Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг илрүүлэх төхөөрөмж бүтээж буй электроникийн инженер Д.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрбээр энэ сарын 25-нд ШУТИС-ийг төгссөн бөгөөд “Нийтийн тээврийн аюулгүй ажиллагааны хяналтын төхөөрөмжийн хөгжүүлэлт” сэдэвт бакалаврын судалгааны ажлынхаа хүрээнд уг төхөөрөмжийг бүтээж эхэлжээ.
-Судалгааны ажлынхаа сэдвийг хэрхэн сонгож, хэдий хугацаанд төхөөрөмжийн туршилтын загварыг хийсэн бэ?
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашин нь асдаггүй болгодог төхөөрөмж бүтээе гэж нэг жилийн өмнөөс шийдэн, энэ тухай судалгааны ажлын удирдагч багштайгаа зөвлөлдсөн. Миний хувьд уг төхөөрөмжөө суудлын бүх машинд зориулан бүтээх хүсэлтэй байсан ч багш эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгсэлд тохируулан хийхийг зөвлөсөн. Учир нь хувийн машинтай иргэд энэ төхөөрөмжийг худалдан авч, машиндаа байрлуулах нь эргэлзээтэй. Би одоогоор төхөөрөмжийн туршилтын загварыг боловсруулж дууслаа. Энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг амьсгалаар нь таньж мэдэрч дохио өгөхөөс гадна тамхи татах үед утааг нь мэдэрч, мэдээлдэг. Мөн орчны температурыг ч хэмждэг. Цагдаа нарын ашигладаг, согтууруулах ундаа хэрэглэсэн, эсэхийг илрүүлдэг төхөөрөмжтэй адил зарчмаар ажилладаг гэсэн үг. Архи бага хэмжээгээр уусныг ч илрүүлэх боломжтой бөгөөд 1-2 метрийн зайнаас мэдэрдэг.
-Уг төхөөрөмжийг тээврийн хэрэгслийн хаана байрлуулж, хэрхэн мэдээлэл дамжуулах вэ?
-Төхөөрөмжид нэг контроллер, гурван мэдрэгч, SIM900А загварын GSМ модул болон бусад эд ангийг суурилуулсан. Одоогоор дэлгэцэд нь спирт, тамхины утаа зэргийн үзүүлэлтийг харуулж, миний гар утсанд мэдээлэл нь ирж байхаар бүтээсэн. Хэрэглээнд нэвтрүүлбэл тамхины утаа мэдрэгчийг жолоочийн дээр, нөгөө гурвыг нь хоёр талд болон урд нь суурилуулах юм. Цаашид төхөөрөмжийг улам боловсронгуй болгосноор нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт мэдээлэл хүргэх боломжтой.
-Энэ сэдэв, төхөөрөмжийн талаар манайд өмнө нь судалж байсан уу. Гадаадын орнуудын туршлага хэр судлав?
-Нийтийн тээвэрт зориулсан уг төхөөрөмжийг урьд нь Монголд судалж байгаагүй. Гадаадын орнуудад архи уусан жолоочийн тээврийн хэрэгслийг байршлаар нь илрүүлдэг юм билээ. Мөн жолооч нь заавал машинд байрлуулсан төхөөрөмж рүү үлээсний дараа хөдлөх боломжтой байхаар бүтээсэн. Хэрэв тухайн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол байрлуулсан төхөөрөмжийн нөлөөгөөр машины гал хамгаалагчид “Зогс” гэсэн дохио өгч, улмаар унтардаг. Үүнээс гадна жолооч ядарч, зүүрмэглэх үед ч мэдэрч, мэдээлэл өгдөг төхөөрөмж олон улсад бий.
