Жүжигчин залуу хар тамхи хэрэглэсэн үедээ эхийгээ зодсон дүрс бичлэг саяхан олон нийтийн сүлжээгээр тарж, жигшин зэвүүцэн, уурлаж, хараасан сэтгэгдэл газар авлаа. Түүнчлэн гурван охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан тухай ч шуугиад өнгөрөв. Уурлаж бухимдмаар, өрөвдөж халагламаар энэ мэт дүрс бичлэг, зурагтай бид нийгмийн сүлжээнд өдөр тутам таардаг. Тэр бүхэн зүгээр л урсаад өнгөрдөг үү. Эсвэл олон нийтийн ухамсар, сэтгэхүйд хор нөлөө үзүүлдэг үү. Нийгмийн сүлжээн дэх шүүлтүүргүй мэдээллүүдийн дунд “биеэ хэрхэн авч явах” ёстой зэрэг асуудлаар сэтгэл судлаач М.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Хувь хүний хөгжлийн институтийн захирлаар ажиллаж байна.
-Нийгмийн сүлжээгээр сайн, муу янз бүрийн мэдээлэл тархдаг. Гэтэл монголчууд яагаад муу мэдээлэлд илүү “дурлаад” байна вэ?
-Хүн бүр адил биш. Ухвар мөчид, аливааг ялгаж салгаж ойлгож чадахааргүй хүмүүс бий. Сэтгэл зүйн хувьд гүйцэд төлөвшөөгүй, бас хүнд хэцүү амьдрал, бусад хүчин зүйлээс шалтгаалж эмгэгтэй болчихсон нь ч байна. Энэ мэт харилцан адилгүй хүмүүс нэг мэдээллийг өөр өөрөөр хүлээн авч, янз бүрийн хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс ямар ч мэдээлэлд маш болгоомжтой хандах шаардлагатай. Хариу үйлдэл нь тухайн хүний боловсролын түвшин, төлөвшил, хүмүүжилтэй шууд холбоотой. Хүмүүжил, боловсролтой хүмүүс болох, болохгүйг ялгах чадвартай, ямар ч мэдээлэлд хөл алдахааргүй. Гэтэл хүмүүжилгүй, төлөвшөөгүй, боловсрол тааруу хүмүүс сөрөг мэдээллийг сонирхон хүлээн авч, туршиж үзэхийг хүснэ. Өөрөөр хэлбэл, сэдэл авдаг. Нийгэм бол хүмүүсийн бөөгнөрөл. Хүмүүсийн нийтлэг зан үйл, хандлагыг нийгмийн сэтгэл зүй гэж нэрлэдэг. Тэгэхээр сөрөг, эсвэл худал мэдээлэл газар авч, олноороо түүнд итгэн, “шуурч” байгаа нь монголчуудын боловсрол, хөгжил, оюуны түвшнийг илэрхийлэх нэг үзүүлэлт. Нөгөө талаар үүнийг монгол хүний сэтгэлгээний онцлогтой ч холбож ойлгож болно. Монгол хүний сэтгэлгээний онцлогийг нарийн судалсан дүгнэлт одоогоор алга л даа. Гэхдээ түүхээс үзвэл, нүүдэлчин монголчууд мэдээллийг ихэнхдээ сургаар авдаг байсан. Байнга л нэг газраас нөгөөх рүү нүүдэллэж явдаг, хааяа нэг хүн ирэхэд л хол, ойрын мэдээллийг сонсдог байж л дээ. Тэр сэтгэлгээний улбаа одоо ч бий. Саяхан нэг оюутан охин “Коронавирус гарчихлаа, Улаанбаатарт байвал удахгүй чи үхнэ, гэртээ хурдан ир гэж ээж, аав хэлээд, намайг айлгаад байна” гэж ярилаа. Охины ээж, аав сонссондоо л итгэсэн. Тэр мэдээлэл үнэн, эсэхийг нягтлах, ялгах, цэгнэх ёстой гэсэн сэтгэхүй байхгүй.
