“Цагаан хадаг”, “Үргээлэг”, “Лардьма”, “Бодлын хулгайч”, “Амьдрал”, “Үүр цайгаасай” зэрэг киногоороо үзэгчдийн танил болсон найруулагч Ж.Сэнгэдорж “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчаар ажиллалаа. Тэрбээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнтэй Монголын кино урлагийн үүсэл, хөгжил, өнөөгийн байдлын талаар ярилцсан юм.
Зочин Г.ЖИГЖИДСҮРЭН Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин
-Манай улсад кино урлаг 1935 оноос үүссэн. Бид дэлхийн кино урлагаас нэлээдхожимдсон гэж хэлж болно. Үүний шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?
-Дэлхийд дуугүй киноны үе өнгөрч, 1900 онд Францад анх дуутай кино үүсэж, 1927-1931 онд “Америкийн жаазын дуучин”, Оросын “Амьдралын томилгоо” зэрэг кино хийгдсэн гээд бодохоор хожуу байгаа нь үнэн. Бид хожимдсон ч гэсэн Оросын кино урлагийн шилдэг найруулагчдын гараар орж, “Ленфильм” кино үйлдвэрийн сайн тогтсон суурин дээр Монголын кино урлаг үүсэж хөгжсөн юм. Монголчуудын амьдралыг уран сайхны кинонд тусган харуулсан анхны томоохон бүтээл бол 1936 онд найруулагч Илья Траубергийн бүтээсэн “Монгол хүү” кино байв. Дараа нь найруулагч Александр Зархи, Иосиф Хейфиц нарын “Сүхбаатар” кино гарснаар монголчуудын амьдрал Монгол орны тухай ойлголтыг дэлхийн сонорт хүргэсэн түүхтэй. 1935 оны аравдугаар сард Монголд кино үйлдвэр байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарснаар кино урлагийн эхлэл болсон гэж үздэг боловч үнэндээ Монголын анхны уран сайхны “Норжмаагийн зам” хэмээх хоёр бүлэг (найруулагч Төмөрийн Нацагдорж) кино 1938 онд бүтээгдсэн юм. Эндээс Монгол киноны үүсэл хөгжлийн түүх эхэлнэ. Үүний дараа “Аймшиггүй эх оронч”, “Анхны сургамж”, “Хил дээр болсон хэрэг”, “Морин цэрэг, танкист” зэрэг богино хэмжээний ухуулгын кинонууд гарсан байдаг. Зохиолч Бямбын Ринчен, найруулагч Юрий Тарич нарын хамтран бичсэн зохиолоор Ю.Тарич 1945 онд “Цогт тайж” киног бүтээсэн нь “Монгол кино” үйлдвэрийн бахархал болсон. 1946 онд найруулагч Ю.Тарич нутаг буцаж, зохиолч, найруулагч Төмөрийн Нацагдорж Германы тагнуул гэж хилс хэргээр баригдан, шоронд хоригдсоноор 1956 он хүртэл “Монгол кино” үйлдвэрт уран сайхны нэг ч кино хийгээгүй, завсарласан байдаг. Үүнийг зарим хүн тухайн үед Монголын эдийн засгийн чадавх муу, амьдрал хүнд байсан учир кино хийж чадаагүй гэж тайлбарладаг юм. Гэхдээ энэ бол үнэнд нийцэхгүй тайлбар. Хамгийн хэцүү дайны үед фронтод бүх юмаа зориулж байсан атлаа “Цогт тайж” киног бүтээсэн гээд бод. Тэгэхээр мөнгөнд бус найруулагч байхгүйгээс болж, Монголын кино урлаг үүсэл хөгжлийнхөө анхны үед 10 шахам жил завсарласан.
Уншигч-сурвалжлагч Ж.СЭНГЭДОРЖ Найруулагч
-Тэгвэл манай кино урлаг хэзээнээс найруулагчтай болсон юм бол?
