Хөгжмийн зохиолч, Консерваторын Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал Х.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр их хааны сэдэвтэй дуурийн хөгжим бичээд удаагүй байгаа юм. Шинэ бүтээлийг нь улсын санд байнга шахам худалдаж авдаг, өөрөөр хэлбэл, өнөө цагийн эрэлттэй уран бүтээлчдийн нэг тэрбээр “Алтан намар” хөгжмийн наадмын олон удаагийн тэргүүн байрын шагналтай. Урын сандаа дуурь, балет, бүжгэн жүжиг гээд дан хөгжмийн 50 гаруй, дуулаачийн 20 гаруй уран бүтээлтэй.
-Чингис хааны байлдан дагууллын сэдэвтэй дуурийн хөгжим бичжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?
-Дуурь “Их хаан” нэртэй, хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй. Чингис хааны Хорезмд хийсэн аян дайны тухай өгүүлэх бүтээл юм. Цомнол нь сэтгүүлч Ч.Мөнхзулынх. Миний бие хөгжмийг 2017 оноос бичиж эхлээд шинэ оны өмнөхөн дуусгалаа. Нэгдүгээр үзэгдлийн үйл явдал Хархорумд болдог. Дундад Ази руу явуулсан хааны элчүүдийн төлөөлөл эргэн ирэхдээ, тэр зүг рүү явсан 400 худалдаачныг Мухамед Шах хороосон тухай мэдээ хэлэхэд нь ямар арга хэмжээ авах талаар “Их хуралдай”-гаар хэлэлцэж буйг харуулдаг. Хоёр, гурав, дөрөвдүгээр үзэгдэлд Хорезмд ямар үйл явдал болдог талаар өгүүлдэг юм. Хоёрдугаар үзэгдэлд Монголын их цэрэг Хорезмыг дайлаар мордон, Мухамед Шахын цэргүүд болон Жилал Аддинтай тулалдаж байгаа тухай гарна. Дуурь Чингис хаан, Мухамед Шахын охин болон Аль Фатима гэж Персийн гүнж, түүний дурлалт залуу Шамози нар гээд түүхэн дүртэй.
-Манай улсад энэ сэдвээрх хоёр дахь дуурь төрөх гэж байна уу. Тайзнаа тавиагүй байгаа болохоор ирээдүй цаг дээр ярьж байна.
-Тийм ээ. Мэргэжлийн, сонгодог, ДБЭТ-т тоглох юм гэдэг утгаар хоёр дахь дуурь. Эхнийх нь Б.Шарав багшийн бүтээл “Чингис хаан” гэдгийг хүмүүс мэднэ. Багш үүнийг “Монголын нууц товчоо” зохиолд суурилж, тэр үеийн түүхийг бүхлээр нь базаж өгүүлэх маягтай туурвисан. Харин энэ удаагийнх бол зөвхөн Хорезм дахь дайн, тэр үеийн зөрчилт явдлуудыг гол болгосноороо ялгаатай. С.Тараа ах туурвиж, ЦДБЧ-д тавьсан “Чингис хаан” гэдэг рок дуурь бас бий.
“Их хаан” нь итали хэлээр бичсэн, хоёр цаг хагас үргэлжлэх гранд буюу их дуурь. Гол санаа, зорилго нь монгол дуурийг дэлхийн тавцанд гаргах, Монголын хөгжмийн зохиолч итали дуурийн, өөрөөр хэлбэл Ж.Верди, Ж.Пуччини нар яаж бичдэг байсан, тэр загвараар, сонгодог хэлбэрээр дуурь бичиж болдог юм байна гэдгийг харуулахыг зорьсон.
-Тайзнаа хэзээ тавих вэ?
-Одоогоор шийдээгүй. Би бас нэг томоохон хэлбэрийн шинэ бүтээл төрүүлээд байгаа.
-Ямар бүтээл, хэзээ төрүүлээ вэ?
-Хуучир, симфони найрал хөгжимд зориулсан концерт бичсэн. Гурван ангитай, бүрэн хэмжээний бүтээл. Үүнийг залуу хуучирч Э.Цэндсүрэнд зориуллаа.
-Яагаад хөгжимчний нэр заав?
