ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, анагаах ухааны доктор, профессор Янсангийн Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Хавдрын эмнэлгийн дөрөвдүгээр давхарт байрлах түүний өрөөний үүдэнд цаг гаруй хүлээв. Уг нь баасан гарагт хагалгаагүй ганц өдөр гэж байсан ч тэрбээр яаралтай мэс засалд орсон учраас тийнхүү хүлээхэд хүрсэн юм.
Я.Эрдэнэ-Очир эмчийн, жижигхэн өрөөний хананд шилдэг эмчид олгодог “Алтан чагнуур” өлгөөтэй байхаар нь “Гавьяат эмчид ийм шагнал олгодог юм уу” гэж асуугаад ам руугаа “алгадуулав”. Монголд улаан хоолой, ходоодны хорт хавдрын мэс засал, эмчилгээний аргыг шат ахиулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн, олон мянган хүний амь аварч, амьдралын чанарыг нь дээшлүүлсэн гавьяатай энэ хүн “Гавьяат” биш аж. Түүний болон тус эмнэлгийн баг хамт олны ур чадвар, сэтгэл, зүтгэлийн ачаар дахин амьдарсан мянга мянган хүн “Алтан гартай эмч нартаа баярлалаа” хэмээн үгийн сайнаар ерөөдөг. Эмч, тэр дундаа мэс засалчид сайхан үгээр шагнуулах бүрэн эрхтэй. Гэхдээ хэдий болтол хоосон магтаалаар ташуурдаж явах вэ.
Өөрийн амьдрал, эрх ашгийг бусдын амь, эрүүл мэндийн төлөө хазаарлаж чаддаг тэр хүмүүст төр, засгийн шагнал, урамшуулал дэндүү хашин байдаг нь харамсалтай. Хүртэх бүрэн эрхтэй, байгуулсан гавьяатай хэрнээ “Шагнал, одон, медаль яах вэ. Хүний амь аврах нь л том шагнал” хэмээдэг олон мэс засалчийн нэг нь Я.Эрдэнэ-Очир эмч. Шагналын тухай яриаг дүйвүүлэн “Дан онц дүнгээр дүүрсэн, АУИС-ийн улаан дипломоо үзүүлээд “Энэ бол миний хамгийн том бахархал, шагналаас дутахгүй зүйл” гэсэн түүнээс хэдхэн минутын өмнө хийсэн мэс заслынх нь талаар асууж, ярилцлагаа эхэллээ. Тэрбээр шавь нарынхаа хүндлэлийг хүлээх нь нэр төрийн хэрэг хэмээгээд Ж.Чинбүрэн маань Гавьяат эмч болсон нь манай хамт олны шагнал гэж тодотгов.
-Та сая хүний амь авраад гарч ирлээ. Дээсэн дөрөөн дээр байгаа амийг наашлуулах, аврах мэдрэмжийг та юутай зүйрлэх вэ?
-Манай ажил их “зовлонтой” шүү дээ. Дандаа 100 хувь амжилттай байх нь үгүй. Сая хагалгаанд орсон өвчтөн гурван жилийн өмнө хорт хавдрын улмаас ходоодоо авхуулсан юм. Гэхдээ хавдар дахисан, тодорхой зовууриудыг нь арилгахаар хагалгаа хийлээ. Тэгэхээр таны асуусанд хариулахад төвөгтэй. Ер нь хагалгааны дараа амийг нь аварчихлаа гэж шууд хэлэхэд хэцүү. Тэгж хэлж болох хагалгаа байна. Хэсэг хугацааны дараа үр дүн нь мэдэгдэх мэс засал ч бий. Энэ бол тухайн өвчний үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс шалтгаалдаг, манай ажлын онцлог. Дандаа эдгэрүүлэх зорилгоор хагалгаа хийдэг гэж ойлговол өрөөсгөл. Хавдар нь төгсгөлийн шатандаа орсон хүмүүсийн зовуурыг түр зуур ч гэсэн арилгахаар мэс засал хийх тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, хагалгаа олон төрөл гэсэн үг. Ер нь хожуу үедээ оношлогдсон хавдар дахих эрсдэлтэй. Эрт үед нь илрүүлбэл бүрэн эдгээд, идэвхтэй ажиллаж, амьдрах боломж ч бий. Гэхдээ өвдсөн хойноо биш, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар эрүүл мэндээ хамгаалж чадахыг иргэд ойлгох ёстой.
-Монгол ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт, үүний улмаас нас баралтаар нэгдүгээрт жагсдаг талаар олон жил байнга ярьсаар ирсэн. Гэсэн ч өвчлөл буурахгүй байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын чухлыг ухуулаад дорвитой үр дүн гарахгүй байгаагийн нэг шалтгаан нь хавдар эхэн үедээ өвдөггүй, ямар нэгэн хурц шинж тэмдэг илэрдэггүй учраас иргэд анзаарахгүй явсаар өвчнийг даамжруулдагтай холбоотой. Үүнээс гадна эмийн замбараагүй хэрэглээ аливаа өвчнийг даамжруулахад асар нөлөөтэйг та нэг ярилцлагадаа хөндсөн.
