Өндөр настны тэтгэвэрт гарснаасаа хойш Дархан-Уул, Улаанбаатарын хооронд 20 гаруй жил хүн тээвэрлэж, өдгөө 80 настай золгож буй Д.Мижиддоржтой ярилцлаа. Тэрбээр 24 наснаасаа 028 дугаар цэргийн ангид жолоочоор ажиллаж, Ардын хувьсгалын ойн баяраар “ЗиЛ-157”, “ЗиЛ-131” машинаараа төв талбай дээр жагсаж явсан жолоочийн нэг юм.
-Та хаана төрж, өсөж, ямар мэргэжил эзэмшсэн юм бэ?
-Миний төрсөн нутаг Архангай аймаг. Бидний үед хүүхдүүд сайндаа л долдугаар анги төгсдөг байлаа. Төрсөн нутагтаа долдугаар анги төгсөж, 1953 онд Улаанбаатар хотын гутлын үйлдвэрт илгээлтээр ирж ажилласан. Үйлдвэрээс Чех улс руу хэдэн ажилчныг дадлага хийлгэх болсны нэг нь би. Тэнд төрөл бүрийн гутал хийж сурсан. Тэгэх зуураа жолоочийн сургалтад хамрагдан, нэг л мэдэхэд энэ мэргэжлийг сонгосон байлаа шүү дээ. Хотын худалдааны баазад таван жил жолоочоор ажиллаж, дэлгүүрүүдэд олон төрлийн бараа, бүтээгдэхүүн тараадаг ажилтай. Орон нутаг руу ч заримдаа бараа тээвэрлэнэ. 1964 оноос Улаанбаатар хотын цэргийн 028 дугаар ангид түргэн тусламжийн жолоочоор ажилд орж байв. Энэ ангид хэн дуртай нь ордоггүй, их хатуу дэглэмтэй учир мэргэшсэн, хариуцлагатай хүнийг л ажилд авна. Тэгээд 028 дугаар ангид насаараа ажиллаж, 1990 онд тэтгэвэрт гарсан. Эхлээд түргэн тусламжийн, хоёр жилийн дараагаас хүн тээврийн жолоочоор ажилласан юм. Ирэх сарын 14-нд 80 нас хүрнэ. Тэтгэвэртээ гараад гэртээ ач нараа харж байхад Нарны гүүр орчмоос Улаанбаатар, Дархан-Уул хооронд суудлын машинууд тээвэрт явдгийг анзаарсан. Тэгээд л хүн тээвэрлэх зөвшөөрөл авч, явж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн есдүгээр сараас уг ажлаа хийхээ болилоо. Хүүхдүүд минь надад санаа зовж, хэрэггүй гээд байх юм.
...“Чи хэр хурдан явж ирэв” биш, “Сайн явж ирэв үү” гэж хүмүүс мэндэлдэг. “Sonata 6”-гаа жолоодож явахад замд дохихгүй өнгөрөх хүн ховор шүү дээ...
-Хийж, хөдөлмөрлөх идэр нас тань цэргийн ангид өнгөрчээ. Юу бүтээж, ямар ажил амжуулж, гялалзаж явав?
-Тэр үед хамгийн сүүлийн үеийн цэргийн зэвсэгт техникээр “ЗиЛ-131” машин ирж, манай ангид хуваарилагдаж байв. Би Ардын хувьсгалын 55, 60, 65, Октябрийн хувьсгалын 70 жилийн ойн баяраар “ЗиЛ-151”, “ЗиЛ-131”-ээ жолоодон, пуужингаа чирээд талбай дээр жагсаж явлаа. Харин зах зээлд шилжсэнээр цэргийн анги шинэ зэвсэг, техникээр хангагдсан. Өмнө нь “ЗиЛ-131” дээр пуужингаа байрлуулдаг байсан. Харин дараа нь шинэ техникүүд пуужин угсралттай ирдэг болсон. Би Аж ахуйн ангийн захиалгын дагуу цэргийн ангиас явах машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, жолооч нарын бэлтгэлийг хангуулдаг байсан. Жолооч нар ажилдаа эзэн болж, сааталгүй явж ирнэ гээд гарын үсэг зурж, замдаа гарна. Замд машин эвдрэх, саатах нь ховор.
