“Ээжийнхээ гэдсэнд таван сар нугарсан хүү шүү дээ, би” хэмээн хошигнох залууг Б.Оргилболд гэдэг. Акробат, уран нугаралтын “Angels” төвийн захирал, найруулагчийн албатай тэрбээр төвөө орчин үеийн цирк хэмээн тодотгож байна билээ. Б.Оргилболд Парис хотын, дэлхийн хамгийн том, амьтангүй, орчин үеийн “Cirque Phenix” циркийн тайзнаа Монголын бүрэн хэмжээний цирк, театр, бүжиг, язгуур урлаг болон нүүдэлчин амьдралыг тайзны бүтээл болгох “Nomade” тоглолтыг хоёр сар гаруйн хугацаанд тоглуулсан овсгоотой менежер.
Аав нь Монголын циркийн урлагийн сод төлөөлөгч, 1981 онд шидэх банзнаас агаарт дэлхийд анхлан дөрөв эргэсэн амжилтаар шуугиан тарьж байсан, дэлхийн рекордыг гурван удаа эвдсэн, мөн долоон тэмээн дээгүүр харайж байсан Ё.Батболд юм. Ээж нь уран нугараач, Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг. Эцэг, эхээ дагаж циркийн цэнхэр дээвэрт байшинд өсөж, өндийсөн тэрбээр дур сонирхолдоо хөтлөгдөн Улсын циркийн дэргэдэх алиа Данзангийн нэрэмжит алиалагчийн студид суралцаж, жонглёрчин, акробатчин, алиалагч, хөтлөгч болсныхоо дараа бие дааж морин хуур тоглож, хөөмийлж сурсан. 2002-2006 онд Шалоне хот дахь олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв дээд сургуульд орчин үеийн урлагийн жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцаж төгссөнөөр цирк, театр, бүжиг, хөгжим хослуулж уран бүтээл туурвих, өөрөөр хэлбэл, өөрөө тоглохын сацуу найруулах чадвартай мэргэжилтэн болсон түүнтэй ярилцах сонирхолтой байлаа.
-Та дэлхийн соёл, урлагийн төвд өвөрмөц сургууль төгсжээ. Хэдэн жил сурсан бэ, манай улсаас танаас өөр хүн төгссөн үү?
-Маш гоё сургууль. Дөрвөн жил суралцахад нүд нээгдсэн. Циркийн урлагийн дээд сургуулийг орчин үеийн урлагийн найруулагч мэргэжлээр төгссөн анхны монгол хүн болсон.
-Хэргийг нь гаргаж л яваа юм байна.
-Та “Nomade” тоглолтыг онцолж байна уу. Европт хоёр сарын турш үзэгчдийг алмайруулсан энэ тоглолтыг бэлэн болгох хүртэл урт зам туулсан. Өөрийгөө чухал мэргэжилтэн боллоо гэж үзээд, эх орондоо ирж сурч, мэдсэнээ зориулахаар ханцуй шамлаж байтал Монголын циркийг хувьчилчихсан. Тэр үед энэ мэдээг дуулсан циркчин бүр сэтгэлээр унаж байлаа. Би яахаа мэдэхээ байгаад байтал аав, ээж хоёр “Нэгэнт ийм болсон юм чинь өөрсдийнхөө хүчинд найдаж ажиллана даа. Чи ч сургуулиа төгсчихлөө. Хамтарна аа” гэсэн. Ингээд бид хамтдаа бүхнийг тэгээс эхэлж байлаа. Уг нь би биеэ даагаад гадаадын циркийн аль нэг хамтлаг, эсвэл компанид ажиллаад явчих боломж байсан ч аав, ээж хоёроо бодоод хүрээд ирсэн. Хамтран