Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар нийслэлийн Спорт хорооны даргаар ажиллаж байхдаа Монголын спортыг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Тэрбээр Монголын мастеруудын биеийн тамир, спорт хорооны ерөнхийлөгчөөр сонгогдоод бас л чамгүй ажил хийгээд байна. Түүнд бодож төлөвлөсөн, хийхээр зорьсон ажил их бий. Ахмад тамирчид амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нь түүний хийж, хэрэгжүүлж буй ажилтай холбоотой. Хүүхэд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж, спортын гараагаа эхэлж байсан тэрбээр одоо ч спорттой хувь заяагаа холбосоор явна. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
-Монголын мастеруудын холбоог байгуулаад дөрвөн жил болжээ. Өнгөрсөн хугацаанд та спортын салбарт олон ажил амжуулсан байна.
-Монголын мастеруудын холбоог 2017 онд байгуулсан. Гавьяат тамирчин Ц.Шаравжамц надтай хэдэн жилийн өмнө уулзахдаа “Монголд ахмадын олон холбоо бий. Үр дун муутай ажиллахаас гадна өөр хоорондоо эв түнжингүй байх юм. Та нэгтгээд нэг байгууллага болгооч” гэдэг санал тавьсан юм. Ижил зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо, Монголын биеийн тамир, спортын ахмадын хороо, “Биеийн тамир спортын удирдлагын сан” ТББ нэгдэж, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо (ММБТСХ) болж, тамга, тэмдгээ авснаас хойш дөрвөн жил болжээ. Монголын гурван сая хүний гуравны нэг нь ахмадууд. Бидний хийж буй ажлын зорилго спортоор монгол хүнийг эрүүл амьдруулж, урт наслуулахын төлөө чиглэдэг. Өнгөрсөн хугацаанд спортын 20 гаруй төрлийн тэмцээн, олон улсын наадам зохион байгууллаа. Өнгөрсөн жил 30-аас дээш насны 100 мянган хүнийг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлж, нийтийн биеийн тамирт идэвхтэй хамруулах зорилго тавьсан. Гэтэл тооцоолсноос давж, 120 мянган хүн хамрагдлаа. Энэ жил 23-24 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тонляо хот буюу хуучнаар Жирэм аймагт ахмад мастеруудын VII наадам ирэх наймдугаар сарын 12-14-нд болох юм. Спортын зургаан төрлөөр болох тус наадамд Монголын ахмад тамирчид оролцоно.
-Та Граунд гольфын олон улсын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа Казахстан, Киргизстан руу явсан. Ямар ажил амжуулав?
-Миний бие Граунд гольфын олон улсын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Монгол Улс тус холбоонд элслээ. Би энэ спортыг олон улсад хөгжүүлэх үүрэг хүлээсэн. Тиймээс Казахстан, Киргизстаныг зорьж, граунд гольфыг хөгжүүлж, Японд ирэх тавдугаар сард болох олон улсын тэмцээнд оролцуулах тухай ярилцаад ирлээ. Энэ спорт Монголд төдийгүй Европ, Азийн орнуудад хөгжиж байна. Өнгөрсөн жил Польшид гольфын Европын анхдугаар нээлттэй тэмцээнийг тэнд амьдардаг монголчуудтайгаа хамтран зохион байгууллаа. Энэ тэмцээн ирэх жил Унгарт, 2022 онд Испанид болно. Бид Монголд ахмадын спортын цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Надад мөнгө байхгүй, гэхдээ зорилго бий. Улсаас дэмжээд өгвөл уг нь бүтэх ажил. Бид цалин авдаггүй, тэтгэврээс өөр мөнгөгүй ч зүрх сэтгэл, хүсэл зорилгоороо нэгдэн ажилладаг.
-Граунд (талбайн) гольф Монголд нутагшжээ. Манайд хөгжиж буй залуу спорт гэхэд өдгөө олон хичээллэгсэдтэй болсон гэсэн.
