадаг ээж” гээд шүлэглэчихсэн байх вэ дээ.
-Та түрүүн яриандаа миний бүтээл гэж дурдсан. Таны хийсэн бүтээл улсын хил хамгаалалтад зориулагддаг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөнт харуулыг хил хамгаалалтад өргөн нэвтрүүлж байгаа шүү дээ. Хөдөлгөөнт харуулын машинуудыг хараад огшоод л ирдэг. Сонин дээр гарсан нохой чарганы зургийг хараад ч баярладаг. Нохой чарганы тасдах, цоолох, хасах гээд олон үйл явц, мөн аяны хөнжил, цээживчийг нь хүртэл оёод сууж байсан учраас сэтгэлд ойр байдаг юм. Манай авто засварын ажил нэрлэж барахын аргагүй их. Өнгөрсөн жил гэхэд цэрэг тээврийн олон машиныг бид зассан. Хил дээр байгаа хянах цамхгаа хараад энэ миний, бидний бүтээл гэж баярладаг. Улсынхаа хилийг хамгаалахад өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж байна гэж ойлгодог юм. Гэхдээ ганцхан миний ажил биш. Манай хамт олны хамтын хөдөлмөр шүү дээ. Ажилсаг хамт олноороо бахархдаг. Богино хугацаанд бэлэн болгох үүрэг хүлээх үе бидэнд олон тохиолддог л доо. Тийм үед би жолооч, мэдэхгүй гээд арагш суух хүн байдаггүй. Бүгд л гар нийлэн ажилладаг юм.
-Уучлаарай, таны гар байнга л л ингээд тос, масло болчихсон байдаг уу?
-Өө, гар хэзээний л халтар, хумс нь байнга л “кант”-тай байна шүү дээ. (Инээв) Бусад хүүхнүүдийн гар шиг сүмбэн хуруутай, гоё ганган хумстай байна гэж үгүй. Жилдээ тоотой хэдэн баярын өдрөөр л янзлуулна. Нөгөө баяр нь өнгөрөө л бол арилгачихдаг.
-Цэргийн хүний цаг завгүй ажилтайгаа зэрэгцээд гэрийн эзэгтэйнхээ үүргийг хэр биелүүлдэг бол?
-Өөрийгөө магтсан болох вий. Сайхан хоол, цайтай гэж найзууд минь магтдаг юм. Айлд гэрийн эзний нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэдэг шүү дээ. Хүн ороод ирэхэд сайхан хоол, ундтай байхыг эрмэлздэг. Миний хоёр хүүхэд аав, ээжтэйгээ хамтдаа өнгөрүүлэх хугацаа нь 18 жил. Тэгээд л үүрээ орхиод ниснэ. Тиймээс энэ богино хугацаанд нь сайн ээж байх сан гэж боддог.
-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?
-Би өөрийгөө дайчин гэж боддог. Хүн бүрт сайн сайхнаар үлгэрлэе гэж хичээдэг. Ядахдаа жагсаалаас зөв гарч, орох ёстой гэж дотроо бодно. Намайг хамт олон, цэргүүд минь харж байгаа. Манлайлж ажиллахыг аав, ээж минь надад үлгэрлэсэн. Юмхнаар юм хийгээд сурсан нь манай хоёрын л ач. Намайг ажлын хэнээтэй гэцгээдэг. Би угаас юу ч байсан хийчихье л гэдэг. Харин эсрэгээрээ ажилгүй байна гэдэг хэцүү. Цаг хугацаа ч өнгөрдөггүй. Худлаа яриад цаг нөхцөөж суух утгагүй. Тиймээс ч миний хувьд ганц ширхэг төмөр ч болтугай балбаад сууж байх нь сайхан. Засварын цех, авто оношилгооны байр, бэлэн байдлын машин, бялдаржуулах танхим гэсэн маршруттай ажилладаг. Өөрийн хариуцсан ажлаа жин тан болгочихоод суух сайхан шүү дээ.