1980 онд монгол хүний үнэт зүйлийг судалсан байдаг. Социализмын үеийн судалгаа учраас үзэл суртал нэвт чингэсэн. Тэр үед монгол хүмүүс хөдөлмөр, багшийг шүтдэг, ахмад настнаа хүндэтгэдэг, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө амьдардаг гэсэн үр дүн гарчээ. 2012 онд хэдэн залуу судалгаа хийгээд, монгол хүний үнэт зүйл нэлээд өөрчлөгдөж, бид гэдгээсээ би рүү шилжсэн гэж дүгнэсэн байсан. Түүнээс хойш томоохон судалгаа хийсэнгүй. Тэгэхээр монгол хүн гэж хэн болохыг судлах цаг ирсэн байгаа биз. Бидэнд үнэт зүйл байна уу гэдгийг нарийн тодорхойлох шаардлагатай.
-Насанд хүрсэн хүн мэдээллийг шүүн тунгааж, ялгаж, салгалаа. Харин хүүхдүүд яах вэ. Тэдний олонх нь зөв, бурууг ялгаж чадахгүй.
-Янз бүрийн сөрөг мэдээллээс хүүхдээ аль болох хол байлгах шаардлагатай нь маргаангүй. Хүүхдүүд сониуч, юм бүхнийг туршиж үзэх хүсэлтэй. Жишээ нь, саяхан зургадугаар ангийн хүүхэдтэй бүсгүй хүүхэд минь найз руугаа “Хоёулаа усан тамхи татаж үзье” гэсэн зурвас бичсэн байна гэж ярилаа. Гайхшаа бараад хүүтэйгээ ярилцахад “Би усан тамхи гэж мэдэхгүй. Манай ангид хүмүүс ирээд судалгаа авахад “Усан тамхи татаж үзсэн үү” гэсэн асуулт байсан. Тиймээс татаж үзэхийг хүссэн гэж ярьсан байгаа юм. Судалгааны асуулт ч хүүхдэд сэдэл төрүүлсэн юм чинь нийгмийн сүлжээгээр тархсан олон мэдээлэл хэрхэн нөлөөлөх бол. Ямар ч мэдээлэлд болгоомжтой хандах ёстой гэдэг нь энэ. Ялангуяа нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, олны танил хүмүүсийн бичсэн, ярьсан зүйл иргэдэд хүчтэй нөлөөлдөг. “Мундаг хүн зөв зүйл бичсэн байж таарна” гэж олон нийт итгэдэг. Зөв, буруу нь хамаагүй. Тиймээс олны танил хүмүүс хэлж, ярихдаа хариуцлагатай байх ёстой.
-Зодуулж байгаа дүрс бичлэг нь фэйсбүүк хуудсанд тарсан иргэн амиа хорлолоо. Үүний буруутан нь хэн бэ. Зодсон иргэн үү, бичлэгийг нь тараасан хүн үү?
-Солонгосчууд үүнийг нийгмийн аллага гэж нэрлэж байна. Нийгэм аллага үйлдэж байна гэсэн үг л дээ. Онолын талаасаа бол нийгмийн хэм хэмжүүр, ёс зүй алдагдсантай холбоотой. Ёс зүйтэй газар хууль хэрэггүй гэсэн үг бий. Нийгмийг зохицуулагч чухал хэм хэмжүүр нь ёс зүй. Гэтэл манай нийгэмд ёс зүй, үнэт зүйл үгүй болчихсон. Олноороо дагаж мөрддөг, итгэж үнэмшдэг, зөв гэж боддог үнэт зүйл байхгүй учраас хүн бүр дуртай зүйлээ хийдэг. Түүнчлэн нийгмийн сүлжээнд ямар нэгэн хууль, дүрэм алга. Зарим улс хаадаг ч тэр нь оновчтой арга биш. Цахим орчны гол үүрэг нь хүмүүс хоорондын харилцааны хэрэгсэл, мэдлэг олж авах эх сурвалж болох юм. Буруу зүйлд ашиглавал аллага, гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болно. Жишээ нь, удаан хугацаагаар хөдөө явснаа фэйсбүүкээр мэдээлснээс болж хулгайч гэрийг нь тоносон тохиолдол ч бий. Тэгэхээр хувь хүн л нухацтай хандах шаардлагатай байгаа биз.
