Казахстанд болсон Жаутыковийн нэрэмжит Олон улсын математик, физикийн олимпиадад Монгол Улсыг төлөөлж Б.Мөнх-Эрдэнэ багшийн удирдлагад нийслэлийн “Сант”, I, XI сургуулийн сурагчид амжилттай оролцоод иржээ. Тэд тус олимпиадын математикийн төрөлд хоёр алт, нэг мөнгө, физикийнхэд хүрэл медаль хүртсэн юм. Математикийн төрөлд алтан медаль авсан А.Алтансүхтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай XI сургуулийн 12a ангид сурдаг.
-Яагаад математикийн шинжлэх ухаанд дурлах болов?
-Би дөрвөн настайгаасаа тоо бодож сурсан. Aвьяасаа хөгжүүлээд бага ангиасаа уралдаан, тэмцээнд оролцож, байнга медальт байрт шалгардаг байсан. Aмжилтдаа урамшин, илүү их хичээл зүтгэл гаргаж математикт улам дурлах болсон.
-Өдөрт хэдэн цагийг математикийн хичээлээ давтахад зарцуулдаг вэ?
-Өдөрт ойролцоогоор 10 цагийг тоо бодоход зарцуулдаг. Хичээлээ тараад 20.00 цаг хүртэл математикиа давтдаг.
-Олон цаг суух хэцүү юү. Зарим хүнд нэг цаг тогтвортой суух ч амаргүй санагддаг шүү дээ.
-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор тийм ч хэцүү санагддаггүй.
-Олон улсын олимпиадад хэзээнээс, хэрхэн бэлдэж эхлэв?
-2014 онд зургадугаар ангид суралцаж байхаасаа Б.Мөнх-Эрдэнэ багшийн удирдлагад эрчимтэй бэлдэж эхэлсэн. Удалгүй бага ангийн олон улсын хэмжээний олимпиадад өрсөлдсөн. Түүний дараа БНСУ-д болсон олимпиадад багаараа оролцон мөнгөн медаль авч, өнгөрсөн жил Казахстанд зохион байгуулсан Жаутыковийн нэрэмжит олимпиадаас хүрэл медаль хүртсэн. Энэ удаад амжилтаа ахиулж алтан медалийн эзэн боллоо. Маш их баярлаж, хамгийн түрүүнд ээждээ дуулгасан. Гэвч багш надаас түрүүлээд хэлчихсэн байсан. Олимпиадын үеэр геометр, комбинаторк, тооны онол, алгебр гэсэн дөрвөн төрлийн бодлого бодуулсан. Амархан, мэддэг бодлогоос эхэлсэн. Цагаа зөв хуваарилах нь чухал юм билээ.
-Амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан уу. Бусад орны сурагчийн давуу болон сул талыг хэрхэн дүгнэв?
-Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн учраас энэ удаад амжилтаа ахиулна гэдэгтээ итгэлтэй байсан. Урьд нь оролцож, туршлага суусан нь давуу тал болсон. Орон бүрээс шилдэг хүүхдүүд оролцсон тул сул тал ажиглагдаагүй.
-Сургалтын арга барил, хувь хүний хичээл зүтгэл, төрөлхийн авьяас чадварын аль нь хамгийн чухал гэж боддог вэ?
-Хувь хүний хичээл зүтгэл маш чухал. Төрөлхийн авьяастай ч хичээхгүй бол амжилт гаргаж чадахгүй.
-Ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ. Яагаад?
-IT инженер болно. Одоо хөгжиж байгаа салбар. Эх оронд маань ч энэ чиглэлийн мэргэжилтэн хэрэгтэй. Гадаадад тэтгэлгээр суралцана гэж боддог.
-Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн бэлтгэж байгаа вэ?
-Заасан хичээлийг тухай бүрт нь ойлгоод, хийдэг. Шаардлагатай бол гэртээ давтдаг.
Бэлтгэсэн: Г.Жаргалмаа