Төрүүлсэн хоёроосоо гадна эх барьж, эмчилж, эдгээсэн түм буман хүүхдийн ээж Д.Оюунчимэгтэй ярилцлаа. Түүний эх барьж авсан хүүхдүүд эхнээсээ ээж, аав болцгоосон. Өмнө нь өөрсдөө үзүүлдэг байсан, өдгөө үр удмаа даатгасан гэхээр Д.Оюунчимэг ямархуу чадвар, чансаатай эмч гэдгийг тод томруун илтгэнэ. Чадварлаг, сайн эмч, бас тэтгэвэртээ гарсан гэдгийг нь сонссоноос бус биечлэн уулзаж байгаагүй юм. Түүнтэй уулзахад Оросын алдарт дуучин Алла Пугачёва, түүний дуулдаг “Миллион алых роз” буюу “Сая сая улаан сарнай” дуу нь санаанд буув. Мэнд мэдэхээсээ авхуулаад бөөн эрч хүч бэлэглэсэн тэрбээр хөнгөн шингэн гэж жигтэйхэн, өндөр өсгийт дээрээ тог тог алхана. Тэтгэвэртээ гарсан хэдий ч тэрбээр хийж, бүтээж, ёстой ид гялалзаж явна.
-Ээж бас эмч хүний тань хувьд шинэ хүн хүлээж авах үеийн нандин сайхан мэдрэмж хийгээд хариуцлагын талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
-Үрээ тосон авч буй ээж, аав, эмээ, өвөө, ах эгч, хэн бүхэн сайн сайхныг зөгнөж, баяр хөөрөөр бялхдаг юм. Эмч, эх баригч бид ч сайхан мэдрэмж авч, тэднээс дутахааргүй баярлана гээч. Залуу байхад шинэ хүн мэндлэх үеийн баяр жаргалыг нэг их сайн ойлгодоггүй байлаа. Эх хүн болсныхоо дараа илүү уян зөөлөн болдог. Тэр ч бүү хэл, 10, 20 жил ажилласны дараах мэдрэмж өөр. 20, 30 жилийн дараа шинэ хүн өлгийдөн авахад бас л ондоо шүү. Өнөөдрийн бид эмээ, өвөөгийн сэтгэхүйгээр хүүхэд хүлээн авдаг. Энэ ертөнцийн хамгийн сайхан мэдрэмж бол шинэ хүнээ хүлээж авах. Юутай ч зүйрлэж, яаж ч тайлбарлашгүй нандин сайхан зүйлийн нэг дээ. Хариуцлагын тухайд жирэмсэн болсон цагаасаа авхуулаад эцэг, эхчүүд маш сайн бэлтгэх хэрэгтэй. Орчин цагийн залуус хариуцлага их ярьдаг болж. Гэр бүлийн амьдрал зохиох, хэзээ хүүхэдтэй болохоо төлөвлөж байна. Шинэ хүнээ хүлээж авах, өсгөх хариуцлагаа ухамсарладаг болжээ. Эдийн засгийн нөхцөлөө тооцож, орон байртай, тогтмол орлоготой болсныхоо дараа хүүхэд төрүүлэх тухай ярьмаар байгаа юм. Нөгөө талдаа залуус өөрсдөө хүүхдээрээ хэрнээ ээж, аав болж, хүүхэдтэй болдог. Хариуцлагаа ухамсарлах нь битгий хэл, хариуцлага гэдгийг ч ойлгоогүй байдаг.
-Хүүхдийн эмчээр хэдэн оноос ажиллаж байна вэ?
