Нэгэн уран бүтээлийн гэрэл зургийг санамсаргүй олж үзээд яагаад ч юм бэ эзэнтэй нь уулзах хүсэл төрсөн юм. Үзэсгэлэнт бүсгүй, түүний хажуу дахь хангал бугын толгой үүлэн дунд байх нь нэн сонирхолтой. Зургийн үндсэн дэвсгэр өнгө сэтгэл татам цэнхэр аж. Ямартай ч залуу хүний өөдрөг, хайр шингэсэн бүтээл гэдэг нь мэдрэгдэнэ. Сэтгэл, нүдийг минь татсан тэр бүтээлийг Оргилын Золбоотөгөлдөр хэмээх бүсгүй зуржээ.
Тэрбээр 2010 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн монгол зургийн ангийг төгсөөд, Польшид гурван жил мэргэжлээрээ суралцсан юм байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа бие даасан үзэсгэлэнгээ толилуулснаас гадна БНСУ-ын Бусан хотын урлагийн наадамд хоёр, тус улсын Чанвонд зохион байгуулдаг MAF олон улсын арга хэмжээнд оролцжээ. Мөн 2018 онд ОХУ-ын Саха улсын Якутск хотод зураач Т.Найманчулуунтай хамтран үзэсгэлэнгээ дэлгэсэн байна.
Түүнтэй уулзахаар урланд нь очлоо. Энд тэнд “хөглөрөх” бийр, будаг, хананд өлгөөтэй зургууд, хуйлаастай зотон, хайш яйш эд зүйлс гээд зураачдын ажлын байрны түгээмэл дүр зураг угтав. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл нь дугуй хэлбэртэй, товгор хөрөг. Алдарт А.С.Пушкиний эл хөргийг 1970-аад онд ээжид нь хэн нэгэн бэлэглэсэн аж. Түүний ээж С.Одхүү И.Репиний академи төгссөн ч геологич нөхрөө даган хөдөө олон жил амьдарч уран бүтээлээ “хойш тавьсан”, үзэсгэлэнгээ ч гаргаж амжаагүй эгэл нэгэн байжээ. О.Золбоотөгөлдөр 2017 онд ээжийнхээ уран бүтээлүүдээс дээжлэн “Репиний академи дүүргэсэн малчин бүсгүй” үзэсгэлэн гаргасан гэнэ.
Зураач бүсгүйн урланд том хэмжээтэй хэд хэдэн зураг байгаа нь бүгд л тун битүүлэг утга санаатай, дүрслэл нь ч нууцлаг агуулгатай юм. Мажик (шидэт) реализм урсгалаар зурсан гэж тэрбээр тайлбарлалаа.
Энэ зурагнаас үүдэн түүнтэй ярилцах хүсэл төрсөн юм
-Мажик буюу шидэт гэдгийг үлгэр, домгийн гэж хөрвүүлэх нь бий. Ялангуяа уран зохиол, уран зургийн урлагт. Сүүлийн үед олон улсад залуу уран бүтээлчид энэ чиглэлээр зурах нь элбэг болжээ.
-Уран зургийн хувьд дан мажик реализм гэж томьёолох нь учир дутагдалтай. Үүнийг неореализм гэвэл илүү тохиромжтой юм болов уу. Уран зохиолд мажик реализм хүчтэй мэдрэгддэг.
-Таны уран бүтээлийн голчлох сэдэв нь юу бол?