тоглогч найзтайгаа хамт хийдэг акробатын төрлийн хэд хэдэн үзүүлбэртэй байв. Акробат хоёр хөлөөр шидэгч, морин дээрх жокей, жонглёр, алиалагч, язгуур урлаг гэх зэрэг төрлийн алинаар ч ажиллах боломжтой байсан юм. Ер нь бидний өмнө олон үүд хаалга нээлттэй байлаа. Англи, Герман, Канадаас хэд хэдэн байгууллага варьете, кабаре чиглэлээр аялан тоглолтод явахыг санал болгож байлаа. “Нарны цирк”-ээс ч санал тавьсан. Энэ боломжуудыг бид орхиод Монголдоо ирсэн. Бид эхэндээ энд, тэнд биеийн тамирын заал түрээслэн ажиллаж байв. Эхний хоёр жил үнэхээр хүнд байсан. Мөнгө, ашиг бараг олохгүй, тэгсэн хэрнээ түрээс төлнө. Харин ХААНбанкны дэргэд үйл ажиллагаа явуулж, зааланд нь бэлтгэл сургуулилалт хийдэг болсноор ажлын бүтээмж эрс нэмэгдсэн. Сургалтын төвийн ажил жигдэрч, уран бүтээлчид сайжирч, мэргэжлийн түвшний болж, улмаар өнөөдөр дэлхийн аль сайн циркт ажиллаж буйдаа баяртай байдаг.
-Монголын уран бүтээлчдийн бүрэн хөтөлбөр, бие даасан тоглолтыг гадаадад гаргах хүсэл хэзээнээс төрсөн бэ?
-Бодож, төлөвлөсөн л хүн байлаа. Яаж эхлүүлэхээ мэддэггүй. Намайг хүмүүс францаар ус цас мэт ярьдаг гэдэг юм. Түүндээ эрдэж, Парисын аль нэг том циркийн захирлын хаалгыг тогшиж ороод шууд ярилтай биш. Намайг танихгүй юм чинь хэн гэж хүлээж авч, ажил хэрэг ярих вэ дээ. Миний хүсэж байсан тайз бол дэлхийн хамгийн том, амьтангүй, орчин үеийн цирк “Феникс”. Уг циркийг үүсгэн байгуулсан, захирал, найруулагч Алайн Пашери гэдэг мундаг том хүн бий. Тэнд олон улсын А зэрэглэлийн “Маргаашийн циркчид” гэдэг том тэмцээн, наадам болдог. Өнгөрсөн жил 40 дэх удаагийнх нь болсон. Түүнтэй яаж уулзах вэ гэж бодож байлаа. Гэтэл боломж гараад ирдэг юм байна. 2018 оны нэгдүгээр сард нэг өдөр манай улс дахь Францын Элчин сайд над руу ярилаа. Тус яамныхантай харилцаатай болоод удаагүй байсан болохоор сайд өөрөө ярихад нь ямар хэрэг гарсан юм бол гэж гайхаж байв. Тэгэхэд надад “Францад “Амьд тоглолт” гэдэг соёлын өдөрлөг болох гэж байна. Орон бүрээс уран бүтээлчид оролцох мэдүүлэг өгч байгаа. Ажил хэрэг зөвхөн франц хэлээр явагдах учраас францаар ярьдаг хүмүүс оролцох боломжтой, тийм болохоор бид чамайг анкетаа өгөхийг санал болгож байна” гэв. Би хэлснээр нь явуултал тэнцжээ. Францад очиж, арга хэмжээнд оролцлоо. Хөтөлбөрт нь сургалт-семинарт оролцогчдыг Франц дахь орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгчидтэй уулзуулах өдөр байсан юм. Хэнтэй уулзмаар байгааг асуухад нь өнөөх Алайн Пашери гуайтай л гэлээ.
-Санаснаа гүйцээж, хүслээ биелүүлэв ээ.
