Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал өчигдөр боллоо. Сайд Д.Сумъяабазар, тус яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад мэргэжилтэн оролцсон уг хурлын үеэр уул уурхай, аж үйлдвэр, ашигт малтмал олборлолтын салбарын өнгөрсөн оны бүтээмж, гүйцэтгэлийн тайланг танилцуулсан юм. Мөн салбарын сайд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв.
-Шатахууны үнийг барих зорилгоор эрсдэлийн сан байгуулж, хидж гэрээ хийсэн талаараа тодруулна уу?
-Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд зах зээлд давуу эрхтэй оролцон, гадаадын зах зээлд газрын тосны ханш өсмөгц дотоодод борлуулдаг жижиглэнгийн үнийг нэмэн, харин хямдархад нь буулгадаггүй жишиг тогтсон. Үнийн өсөлт нь инфляцыг хөөрөгдөн, бүх төрлийн бараа, үйлчилгээний өртгийг нэмэхэд хүргэдэг. Үүнийг хязгаарлах зорилгоор үүсмэл арилжаа буюу хидж гэрээг анх удаа байгууллаа. Тодруулбал, “Brent” маркийн баррель нефтийн үнэ 71 ам.доллароос хэтэрвэл үнийн зөрүүг нь гэрээний нөхцөлөөр Сингапурын BDO компаниас гаргах юм. Харин үнэ хямдарвал жижиглэн борлуулалтын ханшийг ч буулгах боломжтой. Уг хэлцлийг Аи-92 маркийн автобензиний манай улсын хагас жилийн хэрэглээ буюу 200 000 тонноор тооцон, Ашигт малтмал, газрын тосны газар, BDO компани хооронд байгуулсан. Ер нь цаашид энэ төрлийн гэрээ байгуулж, үнийг дунд, урт хугацаанд тогвтортой барих бодлого баримтална.
-Дорнод аймагт газрын тос олборлон, экпортолж буй “Петро Чайна дачин Тамсаг”-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд зогсоон, компани болон орон нутгийнхан хооронд үл ойлголцол үүссэн. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Энэ бол ашигт малтмалын нөөц ашигласны татварын 30 хувийг тухайн сум, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх шаардлагатайн нэг жишээ. Компаниуд он удаан жил уурхай ажиллуулж, бүтээгдэхүүн олборлож буй ч сумдын хөгжил, иргэдийн амьжиргаанд өгөөжгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд ч муу ажилладаг зэрэг нь иргэд зарим аж ахуйн нэгжийг эсэргүүцэх шалтгаан болж байна. Ийм маргаанаас үүдэн “Петро Чайна дачин Тамсаг”-ын ажлыг зогсоочихоод байгаа юм. Өнгөрсөн жил Дорнод аймгийн удирдлагууд уг компанитай 500 000 ам.долларын гэрээ байгуулжээ. Гэтэл Халх гол, Матад сумд ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй, мөнгө зарцуулаагүй байна. Үүнийг өөрчлөх, сумдын оршин суугчдын амьжиргаанд дэм болох, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр барихад дэмжлэг үзүүлэх шаардлагыг бид тус компанид хүргүүлж, зөвшилцлөө. Үүний дүнд энэ онд сум тус бүртэй 450 000 ам.долларын гэрээ байгуулахаар болсон. Ер нь АМНАТ-ийн 30 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болчихвол ийм асуудал гарахгүй болов уу. Энэ талаар Сангийн яаманд мөн хүсэлт хүргүүлсэн.
-“Петро Чайна дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаа байгаль орчинд сөргөөр нөлөөлж, орчин тойрондоо газрын тосны хаягдал булж, асгаж буй гомдол их бий. Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?
-Тус компанид шаардлага хүргүүлж, харилцан зөвшилцсөн. Тэд энэ хаварт багтаан газарт болон тусгай нүхэнд асгасан газрын тосыг шавар, шороо, уснаас нь ялгах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэж хаягдал тосыг бусад механик хольцоос ялгаснаар ахин нэрж, ашиглах боломж бүрддэг юм байна. Ингэснээр хөрсөнд нэвчих, мөн зориулалтын синтетик материал дэвсэн газарт булдаг байсан хаягдал дахь тосны хэмжээ багасан, сөрөг нөлөөлөл нь буурах юм.
-Импортын шатахууны стандартыг “Евро 5”-руу шилжүүлж, өндөр октантай, чанартай бүтээгдэхүүнийг хойд хөршөөс худалдан авах боломж бүрдүүлнэ гэсэн. Энэ ажлын явц ямар байна вэ?
-Бид “Евро 5” стандарттай шатахуун худалдан авах тухай саналаа “Роснефть” компанид хүргүүлсэн. Гэтэл одоогоор ийм стандарттай шатахуунаар дотоодынхоо хэрэглээг ч хангаж хүчрэхгүй байгаа юм билээ. Тиймээс хэсэг хугацааны дараа, тодорхой хязгаарлалттайгаар нийлүүлэх боломжтой гэсэн. Энэ талаар болон энэ онд манай улсад хэрэглээний шатахууныг ямар ханшаар нийлүүлэх, нөөцийг хэрхэн бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагаагаа төлөвлөх зорилгоор ирэх пүрэв гарагт холбогдох мэргэжилтнүүд Москва руу явж, “Роснефть”- ийн төлөөлөгчидтэй уулзана.
-“Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн IPO гаргах ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү.