-Хүүхдийн эмчээр 35 дахь жилдээ ажиллаж байна. Миний аав Г.Должинсүрэн цэргийн эмч хүн байв. Намайг 16 настай байхад аав минь тэнгэрт хальсан юм. Энэ нь надад нөлөөлсөн үү, эмч болохыг л мөрөөддөг байлаа. Наймдугаар анги төгсөх үеэсээ л эмч болохоор сэтгэл шулуудсан. Би нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн. Химийн хичээлдээ сайн хүүхэд байв. Дүүрэг, нийслэл, улсын олимпиадад орно. Аравдугаар ангидаа улсын олимпиадад III байр эзэлж, МУИС-ийн химийн ангид суралцах урилга авсан. Гэвч Анагаах ухааны дээд сургуульд элсэлтийн шалгалт өгч тэнцсэн. Сургуульдаа элсчихээд яг юуны эмч болохоо сонгоогүй явсан. Хичээл эхлэхэд биднээс юуны эмч болох талаар санал авлаа. Саналаа хэлэх ээлж ирэхэд би таг гацчихав. Тухайн үедээ эмч болно л гэж бодохоос бус, цаашид нарийн мэргэших талаар төлөвлөөгүй байж. Дэмий л ийш тийшээ харахад миний найз Сувдын ээж “Хүүхдийн эмч бол” гэж хэлсэн юм. Тэгээд би багш руугаа харж “Хүүхдийн эмч” гэв. Ингэж л хувь заяа хүүхдийн эмч болох зам руу хөтөлсөн дөө.
-Ажлын гараагаа хаанаас эхлэв?
-1987 онд Анагаах ухааны дээд сургууль төгслөө. Тэр жилээ Дорноговийн Зүүнбаян дахь Цэргийн эмнэлгийн Хүүхдийн тасагт хүүхдийн эмчээр томилогдон, ажил, амьдралын гараагаа эхэлсэн. Хань Ж.Очирбат минь тэнд ажилладаг байсан учраас сургуулиа төгсөөд орон нутагт ажиллахаар очсон нь тэр.
-Зүүнбаянгаас хэзээ хотод орж ирсэн юм бэ?
-Зүүнбаянд хүүхдийн эмчээр зургаан жил ажиллаад 1992 онд Улаанбаатарт ирсэн. Тухайн үед зах зээлийн нийгэмд шилжчихсэн, хүн болгон ажлаасаа гарч байв. Нөхөр минь ч мөн адил. Харин би “Тусгай мэргэжилтэй эмч хүн шүү дээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой” гэж хэлээд, Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төв (ЭНЭШҮТ буюу одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв)-ийн захирал Д.Малчинхүүг зорьж очин, уулзаж байв. Тус төвд ажилд ороод олон жилийн дадлага, туршлагатай эмч нараас суралцахын зэрэгцээ хүүхдийн эмчилгээний монгол, орос хэл дээрх бүх л номыг алгасалгүй судалж, орос хэлний мэдлэгтээ дөрөөлөн англи хэл сурсан. Ингээд 1999 онд Нярайн тасгийн эрхлэгч болж, тасгийнхаа үйл ажиллагааг сайжруулах, боловсон хүчнийг таслалгүй авч явах хүндхэн үүрэг хүлээв. Энэ ажил надад их зүйлийг сургасан. Улсын хэмжээнд ганцхан, нарийн мэргэжлийн тасаг шүү дээ. Хүүхдийн тасагтаа 16 жил ажилласан. Хамаг залуу насаа энэ саарал байшинд (ЭНЭШҮТ) өнгөрүүлсэн. Монголын ирээдүй болсон бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө зогсолтгүй зүтгэж, үртэй, ханьтай, гэртэй гэдгээ үдшийн бүрий болоход л анзаардаг байсан үе надад бий. Гэртээ харьсан ч хүндхэн байсан нярайг яаж байгаа бол хэмээн нойр хулжин, ургахын улаан нартай уралдан сэрж, цайгаа ч бүрэн уулгүй ажил руугаа гүйдэг байсан үе олон. Эрчимт эмчилгээний тасагт хүүхдээ хэвтүүлсэн ээжүүдийн инээмсэглэлийг хараад сая сэтгэл амардаг байлаа. Жижүүртэй хоносон хэрнээ хамт олон, нярай хүүхдүүдээсээ салж ядан санаа алдаж, гүнзгий амьсгалан гэр лүүгээ товор товор алхдаг байснаа эргэн санахад сайхан байна.
-Ханиад томуу жилийн жилд энэ үед өсөх юм. Үүний шалтгаан юу вэ?
-Хүүхдийн өвчлөл ихэслээ, багаслаа гэдэгт нэг их ач холбогдол өгдөггүй. Өвөл, ялангуяа эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд жил жилийн энэ үед ханиад томуу ихэсдэг. Олон жилийн дунджаар энэ л сард 0-3 насны хүүхдүүд өвддөг. Миний 35 жил ажилласан туршлагаас үзэхэд хүндрэл гарсан юм байхгүй. Өвөл л гардаг дэгдэлт, энэ үед дээрх насны хүүхэд олноороо өвчилдөг. Ийм үед хүүхдүүдийг анагаахад эмчийн хувьд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулж ирсэн.
