Австри улсын Инсбрук хотод зохион байгуулсан дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын III наадамд (Winter world masters games) 60 гаруй орны 3000 тамирчин өрсөлдсөнөөс Монголын ахмад тамирчид амжилттай оролцож, эх орондоо медалийн хуртай ирэв. Манай ахмад мастеруудаас гүйлтийн тэшүүрийн төрөлд ОУХМ Л. Алтанцэцэг 3000 метрт хурд сорьж хүрэл, 5000 метрийнхэд мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр 2015 онд Канад Улсын Квебек хотод болсон дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын II наадамд 500, 1500 метрт түрүүлэн хос алт, 2018 онд Италид болсон тэшүүрийн ахмадын ДАШТ-ээс мөнгөн медаль зүүж, нутаг нэгтнүүдээ баярлуулж байв. Тэшүүрийн спортоос мэндэлсэн гурван Гавьяат тамирчны нэг Л.Дашням агсны төрсөн дүү нь тэр юм. УАШТ-ий 15 түрүү, олон улсын тэмцээний есөн медальтай, ОУХМ цолны болзол хангасан Монголын анхны эмэгтэй тэшүүрчин. Өдгөө 66 настай, улсынхаа дээд амжилтыг 40 гаруй удаа шинэчилсэн. 3000 метрийн уралдаанд дээд амжилт эзэмшдэг байсныг нь ОУХМ Б.Ургаацэцэг 34 жилийн дараа 2010 онд ахиулжээ. Ахмад тамирчин болсон ч мөсөн талбайд гялалзсаар яваа Л.Алтанцэцэгийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
-Дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын III наадамд оролцохын өмнө залуу тамирчид “Ахмадууд минь медалийн буухиатай ирээрэй. Та нартаа найдаж байгаа шүү” гэж захисан гэсэн. Та ч захиасыг нь биелүүлж, Австрийн Инсбрукээс мөнгө, хүрэл медальтай ирлээ.
-Тийм ээ. Бид тэндээс медалийн хуртай ирсэндээ сэтгэл өндөр байгаа. Залуус маань бидэнд урам хайрлаад, онгоцны буудлаас үдэхэд өндөр үүрэг, хариуцлага дагаад л явах шиг санагдсан. 1964 онд миний төрсөн ах Л.Дашням, Б.Жалбаа багш хоёр энэ хотод болсон тэмцээнд анх оролцсон юм. 56 жилийн дараа би ахынхаа оролцсон олимпод өрсөлдөж, медальтай ирснээ их бэлгэшээж байгаа. Шагналын тавцанд зогсож байхдаа тэшүүрийн спортоор бэлтгэл хийлгэж, амжилтад хөтөлсөн багш нараараа их бахархсан. 3000 метрийн зайд надтай уралдсан тамирчдаас Азиас Япон, Казахтсан, Европоос АНУ, Канад, Испани, Норвегийн тамирчид маш хүчтэй өрсөлдлөө. Тэднээс хамгийн ширүүн өрсөлдөгч нь Канадын тамирчин. Намайг шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртэхэд манайхан баярыг минь хуваалцаж “Алтанцэцэг эгч медаль хүртлээ” гээд л монголчууддаа түрүүлж дуулгасан. Миний дараахан эрэгтэйчүүдээс Б.Базарсад 1500 метрт хүрэл, ОУХМ Б.Жалбаа багш мөнгө, 5000 метрт Л.Сарантуяа, Н.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ. Бид Австри дахь монголчуудынхаа сайхан сэтгэлийн дэмэнд амжилт гаргасан. Тэнд ажиллаж, амьдарч байгаа залуус биднийг дэмжиж, орон байраар хангаж, унаагаар үйлчилж их тус боллоо.
-5000 метрт бас л хүчтэй өрсөлдөгчидтэй хурд сорьсон гэнэ лээ. Та өмнө нь энэ зайд уралдаж байгаагүй шүү дээ. Мөнгөн медаль хүртчихээд өөртөө итгэхгүй байсныг тань хамт явсан тамирчдаас сонссон.