-Монголчуудын хувьд нийгмийн сүлжээ харилцааны хэрэгсэл гэхээсээ илүү хувийн амьдрал болон өөрийгөө сурталчлах талбар болсон гэдэгтэй санал нийлэх хүн олон.
-Дэлгэцийн донтолт гэхээр бид голдуу хүүхдүүд, багачуудаа хэрхэн сэргийлэх вэ гэж ярьдаг. Би саяхан орон нутгаар явж, дэлгэцийн хамаарал, донтолтоос сэргийлэх сургалт зохион байгууллаа. Бодит байдалд эцэг, эхчүүд дэлгэцийн хамааралтай, донтой болчихож. Ялангуяа залуу ээж, аавууд дэлгэцийн донд автчихсан байна. Зөвхөн орон нутаг ч гэхгүйгээр монголчууд нийтээрээ шахам хэрэгтэй, хэрэггүй хог ухахад ихэнх цагаа зарцуулах болсон.
-Хамгийн гол нь донтой болсноо ойлгохгүй, хэвийн зүйл гэж боддог.
-Донтсоноо мэдэхгүй байгаа юм. Ер нь эцэг, эх болсон хэнбугай ч үр хүүхдийнхээ өмнө өндөр хариуцлага үүрч амьдрах ёстойгоо ухамсарлахгүй байна. Аав, ээж байна гэдэг нь хөөрхөн хүүхэд гаргачихаад, түүгээрээ онгирохын нэр төдий биш. Бидний үг, үйлдэл бүхнийг хүүхдүүд даган дуурайдаг. Өөрсдөө болох бүтэхгүй зүйл хийж, өдөржин фэйсбүүк “ухаж”, хэрэгтэй, хэрэггүй зүйл нийтэлдэг хэрнээ хүүхдүүдээ цахим ертөнцөөс хол бай, сайн хүн бол гэж хэлээд нэмэргүй. Хүүхдэдээ зөвлөгөө авахаар ирдэг ээж, аавын олонх нь өөрсдөө эмгэгтэй, сэтгэлийн шархтай байх нь түгээмэл. Тэгсэн хэрнээ “Хүүхдээ л сайн хүн болгомоор байна” гэдэг. Би тэдэнд “Эхлээд өөрсдөө эдгэ. Өөрсдөө ёс зүйгээ баримталж, хүмүүжилтэй бол” гэж хэлдэг. Эцэг, эх хоорондоо сайхан харилцаж, биенээ хүндэлж байгааг харж өссөн хүүхэд хангалттай хэмжээний хүмүүжил авчихна. Харин ээж, аав нь хоёр тийшээ хараад, нэг нэг дэлгэц тэврээд хэвтвэл хүүхдээ сайн, мундаг хүн болгох гэж хэчнээн хичээгээд л нэмэргүй.
-Үүнд шийдэл бий юү. Мэдээж фэйсбүүк, твиттерийг хаагаад шийдэгдэх асуудал биш байх.