-Спортын төрлөөс граунд гольф, софт волейболыг нийслэлийн Спорт хорооны дарга байхдаа 2005 онд Монголд анх хөгжүүлж байлаа. Энэ спортоор ямар ч насны хүмүүс хичээллэж болно. Тэр бүр уулзаад байж чаддаггүй ахмадуудыг энэ спорт учруулж, сэтгэлээ сэргээн, тоглож наадах боломж олгодог. Улаанбаатар хотын найман дүүрэг, 15 аймагт Монголын мастеруудын холбоо салбар хороотой. Одоо аль ч аймагт очсон манай салбар хороо ажиллаж байна. Гэртээ, ширээний ард байнга суудаг ажилтай 30-аас дээш насныхныг граунд гольф, софт волейболоор хичээллүүлэх зорилготой. Граунд гольф Японд өндөр хөгжсөн. Тэд ард түмнээ нийтийн биеийн тамирт уриалж, энэ спортыг бодлогоор хөгжүүлсэн. Японд ажлаар очоод голын эрэг дээр граунд гольф тоглож байгаа олон хүнийг анх харсан юм. Сонирхон бөмбөг цохиж үзээд “Хот, хөдөөгийн иргэдийг нийтийн биеийн тамираар хөгжүүлэн, эрүүл амьдруулахад энэ спорт хэрэгтэй. Монголд хөгжүүлэх нь зөв юм байна” гэж бодсон. Одоогоос 38 жилийн өмнө Японд нийтийн биеийн тамир зогсонги байдалд орсон тул яам, тамгын газар, эрүүл мэнд, биеийн тамирын байгууллага, эрдэмтэн судлаачид нь зөвлөлдөн, граунд гольф, софт волейбол, теннис зэрэг зургаан спортыг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Энэ спортоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч хичээллэдэг. Японд тэргэнцэртэй өвчтөнөө эмч нь дагаж яваад граунд гольф тоглуулдаг. Олны дунд оруулж, сэтгэл санааг нь сэргээн, өвчнийг нь эдгээх гэж тэр. Хүний сэтгэл өөдрөг байвал ямар ч өвчнийг ялан дийлнэ. Энэ мэтчилэн япончууд иргэдээ эрүүл амьдруулахыг хичээдэг улс.
-Та ч бас энэ спортоор хичээллэдэг. Ахмад тамирчдаа бэлтгэл хийх зориулалтын талбайтай болгосон гэсэн. Тэд танд баярлаж байгаагаа “Таван цагариг”-аар уламжилсан шүү.
-Ахмадуудтай аль болох ойр байхыг боддог. Тэдэнтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсох дуртай. Надад ахмад тамирчид бэлтгэл хийх зүлэггүй, бөмбөг, цохиураа үүрээд энд тэнд очиж хөөгддөг зовлонгоо ярьсан юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглолтын дөрвөн талбай байгуулах газрын асуудлыг шийдлээ. Тоглолтын талбайтай болсноор эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой болно. Талбайг тохижуулах ажил өрнөхөд багагүй хөрөнгө зарцуулж таарна. Нийслэл, дүүргүүдийн дарга нар дэмжиж тусална гэдэгт итгэж байгаа. Надад сэтгэлээр унаж, бухимдах зүйл бишгүй л гардаг. Ахмадуудынхаа дунд ороод, спортод гаргаж буй тэднийхээ эрч хүч, амжилтыг хараад сэтгэл сэргэдэг юм. Би олны төлөө завгүй гүйхдээ хэцүү гэж гомдоллож байгаагүй. Бэрхшээлийг даван туулах тусам зорьсон зүйлийнхээ ард гарч, үр дүнг нь үзэх гэж хичээдэг. 2018 онд Японд граунд гольфын олон улсын тэмцээн болоход Монголын найман настай, БНСУ-ын 93 настай тамирчин оролцсон юм. Тэд энэ спортоор хичээллэдэг хамгийн бага, хамгийн ахмад тамирчин гээд Японы телевизээр гарч “Од” болж байлаа.
СПОРТ ХҮНИЙГ ӨӨРТӨӨ ТАТАЖ, ӨӨРЧИЛЖ ЧАДДАГ НЬ ГАЙХАМШИГТАЙ
-Эгчийгээ спортоор хичээллэхийг ятгасаар байгаад граунд гольфод урвуулчихсан гэл үү?