-“Үрхэн”-ээ хэзээ нээсэн юм бэ?
-“Үрхэн” гээд үрээ энхрийлсэн нэр. Монголын анхны хувийн эмнэлэг. 16 жилийн түүхтэй. Тухайн үед би ЭНЭШҮТ-д ажиллаж байсан юм. Эрүүл мэндийн дэд сайд асан А.Отгонболд “Хатагтай” эмнэлгийг үүсгэн байгуулчихаад “Хүүхэд үзэх нярайн эмч хэрэгтэй байна. Чөлөөт цагаараа манай эмнэлэгт ажиллаач” гэсэн санал тавьсан юм. Хууль, эрх зүйн дагуу ажлын бус цагаар ажиллах эмнэлгийн эрх авах шаардлагатай болсон. Ингээд л “Үрхэн” эмнэлгээ байгуулж байлаа. Одоо “Үрхэн” эмнэлгийнхэн маань ханиадны дэгдэлтийг багасгах, хүүхэд багачуудыг эрүүлжүүлэхээр чадлаараа ажиллаж, эрүүл мэндийн салбарт зохих хэмжээгээр хувь нэмрээ оруулж байна.
-Хүүхдүүд тань эмчийн мэргэжлийг тань өвлөсөн үү?
-Том хүү О.Цолмон ӨМӨЗО-ы Хөх хотод дунд сургуулиа дүүргээд, тэндээ Анагаах ухааны их сургуулийг нь онц дүнтэй төгссөн. Дараа нь БНХАУ-ын Күнзийн академийг бас л онц төгссөн. Тус сургуулийн эмч, багш нар “Та ийм сайн хүү төрүүлж, өсгөснөөрөө бахархаарай” гэж хэлдэг. Нэг их “толгойтой” хүн. Онцлог нь эмч мэргэжлээрээ ажиллахгүй юм. “Ээж минь орчин цагт бүх зүйл стандарттай болно. Би таныг дагаад халаад өмсөөд жижүүр хийгээд явмааргүй байна” гэдэг. Гадаадад сураад, олон орноор явчихаар биеэ даачихсан, сэтгэлгээ нь задарчихсан, баригдаж өгөхгүй юм. Нэг хэсэг “Петро Чайна дачин Тамсаг” компанид ажилласан. Охин О.Уянга Монголын шилдэг загвар өмсөгчдийн нэг. Бээжин, Шаньдунд их сургууль төгссөн. Багаас нь хол сургасан учраас биеэ маш сайн авч явахын хажуугаар үг даадаг болжээ. Тэр хэрээрээ хичээл номоо сайн давтана, сурна. Их дайчин. 25 хүртлээ хэн нь ч гэрлэхгүй шүү гэснийг тэд минь сайн дагасан. Хүний нутагт элдэв хэл аманд орохгүй. Сайн сураад, төгсөөд ирсэн, миний хоёр хүүхэд. Би хүүхдүүдтэйгээ тэр бүр хамт байж чадаагүй ч ажил мэргэжилдээ түүчээлж, хааяахан уулзахдаа аав, ээжийнхээ надад хэлж үлдээсэн сургаалийг хэлдэг байсан. Мэргэжилдээ шунан дурласны нэг илрэл нь ар гэрийн амьдрал, хүүхдүүдээ нөхөртөө бүрэн даатгасан явдал. Хоёр хүүхэд хар нялхаараа БНХАУ-д сурахаар явсан. Хань минь ар гэрийн хамаг ажлыг даадаг байсан учраас би ажлаасаа нэг ч хоцорч, тасалж үзээгүй. Саарал байшин (ЭНЭШҮТ), тэнд эмчлүүлж байгаа хүүхдүүдэд бүхнээ зориулж ирсэн дээ.
-Та бас олон улсын “Интермед” хүүхдийн эмнэлэгт ажиллаж байсан байх аа?