-1950-иад оны дунд үеэс. Тухайлбал, Москвад Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль (ВГИК)-ийг зохиолч мэргэжлээр төгсөж ирсэн Цэвээний Зандраа өөрийнхөө зохиолоор 1956 онд “Шинэ жил” хэмээх уран сайхны кино бүтээсэн нь манай мэргэжлийн уран бүтээлчдийн гараа байлаа. Дараахан нь найруулагч Равжаагийн Доржпалам, оператор Дамбын Ганжуур зэрэг мэргэжлийн уран бүтээлчдээр эгнээгээ тэлж эхэлсэн юм. Ер нь “Цогт тайж” киноноос эхлээд өнөөдрийн бидний алтан үеийнхэн гэж нэрлэгддэг театр, киноны мэргэжлийн жүжигчид богино хугацаанд өсөж, өндийсөн түүхтэй.
-Надад алтан үеийн жүжигчдээс илүү киноны урсгал нь их сонин санагддаг. Ер нь хэдий үеэс манай уран бүтээлчид социалист реализмаасхөндийрч, чөлөөтэй сэтгэн бодож эхэлсэн юм бэ. Би хувьдаа “Хүн чулууны нулимс”,“Бүлээн нурам”, “Амин мөр” киног “үзэл суртлын зэвсэг” байсан гэж хардаггүй. Үзэл суртлын эсрэг жинхэнэ уран бүтээл гаргаж ирэх хэцүү байсан уу?
-Дэлхийн киноны түүхэн хөгжлийн хүрээнд авч үзвэл социалист реализм тийм ч муу үр дагавартай урсгал биш. Түүнийг сүйдэлсэн ганц зүйл бол үзэл суртлын хатуу бодлого, кино урлагийг “Намын үзэл суртлын дайчин зэвсэг” гэж нэрлэн хандаж байсан нь. Энэ үед хийж байсан уран сайхны кинонууд маш хатуу хяналт дор засагдаж, “зэрэмдэглэгдсэн” байдаг. Найруулагч Р.Доржпалам нэгэн ярилцлагадаа “Миний кино бүхэн шархтай” гэж хэлсэн удаатай. Найруулагч Д.Чимэд-Осорын “Зэрэг нэмэхийн өмнө” киног намын үзэл суртлын дайчин чанарыг алдагдуулсан хэмээн үзэж, хаах шийдвэр гаргасны дараа уран бүтээлчдийнх нь шагналыг хасаж, киног нь хөдөө орон нутагт гаргахаар болсон байдаг. Гэтэл энэ кино 2000 онд үзэгчдийн санал асуулгаар “ХХ зууны шилдэг 10” киноны нэгээр шалгарсан юм.
Миний кинонууд ч гэсэн энэ хатуу хяналтыг тойроогүй биш, дайраад гарсан. Их олон зүйлийг хааж, хорьдог байсан юм. Би нэг жишээ дурдъя. “Анхны алхам” киногоо есөн бүлэг байсныг зургаан бүлэг болтол нь хасах “тушаал” авч байлаа. Уг киног бүтээсний 50 жилийн ой энэ онд тохионо. 1959 оны арванхоёрдугаар сарын 20-нд нэлээд гарсан үе шиг санаж байна. Тэр үед киног эхлээд Уран сайхны зөвлөл, дараа нь Соёлын яамны Уран сайхны зөвлөл, Зөвлөлийн коллеги, галевлет, Төв хорооны Үзэл суртлын хэлтсээс хүмүүс ирж үзэж байж баталдаг байв. Өдөр нь Соёлын яамны Уран сайхны зөвлөлийнхөн киног минь үзчихээд их сайхан хүлээж авсан. Дипломын ажлаа бичиж байсан хүүхэд чинь их л баярлаж байлаа. Гэтэл орой нь хэрэг бишдээд явчихав. Донров дарга “Киногоо бэлдээрэй, орой коллегийнхон ирж үзнэ” гэв. Шинэ он дөхчихсөн учир батлах гээд байсан нь тэр. Хэрэв миний киног батлахгүй бол “Монгол кино” үйлдвэр төлөвлөгөө биелүүлээгүй гээд ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй. Тэр үеийн коллегид бүх яамны орлогч сайд, хэлтэс, харьяа газар, намын дарга нар багтдаг.