-Мөнгөн медалиа алтны дайтай зүйрлэж байгаа. Залуудаа энэ зайд хурд сорьж байсангүй. Эмэгтэй ахмад мастеруудын тэмцээнд 2010 оноос 5000 метрийн уралдаан нэмэгдсэн юм. Анх удаа уралдсан энэ зайд медаль авна гэж үнэхээр төсөөлөөгүй. 3000 метрт өөрийгөө бэлтгэсэн болохоор 5000-д зүгээр л хийморио сэргээж уралдаад үзье гэж бодсон юм. Уралдаж ирчихээд байр луугаа явахаар автобусны буудал дээр иртэл манай тамирчдаас хэн нь ч алга. Гайхаад тэмцээн болж байгаа талбай руу эргээд очлоо, шагнал гардуулж байх юм. Тэгсэн Н.Эрдэнэтуяа “Алтанцэцэг эгч ээ, энэ зайд уралдсан тамирчдаас та медаль хүртэх юм шиг байна. Таныг дуудаж магадгүй” гэлээ. Итгэхгүй зогсож байтал нэрийг минь дуудав. Шагналын тавцанд гараад л баярын нулимс өөрийн эрхгүй унагасан даа. Намайг энэ зайд уралдаж байхад Недарландын дасгалжуулагч эмэгтэй их дэмжиж байлаа. Эрхий хуруугаа гозойлгоод инээхээр нь урам орж, хүрэл медаль авчих болов уу гэж бодсон. 5000 метрт Италийн тамирчин алт, Канадынх хүрэл медаль хүртсэн. Монголын мастеруудын биеийн тамир, спортын холбооны ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар бидэнд санаа тавьж, тэмцээнд оролцохын өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймаг дахь тэшүүрийн талбайд 10 хоног бэлтгэл хийлгэсний хэрэг гарлаа. Амжилт гаргаснаа энэ спортоор хичээллүүлсэн Л.Цэнд, У.Очирбат багш нарын хичээл зүтгэлтэй холбож ойлгодог. Багш нар минь надаас гадна Монголын тэшүүрийн спортод сайн тамирчид бэлтгэж чадсан.
-Ах тань таныг тэшүүрийн спортод хөтөлсөн гэл үү. Гавьяат тамирчин Ц.Лхамжав шиг тэшүүрчин болно гэж мөрөөдөг байсан хүслээ та биелүүлж чадсан уу?
-Би 10 настайдаа түүн шиг сайн тамирчин болно гэж мөрөөддөг байлаа. Ахыгаа дуурайж тэшүүрийн спортоор хичээллэсэн. Ах, багш хоёр өдөр бүр бэлтгэл хийлгэхэд амнаас түй гэх шүлс гардаггүй байж билээ. Тухайн үед “Би хэзээ тайван унтаж амардаг болох бол” гэж боддог байв. Залуудаа амрах завгүй зүтгэсэн өдрүүд минь хожим амжилт болж надад ирсэн. У.Очирбат багш намайг медаль хүртсэнийг сонсоод “Миний шавь мундаг байна. Багш нь чамаар бахархаж сууна” гэж урам хайрласан шүү. Наадамд олон жил уралдсан морь өөрийгөө сойдог шиг олон жил тэшүүрээр хичээллэхээр өөрийн эрхгүй тэмцээнд оролцох гэж догдолдог юм билээ.
ЗОДОГ ТАЙЛАХАД ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛА ГЭЖ ЗӨВЛӨСӨН
-Булган аймаг алдартай тэшүүрчидтэй. Энэ нутагт өссөн хүүхдүүдийн олонх нь Ачуут, Зүүн түрүүний гол дээр тэшүүрээр гулгаж, тамирчин болдог гэдэг юм билээ.
