Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Д.Анар урамтай сайхан барилдаж, улсын харцага цол хүртэн нутгийнхаа зон олныг баярлуулсан билээ. Төрийн наадмын дөрвийн даваанд улсын начин Б.Серик, тавын даваанд Д.Амарсайханыг өвдөг шороодуулж, зургаагийн даваанд гурван жилийн өмнө тунаж барилдсан улсын харцага Б.Бат- Өлзийг давж, зааны даваанд түрүү бөх улсын арслан Э.Оюунболд (аварга)-д өвдөг шороодсоныг бөх сонирхогчид мартаагүй. Улсын начнаас дээш цолтон төрөөсэй гэж 53 жил хүлээсэн Дорнод нутгийнхныхаа хүлээлтийг тэрбээр амжилтаар бэлэг барьж тайлсан юм. ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спорт хорооны тамирчин түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
-2019 он таны хувьд од гийсэн жил байлаа. Төрийн наадмын торгон ногоон дэвжээнд улсын харцага цол хүртэж, шинэ оны босгон дээр Казахстаны Нур-Султанд болсон кураш бөхийн ДАШТ-д оролцож, аварга болсон гээд амжилт бичигдсээр байна.
-Өнгөрсөн жил надад хишиг буянаа харамгүй хайрласан он байлаа. Наадамчин олонтойгоо сайхан наадаж, сайн барилдаж, улсын харцага цол хүртэв. Зорилгодоо хүрч, цолоо ахиулсан. Нутгаасаа төрсөн анхны улсын харцага цолтон нь боллоо. Мөн Монголд анх удаа зохион байгуулсан казах кураш бөхийн Ази тивийн АШТ болон Киргизстанд болсон курош бөхийн Ази тивийн нээлттэй тэмцээнд тус тус түрүүлж, аварга болсон гээд ярьвал шинэ оныг амжилт арвинтай угтлаа. Би бөхийн спортын бүх төрлөөр хичээллэдэг. Үндэсний бөх мэхний олон хувилбартай, бөхийн төрлүүдээр барилдахад их эвтэй байдаг юм. Дэлхийн 200 гаруй орон өөрийн үндэсний бөхтэй. Туркийн Анталья хотод тун удахгүй нүүдэлчдийн их наадам болно. Наадмын үеэр бөхийн олон төрлийн барилдаан болдог юм. Тус наадамд эх орноо төлөөлж, бөхчүүдтэйгээ хамт оролцоно. Кураш бүстэй бөхийн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Б.Ганбаатар, Б.Жаргалсайхан багшийн удирдлагад олон тэмцээнд оролцож, амжилт гаргаж байгаа. Дэлхийн дэвжээнд олон шилдэг тамирчинтай өрсөлддөг ч эмээж, сүрддэггүй. Бэлтгэлээ сайтар базаасан тамирчны сэтгэл зүй өндөр байдаг. Тунасан, амаргүй барилдааны үед багш нарын минь зөвлөж байсан нь их хэрэг болдог юм.
-2011 онд кураш бөхөөр барилдаж, дэлхийн аварга болсон санагдана. Тэр үед таныг жүдогоор хичээллэдэг байсан болохоор хүмүүс төдийлөн мэддэггүй байж болох. Энэ удаа амжилтаа баталж, хошой аварга боллоо.