-Олон улсын “Интермед” эмнэлгээс хамтарч ажиллах саналыг 2014 онд тавьсан. Энэ дагуу бас л ажлынхаа зав чөлөөгөөр нярайн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байлаа. Ингээд гурван жилийн өмнө тэтгэвэрт гарсан. Одоо “Үрхэн” эмнэлэгтээ анхаарлаа хандуулж байна. Шинэ байранд орж, тоног төхөөрөмжөө сайжруулж, өмнөх шигээ л хүүхдийн сайн сайхны төлөө цаг наргүй ажиллаж явна даа. П.Нямдаваа гуай саяхан “Ахмад эмч нарын хүч чадлыг ашиглах” тухай маш гоё нийтлэл бичсэн байсан. Монголын төр хамаг чадалтай, туршлагатай эмч нараа эрт тэтгэвэрт гаргачихсан. Хоосон орон зай үлдсэн. Тэр зайг Монгол Улс нөхөх хэрэгтэй. Бидний хүчийг ашиглах ёстой. БНХАУ-д тэтгэвэрт гарсан ахмадуудын яам байдаг. Тус яамнаас маш олон ажил хэрэгжүүлдэг юм билээ. Япон, Өмнөд Солонгост ч ахмадуудыг тултал нь ашигладаг. Бид л сайн дураараа олон хүн цалинжуулж, түрээс өгч, татвар төлж, хүүхдийн болон эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж буй. Төр, засагт маш их нэмэр болж байгаа. Өөр мэргэжилдээ “баатар” явсан маш олон хүн гэртээ сууж байна. Улс тэднийг тоохгүй юм. Сайхан, сайхан эмч нар 55 настай тэтгэвэрт гарчихсан, зүгээр л сууж байна. Тэднийг урьж ажиллуулах хэрэгтэй. Тэд мөнгө гуйгаагүй, бүтэн цалин харахгүй л байх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас саяхан 65 настнуудыг залуу хүн гээд зарлачихлаа. Эрэгтэй, эмэгтэй ямар ч эмч 60 нас хүртлээ мэргэжлээрээ ажиллахад зүгээр гэж бодогддог. Эмч, багш нар тэтгэвэрт гардаггүй. Монгол Улс тэдний мэдлэгийг ашиглаасай.
-Та хаана төрж, өссөн бэ?
-Хоёрдугаар 40 мянгатын хүүхэд. Гэхдээ уугуул нутагтай хүн шүү би. Би Говь-Алтай аймгаараа овоглож явах дуртай. Өнгөрсөн арванхоёрдугаар сард аймгийнхныхаа шинэ жилд оролцлоо. Ч.Лодойдамба гуайнхантай нэг ширээнд суулаа. Багынхаа сайхан дурсамжуудыг ярилаа. Миний өвөө прокурор Гунгаа гэж нутаг, усандаа алдартай шударга хүн байсан юм. Миний аав ч цэргийн алдартай эмч. Өвөг эцэг, ааваараа бахархаж л суулаа.
-Өрхийн эмч нар чадваргүй л гээд байх юм. Тэднийг чадваржуулах, өрхийн эмнэлгийн хүртээмжийг дээшлүүлэх тал дээр таны санал юу байна вэ?
-Анх сургуулиа төгсөөд, эмч нэр зүүгээд хөдөөг зорьж байхад хүмүүс намайг ч тэгж боддог байсан байх. Муу, сайн гэдгийг бид шууд дүгнэх хэцүү. Юу ч мэдэхгүй жаахан охиныг өрхийн эмнэлэгт ажилла гэж шууд томилчихоод, нярай хүүхэд үзүүлэхээр ямар олиг байх вэ. Тэд юу чадах юм. Ямар ч туршлагагүй тэд юу зөвлөх вэ. Туршлагажуулах л хэрэгтэй. Шинэ төгсөгч аваачиж, ажиллуулчихаад туршлагагүйгээр нь дуудаад яах юм бэ. Тэтгэвэрт гарсан, туршлагатай эмч нартай гэрээ хийж, өрхийн эмнэлэгт ажиллуулаасай. Ахмад эмч бид өрхийн эмнэлэгт ажиллаж, хүүхдэд үзлэг хийх юм бол юу ч мэдэхгүй, залуу эмчээс ялгаатай биз дээ. Хажуугаар нь тэднийг дадлагажуулна. Өрхийн эмнэлгээ бэхжүүлэх л хэрэгтэй. Улс үүнийг бодлогоор дэмжих нь чухал. Тиймээс дөнгөж төгсөн, хуваарь аваад очиж байгаа “нялх” амьтныг шүүмжилж чадахгүй ээ би. Өөрөө ч хүүхэд гаргаагүй, зарим нь дүү ч өсгөж үзээгүй байгаа даа, тэд чинь. Манайх дээд шатлалын эмнэлэгтээ хэдэн сайн эмч нараа аваачаад тавьчихдаг. Тэрнийхээ оронд сайн эмч нараасаа заримыг нь өрхийн эмнэлэгт ажиллуулаасай. Туршлагатай эмч нар хаа нэг газар ажиллахаараа маш их дэмжлэг болдог юм.