-Дагнадаг сэдэв гэж байхгүй. Амьдралын явцад хүний оюун бодол, үзэл санаа, ертөнцийг харах өнцөг өөрчлөгддөгтэй холбоотой юм болов уу зурах сэдэв ч хувьсаад байдаг. Жишээ нь, уран бүтээл хийж эхлэх үедээ неореализм, абсурд, хийсвэрлэл, өөрөөр хэлбэл илүү хөнгөн маягтай зурдаг байсан. Өөрийгөө тунхаглахыг хүсэж 2013 онд гаргасан анхны үзэсгэлэнд минь тийм уран бүтээл зонхилсон. Уран зураг бол зураачийн оюун санаа, сэтгэлээс ургадаг зүйл. Сүүлийн үед сэтгэл зүйн комплексуудаар “оролдож” байна. Тодруулбал, хүүхэд насны дурсамжууд далд ухамсарт хадгалагдаж, насанд хүрсэн хойно амьдралд болон сэтгэлд хэрхэн нөлөөлдгийг харуулахыг хүссэн. Далд ухамсрын сэдэвтэй бүтээл хийхэд судалгаа их шаарддаг. Аливаад илүү нухацтай хандах шаардлагатай гэх юм уу даа. Энэ бол ертөнцийг үзэх үзэл, философи минь өөрчлөгдөн, хувьсаж буйн нэг илрэл. Үзэл бодлын минь шилжилтийн нэг үетэй холбоотой “Эмэгтэйчүүдийн үдэшлэг” зургаа би зарахыг хүсдэггүй. Учир нь илүү хүнд сэдвээр зурж, хэв маягаа эвдсэн анхны минь ажил юм. Би нэг хэсэг бурхан ч зурдаг байсан. Хайртай хосуудын талаар гэгээлэг, “хөөрхөн” зураг зурж байсан үе ч бий. Хүмүүс тийм зурагт их дуртай, худалдаж авах нь олон байдаг юм билээ.
-Тэгвэл ямар сэдвээр зурахыг хүсдэг вэ?
-Би нэг талаараа их фантастик (уран зөгнөлтэй, жигтэй сонин) байхыг эрмэлздэг. Жишээ нь, хүчирхийлэлд автсан, сэтгэлдээ шархтай хүмүүсийг урлагтайгаар, эергээр илэрхийлж, цаашид амьдрахад нь туслахыг хүсдэг. Хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөн ч хэлж чадахгүй насан туршдаа сэтгэл зүйн дарамттай байсан хүнийг зөв хүлээж авдаггүй буруу хандлага манай нийгэмд байдаг. Хүчирхийлэл зөвхөн бие махбодынх байдаггүй. Буруу, муу үг хүний сэтгэлийг, ялангуяа хүүхдийнхийг насан туршид нь гэмтээдэг. Аав нь “Арчаагүй” гэхчлэн загнасан нь охины сэтгэлд үүрд үлдэж ч болно. Сүүлийн үед сэтгэл зүйн бэртэл, гэмтэл сэдвийг “барьж” авсан, нэг баримал хийхээр хэдэн сарын хугацаанд “нухаад” л байна. Би өнгөрсөн оны өвөл Тайландад “Сэтгэл зүйн хүн асуудалтай эмэгтэйчүүдэд туслах” сэдвээр явуулсан наадамд оролцсон юм. Сэтгэлийн шархтай эмэгтэйчүүдтэй уулзаж, зурах, бүтээлч байхыг зааж, харилцан яриад, тэдний сэтгэгдлээс ургуулан хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргах зэрэг цогц арга хэмжээ юм. Засгийн газрынх нь дэмжлэгтэйгээр зохион байгуулсан маш том наадам юм билээ.
-Зурахаас өөр ямар чиглэлээр уран бүтээл хийдэг юм бэ. Та нэлээд хэдэн номын зураг зурсан гэж сонссон. Энэ төрлийн ажил ямар байдаг вэ?
-Барималтайгаа уялдуулаад зөөлөн чихмэл хийж байна. Ер нь уран бүтээлийн эрэл хайгуул хийгээд, өөрийгөө сорьж байгаа хэрэг. Номын зургийн хувьд нийгэмд их өгөөжтэй, үлдэцтэй. Гэхдээ Монголд зах зээл хумигдмал. Нөгөө талаас номын зургаа өндөр хөлсөөр хийлгэх нь бараг үгүй. Зарим тохиолдолд үнэгүй шахам, нөгөөх хүндээ тус хүргэх маягаар зурах нь бий. Үүнд бодлого, зохицуулалт хэрэгтэй санагддаг. Үүнээс гадна үнэ хөлсөндөө бус, сэтгэлээрээ холбогдон ажилладаг хамтрагч байдаг юм. Жишээ нь, би Төрийн шагналт, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайтай олон жил хамтран ажилласан. Хамгийн сүүлд “Долоон бөхтэй тэмээ”-гээ Хонконг руу гаргахаар ажиллаж байхдаа золгүйгээр нас барсан нь харамсалтай.