-Кураш бөх Киргизстан, Казахстан, Узбекистаны үндэсний спорт. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн аварга болсноо баталчих юмсан гэж их бодсон. Энэ удаа мөрөөдлөө биелүүлж, аваргаа баталлаа. Казах кураш бөхийн өмсгөл нь өөр ч жүдо, манай үндэсний бөхтэй төстэй. Хөлд орохгүй, хэвтээ барилддаггүй онцлогтой. Дэлхийн олон орны бөхтэй барилдсанаас хамгийн хүчтэй өрсөлдөгч Казахстаных байлаа. Түүнийг ялахын тулд бүх хүчээ дайчилсан. Барилдах явцад бэртэл сэдэрч, сэтгэл санаа тогтворгүй болсон ч тэвчиж, тэсвэр гаргасан. Энэ жил заавал түрүүлэх ёстой гэсэн зорилго өөртөө тавьж, багш нартаа амлалт өгөөд явсан болохоор ялагдах эрх байгаагүй. Энэ барилдаанд сүүлд оноо авсан нь хождог юм. Цаг дуусахад бидний оноо 1:1-ээр тэнцсэн тул дахиж барилдах боллоо. Шийдвэрлэх мөчид хамаг хүчээ шавхаж, учраагаа үндэсний бөхийн бусгах мэхээр унаган, нэг оноо авч хожсон. Надтай таарсан тамирчин кураш бөхөөр олон жил хичээллэсэн байв. Эзэн орны тамирчныг үндэснийх нь бөхөөр нутгийнх нь дэвжээнд ялах амар байгаагүй. Маш хүнд барилдаан хийж, буулгаж авсан болохоор амжилт минь амттай санагддаг. Казахстан, Киргизстаны бөхчүүд гартаа хүчтэй, хөл султай. Гартай нь биш, хөлтэй нь барилдах тактик боловсруулж, өөрийнхөө давуу байдлыг ашиглан, давна гэсэн бодолтой барилдсан. Энэ мэтчилэн бөхийн олон төрлөөр тэмцээнд оролцох болгондоо туршлага хуримтлуулж, өөрт хэрэгтэй шинэ зүйл сурч үлддэг.
-Жүдо, самбогоор хичээллэхэд үндэсний бөхийн барилдаанд сөргөөр нөлөөлөх үү?
-Үгүй ээ. Харин ч давуу талтай. Үндэсний бөхийг жүдо, самботой хослуулахаар барилдааныг илүү баяжуулдаг. Үндэсний бөхөөр сайн барилдаж, амжилт гаргахад их спортоор хичээллэж, сууриа тавих нь зөв юм шиг санагддаг. Үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан цолтнуудын олонх нь жүдо, чөлөөт бөхөөр хичээллэсэн. Миний хувьд өдөр бүр бэлтгэл хийдэг болохоор цаг хугацаа хурдан өнгөрдөг. Өглөө бөхийн, үдээс хойш хүчний бэлтгэл хийдэг. Өнгөрсөн намар мөрөө гэмтээгээд хэсэг завсарлаж, саяхнаас бэлтгэлдээ орлоо. Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл. Тиймээс тэмцээнд оролцохдоо, барилдаж байхдаа аль болох бэртэхгүйг хичээдэг юм. Бөхийн спорт тулааны шинж агуулдаг. Харахад хоёр бөх ноцолдоод байгаа мэт боловч маш их тэмцэл өрнөнө. Нэгнээ ялахын тулд хүч, бяр их гаргадаг.
Ц.ШИЙРЭВ БАГШ МИНЬ ЭЭЖИД “БИ ТАНЫ ХҮҮГ САЙН БӨХ БОЛГОЁ” ГЭЖ БИЛЭЭ
-Их спортод хөл тавьж байсан тэр үе рүү эргээд нэг очъё. Ээж тань таныг Ц.Шийрэв багшид даатгасан тэр үеэс спорт, үндэсний бөхөд цахиур хагалах амжилтын жим зурайсан санагддаг.