-Оюутан байхдаа нэг ч удаа хичээлээ тасалж, хоцорч үзээгүй гэсэн. Тухайн үеийн сургалтын чанар, багш нарынхаа тухай яриач?
-Манай үеийнхний сургалт маш чанартай байлаа. Бид нар юу ч мэдэхгүй сургуульд орсон. Заасан болгоныг сурна. Сайн ч заадаг байв. Багш нарыгаа мундаг гэж шүтэж явснаас бус, сайн муугийн талаар боддоггүй байж. Багш нарын заасныг дагаад буруудаагүй. Өнөөдөр бол өөр өнцгөөс харж болохоор нөхцөл байдал үүссэн. Эмнэлэгт нэг ч өдөр ажиллаагүй, жижүүрт ганц шөнө нойргүй хонож үзээгүй, туршлагагүй хүн дээд сургуульд багшилж байна. Ийм хүнээс оюутнууд ямар эрдэм сурах билээ дээ.
-Та утсаар ярих завгүй ажиллах юм аа.
-Би аливаа асуудлыг зүрх сэтгэлээрээ хүлээж авдаг. Хариуцлагатай байхыг эрмэлздэг. Хүүхэд үзэж байхдаа утсаар ярьдаггүй. Ямар ч ажлыг халтуурддаггүй. Нөхрөө залгахад дуудлагыг нь ч авдаггүй юм. Ажил дууссаны дараа бүх дуудлагад хариу өгч, зарим руу нь мессеж бичдэг. Жаргал, зовлонг нь хуваалцдаг. Хүүхдүүд заримдаа “Таны фэйсбүүк, инстаграмын найзууд арай л олон юм” гэж шоолдог. Хүүхдэд үзлэг хийхээс бусад үед утсаа авдаг аа. Хувь, хувьсгалын ажлаа зөв зохицуулаад дуртай ажлаа бахархалтайгаар, ядрахгүйгээр хийх сайхан.
-Ээжүүд хүүхдээ зовуурилаад байгааг анзаардаг ч яагаад гэдгийг нь мэддэггүй. Шууд л эмнэлэг рүү гүйдэг. Хүүхдээ чагнаж сураагүй ээжтэй олон таарсан уу?
-Хүмүүс гэрлэж, үр хүүхэдтэй болох нь байгалийн жам. Хүүхэд болгон амар өсөхгүй. Эрүүл саруул өсөж ч болно. Хүүхэд заримдаа өвдөнө, муугаар ярихад эндэж болно. Эмгэгтэй төрөх нь ч бий. Тиймээс хүн сэтгэлийн хаттай ухаантай, тэвчээртэй, итгэл үнэмшилтэй, тууштай байх ёстой. Өвдсөн хүүхэд эдгэнэ. Өвчин хоног, хугацаатай. Олонх ээж үүнийг ойлгохгүй, өнөөдрийн өвчнийг хүндрүүлж бодоод сэтгэл санаагаа хямрааж, зарим нь галзуурахаас наагуур юм болно. Залуу аав, ээжүүд сандраад л, орилоод л байх нь бий. Эмчийгээ сонсохгүй. Залуу эмч нарыг айлгана. Би бүгдтэй нь сэтгэлээрээ харилцдаг. “Галзуураад” байгааг нь загнана, уйлаад байгааг нь аргадна. Үг хүлээж авахгүй байгааг нь шууд хэлнэ. Зарим ээж хүүхдээ өвдөхөд дагаад л уйлчихсан орж ирдэг. Үзэхээр хүүхэд нь зүгээр байдаг. Өөрөө сэтгэлээрээ өвдчихсөн яваа нь тэр. Нэг хэсэг нь “Хүүхдийн чинь биеийн байдал маш муу байна. Хэвтэн эмчлүүлэхгүй бол болохгүй нь” гэхээр “Танд үзүүлчихсэн юм чинь одоо зүгээр болчихно” гээд инээнэ. Олон хүн янз бүрийн ааш, авиртай шүү дээ.