Тийм хариуцлагатай сайхан цаг байж. Анхныхаа медалийг цэргийн ангиас авч байв. Алтангадас одонт 028 дугаар анги гэсэн нэртэй сайхан хамт олонтойгоо хөдөлмөрлөж явлаа. Харин одоо үед одон, медалийг бараг авч ирээд өгчихдөг болжээ. Ойн медалиуд, эмэгтэйчүүдийн зөвлөлийн идэвхтэн гишүүн, Алдарт эхийн I, II одон гээд олон шагнал хүртсэн. Би ер нь хаана ч явсан сайхан хамт олонтой “золгодог”. Ихэнхдээ эрчүүдтэй л хамт явна. Алтан шар зам намайг хүрэх газарт минь саадгүй хөтөлсөөр ирсэн. Цэргийн ангид анх ороход өөр ертөнцөд ирсэн мэт л санагддаг байлаа. Гэхдээ хичээж, хатуу дэглэмд нь дассан. Тэр үед эмэгтэй жолооч тун ховор байсан юм.
-Хаанахын замаар их явж байв. Дарханыхаа замын хаана нь юу байгааг сайн мэддэг байх?
-Дарханы замыг ЗХУ-аас барьж өгсөн учир Оросын саарал гэж нэрлэдэг байсан. Хотын худалдааны баазад ажилладаг байхад сангийн аж ахуй руу оюутнуудыг хүргэх үүрэг ногдоно. Намрын буурал хяруу унах үеэр сангийн аж ахуйд ажиллаж буй хүүхдүүд даараад, миний машин руу чихдэг сэн. Одоо ч нүдэнд тодхон үзэгддэг. Модон хайрцгаа сандайлж суугаад машины тэвшин дээр дуулалдаад явдаг юм. Би дотроо тэр хүүхдүүдийг аюулгүй л хүргэх сэн гэж залбирна. Буцахдаа гурилын үйлдвэр лүү буудай тээвэрлэнэ. Их ургацтай цагт гурилын агуулах дүүрчихдэг учир одоогийн Нарангийн энгэр орчимд буудайгаа ил асгадаг байлаа. Тэр энгэрт нуруулдсан буудай алсаас шаргалтаад ямар сайхан харагддаг байсан гээч. Буудайн дээр тагтаанууд суух нь холоос цэнхэр бүтээлгээр хучсан мэт харагдана. Хүн ойртохоор нэгэн зэрэг нисээд л. Харамсалтай нь, тэр энгэр одоо хогийн цэг, айлуудаар дүүрчээ. Жолооч нар буудайгаа буулгах гээд машинаа жагсаахад хүлээж авах хүмүүс хамгийн түрүүнд намайг дуудаж, ачааг минь буулгалцана. Эмэгтэй хүн ч сайхан шүү, хаана ч явсан ямар ч эрэгтэй хүн хайрладаг байхгүй юү.
-Буудай ачсан олон машин цувж явах нь сүрлэг харагддаг байсан байх даа.
-Цувааны машинууд хоорондоо 10-15 метр зайтай явах ёстой. Харин хурдтай явж буй үед 40 метр зайтай явна. Цуваа алдагдана гээд хурдхан шиг л ачуулаад хөдөлнө. Машинуудын гэрлийг нэгэн зэрэг шилжүүлэхэд хачин гоё харагддаг. Хамгийн сүүлд би Л.И.Брежнев даргын бэлэглэсэн цэнхэр гэж нэрлэдэг “ЗиЛ-130” машиныг жолооддог байлаа.
-Та найман хүү төрүүлж өсгөсөн гэсэн. Цэргийн цаг наргүй ажлын хажуугаар олон хүүхэд өсгөх амаргүй байсан байх даа.
-Ажил албаа, ар дахь хэдэн үрээ хаана ч бодож явна. Хүүхдүүд минь ганц, хоёрхон насны зөрүүтэй. Ажлаасаа ирээд 20 гаруй даавуу угаана шүү дээ. Одооны хүүхдүүдийг бодвол их хүнд нөхцөлд хүдэр өсжээ гэж боддог. Талх, боорцог, элсэн чихэр ширээн дээр үлдээгээд гардаг. Орой ирэхэд бантан хутгаад орхисон байна. Том ахынхаа хүзүүнээс зүүгдээд, хөтлөлцөөд цэцэрлэг, сургуульдаа явцгаана. Хүүхдүүд минь бүгд ажил үүргээ хуваарилж, дэг жаягтай, бас хүдэр чийрэг өссөн. 40 литрийн бидонтой усыг мөрөн дээрээ өргөөд л ирдэг сэн. Ингэж өссөн хүүхдүүд хэлсэн үүрэг даалгаврыг ягштал биелүүлдэг болчихдог юм билээ. Миний хань, том хүү минь бас цэргийн хүн. Долоон хүү минь гэр бүл зохиож, тусдаа гарсан. Бага хүү минь надтай хамт амьдарч байна. Одоо хүнээс дордох юмгүй сайхан л амьдарч байна. Эрэгтэй хүүхдүүд өөрсдөө мэдээд, шийдвэрээ гаргаад явчихдаг нь сайхан.