-Хуучнаар ХБК, одоогийнхоор бол Консерваторыг П.Мөнгөнцэцэг багшийн удирдлагад төгсөөд, сургуульдаа багшилж байгаад Шанхай хотын Консерваторт магистрантурт суралцаж байгаа залуу хөгжимчин, маш сайн хуучирч, виртуоз хөгжимчин юм.
-Гоцлол хөгжимчин ид сайн тоглож байх үед хөгжмийн зохиолч бүтээл зориулахгүй бол “алдас” болох уу?
-Арай ч шууд тэгж хэлж болохгүй ч сайн хөгжимчин бол хөгжмийн зохиолчдын хувьд маш том олз, онгод хөглөгч. Тухайлбал, XX зуунд олон хөгжмийн зохиолч Оросын алдарт виолончельч М.Ростроповичод хаяглан виолончелийн концерт бичсэн байдаг. XIX зуунд харьцангуй цөөн концерт төрсөн байдаг нь тухайн үед уг зэмсгээр тоглогчдын дунд виртуоз хөгжимчин төдийлөн байгаагүйтэй холбоотой байж болох. Аливаа зүйлд тохироо гэж бий. Нөгөө талаар Э.Цэндсүрэнг ХБК-д сурч байхад нь концерт бичиж өгнө гэж амласандаа хүрч байгаа юм. Хөгжимчин энэ концертыг бүрнээр нь өөрийн бие даасан тоглолтоор хөгжимдөхөөр бэлджээ. Би их баяртай байна. Түүнд энэ ярилцлагаар дамжуулж талархал илэрхийлье.
-Та морин хуур, ятгын концерттой. Урын сан нь арвижиж л байна даа.
-Ер нь би монгол үндэснийхээ хөгжмийн зэмсгүүдэд бүгдэд нь зориулж концерт бичье гэсэн бодолтой, төлөвлөгөөтэй явдаг. Манай улсад одоо үндэсний хөгжмийн зэмсэг арав байна. Өмнө нь морин хуур, ятга, лимбэ, ёочин, их хуурт зориулж концерт бичсэн. Мөн морин хуур, ятгын хоршил концерт ч бий. Ингээд нийт есөн концерттой болж байна.
-Хуучрын концерт төдийлөн байдаггүй байх аа?
-Сургалтад бол хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын бүтээсэн хуучрын хоёр ангит сонатыг түлхүү ашиглаж ирсэн. Б.Шарав багшийн сюит концерт бий. Эдгээрээс өөр бүтээл ер нь ховор. Өөрөөр хэлбэл, энэ хоосон гэмээр орон зай хуучирт зориулсан концерт бичих шаардлага байгааг хэлээд байсан. Шинэ концертын тухай нэлээд дэлгэрүүлж ярья. Зохиол 25 минут орчим үргэлжилдэг. Нэгдүгээр ангийг өгүүлэмж, илэрхийлэлтэй, техникийн ур чадвар нэлээд өндөр түвшинд шаардахаар бодож бичсэн. Энэ анги шууд каденц буюу гоцлол хөгжимчин ганцаар тоглох хэсгээр эхэлдгээрээ онцлог. Уг нь практикт каденцыг давтах хэсгийн өмнө хэрэглэдэг зүй тогтолтой. Гэсэн ч XX зуунд хөгжмийн зохиолчид концертыг гоцлол хөгжимчний ур чадварыг харуулах зорилгоор шууд каденцаар эхлүүлж, араас нь найрал хөгжим тоглох байдлаар бичдэг болсон. Би энэ удаа уг зарчмаар ажилласан юм. Хоёрдугаар ангид бас каденцтай. Уг нь цуврал зохиолын уянгын төв нь хоёрдугаар анги байдаг тул тэр бүр каденц хийдэггүй. Гэсэн ч би зохиолын шинж чанараас хамааруулаад энэ ангид гоцлол хөгжимчин ганцаараа тоглохоор бичлээ. Энэ мэтийн шинж чанараар бусад концертоос онцлог болсон болов уу. Нэг, хоёрдугаар ангийн ганцаар тоглох хэсэг гурван минут үргэлжилнэ. Гуравдугаар анги бол ерөнхийдөө удаан хэмнэлтэй. Ардын дуу, татлагатай. Татлагыг зөвхөн морин хуурт байдаг гэж ойлгож болохгүй юм. Хуучирт зориулсан зохиолд татлагын хэв маягтай, давхар утсаар хөгжимдөх хэсэг яагаад байж болохгүй гэж гэсэн бодлоор энэ ангийг морин хуурын татлагыг санагдуулам, давхар утсаар тоглох аязаар эхлүүлдэг. Энд гол аялгуунд бүжгийн шинж чанарыг мөн багтаасан.
