Манай улсын хүн амын дунд хепатит В, С вирусийн тархалт өндөр, түүнээс шалтгаалсан элэгний хавдар, хатуурал, нас баралтаар бид дэлхийд “дээгүүр” бичигддэг. Тиймээс Засгийн газар, ЭМЯ хамтран өвчин үүсгэгчийг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүний хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан 2017 онд элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх лабораториудыг сонгон шалгаруулж, 28-ыг тэнцүүлсэн байдаг. Гэтэл эдгээрээс тусламж, үйлчилгээний чанарын зохих стандартыг хангаагүй 15 лабораторийн гэрээг цуцалснаа ЭМДЕГ мэдээлсэн.
Тодруулбал, 2017 оны III улирлаас хойш лабораториудын хийсэн шинжилгээнийх нь үр дүн, гүйцэтгэлийг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 12-20-нд шалгаж, наймдугаар сард улсын байцаагчийн дүгнэлт гаргажээ. Дээрх зөрчилтэй гэгдэх лабораториудын гуравт нь буюу “Хаппи веритас”, “Ай ти”, “Итгэл”-д нийт 1.7 орчим тэрбум төгрөгийн хохирлын акт тавьсныг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мэдэгдсэн байна. Тэд шаардлага хангасан, хангаагүй лабораториудын нэрийг олон нийтэд зарласнаас болж иргэд шинжилгээндээ эргэлзэх, сайн гэсэнд нь давтан үзүүлэх зэргээр маргаан үүсгэжээ. Уг маргаанд нэг талынх нь өмгөөлөгчөөр оролцож буй “Анта энд партнерс” хууль зүйн фирмийн захирал, хуульч, өмгөөлөгч Д.Түвшинтамиртай ярилцлаа.
-Элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, гуравт нь их хэмжээний хохирлын акт тавьсан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн байгууллагууд шүүхэд хандсан нь үндэслэлтэй юү?
-ЭМДЕГ-ын даргын 2019 оны ажлын хэсэг байгуулах тухай А/90 дугаар тушаалаар найман хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, лабораториудыг дөрвөн чиглэлээр шалгасан юм билээ. Хохирлын акт тавиулсан лабораториуд шалгалтын дүгнэлт үндэслэлтэй, эсэхийг нягтлуулахаар тэр даруйд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Улсад их хэмжээний хохирол учруулсан” гэх гурван лабораторийн нэгийнх нь хэрэгт би ажиллаж, эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа. Бүх зүйлийг хуулийн дагуу шалгаж, баримт цуглуулан, гаргасан зардал, санхүүжилтэд нь хүртэл хөндлөнгийн аудит оруулсан. ЭМДЕГ-аас лабораториудад хийсэн шалгалтын тайланг ч хуулбарлаж авсан. Тэгэхэд шалгалтын дүн, дүгнэлт, актуудаас ноцтой зөрчлүүд илэрсэн.
Лабораториудад 280-876 хүртэлх сая төгрөгийн акт тавьсан нь үндэслэлгүй. Аж ахуйн нэгжүүдэд зөрчил, дутагдлаа арилган, засаж залруулах хугацаа өгөөгүй, энэ талаар ямар ч үйл ажиллагаа өрнүүлээгүй зэргээр шалгалтын дүгнэлтийг туйлын хангалтгүй тогтоожээ. Тухайлбал, 11 000 хүнд В, С вирусийн шинжилгээ хийсэн лаборатори байлаа гэж бодъё. Тэд шинжилгээ хийхийн тулд урвалж, оношлуур, тоног төхөөрөмж худалдан авах, ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, түрээс гээд харин ч их хэмжээний зарлага гаргасан байхад юуных нь улсад хохирол учруулах вэ дээ. Мэдээж анх удаа хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний алдаа, дутагдал гаралгүй л яах вэ. Тэр болгонд нь зөвлөж, зөрчил дутагдлыг арилгуулаад, тухай бүрт нь хяналт тавиад, хамтран ажиллах ёстой. Гэтэл тухайн аж ахуйн нэгжээс гарсан зардлыг ч бодолцохгүйгээр “сүсгээрээ” акт тавьжээ.
-ЭМДЕГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мэдээлэхдээ “Шаардлага хангаагүй 15 лабораторид зөрчил арилгуулах албан тоот хүргүүлсэн. Лабораториудын хүчин чадлаас хамаарч нэг хүний зардалд даатгалаас бүрэн автомат төхөөрөмжтэйд нь 120, хагас автомат бол 80 мянган төгрөгийн санхүүжилт олгодог. Гэтэл лабораториуд 6700 хүний шинжилгээг хагас автомат төхөөрөмжөөр хийчихээд бүрэн автоматыг ашигласан гэж төлбөр авсан” хэмээсэн. Шалгалтын тайланд энэ талаар дэлгэрэнгүй байна уу?
