“Алдар” спорт хорооны тамирчин, Монголын таеквондогийн шигшээ багийн гишүүн, ОУХМ Э.Буяншагай “Олимп” клубээс амжилтынхаа гарааг эхэлж, 2014 онд олон улсын “Jeju open” нээлттэй тэмцээнд түрүүлж байв. Тэрбээр Азийн цомын аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнээс цөөнгүй медаль зүүж, ОУХМ цол хүртсэн юм. Монгол Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн, насанд хүрэгчдийн улсын аварга болсон тэрбээр оюутны ДАШТ-ээс мөнгөн медальтай эх орондоо ирж байв. 2018 онд Бразилд зохион байгуулсан армийн ДАШТ, 2019 онд БНХАУ-д болсон армийн наадамд V байрт шалгарсан юм. Түүнийг ”Шинэ танил” буландаа урилаа.
-Та тулааны урлагаар найман жилийн өмнөөс хичээллэсэн гэсэн. Тэр дундаас таеквондо сэтгэлийг тань хэрхэн татсан тухай яриач.
-Шинээр клуб нээсэн тухай сонсоод сонирхож ортол тоглож, наадсан олон хүүхэд байсан. Тэгээд л сонирхолдоо хөтлөгдөж, дэггүйтмээр санагдаад энэ спортод анх хөл тавьж билээ. Тэр үед надад тодорхой зорилго, мөрөөдөл байсангүй. Би волейболын тэмцээн үзэж, тоглох дуртай. Волейбол багийн спорт. Биеийн болон оюуны тулааныг тоглолтын талбайд харуулдаг онцлогтой. Бага байхдаа усан сэлэлтээр хичээллэдэг байсан, одоо чөлөөт цагаараа усан санд сэлдэг.
-Тамирчин болсноор өөрийгөө хэрхэн өөрчлөв?
-Таеквондо бол хүндлэл, намайг зөв хүн болгосон. Энэ спортын гайхамшиг нь ёслох, мэндлэх, талархах, мөн уучлалт гуйх зэрэг энгийн зүйлээс эхэлдэг. Энэ бүгдийг заадаг болохоор тамирчин өөрийгөө олон талаар хөгжүүлдэг. Хүүхдийг загнаж, шийтгэж сургадаггүй. Нэгэнтэйгээ хамт байх хугацаандаа дасаж, таеквондогийн гайхамшгаас суралцдаг юм.
-Хо Ин Ён дасгалжуулагчийн талаар сонирхуулж ярина уу?
-Миний спортын гараа таеквондогийн “Олимп” клубээс эхэлсэн. Монголын таеквондогийн холбооны гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар, “Кик” таеквондо клубийн дасгалжуулагч В.Ган-Эрдэнэ нар миний анхны багш. В.Ган-эрдэнэ багш салбар клубтэй болоод үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёр багш минь маш сайн ойлголцдог. Нэг нь бэлтгэл хийлгэж байхад нөгөөх нь клубийнхээ арын ажлыг амжуулж байдаг юм. Багш нарынхаа хичээнгүй, бүтээлч зан чанараар бид бахархдаг. Би ийм гайхалтай багш нарын шавь болсондоо баярладаг. Хо Ин Ён багш дэлхийн тулааны тавцанд монгол тамирчдыг гаргасан. БНСУ-ын үндэсний спортыг тухайн улсын мэргэжлийн, чадварлаг багшаар заалгасан нь биднийг амжилтад хөтлөх том завшаан болсон.
-Армийн VII их наадамд оролцохдоо ширүүхэн өрсөлдөгчтэй таарсан гэл үү?
-БНХАУ-ын Ухань хотод Армийн VII их наадам болсон юм. Эхний тойрогт Доминикан улсын Родригес Волантинотай тулалдаж, 21:20-иор ялсан. Тоглолтын II үед Кувейтын тамирчныг ялж, дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Дилан Челламоотоод хожигдсон. Тэгээд дагах тулаан хийж, Балба улсын тамирчныг хожсон, сүүлчийн тэмцээнд Индонезийн тулаанчид ялагдаж, шагналт V байрт шалгарсан. Учраа таарсан тамирчид биерхүү өндөр байсан тул тулалдахад амаргүй байлаа.
-“Turkish open” нээлттэй тэмцээн энэ сарын эхээр болно. Та оролцох уу?
-Оролцоно. Хоёрдугаар сарын 2-4-нд болох тэмцээнд манай шигшээ багийн тамирчид өрсөлдөнө. Би аливаа асуудалд дэс дараалалтай хандахыг хичээдэг. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэхийг зорьж байна.
Бэлтгэсэн: Э.Отгонсүрэн