-Тийм ээ. Танилцлаа, хүсэл, зорилгоо хэллээ. Тэгэхэд “Манайх Хятадын циркийн зургаан том хөтөлбөр хэрэгжүүлсэн. Өнгөрсөн өвөл Хятадын тоглолттой байсан. Дараалан азиудыг урьж болохгүй. Хятад, Монгол хоёр төдийлөн ялгарахгүй, үзэгчид ойлгохгүй. Тэгээд ч гуравхан сая хүнтэй Монголоос үзэгчдийг гайхуулах тоглолт гарна гэж бодохгүй байна. Уран бүтээлчдийнх нь ур чадварт итгэхгүй байна. Жаахан л алдаа гарвал манай циркийн нэр хүнд унана. Уучлаарай, боломжгүй” гэв. Тэгэхээр нь би ялгаатай гэдгийг ойлгуулахын тулд улайран тайлбарлав. Эцэст нь захирал намайг яриад байгаа зүйлүүдээ харуулах бүхий л материал, бичлэг илгээхийг хүссэн юм. Би ч хангалттай өгөв. Удалгүй Парист дуудахаар нь очтол баг, хамт олонтойгоо хүлээж авч, төслийн минь талаар дахин яриуллаа. Тайзан дээр монгол гэрийг таван минутад барина, уран нугаралтыг нум сумтай, хүч тамирын гайхамшгийг үхэр тэрэг, мод ашиглаж, араг, савар, саалийн хувингаар жонглёрдоно гэх зэргээр ярихад бүгд ангайж суусан. Түүнээс хойш таван удаа дуудагдаж очсоны дараа Монголын циркийг хүлээж авахаар болов. Надаас өөр хэнтэй ч уулзаагүй, ямар ч уран бүтээлч дуудаж, тоглуулж үзээгүй байж бүхэл өвөлжин тайзан дээрээ тоглохыг зөвшөөрлөө. Ингээд л циркчид болон ҮУИТ-ын найман бүжигчин, морин хуурч, хөөмийч гээд нийт 40 уран бүтээлчийн “Nomade” тоглолтыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-наас эхэлж, энэ оны хоёрдугаар сарын 11 хүртэлх хугацаанд 400 мянган үзэгчид үзүүллээ. Ирж үзсэн нь энэ. Телевизээр харсныг тооцохгүй. Монголчуудад итгэж ядаж байсан захирал бөөн баяр. Үзэгч сайн байх юм бол уран бүтээлчдийн багт урилга өгөөд л байдаг юм билээ. Бид нийт 500 урилга авсан шүү дээ. Захирал хоёр сарын хугацаанд бидний зүгээс тавьсан хүсэлт бүрийг хүлээж авч биелүүлж байлаа. Бид тийм нэр хүндтэй ажилласан. Одоо манай уран бүтээлчид Швейцарт тоглож байна. Хэдхэн хоногийн дараа эх орондоо ирнэ.
-Энэ тоглолтыг цааш үргэлжлүүлж өөр орнуудад тоглуулах боломж байхгүй юу?
-Улс, яам өлгөж аваад, Монгол Улсын гадаад сурталчилгааны хүрээнд олон оронд тоглуулбал бэлэн хөтөлбөр юм. Манай “Angels” циркийн зүгээс, өөрөөр хэлбэл, ээж бид хоёр үүнийг босгох гэж, амжилттай хэрэгжүүлэх гэж 70, 80 сая төгрөг зарцуулсан. Хувь хүмүүс ингэж хийж болж байхад улс чадах л ёстой. Бодлогоор аваад яваасай гэж хүсэж байна.
-Үзэгчдийн тоо 400 мянга гарсан гэдэг сайн үзүүлэлт юм.