-IPO гаргах ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгааг хэлье. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломж алга. Энэ нь мэдээллийн нууцлалыг хадгалах, ажлын явц бүрийг тайлагнахгүй байх тухай гадаад, дотоодын зөвлөх компанийн мэргэжилтнүүдийн шийдвэр юм. Товчхондоо, ажлын гүйцэтгэл сайн, бэрхшээл бага байна. Бичиг баримтаа бүрдүүлэх ажлаа ирэх хоёрдугаар сард багтаан дуусгаж, гуравдугаар сард олон улсын хөрөнгийн биржүүдэд материалаа хүргүүлэх төлөвлөгөө бий. Олон улсын биржүүд 2-3 сарын хугацаанд судлах боломжтой гэсэн.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн оны ашгаас иргэдэд ногдол ашиг олгох уу?
-Тус компани өнгөрсөн жил нэг тэрбум ам.долларын орлого олсон төрийн өмчит анхны үйлдвэр болж, өндөр амжилт үзүүллээ. 2018 оны ашгийг нь бүтээн байгуулалтад зарцуулсныг та бүхэн мэдэж буй. Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн нь төлөвлөгөөний дагуу ахицтай байна. “Бодь” группийн барьж буй уг төмөр замыг энд онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр болон Тавантолгойн нүүрсний ордыг түшиглсэн үйлдвэр технологийн паркыг байгуулахаар төлөвлөн, ажиллаж байна. Мөн нүүрс химийн, коксжуулах үйлдвэр барина. Эдгээр бүтээн байгуулалтыг цаг алдалгүй ашиглалтад оруулж чадвал “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны үнэ, өгөөж өснө. Товчоор хэлбэл, бид компанийн ашгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулахыг урьтал болгож байгаа хэрэг. Гэхдээ ногдол ашиг хүртээх, эсэхэд нь тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг баримтлах учиртай. Ирэх хоёрдугаар сарын 15-наас өмнө ТУЗ нь хуралдан зохих шийдвэрийг гаргах болов уу.
-Оюутолгойн гэрээний талаар албаныхан “Рио тинто”-той хэлэлцээр хийнэ гэсэн. Үүнд УУХҮЯ ямар байрь суурьтай оролцох бол. Ямар бодлого баримталж байна вэ?
-Холбогдох яамд, мэргэжлийн байгууллагууд нь хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ахалж ажиллах сайд нь томилолтоос саяхан ирсэн тул хэзээ хуралдах, ямар асуудал хөндөхийг нягталж, ярилцах байх.
-Алт олборлодог компаниуд хууль зөрчих нь элбэг. Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлаагүйгээс уурхайн орчинд осол, гэмтэл гарах нь ч нэмэгдэх болсон. Яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Зохих байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн зарим компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлэх, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг яамнаас авдаг. Өнгөрсөн онд алт олборлодог 30 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Цаашид ч холбогдох байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн хариуцлагагүй ажиллаж буй компани, уурхайд тавих хяналтыг сайжруулж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.
-Өнгөрсөн онд Төвбанкны худалдан авсан алтын хэмжээ буурсан. Энэ хэрээр уг металлыг хууль бусаар хил давуулсан байх магадлалтай гэж зарим хүн хэлэх нь бий. Энэ талаар юу хэлэх бол.
-Монголбанк худалдан авсан алтын хэмжээ өмнөх жилийнхээсээ 30 хувиар буюу зургаан тонноор буурсан. Энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 300 орчим сая ам.доллартой тэнцэх юм. Зүй нь алт олборлогчдод ногдуулсан АМНАТ-ийг өсгөхгүй, 2.5 хувьд нь хадгалан, ногдуулах татварын орлогоос нь илүүтэйгээр нөөц бүрдүүлэхэд бид анхаарах учиртай байсан ч чадсангүй. Энэ онд өнгөрсөн жилийн худалдан авалтын хэмжээг бууруулахгүй байхыг л хичээнэ. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах хөрөнгийг босгон, яаралтай барих хэрэгтэй байна. Олон улсын хэд хэдэн байгууллага, хөрөнгө оруулагчдад санал тавьсан ч ашигтай шийдэл олж, үр дүнд хүрч чадсангүй. Мөн хилээр хууль бусаар алт гарган, борлуулагчдад ногдуулах ял шийтгэлийг чангатгах талаар холбогдох байгууллагууд нь санал гарган, ажиллаж байна.
-Энэ онд манай улсын уул уурхайн голлох бүтээгдэхүүний олборлолт, экспортын хэмжээ ямар байх бол. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурах төлөвтэй байгаа. Манайд ямар эрсдэл үүсэхээр байна вэ?
-2020 онд нүүрсний үнэ аажмаар буурах таамаг бий. Өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад одоо нүүрсний үнэ хямдарчихаад байна. Гэхдээ бидэнд ноцтой эрсдэл үүсэхгүй болов уу. Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 30 сая тонныг худалдах гэрээг саяхан урд хөрштэй байгууллаа. Ингэснээр бид БНХАУ зах зээлд байр сууриа бэхжүүлж, тогтвортой хамтран ажиллах боломж бүрдүүлсэн гэж ойлгож болно.
-Дээр дурдсан бүтээн байгуулалтуудын ажлыг хэзээ дуусгахаар төлөвлөсөн бэ?
-Төмөр замыг энэ онд ашиглалтад оруулна. Төр, хувийн хэвшлил хамтарсан байдлаар эзэмшин, үйл ажиллагааг нь явуулдаг технологийн паркуудыг 2022 онд барьж дуусгана. Газрын тосны үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулах юм. Нэмж хэлэхэд нэг улс, нэг цариг бодлогын хүрээнд энэ онд ашиглалтад оруулах төмөр замын цариг ямар хэмжээтэй байхыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.