-Би ээждээ их баярлаж явдаг. Ц.Шийрэв багшийг ээж өмнө нь таньдаг байсан юм билээ. 2008 онд намайг Спортын төв ордонд дагуулж ирээд, багштай танилцуулахад ээжид “Би таны хүүг сайн бөх болгоё, чи маргаашаас ирж, энд бэлтгэл хийгээрэй” гэж хэлсэн. Ингэж багшийнхаа шавь болж, жүдо бөхийн ертөнцөд хөл тавьж билээ. Багшийнхаа удирдлагад жил орчим бэлтгэл хийж байгаад Япон руу нисэхийн сургуульд суралцахаар явсан. Суралцах хугацаандаа сургуулийнхаа жүдо бөхийн клубт үргэлжлүүлэн хичээллэсэн. Багш минь надад итгэл, найдвар хүлээлгэж явуулсан болохоор их хичээсэн. Амжилт гаргаж яваагаа багшийнхаа хичээл зүтгэлтэй холбож ойлгодог. Би багшийнхаа ачийг амжилтаар хариулж баярлуулах сан гэж боддог. Тэр бодлоо биелүүлж чадсандаа сэтгэл өндөр явдаг даа. Багш минь олон шавьтай. Дэлхийн аваргын хүрэл медальт, аймгийн заан Л.Отгонбаатар, улсын начин Б.Серик, жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар гээд өнөө цагийн олны танил тамирчид багшийн удирлагад хичээллэж өндөрлөгт хүрсэн. Шавийн хувьд багшийнхаа нэрийг өндөрт өргөхийн төлөө тэдний адил хичээж л явна. Бид хэдий найз ч дэвжээнд өрсөлдөгч, ялж, ялагдсан удаа цөөнгүй. Дэвжээнд гарсан үед эн тэнцүү хүч сорьж, дэвжээнээс буугаад сайхан нөхөрлөдөг. Ээж минь намайг бөх болсноос хойш нэг зүйлийг байнга захидаг юм. Тэр нь “Миний хүү сайн барилдаарай, хүний хүүхдийг дэвжээнд бэртээж гэмтээв, өөрөө бас бэртэж, гэмтэхээс болгоомжлоорой” гэдэг. Би найман хүүхэдтэй, өнөр айлын бага хүү. Гэрийнхнээсээ спортын зам сонгож, бөхөөр хичээллэсэн нь би. Бөхийн спорт хэцүү, эрсдэл ихтэй. Энэ спортод хөл тавьсан болгон тамирчин болдоггүй. Тэвчээртэй, тууштай, зорилго, тэмүүлэлтэй нь үлдэж, халширч буцсан нь өөр зам сонгодог.
-Япончуудаас суралцаж, амьдралдаа хэрэгжүүлсэн зүйл хэр их байдаг вэ?
-Бий, бий. Япончууд өглөө эрт босдог, хөдөлмөрч. Ажилдаа маш хариуцлагатай ханддаг, хийсэн зүйлдээ эзэн болдог. Зарчимч, цаг баримталж сурсан. Ёс суртахууны хувьд өндөр түвшинд өөрсдийгөө хөгжүүлж чадсан. Ямар ч хүнийг та гэж хүндэлж, соёлтой харилцдаг. Хүмүүстэй харилцах харилцаа, спортын хүмүүжлээс нь суралцсандаа баярладаг юм.
-Та сүүлийн үед үндэсний бөхөөр дагнан барилдах болсон. Бөхийн спортын төрлүүдээс аль нэгээр нь тууштай дагнаж, амжилт гаргая гэж бодсон уу?
-Жүдо, үндэсний бөхийн барилдааны дүрэм, арга барил, техник, бэлтгэл сургуулилалт хийх нь өөр. Би -100 кг-ын жинд барилдаж байгаад жин нэмж, үндэсний бөхөөр барилдах шийдвэр гаргасан. Учир нь жин хасах нь амжилт гаргахад сөргөөр нөлөөлөх байлаа. Нэг өдөр багшдаа “Үндэсний бөхөөр дагнаж хичээллэе” гэхэд дэмжсэн. 2012 оноос хойш тууштай барилдаж, 2015 онд анх удаа улсын наадамд зодоглон дөрөв давж, тавын таваанд өвдөг шороодсон. Тэр барилдаанаас сургамж авсан ч улсын цолд хүрэх боломж өөрт минь байгааг мэдэрсэн юм. Түүнээс хойш зорилго тавьж, бэлтгэл сургуулилалтаа шаргуу хийсээр, 2016 онд улсын начин цол хүртсэн.
-Начин болохынхоо өмнөх жилийн наадамд Г.Эрхэмбаяр аваргыг дөрвийн даваанд өвдөг шороодуулаад, тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатартай барилдсан. Тунасан залуу бөх гарьдтай хэрхэн барилдахыг харах гэж наадамчин олон догдолсон доо.
