УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс түр зогсоогоод буй. Гэтэл “Аль нам, нэр дэвшигчийг дэмжих нь тодорхойгүй ч Сонгинохайрхан дүүрэгт 11 650, Говь-Алтай аймаг руу 2000, Баянхонгор аймаг руу 1650 “царцаа” нүүлгэжээ” гэсэн мэдээ өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнд түгсэн. Үүнтэй холбоотой зарим зүйлийг УБЕГ-ын Хяналт, шалгалтын газрын дарга Б.Ганзоригоос тодрууллаа.
-Дээрх мэдээлэл үндэслэлтэй юү. Одоогоор улсын хэмжээнд хэдэн хүн шилжилт хөдөлгөөний бүртгэлд хамрагдсаныг урьдчилсан байдлаар гаргасан уу?
-Сонгуулийн жилд шилжин суурьших иргэдийн тоо нэмэгдэх хандлага бий. Одоогоор шилжилт хөдөлгөөний бүртгэлд хяналт, шалгалт хийж байгаа учраас нарийн тоо баримт хэлэх боломжгүй байна. Шилжилт хөдөлгөөнийг хаахын өмнө уг тоо өсөх хандлага байдаг.
-Бүртгэлтэй холбоотой зөрчлүүдийг хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн бэ?
-Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн сонгогчийн нэрийн жагсаалтыг гаргадаг. Иргэд оршин суугаа газрын бүртгэлээ хийлгэхгүй бол сонгох эрхээ эдэлж чадахгүй. Уг нь бүртгэлтэй холбоотой ямар нэгэн зөрчилгүй бол сонгуулийн үеэр элдэв маргаан, хууль бус үйлдэл гарахгүй. Тиймээс иргэд хариуцлагатай байх хэрэгтэй. Хэрэв зөрчилтэй бол өөрт ойр байрлах бүртгэлийн нэгжид хандах шаардлагатай юм. Өмнө нь сонгууль зохион байгуулахаас 60 хоногийн өмнө иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоодог ч ямар сонгогч шилжих эрхтэйг хуульд тодорхой тусгаагүйгээс болж “царцаа нүүлгэсэн” гэх хардлага дагадаг байсан. Сонгуулийн тойрогт ажиллаж байгаа болон нэр дэвшигч, түүний шадар туслах, менежер зэрэг найман субъект л сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийж болно гэж УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулсан нь зөрчил гарахгүй байхад ямар нэг байдлаар нөлөөлнө. Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой зөрчил илэрвэл тодорхой арга хэмжээ авч ажиллана.
-Тухайлбал, ямар арга хэмжээ авдаг вэ?
-Улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1-т заасны дагуу хяналт, шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах чиглэлээр ажиллана. Тодруулбал, төрийн албан хаагчтай холбоотой зөрчил бол Төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл хүлээлгэх санал хүргүүлэх, зөрчлийн шинжтэй бол Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлнэ.
-Шилжиж ирснээ тухайн засаг захиргааны нэгжид бүртгүүлж амжаагүй иргэд сонгууль өгөх боломжтой юу?
-Ийм асуудалтай иргэн хэд байгааг судалж байна. УИХ-аас 2018 оны зургадугаар сарын 21- нд шинэчлэн баталсан Улсын бүртгэлийн багц хуулийн нэг онцлог нь зөвхөн шилжин очиж байгаа газартаа бүртгүүлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь иргэн засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьшихдаа баг, хорооноосоо хасалт хийлгэж, дараа нь очих газартаа бүртгүүлдэг байсан бол одоо энэ шат дамжлага байхгүй болсон гэсэн үг. Амьдарч байсан газраасаа шилжсэн тухайгаа мэдэгдсэнээр тухайн иргэний мэдээлэл Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас мөн хасагддаг. Тэгэхээр тухайн иргэнийг сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэх боломжгүй гэсэн үг. Дахин хэлэхэд, иргэд зөвхөн шилжин очсон газартаа бүртгүүлсний дараа хуучин хаягийн мэдээллийг нь өөрчлөхөөр хуульд тусгасан. Хэрэв иргэд өөрсдөө хариуцлагатай бол санал өгөх эрхээ эдэлж чадна гэдгийг сануулъя
УИХ-ын 2012 болон 2016 оны сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 30 хүртэлх хугацааны иргэний шилжилт хөдөлгөөний тоон мэдээллийг харуулав. Орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоогоор 2012 онд Дархан-Уул аймаг тэргүүлж байв. Харин 2016 онд Сэлэнгэ аймгаас нийслэлийг зорьсон хүмүүсийн тоо хамгийн өндөр гарчээ.
Бэлтгэсэн: Г.Жавхлан