-Дарханыхан таныг анддаггүй юм билээ. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замд 20 гаруй жил “жирийхэд” машины дугуй хагархаас эхлээд хэцүү үе бишгүй л тохиолдсон байх.
-Одоо цагт зам, тээвэр, төвлөрсөн систем хөгжиж, үйлчилгээ үзүүлэхэд амар болсон. Хүн тээвэрлэж, амь насыг нь хариуцаж яваа гэдгийг жолооч нар үргэлж санах хэрэгтэй. Би ч цэргийн ангийн жолооч гэсэн нэрээ бодож, аюулгүй байдлаа бүрэн хангаж явдаг. Хийх ёстойгоо бүрэн дүүрэн, ягштал биелүүлээд гэртээ орох сайхан. Ядаж л хүмүүсийн ачааг сольж, эсвэл үрэгдүүлэхгүй хүлээлгэн өгч, эздийг нь дулаахан явуулах хэрэгтэй. Орчин үеийн машин миний барьж байснаас загвар, хийцийн хувьд өөр болчихсон. “ЗиЛ-131”, “ЗиЛ-157”-д бол би “эзэн” шүү дээ. Тээвэрт сааталгүй яваад ирэх их сайхан. Баруун аймаг руу бараа тээвэрлэхдээ гурав гурваараа хамт явна. Машин саатсан, саатаагүй ч бүгдэд гурвуулаа хүчин зүтгэнэ. “Чи хэр хурдан явж ирэв” биш, “Сайн явж ирэв үү” гэж хүмүүс мэндэлдэг. “Sonata 6”-гаа жолоодож явахад замд дохихгүй өнгөрөх хүн ховор шүү дээ. Миний мэргэжил олонтой уулзуулж, нөхөрлөж, туслаж, дэмжүүлж явдаг сайхан алба. Зарим нь надтай ганц, хоёр өдөр тааралдахгүй бол эрж, сурна. Хамт тээвэрт явдаг жолооч нар надад хүн хуваарилж өгөөд явуулна. 07.00 цагт л гэрээсээ гарч, Улаанбаатараас Дархан-Уулд оччихоод, буцаад ирнэ. Заримдаа амжвал хоёр удаа явчихна. Эхэндээ өдөр алгасалгүй л явдаг байлаа.
-Та насаараа хувь, хувьсгалын машин жолоодож явжээ. Машин барьж буй хүмүүст юу зөвлөх вэ?
-Жолоочийн мэргэжил элдэв зүйл бодохгүй сайхан ажил. Би машин барьж яваагаа байнга зүүдэлдэг. Ялангуяа бодож, баярлаж, санаа зовж явсан үе зүүдэнд орно. Хүүхдүүд тээвэрт яваад ирсний дараа “Та хаачив, гэртээ сууж байхгүй” гээд загнана. Ер нь аюулгүй байдлаа хангасан байхад юунд нь айж сандрах вэ дээ. Сүүлийн үед жолооч олширч, айхавтар хурдтай, болгоомжгүй явцгаах болж. Жолооч хүн хойд, урд талын машинаа сайн харж, тольтойгоо “харьцаж” сурах хэрэгтэй. Таны амь нас, ямар жолооч нарын дунд орчихов гэдгийг анхаарч, үргэлж ойролцоох машинаа ажиглаж явах ёстой. Нөөц дугуйгүйгээс замд гар өргөөд зогсож буй хүн олон таардаг. Зарим нь дугуй, данхрад, торцов гурав үгүй байж, хууль бусаар хүн тээвэрлэж явах юм. Нэг залуу гурван хүүхэд суулгачихсан дугуйгаа хагалчихаад зогсож байхтай таарсан. Хүүхдүүдийг нь өрөвдөөд дугуй, данхрад, торцовоо өгч билээ. Даанч холбогдож, эргүүлж өгөөгүй. Би ер нь машин барьж явахдаа утсаар ярьдаггүй. Ялангуяа залуус их болгоомжгүй явж, өөрийн болон бусдын амийг хохироож байна. Албаны, хувийн гээд Улаанбаатар Дархан-Уулын чиглэлийн замаар би хамгийн олон удаа зорчсон. Энэ замд осол их гарна. Тиймээс машиныхаа бэлэн байдлыг сайн шалгаж, ядахдаа нөөц дугуйтай замд гарч байгаарай гэж захья.