-Цаашид төхөөрөмжөө хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Би эхний ээлжид спиртийг нарийвчлалтай мэдэрч, үнэн зөв мэдээлэл өгч буй, эсэхийг тооцоолох төхөөрөмжийн туршилтын загвар хийлээ. Цаашид энэ ажлаа тууштай үргэлжлүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой. Учир нь манайд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах тохиолдол элбэг. Мөн хүмүүс ажлын байран дээрээ архидах, согтуу үедээ ажилласны улмаас алдаа, догодол, бүр осол ч гаргадаг. Тиймээс уг төхөөрөмжийг улам боловсронгуй болгож, хэрэглээнд нэвтрүүлбэл, төрөл бүрээр ашиглах боломжтой юм. Тухайлбал, ажлын орчинд суурилуулж, ажилчдыг хянах, хувь, хувьсгалын тээврийн хэрэгсэлд албан журмаар суурилуулж, бүрэн хяналттай ажиллуулж чадвал цагдаа нарын ачааллыг ч хөнгөлөх боломжтой. Үүний тулд хянах байгууллагыг тухайн төхөөрөмжтэй сайн холбох ёстой. Өөрөөр хэлбэл, одоо миний гар утсанд мэдээлэл ирж буй шиг холбох юм.
-Туршилтын загварыг боловсруулахад хэдий хэмжээний өртөг зарцуулав. Цаашид илүү боловсронгуй болгож, хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд багагүй төсөв хэрэгтэй болов уу?
-Туршилтын загварыг ойролцоогоор 100 гаруй мянган төгрөгөөр хийсэн. Хэрэглээнд нэвтрүүлэх төхөөрөмжтэй адил эд ангиуд орсон учир өртгийн хувьд худалдан авахад боломжийн байна. Эхлээд төхөөрөмжөө нарийвчлан хөгжүүлж, бүрэн ажиллах чадвартай болгосны дараа холбогдох байгууллагад хандахаар төлөвлөсөн. Өмнө нь туршилтын загвараа арай боловсронгуй болгоогүй байхдаа нийтийн тээврийн нэг компанид хандсан ч төхөөрөмжид итгээгүй. Цаашид өөрийн оюуны өмчөөр бүртгүүлж, дэлгэцтэй, жижиг хэмжээгээр үйлдвэрлэнэ.
-Дөрвөн жилийн турш онол, практик хосолсон хичээл судалж дүгнүүлэн, электроникийн инженер мэргэжил эзэмшлээ. Энэ төхөөрөмжийг хийхэд суралцсан мэдлэг, ур чадвар тань хэр шаардагдав?
-Төхөөрөмжийн ажиллах хэлбэрт тохируулан код бичих зэргээр суралцсан мэдлэг, туршлагаа нэлээд баталгаажууллаа. Харин шаардлагатай эд ангиудыг судалж, худалдан авахад л нэмэлт мэдээлэл шаардлагатай болсон. Эхлээд гадаад, дотоодын эх сурвалжаас төхөөрөмжийг хэрхэн хийх талаар зургаан сарын турш судалсан. Дараа нь эд ангиудаа сонгож, өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн загвараа угсарч, аравдугаар сараас кодыг нь бичиж дуусгасан. Үүний дараа туршиж л байна. Мэргэжлийн хүрээнд судалж, мэдсэн зүйлээ практикт нэвтрүүлж, бизнесийн нэг эх үүсвэр болгох боломжтойг энэ ажлынхаа явцад мэдэрлээ. Мөн удирдагч багшаасаа зөвлөгөө авч, гэртээ болон лабораторид ажиллаж, төхөөрөмжөө бүтээсэн.
-Төхөөрөмж яаж ажилладаг юм бэ. Хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хэдий хугацаа шаардагдах бол?
-Төхөөрөмжийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь контроллер, GSM модул, мэдрэгч юм. Би компьютер дээр төхөөрөмж хэрхэн ажиллах тухай код бичиж, контроллерт үүрэг өгсөн гэсэн үг. Мөн мэдрэгчүүд нь бензин, хорт хий зэрэг олон зүйл таних боломжтой учир юуг, ямар хэмжээнд “илрүүлэхийг” программчилж өгдөг. Энэ төхөөрөмж нь 12 вольтын хүчин чадалтай бөгөөд машиныхтай тохирно. Харин контроллер нь таван вольтын чадалтай учир 12 болгож, холбосон. Машины гал хамгаалагч, хөдөлгүүрийн хооронд холбож, тэжээлийг хаах, нээх хэлбэрээр ажиллана гэсэн үг. Мөн спирт мэдрэгчүүд нь -30-120, тамхины утаа мэдрэгч -50-150 градуст ажиллах боломжтой. Төлөвлөгөөний дагуу хамгийн багадаа зургаан сарын дараа хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой.