Эртнээс өнөөг хүртэл уламжилж ирсэн үндэсний наадгайн нэг бол шагай. Шагайн харваа нь шаггүй тэвчээр шалгасан сонирхолтой тоглоом. Зөвхөн эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог энэ спортод татагдах хүмүүсийн хүрээ жилээс жилд нэмэгдсээр байна. Шагайн харваа XIII зууны үед үүсэж, эхэн үедээ хаад, ноёдын өргөөндөө зугаацдаг наадгай байсан бол хожим эрчүүдийн хэр мэргэн болохоо харуулж нааддаг спортын нэгэн төрөл болж хөгжсөн гэдэг. Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, “Алдар” спорт хороо, АПУ компанийн багийн ахлагч, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранзыг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
... Шагай харваач сум тавьж, цэц мэргэнээ тааруулна. Сэтгэл хөдөлж, эсвэл оволзон шатаж харвавал амжилт гаргахгүй....
-Шагайн харваа нүүдэлчдийн ахуй амьдралаас улбаатай уламжлагдаж ирсэн наадгай. Монгол наадгайн өв соёлыг тээсэн үндэсний спортод шагайн харваа зүй ёсоор багтдаг. Таныг энэ спортод дуртай болоход хэн нөлөөлсөн бэ?
-Аав, ах минь шагай харвадаг болохоор харж, оролдсоор байгаад сурсан. Ойр дотнын минь хүмүүс шагай харваж наадахаар өөрийн эрхгүй сонирхдог юм билээ. Би шагайн харваагаар хичээллээд 20 жил болж байна. Анх сурч байхдаа сонирхох маягаар хорхойгоо дардаг байлаа. Сүүлдээ ахынхаа хашлага сумаар харвадаг болсноор ур чадвар минь жилээс жилд ахисан. Аймгийнхаа шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээнд 1998 онд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Тэр үед сумынхаа ах нарыг дагаж очоод тэмцээнээс медаль авсан тул их урамшиж хичээллэх болсон доо. 1999 онд шагайн харваа Үндэсний их баяр наадмын дөрөв дэх төрөл болж, хөтөлбөрт нь албан ёсоор багтсан. Улсын наадмын шагайн харвааны тэмцээнд 2005 оноос анх оролцож өнөөг хүрлээ. Би АПУ компанид шагайн харвааны баг байгуулаад 10 гаруй жил болжээ. Манай багт мэргэн харваачид бий. Сүүлийн үед шагайн харваа хилийн чанадад хүрээгээ тэллээ. Тэр дундаа залуус сонирхож, харвадаг болсон нь сайн хэрэг. Миний хувьд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа шагайн харвааны тэмцээнд очиж оролцсон удаа олон. Би Монгол орноороо бахархдаг. Аймаг, аймагт тэмцээн зохион байгуулдаг болохоор надад очиж үзээгүй газар ховор. Нутаг, нутгийн байгалийн сайхныг харж, эртний түүх дурсгалуудыг үзэж сэтгэлээ сэргээх сайхан. Надад хүсэл сонирхол нэгтэй олон найз бий. Хамтдаа тоглож, өссөн нөхөд минь шагайн харваагаар хичээллэн, нэг баг болж тоглодог.
-Шагайн харваа нарийн дэг жаягтай. Энэ нь хүүхэд, залуусыг үндэснийхээ ёс заншлыг хүндлэн дээдлэхэд сургадаг.