-Сайн анзаарвал, нийгмийн сүлжээнд нэг шуугиантай мэдээлэл 2-3-хан хоног л олны анхаарлын төвд байдаг. Жишээ нь, коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд сургууль, цэцэрлэгийг түр хаах шийдвэр гаргасан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд 2-3 хоног маш хүчтэй тархаж, хүмүүс амны хаалт, хоол хүнс хүртэл нөөцөллөө. Гэтэл өдгөө тоохоо больж, амны хаалт зүүх нь цөөрсөн. Нийгмийн сүлжээнд бол коронавирус бараг дарагдчихсан байгаа биз дээ. Уг нь вирусийн тархалт хүрээ тэлээд байгаа атал хүмүүс урьдынх шигээ “шуурахаа” болилоо. Тэгэхээр иргэдийн хандлага, сэтгэхүй маш тогтворгүй байгаа биз. Ийм тогтворгүй байдалд үндэслэн дүгнэлт гаргах төвөгтэй. Нэг мэдээлэл тархахад 2-3 хоног хүчтэй “давлагаалаад”, өөр нэгэн мэдээ түгэхэд өмнөх нь огт болоогүй мэт ор тас мартагддаг. Нийгмийн сэтгэл зүй гэдэг нь олон хүний бодол санааг нэгтгэсэн зүйл. Нийгэмд давлагаалж байгаа зүйл хувь хүний сэтгэл зүйд нөлөөлдөг. Хувь хүний сэтгэл зүй нийгмийнхийг бүрдүүлдэг. Тиймээс хувь хүн хөгжих нь чухал. Нэг хүн амьдралынхаа туршид дунджаар 240 хүнд шууд, 14 000 хүнд шууд бусаар нөлөөлдөг. Энэ утгаараа хувь хүн хөгжвөл бүлэг, бүлгүүд хөгжвөл нийгэм хөгждөг. Нийгмийн хөгжлийн суурь нь хувь хүний хөгжил гэсэн үг. Цаашид шүүмжлэхээсээ илүү цогц, алсыг харсан бодлого гаргах нь чухал гэж бодож байна. Ядаж 10-20 жилийн дараахыг өөрчлөх бодлого хэрэгтэй. Дундаж давхаргын хүний тоо олширвол улс хөгждөг. Яагаад гэвэл дундаж давхаргынхан хамгийн “чанартай” хүмүүс. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд анхаардаг, шударга хөдөлмөрлөж мөнгө олдог, ёс зүйтэй, боловсролтой, төлөвшсөн, ном уншсан, аливааг дүгнэж цэгнэх чадвартай учраас тэр. Гэтэл манай улсын дундаж давхарга улам “нимгэрээд” байна.
-Монголд олон хууль, журам, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө бий. Таны ярьсан бодлого тэдгээрийн дотор бий байх, гэхдээ хэрэгжүүлдэггүй.
-Цаасан дээр гоё, гайхамшигтай хуулиуд бий гэж хүн бүр л хэлдэг. Би тэр бүгдийг судалж байсангүй л дээ. Манай улс ч хуулиудаа ер сурталчилдаггүй. Иргэд хэрэгт холбогдоод, шүүхийн хаалга татахаараа таньдаг өмгөөлөгчөө л хайж гүйдгээс биш, хуулиа уншдаггүй. Мэдээж асуудал фэйсбүүк, твиттерт биш, хүнд байгаа учир иргэнээ л хөгжүүлэх учиртай. Ерөнхий сайд саяхан монгол контентоо түлхүү үзүүлэх уриалга гаргасан. Гэтэл манайд олигтой контент байна уу. ОХУ урлаг, тэр дундаа киногоор дамжуулж хүнээ хөгжүүлж, “хүмүүжүүлж” иржээ. Гэтэл Монголд юу байна вэ. Иргэд нь фэйсбүүкийн “хөөс” дунд л хөвж яваа биз дээ. Хүнээ хэрхэн хөгжүүлэх, юунаас эхлэхээ өөрсдөө ч мэдэхгүй. Тэгэхээр өнөөгийн байдлыг өөрчилж, шинэчлэхэд нэлээд хугацаа хэрэгтэй. 30 жилийн дараах Монгол нь одоогийн гурван настай хүүхдүүд юм. Тодруулбал, одоогийн гурван настанд хийж байгаа хөрөнгө оруулалт 30 жилийн дараах Монгол орны хөгжлийг тодорхойлно. Хувь хүний хөгжлийн хичээлийг цэцэрлэгт, бага ангийнханд заах хэрэгтэй. 5-7 насыг хөдөлмөрийнх гэж тодотгодог. Яагаад гэвэл энэ насандаа хүүхэд эцэг, эхдээ тусалж, хорвоо ертөнцийг таньж, ажил хөдөлмөрт суралцаж эхэлдэг. Гэтэл манайх ийм насны хүүхдээр арифметик бодуулаад, дүрэм зааж, хичээлээр “дардаг” нь буруу. Тэгэхээр хамгийн түрүүнд боловсролын тогтолцоондоо анхаарах шаардлагатай.