-Тантай уулзах сэдэл төрүүлсэн зургийн талаар ярилцъя.
-Энэ зургийг ирэх дөрөвдүгээр сард нээх галерейд зориулан зурж байгаа юм. Дуусгаж, нэр өгч ч амжаагүй байна. Сэтгэл зүйн сэдэвтэй зураг. Хүн оюун ухаандаа захирагддаг уу, эсвэл далд ухамсартаа юу гэхчлэн олон санаа агуулсан. Бугаар эрэгтэй хүнийг төлөөлүүлсэн.
“Эмэгтэйчүүдийн үдэшлэг”
-Би үүнийг онгод, тэнгэртэй холбоотой зураг болов уу гэж таамагласан юм. Тэгтэл арай өөр утга санаатай юм байна. Ер нь онгод гэдгийг та юу гэж боддог вэ. Түүнийг яаж мэдэрдэг бол?
-Урланд маань дуусгаж чадаагүй олон зураг байгаа. Оюун санаанд минь эвлэж өгөхгүй, яг л паззл шиг зүйлүүд цэгцэндээ орох үед л дуусгах байх. Магадгүй үүнийг онгод гэж хэлэх хүн байж мэднэ. Миний бодлоор, хүн тухайн ажилдаа ухаан санаагаа төвлөрүүлээд, ямар нэгэн орц, гарц хайж, сэжим сэжүүр, учир начрыг олох нь онгод.
-Таны хөрөг дээрх эмэгтэйчүүд дандаа урт, жартгар, онигор нүдтэй байх юм. Монгол төрхтэй холбоотой юу, эсвэл өөр илэрхийлэл юм уу. Ер нь бүтээлүүддээ ямар элемент шигтгэхийг зорьдог бол?
-Зургууддаа Монголыг илэрхийлэх ямар нэгэн зүйл шигтгэхийг зорьдог. Гэхдээ яг уламжлалт хээ угалз, дээл зэргээр бус, янз бүрийн жижиг элемент оруулдаг. Жартгар нүдийг ч нэг талаараа монголчуудтай холбож болох байх. Миний хувьд охиныхоо нүдийг дүрсэлдэг. Тийм өвөрмөц төрхийг нь гоё гэж мэдрүүлэхийг хүсдэг.
-Гэтэл орчин цагийн эмэгтэйчүүд давхраатай нүд, өргөн хөмсгийг шүтэж, өөрт байхгүйг гоо сайхны хагалгаагаар бий болгож байна. Энэ талаар таны бодол ямар бол?
-Гоо сайхны мэс ажиллаврыг үгүйсгэхгүй. Насны эрхээр зовхи нь унжиж, сэлхийвэл бага зэрэг өргөж, янзлуулахыг лав буруушаахгүй. Би өөрөө ч тэгэх байх. Харин хүүхэлдэй шиг байх, бусадтай адил болох гээд нүүрээрээ “оролдуулах” нь үнэндээ бол дутуугийн комплекс гэж боддог.
-Зураач болон хувь хүнээ, өнөөгийн нийгмийг өнгөөр илэрхийл гэвэл ямар дүр төрх харагдаж байна вэ?
-Хувь хүнийхээ хувьд даруухан, зөөлөн талдаа учраас саарал өнгийг сонгоно. Харин уран бүтээлчийнхээ хувьд хурц, улаан, цэнхэр өнгөтэй. Өнөөгийн нийгмийг би жамаараа л явж байна гэж үздэг болохоор бүх өнгөөр илэрхийлнэ.
-Зураачийн гол багаж бол зотон, бийр, будаг. Ажлын багажаа яаж сонгодог вэ. Зотонгоо өөрөө татдаг уу?
-Жижиг хэмжээтэй зургуудынхаа зотонг өөрөө татчихдаг. Материал сонгохдоо эдэлгээг нь тооцох ёстой. Миний зургийг авсан хүн сэтгэл ханамжтай байж, бүтээл минь удаан хадгалагдахад материалын чанар нөлөөтэй. Гэхдээ байнга өндөр үнэтэй будаг, бийр хэрэглэнэ гэвэл эдийн засгийн боломж бололцооноос эхлээд асуудалтай. Энэ бол ялангуяа залуу уран бүтээлчдэд тулгардаг зүйл. Бас боломжгүй гээд хямдхан, чанаргүй материал хэрэглэж болохгүй л дээ.
-Зарим зураач урландаа цэгцтэй байж чаддаггүй. Зориуд эмх цэгцгүй болгодог, тэгснээр илүү бүтээлч болдог гэдэг. Цэгцгүй бол ажиллаж чадахгүй гэх нь ч бий. Таны хувьд аль нь вэ?
-Урлан маань харьцангуй жижиг болохоор хүссэн ч цэгцтэй байж чаддаггүй. Зай талбай том бол замбараатай, цэгцтэй байхыг л хүснэ. Гэхдээ мэдээж уран бүтээл хийж байгаа газарт оффис шиг гял цял байх нь үгүй шүү дээ.
-Барууны орнуудад уран бүтээлчдээ дэмждэг гоё бодлогууд бий. Гадаадын зураачдад чиглэсэн, амьжиргааных нь мөнгийг “олж” өгөх арга хэмжээнүүд ч байдаг. Манайд ийм бодлого үгүйлэгддэг. Залуу уран бүтээлчдэд өнөөдөр ямар хүндрэл тулгарч байна вэ?
-Манайд залуу зураачдаа дэмжих нь бага. Наад захын жишээ гэхэд л ажлын байр буюу бидний хувьд урлангийн асуудал хэцүү. Хувиараа энд тэнд байр түрээслээд л явж байна. Уг нь Монголын урчуудын эвлэлийн хорооны урлангийн өрөөнүүдийг хөдөлгөөнтэй байлгавал зүгээр. Залуучуудаа хөл дээр нь зогстол 3-5 жилээр ээлжлэн ажиллуулах зэрэг зохицуулалт хийж болмоор санагддаг. Тэнд 20 настайдаа ороод одоо хэр нь байгаа хүн олон. Ингэж хэллээ гээд ахмад зураачдаа гарга гэсэн үг биш л дээ. Нөгөөтээгүүр, нөлөө бүхий хүмүүстэй “ах, дүү” болохгүй бол ажил явдаггүй хачин тогтолцоо манай нийгэмд бий.
-Та юунаас аз жаргал мэдэрдэг вэ?
-Зургаа дуусгаад, дуу сонсоод, найз нартайгаа уулзахдаа гэхчлэн олон зүйлээс аз жаргалыг мэдэрдэг. Гэр бүлтэйгээ эрүүл, элэг бүтэн, амар амгалан байх нь дээд аз жаргал юм болов уу.
Сэтгэлгээ бол хүнийг хааш нь ч хөтөлж, юу ч хийлгэж чадах хүчтэй давлагаа. Үүний үр дүнд уран бүтээлч хүн ямар ч тэсрэлт хийж мэднэ. “Их, бага хийхдээ гол нь биш, байнга хийх нь чухал гэсэн зарчим баримталдаг, зураас болгоныг чин сэтгэлээсээ татаж, чанартай бүтээл хийхийг эрмэлздэг” гэсэн зураач бүсгүй далд ухамсрын давлагаанд хөтлөгдөн илүү гайхалтай, нууцлаг бүтээлүүдээ удаах үзэсгэлэндээ дэлгэх нь лавтай.