Нийслэлийн Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн 6а ангийн сурагч “Шинэ үе” хамтлагийн бүжигчин Э.Мишээл 2017, 2018 онд “Хараацай” бүжгийн тэмцээнд оролцож, шагналынхаа салхийг алт, мөнгөн медалиар хагалж байв. “Шинэ үе” хамтлагийхан 2018 онд UBS телевизээс зохион байгуулсан “Perfect dance” шоу, 2019 онд хөгжөөн дэмжигчдийн УАШТ-д бага насны ангилалд түрүүлж, ялагч болсон байна. Тэгвэл энэ жил АНУ-ын Флорида мужийн Орландо хотод зохион байгуулсан хөгжөөн дэмжигчдийн бүжгийн ДАШТ-д оролцон бага насны ангилалд тэргүүлж, бүх насны ангилалд II байрт шалгарч, эх орныхоо нэрийг өндөрт гаргасан билээ. Түүнийг “Шинэ танил” буландаа урив.
-АНУ-ын Флорида мужийн Орландо хотод зохион байгуулсан хөгжөөн дэмжигчдийн ДАШТ-д түрүүлсэн хамтлагийнханд баяр хүргэе.
-Баярлалаа, манай хамтлаг хөгжөөн дэмжигчдийн бүжгийн УАШТ-д 2019 онд бага насны төрөлд түрүүлж, АНУ руу явах эрх авсан юм. Монголд байхдаа бэлтгэлээ өдөр бүр базаадаг байлаа. ДАШТ-ий өмнөх өдөр тайзан дээр бэлтгэл хийхдээ шүүгчдээс багагүй шүүмжлэл сонссон юм. Бид зөвлөлдөн аль болох алдаа гаргахгүй байх тухай ярилцсан. Өрсөлдөгч багийнхан хүчтэй гэдгээ олон зүйлээр харуулж байв. Тэдний нүүрний хувирал, бүжгийн хөдөлгөөний техник сайн тул эхэндээ сүрдсэн. Тайзан дээр гарахын өмнө сандарсан ч гэлээ өөрсдийн уриагаа хэлж, урам орсон. Бид англи хэлээр ярьж чадахгүй ч тэмцээний үйл явцын тайлбарыг ерөнхийд нь ойлгож байлаа. Шагнал гардуулахад “Mongolia” гэж түрүүлж дуудсан болохоор тусгай байрт шалгарчээ гэж бодсон. Холбооныхоо эгчээс асуутал “Та нар түрүүлчихлээ шүү дээ” гэж хэлэхэд маш их баярласан. Бид бүжгийн тайзан дээр өрсөлдөгчөө яллаа.
-Бүжгийн урлагийн юунд нь татагдав?
-Миний хамгийн дуртай урлаг бол бүжиг. Би бүжгээр зургаан жил хичээллэж байна. Бүжиг намайг хөдөлгөөний эвсэлтэй, уян налархай, зан чанарын хувьд нээлттэй болгосон. Чөлөөт цагаараа бүжиглэх дуртай. Сургуулийнхаа “Шинэ үе” хамтлагт ороод таван жил болжээ. Биднийг Ц.Сарантуяа, Н.Наранзул багш нар минь дасгалжуулдаг. Багш нарынхаа уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчинд ДАШТ-д түрүүллээ. Хамтлагийн амжилтад хоёр багшийн минь сэтгэл зүрх, итгэл найдвар шингэсэн. Дасгалжуулагч Ц.Сарантуяа, Н.Наранзул багш нар манай сургуультай олон жил хамтран ажиллаж байна. Манай сургуульд бүжгийн дугуйлан хичээллүүлдэг байхдаа хөдөлгөөний эвсэлтэй хүүхдүүдийг сонгон авч “Шинэ үе” хамтлаг байгуулсан юм. Хамтлагийнхан минь одоо миний хоёр дахь гэр бүл болсон.
-Сүүлийн үед хүүхдүүд бүжгийн спорт, урлагаар хичээллэх нь нэмэгдсэн. Анх хичээллэж байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Бүжгийн хөдөлгөөнөөр үлгэрийн зохиомжийг чөлөөтэй илэрхийлж, үзэгчдэд баяр баясал, уйтгар гунигийг мэдрүүлж болдог. Би чөлөөт бүжгийг улам хөгжүүлж, цаашдаа хичээллэх болно. Надад өөрийгөө нээх боломжийг бүжиг өгдөг. Гэр бүл, хамт олон минь дэмжиж тусалдаг юм. Анги удирдсан А.Мөнхбаяр багш надад “Чи чадна” гэж урам хайрласаар ирсэн. Бүжгийн урлагт хөл тавьж байгаа үеийхэндээ тууштай хичээллэж, эцсийн үр дүнг нь үзээрэй. Бүжиг бол гайхамшигтай урлаг шүү гэж хэлье.
Бэлтгэсэн: Э.Отгонсүрэн