-ЭМЯ болон мэргэжлийн хяналтын байгууллагууд дээрх гэрээ бүхий лабораториудад нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийг анх нэвтрүүлэхэд нь л “Монгол Улсын стандартад нийцсэн” хэмээж, ашиглахыг нь зөвшөөрсөн юм билээ. Би ч мөн адил, үйлчлүүлэгчийнхээ ашиглаж буй тоног төхөөрөмжийн мэдээллийг салбарын яам руу албан бичгээр илгээж, элэгний В, С вирусийг оношлох чадвартай аппарат мөн, эсэхийг нягтлахыг хүссэн. Гэтэл “Олон улсын стандартад нийцсэн аппарат, төхөөрөмжүүд мөн” гэсэн хариу ирүүлсэн. Юмыг яаж мэдэх вэ гээд нөгөө хоёр лабораторийнхонтой ч холбогдсон. Хоёр нь бүр ижил брэндийн тоног төхөөрөмжтэй байсан. Бүгд бүрэн автомат гэсэн үг. Тиймээс л шүүхэд хандсан байх. Яг үнэндээ лабораториудад өчнөөн торгууль тавиад, гэрээг нь цуцлаад л хаячихсан юм билээ.
Түүнчлэн 6700 хүний шинжилгээний мөнгийг нэмж авсан гэдэг нь ташаа мэдээлэл. ЭМДЕГ-ын мэдэгдэл ямар ч үндэслэлгүй. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд бүх баримтыг “ухаж” үзсэн. Бүрэн автомат гээд буй тоног төхөөрөмжүүдийн мэдээллийг албан ёсных нь сайтаас авч, орчуулахад л 85 хуудас болох жишээтэй. Түүнийг шүүхийн баримтад хавсаргасан. Төхөөрөмж хүний оролцоогүйгээр ажиллаж, хариу нь хэвлэгдэн гарч ирдэг юм билээ. Шалгалтын тайланд нь ч мөнгө илүү авсан гэх өгүүлбэр байхгүй. Үнэхээр энэ олон хүний мөнгийг даатгалаас нэмж авсан юм бол шүүхийн нэхэмжлэлд түүнийг хавсаргах ёстой. Өөрсдийнхөө тавьсан актыг “зөвтгөхийн” тулд л ийм бохир арга хэрэглэж байна шүү дээ. Голд нь иргэд л сэтгэл зүйгээрээ хохирох боллоо. Төрийн байгууллага, улсын байцаагчид ингэж ажиллаж болох уу. Шүүхийн эцсийн дүгнэлт ч гараагүй байхад иргэдийг “бужигнуулж”, тархийг нь угаасан. Эцсийн бүлэгт ЭМДЕГ-ынхан хариуцлагагүйгээ л харууллаа.
-Лабораториудын нэрийг шаардлага хангасан, хангаагүйгээр нь жагсааж, олон нийтэд зарлах нь зөв үү?
-Шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруутай, үгүйг нь тогтоогоогүй байхад олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр лабораториудын нэрийг зарлах нь хууль бус үйлдэл. Тухайлбал, элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж буй эрүүл мэндийн байгууллагуудыг шалгах ажлын хэсгийн дэд дарга нь Монголын лабораториудын нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал Д.Наранбаатар. Хүнийхээ хувьд чадвартай, мундаг эмч. Гэвч Элэгний төв нэртэй хувийн лабораторитой хэрнээ шалгалтын ажлын хэсэгт ганцаараа орж, бусдынхаа нэр хүндэд халдсан мэдэгдэл хийж болох уу. Лабораторийнхноос төлөөлөл оруулах бол өрсөлдөөний зарчмаар дор хаяж 2-4 байгууллага байх ёстой. Гэтэл дархан эрхтэйгээр бусдыгаа шалгаж, бүгдэд нь акт, торгууль ногдуулаад, араас нь мэдэгдэл хийлээ. Тэгснээ “Манайх В, С вирус тоолох, сүүлийн үеийн стандартад нийцсэн 20 тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Лабораториуд дөрвөн сая төгрөгийн урьдчилгаа төлөөд, зээлээр аваарай” гэсэн байна. Би мэдээлэл хийхэд нь байгаагүй ч эмнэлгийн байгууллагын болон бусад лабораторийнхон батална.