Ядаж байхад Ч.Лодойдамба багш хөдөө явчихсан, эзгүй таарав. Коллегийн нэг гэм нь эхний хоёр хүн юу гэж дуугарна, дараагийн хүмүүс яг адилхан үг хэлдэг байв. Гишүүд кино үзэж дууссаны дараа Д.Даваасамбуу сайд “Энэ кино Марксизмд таарахгүй байна. Марксизм бол хүнийг дээд матери гэж үздэг. Харин ийм дээд матери хүнийг шувууны ангаахайтай зүйрлэж байгаа энэ залуу найруулагчийн толгойд ер нь юу байна аа” гэж хэлэв. Ерөнхийдөө бол дуусаж байгаа нь тэр л дээ. Дараагийн хүн нь н.Ахмед сайд босож ирээд “Энэ кино Монголын социалист хөдөө аж ахуйн хөгжлийг буруу нүдээр харж хийсэн байна. Өнөөдөр Монголын хөдөө аж ахуй механикжсан, бараг автоматжих гэж байхад жалганы мухарт хэдэн гар хадуурчдыг авчраад тавьчихсан байна” гэв. Бусад нь ч ялгаагүй бас л утга нэг зүйл ярилаа. Тэгээд есөн бүлэг хагас байсан зохиолыг “Зургаа болтол нь хас” гэв. Би тэрнээс хойш сэтгэл санаагаар унаад Ч.Долгорсүрэн эгч рүү олон ч удаа залгаж Ч.Лодойдамба багшийг асуув. Тэгсэн нэг орой ашгүй ирсэн гэв. Маргааш нь багшийг дагаад өрөө рүү нь гүйгээд л орлоо. Суу гэж хэлэх нь үү гэсэн дуугардаггүй, над руу хардаг ч үгүй. Бүр аргаа бараад “Багш аа, би коллегид киногоо үзүүлсэн” гэв.
Тэгсэн багш “Би дуулсааан” гэж хэлээд дуугүй боллоо. Хэсэг хугацааны дараа “Хийсэн юмаа хамгаалж чадахгүй юм бол яах гэж хүнд үзүүлдэг юм. Бүх яриануудыг нь бүлэг бүлгээр нь бичээд аваад ир. Хурдалж үзээрэй” гэв. Кино үйлдвэрт очоод Донров даргад хэлтэл хоёр бичээч гаргаад ганцхан өдрийн дотор дуусгачихав. Маргааш нь бариад очтол багш бүгдийг нь уншаад засаж өгөв. Их нарийхан гоё үзэгтэй байж билээ. Гэхдээ миний зохиолын утга санааг өөрчлөөгүй, зөөлрүүлж бичсэн юм. Жишээлбэл, кинон дээр өвгөн Балдан “Тэр шинжлэх ухаан гэдэг чинь өвс шарилжид ер хамаагүй” гэж байсан бол багш “Тэр шинжлэх ухаан гэдэг чинь биднээс хамаагүй дээгүүр юм” гэж зассан. Энэ мэтчилэн бүгдийг нь өөрчлөв. Тухайн үед кино үйлдвэр төлөвлөгөөгөө биелүүлэх гээд намайг чинь “алган дээрээ бөмбөрүүлж” байлаа. Тэгж л миний анхны кино бүтсэн түүхтэй. Харамсалтай нь, багш минь үзэж чадаагүй. Багшийн хүчинд миний кино зургаа биш ес болж, хагас бүлэг л хасагдсан. Одоо харамсаж явдаг хэдэн зүйл бий. Хэдэн сайхан хэсгийг нь хасаад хаячихсан. Тэр үед киног ийм л хэцүү, үзэл сурталд баригдсан, хаалттай хийдэг байв. Төрийн шагналт, зохиолч Сэнгийн Эрдэнийн “Баянбүрд” туужийн сэдвээр бүтээсэн “Говийн нүдэн” хоёр ангит кино танигдахгүй болтлоо засагдаж, нэг ангитай болж дэлгэцэнд гарсан гээд яривал их юм бий. Миний хувьд киногоо бүтээхээс илүү батлуулах шат нэн төвөгтэй, зарим үед халширч зугтмаар санагддаг байлаа. “Мөхлийн ирмэгт” нэрийн дор гарсан “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” кино бол намын үзэл суртлын хатуу хяналт, дээрээс ирэх дарамт нэлээд зөөлөрч, өөрчлөн байгуулалт, ардчиллын эхэн үе ирснээр “шарх” багатай гарч, үзэгчдэд хүрсэн юм. Энэ гурван киног би хоёр жилийн дотор хийж амжсан байдаг.