-Тэгсэн. Манай эгч насаараа оёдолчноор ажилласан. Өглөөнөөс орой болтол оёдлын машины ард сууж хувцас оёно. Хань нь хэдэн жилийн өмнө бурхан болоход сэтгэл санаагаар их унасан. Гэртээ гуниглаж суухыг нь хараад “Та зүгээр суухаар граунд гольфоор хичээллэ. Сэтгэл санаа тань сэргэнэ, найз нөхөдтэй ч болно” гэж ятгасан. Эгч эхэндээ “Чадахгүй байх аа” гэж цааргалсан. Тэгэхээр нь бөмбөг, цохиур бариулаад талбайд гаргаад тоглууллаа. Сүүлдээ сонирхоод хичээллэж эхэлсэн. Өглөө эрт бөмбөг, цохиураа үүрээд бэлтгэл хийхээр гэрээсээ гардаг. Ээжийгээ ингэж өөрчлөгдөхийг хараад хүүхдүүд нь баярлаж, дэмждэг. Эгч минь Японд болсон тэмцээнд амжилттай өрсөлдөж, алтан бөмбөгийн эзэн болсон шүү дээ. Тэмцээнтэй үед ээжийнхээ тоглож байгааг хүүхдүүд нь очиж үзнэ, гадаадын тэмцээнд оролцохоор болбол зардал мөнгийг нь цуглуулж өгдөг юм. Спорт хүнийг өөртөө татаж, өөрчилж чаддаг нь гайхамшигтай. Ахмадууд минь эх орныхоо нэрийг гаргаж, олон орны тамирчдад үлгэр дуурайл болж байна. Дэлхийн аварга болсон, дэлхийн мастеруудын наадамд эхний байр эзэлсэн ахмад тамирчдыг Засгийн газрын мөнгөн шагналаар урамшуулах бодол бий. Засгийн газарт энэ талаар хүсэлт тавина. Улсынхаа нэрийг олон улсад гаргадаг манай ахмад тамирчид тэтгэврийнхээ мөнгийг хэдэн сараар нь зээлж, найз нөхөд, үр хүүхэд, танилуудаасаа зардлын мөнгө нэмж олоод тэмцээнд оролцдог. Үүнийг олонд ойлгуулан, дэмжин ажиллаж, урамшуулах байгууллага нь Монголын мастеруудын холбоо юм.
-Японд дэлхийн мастеруудын олимпын наадам 2021 онд болно. Ахмад тамирчдын багийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахлах байх аа?
-Тийм ээ. Дэлхийн мастеруудын олимпын наадамд 670 хүн оролцоно. Тус наадмын бүртгэл энэ сарын 1-нээс эхэлж, ирэх жилийн хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тиймээс бид мэдүүлгээ эрт өгөх хэрэгтэй. Хэрэв энэ тооноос хэтэрвэл бүртгүүлсэн дарааллаар хасагдах тул хоцорсон улсын тамирчид оролцохгүй. Бид тамирчдаа бүрдүүлж, зохион байгуулах хорооныхоо хурлыг хийхээр төлөвлөж байна.
-Ахмад тамирчид тантай хамгийн сүүлд ямар асуудлаар уулзаж, санаа бодлоо солилцов?
-Хэд хоногийн өмнө уулзаж, тэмцээн зохион байгуулах ордонтой болох талаараа ярилцлаа. Тэд “Энд тэнд заал түрээслэх хэцүү юм, бэлтгэл сургуулилтаа санаандаа хүртэл хийж чадахгүй байна. Өөрсдийн баяр жаргал, зовлон гунигаа хуваалцдаг, дуртай үедээ тэмцээн зохион байгуулдаг ордонтой болъё” гэсэн хүсэлт тавьсан. Би “Монголд 30-аас дээш насны нэг сая 360 гаруй хүн бий. Монголд ахмад мастеруудын спортын ордон барихад төсөв мөнгө хэрэг болно” гэхэд өөдөөс “Дарга аа, бид тэтгэврээсээ сар бүр 10 мянган өгч байя, ордонтой болох нь хамгийн чухал байна” гэсэн. Аливаа зүйлд олны сэтгэлийн тус багадахгүй. Ордонтой болохоор зорьж буй ахмадуудтайгаа хамтраад зүтгэвэл бүтээж болох асуудал. Ахмадын соёл, спортын ордон байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс Ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатартай хамтран ажиллаж байна. Би нийслэлийн Спорт хорооны даргаар ажиллаж байхдаа Зүүн Азийн наадам зохион байгуулах спортын гурван том ордон, 30 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн бариулах зорилгоор “Буянт-Ухаа” спорт цогцолборын цаахан талд таван га газар авсан юм. БНХАУ-ын “Шанхай констракшн” группээр зураг төслийг нь хийлгэж, 50 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл аваад мөнгийг нь олоод ирэв. Засгийн газраар шийдвэрлүүлээд байж байтал намайг чөлөөлж, нөгөө ажил ч замхарлаа. Сүүлдээ таван га газар ч үгүй болж, оронд нь орон сууц барьсан. Тэр үед хэдэн том цогцолбор бүтээчихсэн бол Монголын спортод төдийгүй эдийн засагт ч хэрэг болох байв.