Би хэн нэгний нэр хүндэд халдах гэсэнгүй. Төр, хувийн байгууллагынхны аль аль нь ажлаа хуулийн хүрээнд л явуулах ёстой. Ажлын хэсгийн дэд дарга нь ашиг сонирхлын зөрчилтэйгөөр яаран мэдэгдэл хийж, түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нягталж, шалгаагүйгээс хэт нэг талыг барьсан мэдээлэл олон нийтэд тарааж, нийгэмд сөрөг үр дагавар бий болгосон. Шаардлага хангаагүй гэх 15 лаборатори нь улсын урдаа барьдаг “Гялс” төв, “Мобио”, “Хаппи веритас”, “Ай ти”, “Итгэл” зэрэг байна. Тэгвэл шаардлага хангасных нь дотор цөөн хэдэн хувийн лаборатори байгаагийн нэг нь Элэгний төв байх жишээтэй. Эсрэгээрээ нөгөө муу үнэлгээтэй гэх лабораториудад шинжилгээ өгсөн бүх хүн эргэлзэж байна. Иргэд төр, засагтаа итгэхээ болилоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилт татвар төлөгч та, бидний л мөнгө. Гэтэл хэдхэн хүн ямар ч үр ашиггүй болгож хувиргалаа. Төрийн байгууллага нь ийм хариуцлагагүй мэдэгдэл хийгээд, үндэсний том хөтөлбөрийг үнэгүйдүүлж байхад асуудлыг яагаад өдий болтол шийдээгүй юм бол. Салбарын сайд нь үүнийг анхаарч, авч хэлэлцэхгүй байгаа нь бүр ч хачирхалтай.
-Өнгөрсөн хугацаанд лабораториудын санхүүжилтийг тухай бүрт нь олгож байж уу. Ямар хэрэг тарихаараа 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байх вэ?
-Гүйцэтгэлийг нь сар сард нь олгосон байсан. Лабораториуд хурууны хээ уншдаг болсноор шинжилгээ өгсөн хүмүүс ямартай ч “бодит” болж. Бүгд л тусгай зөвшөөрөлтэй, лаборант, эмчтэй, шаардлага хангасан болоод л гэрээ байгуулсан байж таарна. Хүн амын дунд элэгний вирус, өвчлөл өндөр байхад энэ хөтөлбөр бидэнд ямар их хэрэгтэй билээ. Гэтэл үүгээр нэг хэсэг нь “шоудаад”, иргэдийг төөрөгдүүлээд байхад дуугүй өнгөрч чадсангүй. Би нэлээд хэдэн үйлчлүүлэгчийн шинжилгээг хоёр лабораторид зэрэг өгч, туршихад яг л таарсан. Өнгөрсөн долоо хоногт шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. ЭМДЕГ-ынхны өгч буй материалд хагас автоматаар шинжилгээ хийсэн, төдөн хүний мөнгө даатгалаас илүү авсан гэх баримт байхгүй нь бүр ч хачирхалтай. Ийм ноцтой зүйл байсан бол шүүхэд баримт өгч л таарна. Миний өмгөөлж буй лабораторид гэхэд сорьц тээвэрлэлт буруу, эмч, лаборантын харьцаа алдагдсан, шинжилгээ хийхдээ үйлдвэрлэгчийн зааврын дагуу гүйцэтгэсэн боловч халдвар хамгааллын дэглэм хангалтгүй, мастер миксийг сорьцтой хольсон гэсэн үндэслэлээр хэдэн зуун сая төгрөгийн хохирлын акт тавьсан. Эдгээр нь засаж болшгүй алдаа гэж үү. Хамгийн гол нь нэг ч хүн шинжилгээний хариу буруу, зөрүү гарсан гэж өнгөрсөн хугацаанд мэдүүлээгүй байна. Хэн нэгэн эрүүл мэнд, эдийн засгаараа хохироогүй.
Хэрэв тийм бол үүнийг хохирол гэж үзнэ. Гэтэл үндэслэл нь тодорхойгүй. Аж ахуйн нэгжүүд тэдний хэлснээр хохирол барагдууллаа гэхэд ажиллагсад нь гудамжинд гарч, байгууллага нь дампуурна. Тус лабораториуд анхнаасаа В, С вирус тоолох гэж байгуулагдаагүй. Өөр олон төрлийн эмчилгээ, үйлчилгээ, шинжилгээ хийж л байсан. Дээр хэлсэнчлэн төр ажлаа гүйцэтгүүлэхийн тулд хамтран ажиллая гэж “гуйчихаад” хохироож болохгүй. Нэрсийг нь олон нийтэд зарласнаас хойш үйлчлүүлэгчийн тоо эрс буурсан байна. Иргэд, албан байгууллагуудтай хийдэг урьдчилан сэргийлэх үзлэгийн гэрээ нь ч эхнээсээ цуцлагдаж. Эсрэгээрээ нөгөө талынхны сурталчилгаа, пиар нэмэгдэв. Энэ бол ашиг сонирхлын зөрчлөөс даваад, бизнесийн зөрчилдөөн рүү шилжиж буйн бодит жишээ. Удахгүй шүүх хурал болж, хэргийг нэг тийш нь шийдэх байх. Тэр болтол улсын эмнэлгүүдийн оруулж ирээгүй аппарат, тоног төхөөрөмжөөр иргэдэд үйлчилж, төрийн ачааг үүрэлцэж байгаа хувийн хэвшлийнхнийхээ бизнес, нэр хүндэд нь битгий халдаач ээ гэж хэлье.
Бэлтгэсэн: Б.Оргилох