-Маш сайн. “Феникс” циркийнхэн амжилт энэ түвшинд хүрэх юм гэж санаагүй гэдгээ хэлсэн. Өнгөрсөн өвөл Францад ажил хаялт тасрахгүй, нийтийн унаа саатах нь элбэг байсан. Гэсэн ч Монголын цирк үзэхийг зорьсон хүмүүсийн цуваа тасраагүй. Бараг тоглолт бүрээр танхим үзэгчээр дүүрэн байсан. Урамтай. Европт амьдардаг монголчууд маань ямар олноор үзэв ээ. Зарим хүнд урилга өгсөн л дөө. Хүндэтгэлийн суудалд тухалж үзсэн монголчууд маань уйлж байлаа. “Зөвхөн цирк гэж бодохооргүй цогц, өөгүй төгс бүтээл, найруулга болжээ” гэж биднийг магтсан. Ийм л ажил хийгээд байж байна. Сүүлийн үед холбогдож байгаа хүмүүс “Өнөөдөр Европод “Хү” хамтлаг”, циркийн “Номад” тоглолтын тухай л яриа болж байна даа” гэж бичих болсон. “Феникс”-т манай тоглолтыг үзээд гарсан хүмүүсийн дунд манай улсад аяллаар ирж, монгол гэрт хонож үзнэ гэсэн хүн олон байлаа. Магадгүй хүн бүр тэгж бодсон байх. Ер нь бол одоогийн байдлаар Франц улсад Монгол тренд болоод байгаа. Энэ нь зөвхөн бидний аваачсан тоглолтоос болж байна гэхгүй. Монгол гэр сонирхдог, амьдралынхаа хэв маягийг болгох гэсэн хүн маш олон болжээ.
-Ээж нь их баярлаж дээ.
-Хүүгээрээ бахархаж байна гэж хэлсэн. Аав минь 2013 онд өөд болсон юм. Сэрүүн тунгалаг байсан бол бас л тэгж хэлэх байсан болов уу. Манай хоёр мундаг том сургууль төгссөн хүүгээ цалингүй, хангамж байхгүй, байр ч үгүй орчинд хамтарч ажилла гэж дуудаж байхдаа хэн хэн нь өөрсдөдөө, мэргэжлийн ур чадвартаа, бас надад итгэж байсан байх. Гэхдээ энэ хэрийн бүрэн хэмжээний тоглолтыг явж явж дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Феникс” циркийн тайзнаа тавьчих юм гэж санаагүй болов уу. Намайг өдий хүртэл дэмжиж, түшиж хүн, мэргэжилтэн болгосон аав, ээж хоёртоо баярлаж байна даа. Үнэнийг хэлэхэд ээж, аав хоёр эхэндээ намайг, юу хийх гээд байгааг минь ойлгодоггүй байсан юм. Өөрсдөө циркийн урлагийн орос дэг сургуультай. “Хэсс” гэсэн командын дор төгс гүйцэтгэж л байвал боллоо гэсэн ойлголттой хүмүүс шүү дээ (инээв). Тэгтэл би нийлмэл бүтээл хийх гээд байдаг. Сүүлдээ ойлголцсон.
-Энд танай ээжийн зурагтай том зурагт хуудас байна. Уран бүтээлийн тоглолт нь болжээ?
-Тийм ээ. 2017 онд ээжийнхээ уран бүтээлийн 45 жилийн тайлан, 6-60 настай 90 уран нугараачийн тоглолт зохион байгуулсан юм. Маш сонирхолтой болсон. Тэр үед циркийнхэн олуул цуглахдаа ээжийг минь Хөдөлмөрийн баатар болох хүн дээ, ер нь ингэхэд яагаад циркийн урлагаас хэнд ч Хөдөлмөрийн баатар цол олгодоггүй юм бэ гэх зэрэг яриа болж байлаа. Тэгэхэд би мэргэжил нэгтнүүд нь ээжийг минь ихэд үнэлж явдаг юм байна гэж бодоод баярласан. Аавын минь амжилтуудыг ч үнэлээгүй. Нас барсан хойно нь Гавьяат жүжигчин цол нэхэн олгоход нь би очиж аваагүй. Амжилт гаргаж, дэлхийн рекордууд эвдэж байхад нь, Монголоо мандуулж явахад нь олгоогүй байж, байхгүй болохоор нь гэнэт санаж шагнах гэж юу гэсэн үг вэ. Нээрэн, ээжийн тухай бас нэгэн сонирхолтой түүх ярих уу. Түрүүн ярьсан даа, “Феникс” цирк олон улсын нэр хүндтэй уралдаан, наадам зохион байгуулдаг гэж. Манай ээж залуудаа тэр уралдаанд түрүүлж алтан медаль авсан юм. 2019 онд 40 дэх удаагийн тэмцээндээ алтан медаль авсан уран бүтээлчдийг дэлхийн өнцөг булан бүрээс урьж тоглуулсан. Тэгэхэд манай ээж 35 жилийн дараа, хүү, бэр хоёрынхоо хослон тоглосон морин хуурын аялгуунд уран нугарч, танхимд цугласан үзэгчдийг уйлуулж байв. Тэр хэзээ ч мартагдахгүй үдэш.