-Богино хугацаанд түргэн хөдлөнө гэдэг хэцүү. Эдгээр киноны зохиол Б.Лхагвасүрэн гуайд бэлэн байсан хэрэг үү?
-Үгүй. Бүгд зохиолгүй байсан юм. Б.Лхагвасүрэн бид хоёр нэг нутгийнх, аль аль нь айлын ганц хүүхэд ч байсан болоод ч тэр үү, төстэй зүйлүүд их байлаа. Монголын эртний өвөг дээдэс Нирун аймгийн тухай “Алтан шонхор” киноныхоо зургийг эхлэх үед би Б.Лхагвасүрэнтэй дайралдаж, киноныхоо редактораар ажиллахыг санал болгосон юм. Ингээд бид хоёр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт хээрийн зураг авалтад хэдэн сар хамт байх үедээ Б.Лхагвасүрэн “Цусан гавьяа” нэртэйгээр өөрийнхөө бичих гэж байгаа жүжгийнхээ санааг ярьж, надтай зөвлөсөн юм. Би хариуд нь “Жүжиг биш кино зохиол бичвэл сонин болно” гэснийг Б.Лхагвасүрэн зөвшөөрч билээ. Тэр үед уран сайхны киноны зохиол гэхэд хамгийн багадаа 70-80 хуудас бичигддэг байв. Би Б.Лхагвасүрэнд зохиолоо маш товчхон, болж өгвөл 20 хуудсанд багтааж бичихийг зөвлөсөн юм. Надад 18 хуудас зохиол бичиж өглөө. Тэгээд Кино үйлдвэрийн уран сайхны зөвлөлөөр оруулахад зөвлөлийн гишүүд ихэд дургүйцэж, бөөн маргаан үүсэв. Найруулагч Б.Сумхүү уурлаад “Б.Лхагвасүрэн, Г.Жигжидсүрэн хоёр “Монгол кино” үйлдвэрийн Уран сайхны зөвлөлийг доромжилж байна. Үүнийг ямар зохиол гэдэг юм” гээд хяргах дөхөв. Их л олон талаас нь өөлсөн дөө. Энэ зохиол хэлмэгдлийн үеийн сэдвийг анх удаа хөндөж тавьснаараа ихээхэн маргаан дагуулсан юм. Бид хоёрын дараагийн бүтээл болох “Бүлээн нурам” кино бүр “Кино үйлдвэр”-ийн хүрээнээс давж, түүхчдийн дургүйцлийг хүргэн, төвийн хэвлэлүүдээр маргаан үүсгэн хэлэлцэгдэж байлаа. Тэгэхдээ л бид бүх бэрхшээлийг давж, киногоо авч гарч чадсан юм.
-
Хаалттай нийгэм байсан атлаа “Мандухай сэцэн хатан” кино хийхийг яагаад зөвшөөрсөн юм бол?