ТАМИРЧИД БЭРХШЭЭЛ ТУУЛЖ ОЛИМПОД ОРОЛЦДОГ БАЙСАН ТҮҮХ ОДОО ДУРСАМЖ БОЛЖЭЭ
-Нийслэлийн Спорт хорооны даргаар таныг ажиллаж байхад “Буянт-Ухаа” спорт цогцолбор баригдсан. Үүнээс хойш эх орондоо томоохон тэмцээнүүд зохион байгуулах боломжтой болсон шүү дээ.
-Олимпын хорооны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн “Буянт-Ухаа” спорт цогцолбортой болохыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр нарын үед санаачилсан. Бүтээн босголтыг төрийн байгууллага хийхээр болж, дараа нь над руу Д.Загдсүрэн дарга энэ ажлыг шилжүүлсэн юм. Би тэр үед Лаост ажлаар очиход залуус нь юун спорт манатай, халуунд ажилдаа түүртсэн харагдсан. Гурван жилийн дараа дахиад очтол залуусынх нь нүд сэргэчихсэн, тэмцээнд оролцоод эрч хүчтэй болчихсон гүйж байв. Тэд БНХАУ-аас барилга байгууламж, бүтээн босголтын дэмжлэг авч, одоо далайн орнуудын томоохон тэмцээн, наадам зохион байгуулах хэдэн том спорт цогцолбортой болсон. Тэндээс “Буянт-Ухаа” спорт цогцолбор бариулах санааг авсан юм. Энэ цогцолборын дараа үргэлжлүүлээд хэдэн ордон босгочих санаатай зүтгэсэн ажил минь талаар болсонд харамсдаг. Нийслэлийн Спорт хорооны даргаар ажиллахдаа зорьсон нэг ажлаа бүтээж чадаагүй үлдсэн нь энэ.
-Олимпын наадмын хоёр ч циклд та ажилласан. “Бээжин 2008” олимпын наадмаас манай тамирчид дөрвөн медаль хүртэж, монголчуудынхаа магнайг тэнийлгэж байлаа.
-Манай тамирчид “Бээжин 2008” олимпоос дөрөв, “Лондон 2012”-оос тав медаль хүртсэн. Монголын тамирчид хамгийн олон медалийг Лондоны олимпоос өвөртөлсөн. Түүхэндээ хамгийн олон медаль авсан олимпын циклийг удирдаж, Үндэсний олимпын хороо болоод Биеийн тамир, спортын газрын хамт олонтой сэтгэл нэгдэн, хамтарч ажилласнаараа бахархдаг. Олимпын аваргатай болохыг 44 жил хүлээсэн монголчуудын хүсэл 2008 онд биелсэн. Миний ажлын өрөөнд УИХ дахь МАН, АН-ын гишүүд цуглалаа. Тэд УИХ-ын гишүүн ч гэлээ спортын 23 холбоог удирддаг байв. Ажлаа танилцуулж ярихдаа “Надад одоо 50 сая төгрөг байна. Хоёр хүний зардал шүү дээ. Ард түмэн тамирчдаа алтан медаль аваарай гээд байдаг. Одоо яах вэ” гэхэд “Чамд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм” гэлээ “Надад дөрвөн тэрбум төгрөг хэрэгтэй байна” гэв. Энэ асуудал тэр үед шийдэгдсэнээр одоо бэлтгэл хангагч, спортын эмч, сэтгэл судлаач, бариа засалч хамт явдаг болсон шүү дээ. 2008 оноос Монголын тамирчдын амжилт ахисан. “Олимп хөгжил сан”-г тэр үед бүх аймагт байгуулсан байлаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэг малчин ирж уулзаад “Дарга минь олимпоос тамирчдаа алтан медаль авхуулаарай. “Олимп хөгжил сан”-д би өөрийнхөө хувийг нэмэрлэхээр аваад ирлээ” гэв. Хартал Спортын төв ордны үүдэнд байдаг модноос хонь уячихсан байв. Нөгөө хонийг нь аваад л Нүхтийн аманд бэлтгэл хийж байгаа жүдогийн шигшээ багийн тамирчдад хүргэж өгсөн. Ард түмэн тамирчдаа хайрлаж, хувь нэмэр харамгүй өгч байсан даа. Төр, засаг ч тамирчдаа сайн дэмжсэн. Энэ бүхэн олимпын аваргатай болоход том хөшүүрэг болсон. Үүнээс өмнө манай тамирчид олимп, ДАШТ-д дасгалжуулагчгүй оролцдог байлаа. Тэмцээнд оролцох хүсэл байвч зардалгүй, байгууллага болгоны удирлагатай нь уулзана. Шөнөжин гүйж арай гэж мөнгө олоод өглөө нь онгоцондоо амжиж суугаад явдаг байв. Ингэж явсан тамирчид амжилт гаргах хэцүү. Үүнээс хойш тамирчид байгууллагуудын хаалга татахаа больсон. Монголын тамирчид асар их бэрхшээл туулж олимпод оролцдог байсан түүх одоо дурсамж болж үлджээ.