-Миний төрж өссөн нутаг Булган аймгийн Бугат сум. 1968 онд долдугаар ангийн сурагч байхдаа тэшүүрээр анх хичээллэсэн. Тэр үед нутгийнхаа Ачуут, Зүүн түрүүний гол дээр өдөржин гулгаж өнждөг байв. Би есөн хүүхэдтэй айлын тав дахь нь. Ах минь дүү нараасаа намайг сонгож, энэ спорт руу хөтөлсөн. Ах, эгч нараа хичээлтэй үед би ус зөөж, түлээ хагалан, дүү нараа цэцэрлэгт нь хүргэж, авахаас өгсүүлээд гэрийнхээ бүх ажлыг амжуулж, аав, ээждээ тусалдаг байлаа. Багаасаа хүнд хүчир ажилд нухлагдсан болохоор гүжирмэг, эршүүд өссөн. Ээж намайг дагуулаад гурил авахаар дэлгүүр явна. Ээжийн даахгүй гурилыг би үүрээд ирдэг байлаа. Ах минь миний хүчтэй, бас уян хатан, тэвчээртэйг хараад тэшүүрийн тамирчин болоход тохирно гэж бодсон байх. Тэшүүрээр гулгаж сурсныхаа дараа жилээс тэмцээнд оролцож эхэлсэн. Тэр үед Л.Дашням ах Улаанбаатар хотод ХААИС-д суралцдаг, тэшүүрийн шигшээ багийн тамирчин байлаа. 1969 онд Улаанбаатарт хөл тавьж, 1970 онд улсын чанартай томоохон тэмцээнүүдэд өрсөлдлөө.
Гүйлтийн тэшүүрийн олон улсын тэмцээнд анх оролцох гээд зогсож байтал У.Очирбат багш “Чи таван минут, 20 секунд уралдана шүү” гэдэг үүрэг өгөв. Германы тамирчныг хартал таван минут 10 секунд уралдлаа. Тэр үед надад таван минут, 20 секунд удаан санагдсан тул гараанаас гарсан эрчээрээ уралдсаар таван минут 07 секундэд барианд орсон. Ингэж анх Монголын тэшүүрийн эмэгтэй тамирчдын амжилтыг эвдэж байлаа. Би холын зайд сайн уралддаг. 1975 онд миний тогтоосон 45 секунд 01 долийн амжилтыг 34 жилийн дараа ОУХМ Б.Ургаацэцэг хэдхэн долиор эвдсэн. Гавьяат тамирчин Л.Дашням ах, Гавьяат дасгалжуулагч Л.Цэнд багш нар нэг ангид арван жил хамт сурсан. Манай ах ойрын, Л.Цэнд багш холын зайд уралддаг байсан юм. Монголын тэшүүрийн спортод нэг ангийн нөхөд амьдрал, үйл хэргээ зориулж, алдарт хүрсэн дээ.
-Залуудаа тэшүүрээр амрах завгүй хичээллэсэн та зодог тайлж, дасгалжуулагч болсноосоо хойш тайван унтаж, амардаг болсон уу?