-Д.Жигжид гуай энэ киног хийх гэж маш олон жил хөөцөлдсөн. 10 гаруй жил бодож яваад Ш.Нацагдоржоор роман бичүүлсэн. Тэрийгээ дараа нь хоёр ангитай кино зохиол болгосон. 1980-аад оны дунд үе гэхээр хатуу бодлого бага зэрэг суларч байсан үе. Би тэрийг их сайн санадаг юм. Уг киноны гар бичмэл дээр улаан харандаагаар “шаардлагагүй Ю.Цэдэнбал” гээд биччихсэн байсан юм. Хэдэн жил зохиол нь дарагдсаны дараа Ю.Цэдэнбал яваад Ж.Батмөнх, Д.Содном нар ирсэн. Энэ үед Д.Жигжид гуай шуурхай хөдөлж 16 сая төгрөг батлуулж авсан юм. “Монгол кино” үйлдвэр таван жил уран сайхны кино хийх мөнгийг Д.Жигжид гуайгаас өөр хүнд өгөхгүй. 18 аймгийн дарга нарт үүрэг өгч, улсын захиалгаар хийсэн кино. Бэлтгэлээ сайн хангасны дараа “Монгол кино” үйлдвэр дотор Д.Жигжид гуайг “няслах”, киног нь булаах хуйвалдаан явсан юм. Би тэр үед “Кино үйлдвэр”-т байсан хүний хувьд сайн мэдэж байна. Киног нь булааж Б.Балжиннямд өгөхдөө коллегийн гишүүд Д.Жигжид найруулагчид хэд хэдэн санал тавьсан. Хуралдааны тэмдэглэлээс үзвэл сайд н.Сумъяа “Ерөнхий зөвлөх хэвээр үлдэх, авсан зураг, бичсэн зохиолыг нь өөрчлөхгүй, ерөнхий зөвлөхөөр ажиллаж байх хугацаанд уран бүтээлийн шагналыг бүрэн өгнө, Б.Балжиннямын ерөнхий зөвлөхөөр ажиллана” гэсэн таван амлалт өгч Д.Жигжид найруулагчаас киног нь Б.Балжиннямд шилжүүлэх зөвшөөрөл авсан байдаг. Харамсалтай нь, үүнээсээ нэгийг нь ч биелүүлээгүй. Хоёр ангитай байсан киног ямар ч утгагүй сунгаж дөрвөн анги болгосон. Киногоо хийж дууссаны дараа Л.Бямбажав Москвагийн кино наадамд дөрөв байсныг хоёр анги болгоод үзүүлэв. Францын киноны мэргэжилтэн тэр үед саналаа солилцохдоо “Танай кино их урт байна. Нэг хүүхэн л яваад байх юм. Үзэгчдэд хүргэх гээд байгаа гол зорилго юу вэ” гэж байв. Богиносгоод хоёр анги болгочихоод байтал л хүмүүс тэгж үнэлж байсан хэрэг.
-Кино сайжрах тусам дүрслэлийн элемент түлхүү ашигладаг. Гэтэл текст, үйл явдлын дарааллаар “бөмбөгдөөд” байна. Кинонд дүрслэлийг илүү түлхүү ашиглах ёстой гэж би хувьдаа боддог. Та үүнтэй санал нийлэх үү?
-Кино бол ерөөсөө л дүрсийн урлаг юм шүү дээ. Тэр үед би Монгол киноны нэг гол алдааг драматургийн хувьд юуг ч илэрхийлдэггүй, маш урт хэвшмэл үг яриа ихтэй байгаад оршино хэмээн үздэг байв. Энэ саналаа батлахын тулд би “Амин мөр” киног бүтээж, дэлгэцэнд гаргахад үзэгчид сайнаар хүлээж авсан юм. Одоо хоёулаа дурсамж яриагаа орхиод Монголын киноны өнөөгийн байдал, хөгжлийн ирээдүйн тухай ярилцах уу.
-1990-ээд онд нийгэм тэр аяараа шинэчлэгдсэн. Бүгд л кинотой манатай болсон тэр үед бид яагаад барьц алдчихав ? Явсан кино наадам бүртээ шагнал авдаг байсан монгол кино яагаад уналтад орчихсон юм бэ?