-Таны яриа бараг л хөгжим шиг болоод ирлээ. Сонирхолтой байна.
-Бидний хийдэг ажил хөгжим зохиох, тоглуулах, оюутан, сурагчдад онолын мэдлэг олгох юм даа. Хүн ажлаа ярихаар гүнд нь орчихдог доо (инээв).
-Та ОХУ-д суралцаж хөгжмийн онолч, зохиолч болсон. Бас нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын шавь. Багшийнхаа ямар эрдмийг өөрийн болгож чадсан бэ?
-Дэлхийн хөгжим хэмээх том ай савд багтах Монголын хөгжим гэдэг бас нэгэн ай сав бий. Дэлхийн хаана ч эгшиглэсэн “Энэ монгол хөгжим байна” гэж танигдах, монгол хөг, монгол хүний сэтгэлгээний, эх орны байгаль, цаг уурын онцлог зэргийг илэрхийлдэг өвөрмөц өнгө аяс уртын дуу, ардын язгуур урлагийн бүтээлүүдэд шингээстэй. Энэ бүхэн бол хаана ч давтагдахгүй хөг эгшиг. Тэр бүхнийг уран бүтээлдээ соргогоор, ухаалгаар ашиглахын чухлыг ойлгуулсан хүн бол Б.Шарав багш минь. Багшийг өнөөдөр магадгүй дэлхийд таниулах хөгжим бол монгол ардын уртын дуунд суурилсан байдаг. Уртын дууны давтагдашгүй чанар, хийц, бүтэц, түүний лад (хөг) энэ бүхэн монгол гэсэн ертөнцийг бий болгодог. Дэлхийд ганц, зөвхөн монгол үндэстэнд байдаг морин хуурыг гэхэд л кварт, квинт хөгөөр хөглөдөг. Хийл ч гэсэн квинтээр хөглөгддөг. Гэтэл хуураар эгшиглүүлэх, хийлээр эгшиглүүлэх хоёр дуугаралтын хувьд ялгаатай. Ялангуяа хуурын доод регистрт, сул чавхдас оролцуулж татлага хөгжимдөхөд европ хөгжмийн зэмсгүүдээс дуугаралтын эрс ялгааг үүсгэдэг. Энэ бол монгол хөгжмийн язгуур хөг, эгшиглэгээний онцлог. Манайхан одоо морин хуураа маш сайн тоглодог болсон. Сонгодог бүтээл тоглоход хийлээс ялгагдахгүй талдаа. Харин уртын дуу, ардын язгуур бүтээлүүдийг тоглоход цаанаа л өөр, давтагдашгүй. Гадаадынхан сонсоод юун хийл вэ, монгол хөгжим гэж ийм хөгжим байдаг юм байна шүү гэж ойлгож эхэлдэг. Дуугаралт, дуурьслын ялгааг олж хардаг. Монгол үндэстний угсаа гарвал, сэтгэлгээний ялгаатай тал энд харагддаг. Хөгжмийн зохиолчид бид энэ бүхнийг бүтээл туурвилаараа илэрхийлж гаргаж байх нь үүрэг юм. Ингэж байж дэлхийн хөгжим дэх монгол хөгжмийн ай савыг устай, ургамалтай байлгана. Энэ ухаан гэх үү, эрдмийг Б.Шарав багш минь ойлгуулсан даа.
-Тэгэхээр “Их хаан” дуурь Европын суут хөгжмийн зохиолчдын агуу дууриудаас монгол хөг, эгшиглэнгээр ялгарах, ирээдүйд гадаадын нэр хүндтэй театрууд тайзныхаа байнгын бүтээл байлгах бүтээл болох юм биш байгаа?
-Алсын хараа, зорилго бол тэр хавьцаа. Гэхдээ даваа олон шүү дээ.