-Тийм ээ. Ах минь намайг үзвэр үзүүлдэггүй, амрааж унтуулдаггүй, зөвхөн тэшүүрт л цаг зав гаргаж, зориулахыг зөвшөөрдөг байв. Ахынхаа ингэж бэлтгэл хийлгэдэг байсны ач тусыг одоо олон зүйл дээр мэдэрч яваа. Хичээж зүтгэсний хүчинд өөрийгөө өдий зэрэгтэй тамирчин болсон гэж боддог. Би тэшүүрийн спортоос 37 насандаа зодог тайлсан. Тэр үед гарынхаа шавийг бэлдэж, дасгалжуулагчаар ажилла гэж надад олон хүн зөвлөв. 1995 оноос эхэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгт өсвөрийн тамирчдын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Одоо олон шавьтай болжээ. Тэшүүр тэнцвэрийн спорт тул маш нарийн техник, уян хатан байдал, тэвчээр, мэдрэмж, хурд, хүч шаарддаг. Гулгалтын техникийг ганц хараад сурчихдаг зүйл биш. Наанадаж таван жил тууштай хичээллэж байж сурдаг юм. Шавь нарын минь аав, ээж “Та манай хүүхдэд техник зааж өгөөч” гэдэг. Тэнцвэрээ олоогүй байгаа хүүхдүүдэд техник заахад эртэднэ. Тэнцвэрээ олохгүй алдаа гаргавал бэртэж гэмтэх эрсдэлтэй. Намайг залуу байхад Гавьяат дасгалжуулагч Л.Цэнд багш, Л.Дашням ах, Зөвлөлтийн мэргэжилтэн гурав техник заах нь хэцүү санагддаг байлаа. Би ахыг хараад ахынхаар, Л.Цэнд багшийг хараад түүнийхээр, орос мэргэжилтнийг хараад зааснаар нь гулгана.
Надад тогтсон нэг техник зааж өгдөггүй байв. Тэмцээнд хэнийх нь заасан техникээр гулгахаа мэдэхгүй байсан тул уурлалаа. Тэгсэн нэг өдөр бэлтгэл хийж байтал ах өөрийнхөө техникээр уралдсангүй гэж уурлаад намайг өшиглөөд авдаг байгаа. Би ч тэшүүрээ тайлж хаячихаад, хар хурдаараа “Баянгол” буудал руу гүйгээд ирсэн. Өрөөндөө хэнийг ч оруулахгүй хаалгаа түгжиж хоёр хонолоо. Ахдаа гомдож уйлсан нь тэр. Хүмүүс амраад унтаж байхад би шөнө дүл болтол мөсөн дээр техникийн бэлтгэл хийдэг байв. Үндэсний бөхчүүдээс Д.Дамдин аварга тэшүүрээр гулгаж бидэнтэй бэлтгэл хийдэг сэн. Сонирхож асуухаар “Тэнцвэрээ сайн олох хэрэгтэй. Хөлийнхөө булчинг хөгжүүлэхэд тэшүүрээр гулгаж сурах нь хамгийн зөв” гэж хэлдэг байсан. Одоо “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд чөлөөт цагаараа ирж тэшүүрээр гулгадаг. Тэгэхээр тэшүүр бөхийн спортын зарим төрөлд хөлийн зогсолт, тэнцвэрээ олоход нь хэрэгтэй юм шиг санагдсан. Хөнгөн атлетик, гимнастик, усанд сэлэлтийн уян хатан чанар тэшүүрийн спортын суурь нь болдог юм.
Ж.ЁНДОН ГЕНЕРАЛЫН БОЛЗЛЫГ БИЕЛҮҮЛЖ, НӨХРӨӨ УЛААНБААТАР ХОТ РУУ ШИЛЖҮҮЛСЭН
-Хүүхдүүд тань тэшүүрээр хичээллэдэг үү. Та ч гэсэн гэрээсээ тэшүүрийн тамирчин төрүүлэхээр хичээж байгаа байлгүй.