-Ер нь би Монголын ардчиллын гол ололтыг хүмүүст оюун санааны эрх чөлөөг авчирч, сэтгэн бодох чадварыг нээж өгсөн гэж боддог. Бид эв нэгдэлгүй явж, тарж бутарснаас болж кино урлаг уналтад орсон хэрэг. Тэр үед хуучин социалист лагерийн гэгддэг орнууд манайхтай адил нийгмийн өөрчлөлт гарсан боловч тэд кино урлагаа авч гарч чадсан. 1990-ээд оны эхээр “Монгол кино” үйлдвэрийн бүх уран бүтээлчдийг “чөлөөт” нэрийн дор гудамжинд гаргаснаар үйлдвэрийн хоосон байшин л үлдсэн юм. Уран бүтээлчид байхгүй болохоор Кино үйлдвэр юу хийх вэ. Дээр хэлсэн орнуудын кино үйлдвэр өөрийнхөө орон тооны мэргэжлийн уран бүтээлчдээ авч үлдэн санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласнаар, цөөхөн жилийн дотор босож ирсэн юм. Харин манайд энэ үйл явц яг эсрэгээрээ хэрэгжсэн. Энэ бүхний буруу тухайн үеийн киноны байгууллагын удирдлагуудын алсын хараагүй бодлоготой холбоотой. Энэ тухай 2009 онд манай ахмад инженер Санжгаан Батчулууны “Монгол кино үйлдвэр үүсэж хөгжсөн түүхэн баримт“ номд маш тодорхой өгүүлсэн байдаг. Аль ч улсад үндэснийхээ кино урлагийг дэмжих төрийн бодлого хэрэгжсээр байна. Яагаад өнөөдөр Солонгос, Польш, Унгарын кино урлаг хөгжөөд байна вэ гэвэл, тэнд маш нарийн алсын хараатай төрийн бодлого явагдаж байгаа хэрэг. Тиймээс ч тэд нэгдэж, ажиллаж чадаж байна. Гэтэл бид цөөхүүлээ хэрнээ хэтэрхий амиа бодож, тарж бутарсан байдалтай. Бид өнөөдөр киноны салбарт хэлбэр хөөгөөд гүйгээд байна. Уг нь бол агуулгаа харах, ярих цаг болсон. Агуулга, үзэл санаагаа нэгтгээгүй цагт бид хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өнөөдөр Монголын киноны салбарт бие даасан 20 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бол зөв. Мэргэжлийн эвлэл, холбоод өөр өөрсдийнхөө чиглэлээр хамтарч ажилладаг нь дэлхийн жишиг. Гэхдээ кино урлагийн салбарыг нэгдсэн удирдлагаар ханган, дотоод, гадаад зах зээлд чиглэсэн стратеги боловсруулж, урт болон дунд хугацааны төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Энд юуны өмнө киноны хуулийн боловсруулалтыг төгөлдөржүүлж, батлуулах хэрэгтэй.
-1990-ээд оноос өмнөх үзэгчдийн боловсрол агуу байж. Намайг бага байхад ах нар ажлаа тараад найз бүсгүйдээ киноны тасалбар аваад очдог. Бүгд хослолоо өмсөөд кино үздэг байж. Харин одоо ийм боловсрол, хүмүүжил алга. Уг нь олон нийтийг соён гэгээрүүлдэг зүйл бол урлаг. Үзэгчдийг одоо хэрхэн хүмүүжүүлэх вэ?
-1990-ээд онд төр нь урлагийн салбараа хаячихсан учир олон нийт боловсрол муутай болсон хэрэг. Кино бол урлаг дотроо хүчтэй зэвсэг. Олон түмнийг хамрах хүрээ, хүрэх орон зайгаараа ч хүчтэй. Тухайн үед кино урлаг яагаад олон нийтийн дунд нэр хүндтэй байсан юм гэхээр тэднээс түрүүлж алхдаг байсных. Харин өдгөө кино үзэгчдийг дагуулах бус, үзэгчдээ дагаад байна. Киногоор мөнгө олохын тулд өнөөдрийн үзэгчдийн таалалд нийцүүлэн кино хийгээд байна гэсэн үг. “Кино ашиг олж байвал бизнес, мөнгө олохгүй бол урлаг” гэж Карло Понти хэлсэн байдаг.
-Дэлхийн кино техникийн хүчинд маш хурдтай хөгжиж байна. 50 жилийн дараа дэлхийн кино урлаг хаана хүрэх бол?
-Кино өнгөрсөн зуунд урлаг байлаа. Би киног урлаг байхад нь хүчин зүтгэж явснаараа өөрийгөө их азтай хүн гэж боддог. Одоогийн киног урлаг гэхэд хэцүү болж. Арилжааны кинонуудын давлагаанд кино урлаг хөл алдан живж явна. Мэдээж хэрэг Канн, Венецийн кино наадмууд болон Оскарт шалгарсан шилдгүүд, өдрийн од шиг сайн бүтээлүүдийг үгүйсгэхгүй. Харин бүхэлд нь авч үзвэл кино нь урлаг байхаа хэдийн больсон.