-Та Гавьяат дасгалжуулагч цолыг “Бээжин 2008” олимпын наадмын дараахан хүртсэн. Тамирчдаа медаль авхуулсан гээд л таныг хүн болгон магтаж ярьдаг байлаа.
-Намайг олимпын наадамд тамирчдаа сайн бэлтгэж, олимпын аварга төрүүллээ гэж төр, засаг үнэлж, Гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан юм. 2008 оны олимпын наадмын тухай хөгжилтэй олон дурсамж сэтгэлд үлджээ. Тэр үед Монголын Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа. Монголоос Бээжингийн олимпод оролцохоор тамирчидтайгаа очлоо. Медаль хүртэнэ гэж найдлага төрүүлсэн хоёр тамирчин нь чөлөөт бөхөөс Гавьяат тамирчин Б.Наранбаатар, жүдогоос Х.Цагаанбаатар байв. Хоёулаа медалиас мултарчихлаа. Тэгтэл Ерөнхийлөгчийн царай барайгаад л явчихсан. Маргааш нь буцах байсан тул Ерөнхийлөгч Н.Энхбаяр Д.Загдсүрэн бид хоёрыг хоолонд урингаа хоёр цаг гаруй ярьж суув. Биднийг загнаж зэмлэсэнгүй, гэхдээ л “Сэтгэл судлаачаа хэрхэн бэлдсэн юм, тамирчдын бэлтгэл сургуулилалт ямар байв” гээд олон зүйл асуусан. Миний хөлс гараад л арай гэж хоёр цагийг өнгөрөөв. Ерөнхийлөгч машинд суугаад онгоцны буудал руу хөдлөх гэж байхдаа “Ч.Наранбаатар, Д.Загдсүрэн дарга нар олимпын наадмаас тамирчид алтан медаль авахгүй бол харих хэрэг байна уу даа” гэлээ.
Тэгэхээр нь би “Ерөнхийлөгч өө, дөнгөж хоёр хонож байна шүү дээ” гэж хэлэх гэснээ болив. Наймдугаар сарын 14-нд жүдогийн тамирчдаас Н.Түвшинбаяр олимпын аварга боллоо, тэнд байсан хүмүүс бөөн баяр. Тамирчдаа цуглуулаад Ц.Түвшинбаяртаа баяр хүргэж, Засгийн газрын мөнгөн шагналыг нь гардуулаад “Сэтгэл хөөрч дэвэлзэх хэрэггүй, одоо бүгд унтаж амарна шүү. Буудлага, бокс, байт харвааны тэмцээнтэй. Сайн амраад маргааш тэмцээнд бэлд” гээд амраасан. Наймдугаар сарын 24-нд боксын тамирчдаас Э.Бадар-Ууган алт, П.Сэр-Дамба мөнгө, буудлагаас О.Гүндэгмаа мөнгөн медаль өвөртөллөө. Тэр өдөр Ерөнхийлөгч рүү утасдлаа. Тэгсэн Бадар-Ууганы аав Энхбатынд ирсэн байж таарсан. Ерөнхийлөгчийн туслах утсыг нь аваад “Ч.Наранбаатар дарга тантай ярья” гэж байна гээд өглөө. Утсаа авахаар нь “Сайн байна уу, Ерөнхийлөгч өө, олимпод оролцсон манай тамирчид хоёр алт, хоёр мөнгө нийт дөрвөн медаль хүртлээ. Биднийг дэмжин тусалж байсан танд их баярлалаа. Бид үүргээ амжилттай биелүүллээ. Би одоо харьж болно биз дээ” гэлээ. Тэгсэн Ерөнхийлөгч сурвалжлагчдын өмнө “Ч.Наранбаатар дарга ярьж байна, би түүнд манай тамирчдаас алтан медаль авахгүй бол хариад хэрэг байна уу гээд хэлчихсэн юм” гэж хэлээд “Одоо та гэртээ ирж бололгүй яах вэ, хурдан ирээрэй” гээд инээсэн. Олимпын наадамд оролцсон Монголын тамирчид дөрөв, паралимпээс Д.Баатаржав алтан медаль өвөртлөөд нийт таван медальтай эх орондоо ирж байв.