-Наадмын дэвжээнд анх удаа зодоглосон гэхэд чамлахааргүй барилдсан. Хоёрын даваанд улсын начин Ч.Цогбаяр, гурвын даваанд одоогийн улсын заан Н.Жаргалбаярыг хаяж, дөрвийн даваанд Г.Эрхэмбаяр аваргатай оноолт таарсан. Өөрөөсөө илүү өрсөлдөгчтэй барилдах болсон тул санасан мэхээ хийж, зоримог, шийдэмгий үзье гэж бодоод л гарсан. Гарыг нь татаж тохоод давахад наадамчин олон шуугиад л явчихсан. Аваргыг давчихсан болоод ч тэр үү сэтгэл их хөдөллөө. Тэр үед үндэсний бөхөөр барилдаад даваа ахиулах ийм амархан байдаг юм уу гэж хүртэл бодсон шүү. Тавын даваанд Н.Ганбаатар гарьдад өвдөг шороодсондоо харамсдаггүй. Өөрийнхөө чадах хэмжээнд барилдаж, наадамчин олныг баясгасандаа урам авч билээ.
БИ ТУНАЖ БАРИЛДАХ ДУРТАЙ, АМАР БАЙДАГ ЮМ
-2016 оны наадмаар дөрвийн даваанд улсын начин Б.Сугаржаргалтай их удаан барилдсан. Барилдааны цаг дуусаж, та хоёр шодсон шүү дээ.
-Наадмын хоёр, гурвын давааны барилдаан хүнд байдаг. Бэлтгэл сургуулилалт хамт хийсэн, дэвжээнд эн тэнцүү хүч үздэг залуу бөхчүүд хоорондоо таардаг. Тэдэнд маш хатуу оноолт ирдэг. 2016 оны наадмаар дөрвийн даваанд одоогийн улсын начин Б.Сугаржаргал ахтай таарахад хүч тэнцүү байсан тул их удаан барилдсан. Барилдааны сүүлд “Хоёулаа шодъё, хэн давсан нь даваа өгсөж барилдъя” гэж ярилцаад шодоход миний талд бууж, тэрбээр өвдөг шороодсон. Бид энгийн сайхан нөхөрлөдөг. Хамт бэлтгэл хийдэг болохоор нэгнийхээ барилдааныг мэднэ. С.Сугаржаргал ах “Миний дүү улсын цолд хүрээрэй” гэж хэлээд элэг бүсээ тайлаад явуулсан. Амных нь билгээр би улсын цол хүртсэн. Тунана гэдэгтээ итгэлтэй байсан болохоор тавын даваанд хэн авахыг сонсож суулаа. Энэ даваанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, одоогийн улсын харцага Ш.Мөнгөнбаатартай аймгийн хурц арслан цолтой байхад нь тунаж барилдаад давсан. Наадамчин олны өмнө улсын цолд хүрэхийн тулд бүтэн жил хэрхэн хөдөлмөрлөж, бэлтгэл хийснээ харуулахад нуруун дээрээс нэг их хүнд ачаа аваад хаячихсан мэт хөнгөрч билээ. Олон хоног бодсон зорилгынхоо ард гарчихаад нэг сайхан уужим амьсгаа авч тайвширсан шүү. Төрийн наадмын торгон ногоон дэвжээнд түмэн олноо баясгаж барилдах бөхчүүдийн хувьд хамгийн сайхан байдаг. Дөрвөн зүг, найман зовхисоос 512 бөх дэвжээнд бүгд л цол хүртэнэ гэсэн бодолтой ирдэг. Тэр олон бөхөөс 16 бөх л цол авдаг юм шүү дээ. Ам авахаар тэр бөх тийм мэхтэй, энэ нь ийм мэхтэй гэж бодогдоод шийдвэр гаргахад их хэцүү. Би тунаж барилдах дуртай, амар байдаг юм.
-2018 оны наадмаар аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар улсын заан М.Өсөхбаяраар тав, улсын харцага А.Цацабшираар зургаа давж, улсын харцага цол хүртсэн билүү?
-Тэр жил наадамчдын хандлага түүний талд байгаа нь илт мэдрэгдсэн. Ш.Мөнгөнбаатар ахтай таарч барилдахад хүмүүс “Анар залуу бөх, хэзээ нэгэн цагт цол хүртэнэ, харин Мөнгөнбаатар л одоо цол аваасай” гэж ярих нь сонсогдож байлаа. Улсын цол хүртэх магадлалтай бөхийн тааварт олон жил орсон бөхчүүдээ бөхийн хорхойтнууд ингэж л хайрладаг, бүр цол хүртээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тийм бөхчүүдийн нэг нь яах аргагүй Ш.Мөнгөнбаатар ах. Улсын цолд ойрхон бөхчүүдийн тааварт олон жил бичигдсээр ирсэн ахыгаа хоёр жилийн дараа улсын цол хүртэхэд нь их баярлаж билээ. Тэр цагаас Мөнгөө ах урам орж, цолоо ахиулан, улсын харцага цол хүртэж, наадамчин олныхоо итгэлийг дааж яваа.