-Тэгвэл төлөвшөөгүй хэрнээ нэгэнт насанд хүрсэн, бидний амьдарч буй нийгмийг бүтээж байгаа хүмүүсийг яах вэ. Хамаагүй гээд хаях уу?
-Дэлхийн II дайны дараа Герман улс хотуудынхаа өнцөг булан бүрт хувь хүний хөгжлийн, үнэ төлбөргүй сургалт явуулж эхэлсэн гэдэг. Мэндлэхээс авхуулаад, бусадтай харилцах соёлыг ч иргэддээ заасан. Манайд ч ийм арга хэмжээ шаардлагатай гэж боддог. Социализмын үед соёлын довтолгоон өрнүүлж, бөөснөөс салсан шиг. Цахилгаан шатаар хэрхэн зорчих, нийтийн бие засах газраар яаж үйлчлүүлэх, замын хөдөлгөөнд оролцох зэргийг ч монголчуудад сургах ёстой. Үзвэрийн газар хувцсаа өлгүүлэхдээ ч дугаарлаж чаддаггүй хүмүүс биз дээ. Хэлэхэд энгийн юм шиг энэ мэт зүйл л суурин соёлыг бүтээдэг. Уг нь цахилгаан шатаар зорчих, нийтийн бие засах газраар яаж үйлчлүүлэх зэргийг 6-7 настай хүүхдүүдэд заах ёстой. Гэтэл манай сургуулиуд хүүхдийг арифметикаар “дарчихаад”, хувь хүний хөгжлийн боловсрол олгох үүрэг эцэг, эхийн нуруун дээр ирсэн. Харамсалтай нь, эцэг, эхчүүд өөрсдөө соёл заалгах хэмжээд байна.
-Нийгмийн сүлжээгээр зөвхөн сөрөг мэдээлэл биш, олон сургаал үг, сургамж, зөвлөгөө “урсдаг”. Таны хэлсэн шиг хувь хүнийг хөгжүүлэх зөвлөгөө ч цөөнгүй харагддаг. Тэдгээрийн үр дүн хаана байна вэ?
-Сайн, хэрэгтэй мэдээлэл ой ухаанд тод үлддэггүй. Тухайн үедээ баярлаж, хөөрөөд, бахдаад өнгөрдөг. Харин муу мэдээлэл тархинд гүн гүнзгий “наалдаж”, удаан хугацаанд хадгалагддаг. Нэг охин “Би хувь хүнийг хөгжүүлэх чиглэлийн 100 гаруй ном уншлаа. Миний амьдрал бахь байдгаараа. Одоо би ямар ном унших вэ” гэж асуусан. “Хамгийн анх уншсан номоо дахиад уншаарай. Бусдыг нь дахиж битгий уншаарай” гэж би зөвлөсөн. Манайхан ямар нэгэн зүйлийн өнгө үзэмж, тоо хэмжээ, хэлбэрийг л хөөцөлдөөд байгаагийн илрэл нь энэ. Агуулгыг нь бүр хаячихсан. Би олон сургалтад суусан, олон ном уншсан, олон найзтай гэх мэт. Уг нь чаддаг ганц зүйлээ сайн хөгжүүлж, аливаа зүйлийн агуулгыг олж харах нь баялаг шүү дээ. Баялаг гэдэг нь зөвхөн мөнгө олох тухай ойлголт биш. Өөрийгөө таньж мэдэхээс авхуулаад олон зүйлийг агуулна. Манайд тогооч, үсчний гэх мэтийн мэргэжил, мэдлэг олгодог сургалт олон байна. Гэтэл хүн байх чиглэлийн сургалт алга. Жишээ нь, амьдрах ухаан буюу өөрийгөө таньж мэдэх, амьдралынхаа үнэт зүйлсийн төлөө зөв шийдвэр гаргах, өөртөө эзэн болох чадвар олгох сургалт байхгүй. Хувийн зохион байгуулалттай, амьдралын зорилго, төлөвлөгөө, мөрөөдөлтэй байхыг нь хүртэл заах шаардлага тулгарсан.
Бэлтгэсэн: М.Оч