-Монголчууд шагайн харвааг цагаан мөртэй наадгай хэмээн ярьдаг. Шагай харваачид 2014 онд ЮНЕСКО-гийн биет бус өвд уламжлалт энэ наадгайг бүртгүүлсэн. Шагайн наадгайг дэлхийн соёлын өвд бүртгүүлж чадсандаа бид баяртай байдаг. ЮНЕСКО-д бүртгүүлсний бэлгэдэл болгож, жил бүр дуут наадам зохиодог болсон. Шагайн харваа уухай, дуутай байдаг болохоор дуут наадам гэж нэрлэсэн. Бөхчүүд дэг жаягаа нарийн чанд баримталдаг бол бид ч бас адил. “Монголын Нууц Товчоо”-нд өгүүлсэн Тэмүүжин, Жамуха нар шагай солилцон анд болж, нэгнийхээ өгсөн шагайг дурсан, хадгалж явсан нөхөрлөлийн нандин түүхийг уншаагүй хүн ховор байх. Энэ утгаар өгүүлбэл найз нөхөрлөлийг ч батжуулж өгдөг. Хубилай хаан дайн тулаангүй үед эрхий мэргэн харваачдынхаа хурууны эрчийг хадгалахын тулд наадаж ирсэн гэдэг. Ингэх нь бэлтгэл сургуулилалт байнга хийлгэх мэргэн санаа байжээ. Шагайн харваа хийморь сэргээж, сэтгэл баясган, стресс тайлдаг спорт. Үндэсний өв уламжлалаа маш сайн хадгалж үлдсэн. Монголчууд бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур, шагай харвахад мэргэн болно гэж эрт үеэс хүндэтгэж ирсэн. Миний хувьд олон зууны соёлыг өнөөг хүртэл хадгалж ирсэн эрийн гурван наадмаа соёлын томоохон өв гэж үздэг. Тиймээс өв соёлоо дээдлэх нь Монгол хүн бүрийн үүрэг гэж боддог юм. Багаасаа шагай харвасан хүүхэд тэвчээр хатуужилтай болохоос гадна аливаа зүйлийн учрыг нарийн тунгааж боддог болдог. Энэ бол өвөг дээдсийн минь хойч үеэ сурган хүмүүжүүлдэг байсан гайхалтай ухаан тоглоом, наадгайгаар уламжлан ирснийг харуулж байгаа юм.
НУТГИЙН АХМАД ХАРВААЧИД УУХАЙГ ДОМЫН ШИНЖ АГУУЛСАН ГЭЖ ЯРЬДАГ
-Шагайн харвааны уухайд учир их бий шиг санагддаг. Сонсох тусам аялгуут дуу шиг чихэнд нэг л чимэгтэй сонсогддог шүү.
-Нутгийн ахмад харваачид уухайг домын шинж агуулсан гэж ярьдаг юм. Шагайн харвааны уухайн дуунд лус баярлаж, хураа хайрлаж ган гачиг тайлагдан, байгаль дэлхий өнгөө засдаг гэдэг юм билээ. Тиймдээ ч шагайн харваа болж буй газар бороо заавал ордог нь ийм учиртай. Өгөөдэй хааны үед шагайн харваа үүсэн, найр, наадам хийж харваачдынхаа эрхий мэргэнийг сорьдог байсан гэлцдэг. Эртнээс улбаатай энэ сайхан уламжлал өнөөгийн энх цагт спортын нэгэн наадгай болж хөгжсөн нь гайхамшигтай. Уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл, хэв маягаас үүдэлтэй дөрвөн чиглэлд хуваагддаг. Төв халхын угалз уухай, боржигон уухай, зуутын идэрийн уухай, баруун монгол буюу дархад уухай гэж төрөлжүүлэн ардын язгуур урлагийн төрөлд багтаан үндэсний соёлын үнэт өв хэмээн үздэг байжээ. Төв болон баруун аймгуудад шинийн 3-ны дотор хотондоо шагай харвасан айлын мал тэр жилдээ өвчин эмгэггүй өсөж үрждэг, шагайн харвааны уухайн дууг сонссон хүний хийморь сэргэдэг хэмээн бэлгэддэг.
-Шагайн харваанд тойром харваа гэж бий. Наадмын дараа шагайн харваачид газар бүрээс цуглаж тойром харваа их тоглодог юм билээ.
-Тойром харваа 415 жилийн түүхтэй. Бадын бөөрийн тойром, Наран хөгцтийн тойром, Хонхор нуурын тойром гэж бий. Энэ харваанд нутаг, нутгийн харваачид ирж оролцдог уламжлалтай. Тал бүрээс шагайн харвааны багийн гишүүд цуглаж, хамгийн ахмад шагайн харваачаас эхэлж тойрч тоглодог онцлогтой.
-Та олон жил шагай харваж байна. Энэ спортын ач тусыг олон зүйл дээр мэдэрсэн болов уу?