-Олонх ээж, аавд эрүүл мэндийн боловсрол дутмаг байдаг бололтой.
-Тийм. Эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол зайлшгүй хэрэгтэй. Хүүхдээ халуурахад яах ёстой, халууны хэм нь хэд хүрэхэд эмчид хандах вэ, эмчтэй уулзаад юуг чи анхаарах ёстойгоо мэдвэл зохилтой. Ганц нэг хүүхнүүд өөрөө байдгаараа гангалчихсан ирнэ. Хүүхдийг нь үзээд, зөвлөгөө өгч, очоод сайтар арчлаарай гэхээр биелүүлдэггүй. Эргээд “Хүүхэд маань өвдөөд байна шүү дээ” гээд ирдэг. Эмч хүүхдийн өвчин хүндрэхээс өмнө нь зөвлөгөө өгнө. Түүнээс бус, үзээд шууд эдгээдэг шидтэн биш. Ээж, аавынх нь асаргаа 70 хувь байж хүүхэд засал авдаг. Гэтэл хүүхдээ гэртээ орхичихоод л гараад явчихна. Өөрсдөө архи уун, тамхи татаж, наргиж цэнгээд явчихдаг. Гоо сайхны салон хэсээд л хүүхдээ хайхардаггүй. Зарим ээж зөвлөгөө дагахгүй, өвчнийг нь хүндрүүлчихээд маргааш нь өөр эмнэлэг рүү гүйчихдэг. Тиймээс би тэднийг “Эмч судлаач” гэж нэрлэдэг юм. Гадаадын хувийн, улсын аль ч эмнэлэгт сэтгэлзүйч байдаг. Манай улсын ихэнх эмнэлэг сэтгэлзүйчгүй. Тэд хүүхдээ өвдөхөд яахаа мэддэггүй. Туршлагатай эмч нар ээжүүдийг тайвшруулчихдаг. Эмчийн зөвлөгөөг сайн сонсдог бол эмнэлэг хэсэх цаг ч багасна. Эмэнд зарцуулах мөнгөө хэмнэнэ, эмнэлэгт хэвтэхгүй. Тиймээс манай эмнэлгүүдэд сэтгэлзүйч шаардлагатай байна.
-Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?
-Чөлөөт цагаараа дэлгүүр хэснэ. Хувцасны араас гүйдэггүй, мөнгө үрэхдээ гол нь биш. Дэлгүүр хэсэхээр стресс тайлагддаг юм. Мэдрэмжтэй байхыг чухалчилдаг. Өнөөдөр юу шинээр гарч байна. Хүүхдүүд юу сонирхдог вэ. Юу хуучирсан бэ гэдгийг анзаарч хардаг. Бас мэргэжлийн шинэ ном зохиол гарсан бол дор нь уншчихдаг. Мөн аялах дуртай. Жилд 2-3 улс руу аялдаг. Энэ өвөл Сибирь лүү явж, аяллаа Якутаас эхлүүлсэн. Заавал их мөнгө хураах хэрэггүй. Урьдчилж төлөвлөөд, эртнээс тасалбараа авчихвал бага зардлаар аялж болдог. Улаан-Үд хүртэл автобусаар, Эрхүү хүртэл галт тэргээр явахад 145 мянган төгрөг. Цаашаа Якут руу нисээд оччихсон. 1.5 сая төгрөгт багтаагаад л аялаад ирлээ. Өмнө нь бас Москвагийн зуны олимп үзэхээр олон найз нараа дагуулан явж байлаа. Москва, Ленинград гээд олон газраар явж эрч хүч авч байв. Үүргэвчээ үүрээд л явдаг. Илүү дутуу зүйл чирдэггүй.