-Манайх хоёр хүүхэдтэй. Спортын амьдралын хатуу хөтүүг өөрийн биеэр туулсан болохоор хүүхдүүдээ тамирчин болгож зүрхлээгүй. Охин минь тэшүүр сонирхож гулгадаг байхдаа их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан тэмцээнд түрүүлсэн. Хүү минь буудлагын спортод сонирхолтой ч өөр мэргэжил сонголоо. Би хаана ч явсан гоё тэшүүр харагдвал мөнгө хайрлахгүй худалдаж авдаг. Охиныхоо хүүхдүүдэд Австриас тэшүүртэй ирлээ. Зээ нараа тэшүүр өмсгөөд мөсөн дээр гаргаж байгаа. Хэрвээ гулгах сонирхолтой бол өөрөө дасгалжуулж, бэлтгэл хийлгэнэ. Тэшүүрийн спортод ихэнх насаа зориулсан болохоор хожуу гэрлэсэн. 30 насандаа охиноо, 37-тойдоо хүүгээ төрүүлсэн юм. Гэрийнхэн минь ойлгож, дэмждэгийн хүчинд амжилт гаргаж байна. Хань минь намайг тэмцээнд амжилттай оролцуулахын тулд бүх ажлаас чөлөөлж, ар гэрийнхээ амьдралыг миний оролцоогүйгээр олон жил зохицуулж ирлээ. Миний нөхрийг С.Отгонбаатар гэдэг, Дорнод аймгийн Дашбалбар сумын хүн. 1975 онд Казахстанд болсон олон улсын тэмцээнд намайг дээд амжилтаа эвдэхэд “Тоншуул” сонины сэтгүүлч “Зүүн түрүүнээс Ачуутын гол хүртэл” хэмээх нийтлэл бичиж байв. Тэр сонин манайд хадгалаастай байдаг. Би сонин, сэтгүүлд хэвлэгдсэн ярилцлага, нийтлэлээ хадгалдаг юм.
-Та хүүгээ буудлагын спортоор яагаад хичээллүүлээгүй юм бэ?
-Нөхөр минь цэргийн байгууллагад олон жил ажилласан. Залуудаа их мэргэн бууддаг байлаа. Аавынхаа авьяасыг хүү нь өвлөсөн ч бид буудлагын спортоор хичээллүүлээгүй. Манай хүн Зүүнбаянгийн дивизэд офицер, би хотод тэшүүрийн тамирчин, тэмцээнд байсхийгээд л оролцоно. Хоёр талд амьдрах хэцүү байлаа. Охиноо төрүүлчихээд нөхөр дээрээ очсон байхдаа хурандаа генерал Ж.Ёндонгийн нарийн бичгээр нэг хэсэг ажилласан. Ууртай, ширүүн хүн байсан болохоор би их айна. Тэгсэн нэг өдөр намайг дуудаад “Залуу гэр бүлд хамгийн түрүүнд юу хэрэг болж байна вэ, байр хэрэгтэй юү” гэж асуухад нь “Танаас өөр зүйл гуймаар байна” гэв. Тэгсэн “За юу хүсэж байгаагаа хэл” хэмээлээ “Нөхрөө Улаанбаатар хот руу л татмаар байна” гэхэд их гайхаж, “Чамайг тэшүүрийн УАШТ-д оролцоод аварга болчихвол нөхрийг тань хот руу шилжүүлнэ. Аварга болчихоод надтай яриарай” гээд ажлынхаа өрөөний утасны дугаарыг бичиж өгөв. Охиноо 10 сартай байхад нь бэлтгэл хийж байгаад хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн.
Түрүүлчихээд Ж.Ёндон генерал руу “Би хотын аварга болчихлоо” гэхэд “Чи УАШТ-д түрүүлэх хэрэгтэй” гээд утсаа тавьчихав. Тэгсэн удалгүй гүйлтийн тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн УАШТ боллоо. Оролцоод түрүүлэв. Дахиад утас цохиод л “Би УАШТ-д тэргүүлчихлээ” гэхэд “За баяр хүргэе, одоо нөхрөө хот руу татаж болно” хэмээн зөвшөөрч билээ. Ингэж би армийн генералын тавьсан болзлыг амжилтаар биелүүлж, нөхрөө Улаанбаатар хот руу шилжүүлэн, Сонсголонгийн цэргийн ангид авчирсан түүхтэй. Би 1969 оноос эхэлж, өдрийн тэмдэглэл хөтөлсөн. Манайд миний тэмдэглэл хөтөлсөн дэвтэр, медалиас их зүйл алга. Медаль минь 100 хол давсан байх аа. Би хүүхдүүддээ тэмдэглэл хөтөл гэж зөвлөдөг юм.