-Харваач хүн шагай няслахын өмнө олон зүйлийг бодож, нарийн тооцоолон, дотоод сэтгэлээ чагнаж сумаа тавьдаг юм. Тиймдээ ч ухаан, ур чадвар, мэдрэмж шаардсан сэтгэл зүйн тоглоом. Үүгээр олон жил хичээллэсэн хүн бие эрүүл, оюун ухаан саруул, нүдний хараа сайн, хөдөлгөөний дутагдалд ордоггүй. Шагайн харваанд харвалтын техник, мэдрэмж, сэтгэл зүйн бэлтгэл чухал байдаг. Гарын хүч их байлаа гээд байг ононо гэсэн үг биш. Шагайн харвааны сумыг бугын эврийн таваар, хасааг нь бугын зургаа, 12 салаа эврээр урладаг байсан. Одоо бол хасааг хуванцраар голдуу хийж байна. Шагай харваач сум тавьж, цэц мэргэнээ тааруулна. Сэтгэл хөдөлж, эсвэл оволзон шатаж харвавал амжилт гаргахгүй. Гэр бүл минь ойлгож дэмждэгийн ачаар олон жил хичээллэлээ. Би АПУ компанид ажилладаг. Байгууллагын удирдлага, хамт олон минь намайг ойлгож, үргэлж дэмждэгт баярлаж явдаг.
ААВ “ХҮҮ МИНЬ ЧИНИЙ АЛДАР ЯМАРАНЗ БУРХНЫ НЭР” ГЭЖ ХЭЛСЭН
-Та Монгол Улсын үлэмж дархан мэргэн цолтой. Бөхчүүд даваа өгсөж барилдах бүртээ цол хүртдэг. Шагай харваачид хэрхэн цол хүртдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Энэ талаар сонирхуулж яриач.
-Шагай харваачид Үндэсний их баяр наадам, УАШТ-д медаль хүртсэн тохиолдолд цол хүртэх, ахиулах болзол хангадаг. Монгол Улсын мэргэн, улсын хошой мэргэн, гарамгай мэргэн, дархан мэргэн, үлэмж дархан мэргэн, даяар дуурсах дархан мэргэн гэсэн цол бий. Үлэмж дархан мэргэн цолыг дээрх тэмцээнд таван удаа түрүүлж, медаль байрт шалгарсан тохиолдолд олгодог юм. Би 2009 онд үлэмж дархан мэргэн цол хүртсэн. Нутгаасаа төрсөн анхны үлэмж дархан мэргэн. Энэ цолыг хүртэхэд Нутгийн зөвлөлөөс миний нэрэмжит шагайн харвааны тэмцээн зохион байгуулж, бөх барилдуулан, соёолон насны морь уралдуулж мялааж байлаа.
-Шавьтай болж байна уу?
-Сүүлийн үед нутгийн хүмүүс хүүхдүүдээ шавь болгох санал тавьдаг боллоо. Шагайн харваа хөгжихийн хэрээр тэмцээн энд тэндгүй болдог. Багууд бэлтгэл сургуулилалтаа хэр хийж байгаа нь тэмцээнд үзүүлж буй амжилтаас нь харагддаг. Миний хувьд аймагтаа болон төрсөн нутагтаа шагайн харвааг хөгжүүлж, залуусыг энэ спортоор хичээллүүлэх зорилготой. Сумын сургуулийн биеийн тамирын багш нар шагайн харвааны секц хичээлүүлдэг юм. Ахмадуудынхаа залгамж халаа болж нутгаас минь мэргэн харваачид төрнө гэдэгт итгэлтэй байна.
-Та наадмаар бөхчүүдийн барилдаан үзэж, нутгийнхаа бөхчүүдийг дэмжиж суугаа харагддаг.
-Хурдан морины уралдаан, бөхийн барилдаан үзэх дуртай. Миний төрсөн ах нар морьдоо сойж, аймаг, сумын наадамд уралдуулдаг юм. Нутагтаа очсон үедээ ахынхаа уясан морьдыг харж хийморио сэргээдэг. Улсын их баяр наадмын шагайн харваа тавын давааны өмнө өндөрлөдөг. Шагайн асраас гараад л Төв цэнгэлдэх хүрээлэнд багийнхаа харваачидтай бөх үзэхээр тухална шүү дээ. Би долоо хоногт хоёр удаа бэлтгэл хийдэг. Улсын наадам болон томоохон тэмцээний өмнө 10 хоног багийнхантайгаа бэлтгэлд гардаг.
-Таны нэр их содон. Монголд ийм нэртэй хүн ховор байх аа?
-Намайг төрөхөд нутгийн нэгэн номтой лам энэ нэрийг хайрласан гэдэг. Аав минь хожим надад “Хүү минь чиний алдар Ямаранз бурхны нэр юм шүү дээ. Нэр, төрөө өндөрт өргөж, өөдрөг зүйлийн төлөө үргэлж тэмүүлж яваарай” хэмээж билээ.