-Өнгөрсөн жилийн наадмаар тавын даваанд улсын начин Д.Амарсайхантай барилдаж даваад, зургаагийн даваанд гурван жилийн өмнө харцага цолны төлөө барилдаад өөрийг тань өвдөг шороодуулсан Б.Бат-Өлзийтэй дахиад л тунасан байх аа?
-Тэгсэн. Өнгөрсөн жилийн наадмаар өөрийгөө тавын даваанд тунах байх гэж бодож байв. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа явж байтал “Ананд начин амаа аваарай” гээд дуудлаа. Гурван хүнээс амлах болов. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан, нөгөө хоёр нь аймгийн арслан Б.Орхонбаяр, Ц.Сандагдорж. Аймгийн арслан цолтой хоёр бөхийн хэн давсан нь улсын цолд хүрнэ. Би тунаж, улсын цол авч байсан бөх. Сайн барилдаж байгаа залуу бөхчүүд цолд хүрэх хүсэлтэй байдаг ч тэдэнд тусалж дэмжих, харж хандах хүнгүй байх их хэцүү. Үүнийг өөрийн биеэр туулсан болохоор амлаж зүрхлээгүй. Тэр үед “Би ч гэсэн улсын цолд хүрэх гэж энэ хоёр шиг тунаж барилдсан шүү дээ. Хоёр арслангийн хэнийг нь ялгах вэ, тунаж барилдаад одтой нь цол аваг” гэж бодоод “Улсын начин Д.Амарсайханыг амлая” гэлээ. Тавын даваанд Д.Амарсайхан начныг өвдөг шороодуулж, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийтэй барилдаж даваад, Монгол Улсын харцага цол хүртсэн.
Бид хоёрт нэг сонин түүх байдаг юм. Өмнө нь зургаагийн даваанд түүнийг улсын начин цолтой байхад нь тунаж барилдахад намайг унагаж, тэрбээр улсын харцага цол хүртэж байлаа. Тэгвэл өнгөрсөн жилийн наадамд дахин тунаж, би түүнийг хаяж, энэ цолыг хүртсэн. Тэр үед бид наадмын ногоон дэвжээнд дахин тунаж барилдах ерөөлтэй л байж дээ гэж бодож байв. Миний хувьд даваа ахиж барилдах зорилготой байсан тул харцага цолны болзол хангаад сэтгэл нэг их догдлоогүй. Долоогийн даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболдтой барилдсан. Наадам үзэхээр нутгийн зон олон, ах дүүс, найз нөхөд ирчихсэн байлаа. Арслантай тайван барилдаж, өвдөг шороодсон. Э.Оюунболд маань тэр эрчээрээ наадмыг өнгөлж барилдсаар түрүү бөхөөр тодрон, улсын аварга цол хүртсэн.
-Та улсын харцага цолныхоо мялаалгыг төрсөн нутагтаа хийх үеэрээ сумынхаа хоёр ч залуу хосод өргөө цагаан гэр бэлэглэсэн дуулдсан.
-Би нутгаасаа төрсөн улсын цолтой хоёр дахь бөх. Надаас өмнө олимпын аварга Д.Баатаржав гуайн аав Д.Дамбадондог хэмээх бөх 1951 онд улсын начин цол хүртэж байсан юм билээ. Улсын харцага цолныхоо мялаалгыг хийхдээ Дашбалбар сумынхаа хоёр залуу хосод таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн. Иргэнийхээ хувьд бөхчүүд нийгмийн ажилд идэвхтэй оролцдог болоод байгаа. Зүлэг ногоон дэвжээнд олны хайр хүндлэлийг хүртэж яваагийн хувьд амьдралын төлөө зүтгэж буй залууст гар сунгаж баярлуулах нь сайхан санагддаг.