-Уран бүтээлчидтэй уулзахдаа тавьдаг жижүүрийн шахам асуулт хэлье. Та яагаад хөгжмийн зохиолч болсон юм бэ?
-Аав маань ХБДС-д оруулсан юм. Миний аавыг Ё.Хишигтогтох гэдэг. Тухайн үед моод болж байсан баян хуураар сүрхий тоглодог, бүжиг танц зохион байгуулдаг, мэргэжлийн баян хуурчдын голд суучихаад л ямар ч зохиолыг ганган тоглодог авьяаслаг хөгжимчин байсан юм. Залуудаа Улаан-Үдийн Соёлын коллежд явж суралцахыг хүссэн ч, гадаадад сургуульд явах нас хэтэрсэн шалтгаанаар хасагдсан юм билээ. Ажил, амьдралын эрхээр дуртай чиглэлдээ мэргэшиж чадаагүйдээ битүүхэн сэтгэл дундуур явдаг байсан уу, хөгжим гайгүй сурчих байрын, дуулчих ч боломжтой нь мэдэгдээд ирмэгц намайг нийслэлийн 28 дугаар сургуулийн тавдугаар анги төгсмөгц Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулсан. Юмыг яаж мэдэх вэ, тэнцэхгүй байвал яах юм гэж тооцоолоод баян хуурын, цохивор хөгжмийн гэсэн хоёр ангид шалгуулсан. Би хоёуланд нь тэнцсэн ч, аавынхаа дуртай баян хуурын ангийг сонгож орос багшийн шавь болсон доо. Энэ бол 1990 он. Ер нь бол багадаа хөгжимчин, хөгжмийн зохиолч болох тухай зүүдлээ ч үгүй.
-Хөгжмийн сургуульд дуртай, дургүй суралцаж байв уу?
-Бас ч гэж гайгүй ээ. Аав оруулсан, ээж дэмжсэн болохоор үгнээс нь зөрөхгүй шүү дээ. ХБДС-ийн сурагч болоод жил гаруйхан болж байтал 1991 онд оросууд нутаг буцах болсон. Мэргэжлийн багш минь ажлаа өгч, баян хуурын анги хаагдсан юм. Тэгэхэд намайг “Үндэсний хөгжмийн ангиас дуртайгаа сонго” гэхэд нь морин хуурын ангид орсон. Өдгөө Гавьяат багш Ё.Батбаяр болон М.Ганболд, Ц.Амаржаргал зэрэг морин хуурын шилдэг багш нараар заалгаж хуурч боллоо. Сургууль төгсөхдөө Б.Шарав багшийнхаа морин хуурын концертыг тоглож юу сурснаа тайлагнасан. Нэг зун УАДБЧ-д морин хуурчаар түр ажиллах үед үндэсний найрал хөгжим Ж.Бизегийн “Кармен” дуурийн завсарлага хөгжмийг тоглоход морин хуураар сонгодог хөгжим тоглох ямар гоё юм бэ гэж бодож байлаа. Түүнээс хойш зөвхөн хөгжимчин байх хангалтгүй юм байна. Хөгжим зохиодог хүн болох ёстой юм байна гэсэн бодол орж ирж байлаа.
-Ингэж л уран бүтээлийн 20 гаруй жилийн замнал эхэлжээ?
-Тийм ээ. ХБК-ийн морин хуур, хөгжмийн онолын ангид суралцаж төгсөөд, 1997-1999 онд СУИС-ийн хөгжмийн судлаач, хөгжмийн зохиолчийн ангид Б.Шарав багшийнхаа удирдлагад суралцсан юм. 1999-2004 онд ОХУ-ын Москва хотын СУИС-ийн хөгжмийн судлаач, хөгжмийн зохиолчийн ангид суралцаж дүүргэсэн. Дараа нь Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Консерваторт мэргэжил дээшлүүлээд, 2004 оноос ХБК-ийн Хөгжмийн ухааны тэнхимд хөгжмийн онол, сонсгол, зохиомжийн багшаар ажилласан.
-Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчөөр хоёр жил хэртэй ажилласан байх аа. Яагаад больсон бэ?
-Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторт суралцах болоод ажлаа хүлээлгэж өгсөн.