-Гайхамшигтай юм. Баримтат кино яриулаад байгаа юм шиг л санагдаж байна.
-Миний аав, ээжийн, ер нь Монголын циркчдийн түүхэн замнал ийм юм даа.
-Гэтэл ийм агуу уран бүтээлчдийн эх орон өнөөдөр циркгүй болчихсон байдаг.
-Монголын түүхэн дэх том алдаа бол циркийн хувьчлал байлаа. Алдааг засаж залруулж болно. Циркчид эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр доор эв найрамдалтайгаар уран бүтээлээ хийх цаг ирэх байх аа.
-Циркчид эв түнжинүй гэж үү?
-Манайхан өөрсдөө мэднэ. Маргаан, асуудал мундахгүй юм билээ. Гэхдээ одоо хойшоо биш, урагшаа харж амьдрах, бүтээн туурвих цаг. Монголын циркчид хүчтэй, чадалтай. Дэлхий ч харж байна. Ирэх жил Монгол Улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ой болно. Түүхэн ойгоо бүгдээрээ сайхан тэмдэглэх байх гэж бодож байна.
-Та морин хуурч бүсгүй Нагисатай гэрлэсэн юм байна. Япон бүсгүйтэй хувь заяа холбох болсон тань морин хуур тоглодогтой холбоотой юу?
-Нэг талаар тийм. Би дэлхийн 30 гаруй оронд очиж үзсэн хэрнээ Японд очоогүй байлаа л даа. Нэг ажлаар тус улсад очихдоо энэ хөөрхөн бүсгүй морин хуур тоглохыг сонссон юм. Гоё санагдсан. Мөн Япон орон, хүмүүс нь маш их таалагдсан. Хотууд нь цэвэрхэн, хүмүүс нь дэг журамтай. Бусдыг хүндэлж, өөр өөрсдийн орон зайдаа маш цэгцтэй амьдардаг нь сэтгэл маш их татсан. Ирсэн хойноо энэ тухай бодох зуур үе үе Нагиса бодогдоод байхаар нь ээждээ хэллээ. Тэгэхэд ээж “Хаанахын хэн байх нь чухал биш. Миний хүүтэй яг тохирох, хоорондоо ойлголцох бүсгүй байвал л боллоо” гэсэн. Тэгэхэд нь ирээдүйн эхнэр болох бүсгүйгээ сонирхож эхэлсэн юм. Эхэндээ ярих хэцүү байлаа. Би япон хэл мэдэхгүй, Наагий монгол хэл мэдэхгүй, англиар маруухан, францаар бүр байхгүй. Ямар туркээр ярилтай биш. Тэгээд анх бол “английн буриадаар” ярьдаг байлаа шүү дээ (инээв). Гэхдээ бие биеэ гэсэн сэтгэл байхад хэлний саад бэрхшээл юу ч биш юм билээ. Одоо миний гэргий монголоор сайн ярьж, түүнээсээ илүү алдаагүй, цэвэр бичдэг. Бас англи хэл нь маш сайжирсан.