-Ходоодны аль хэсэгт хавдар үүссэнээс шалтгаалаад шинж тэмдэг нь өөр. Бөөлжих, горойх, хоол орохгүй байх, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ гэдэг нь хавдар нэгэнт газар авч, хожуу шатандаа орсных. Эхэн үедээ ихэвчлэн өвдөхгүй, шинж тэмдэг илрэхгүй. Тиймээс л жилд нэг удаа ходоодоо дурандуулж, шархтай, хавдартай, эсэхээ оношлуулах хэрэгтэй. Ялангуяа 40-өөс дээш насныхан. Яагаад урьдчилан сэргийлэх үзлэг гэж нэрлэсэн юм бэ. Эрүүл байхдаа өвчнөөс хамгаалахыг нь хэлж байгаа хэрэг шүү дээ.
Нөгөөтээгүүр, монгол хүмүүс эмнэлэгт хандахгүй эмийн санчид найдаж, эмийг дураараа хэрэглэж байгаа нь аюул. Ходоод, гэдэс өвдөөд гээд өвчин намдаах эм аваад уучихаж байна. Бие махбодынхоо өгч байгаа дохио, өвчний шинж тэмдгийг эмээр дараад, даамжруулсан хойноо эмчид хандаж байгаа нь буруу гэж үргэлж хэлж яриад ч нэмэр алга.
-Мэс заслын эмч нарын олонх нь хамгийн анх олгойны хагалгаа хийсэн байдаг юм билээ. Та ямар мэс заслаар гараагаа эхэлсэн бол?
-Бусдын жишгээр л явсан. Эмч гэдэг эрх авч, аль нэг эмнэлэгт харьяалагдаад, хэн нэг эмчийг дагалдаад, тэр хүн нь “За, чи хагалгаа хийх болсон байна” гэж зөвшөөрсөн цагт л “гар хүрнэ” шүү дээ. Мэс засалч болоход хугацаа шаарддаг. Тамирчид шиг бэлтгэл, сургуулилалтаа шаргуу хийгээд амжилтад хүрнэ гэдгээс тэс өөр. Ер нь мэргэшсэн мэс засалч болоход 10 жил юу ч биш. Миний хувьд 30 жил энэ чиглэлээр ажиллаж байна. Миний харж, мэдэрснээр бол 20 гаруй жил ажиллаж байж мэргэшдэг юм болов уу.
-Анх удаа хагалгаа хийсэн мэдрэмж тань ямар байв?
-Анх удаа хүний биеийг огтолж, гэдэс, ходоодыг нь зүснэ гэдэг амар юм биш. Айдастай байна уу гэхээс гоё мэдрэмж лав биш. Гэхдээ айна гэсэн үг биш. Хүний амийг аврах сан гэдэг бодол, хүсэл юм. Мэс заслын эмч нар, ялангуяа ХСҮТ-ийнхөн зогсоо зайгүй хагалгаа хийж байна. Үргэлжийн түгшүүр дунд байдаг гэж болно. Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй хагалгаа дуусаад гараад ирэхээр л дотор нь уужирдаг юм шиг боддог. Үнэндээ бол хагалгааны дараа өвчтөн сайжраад, эмнэлгээс гарах үед л сэтгэл жаахан уужирна.
-Та 31 жил мэс засалчаар ажилласан туршлагатай эмч. Гэсэн ч хагалгааны өмнө түгшдэг үү?
-Юу ч бодохгүй байна гэж үгүй шүү дээ. Түрүүн хэлсэнчлэн “айдаг”. Хүн бүрийн алганы хээ өөр байдагтай адил анатомийнх нь бүтэц ондоо. Эрхтэн системийн байрлал, судасны салаалсан байдал гэхчлэн өчнөөн зүйл бий. Мэс засалч бол машин засаад гаршчихсан хүн шиг байхгүй шүү дээ. Мэдрэмж гэхээсээ илүүтэй мэргэжлийнхээ талаар бүгдийг мэдэхийн төлөө хүчээ дайчилж, уншиж, судалж, өөрийгөө боловсруулах зайлшгүй шаардлагатай. ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн хамт олныг удирдаж байгаа хүний хувьд илүү уншиж, судалдаг, мэдлэгтэй байхгүй бол болохгүй.
-Мэс заслын клиникийн удирдагч бол гүйцэтгэх засаглалын тэргүүнээс ялгаагүй асар хариуцлагатай алба. Үндсэн ажлынхаа хажуугаар мэс заслын таван тасгийн баг хамт олныг удирдах амаргүй албыг хэдэн жил үүрч явна вэ?
-2007 оноос хойш гэхээр 13 дахь жилдээ явна. Хавдрын үндсэн гурван эмчилгээнд мэс засал, туяа, химийн эмчилгээ багтдаг. ХСҮТ-ийн Мэс заслын клиник Цээжний хөндийн, Элэг, цөс, нойр булчирхайн, Толгой, хүзүүний, Эмэгтэйчүүдийн, Ерөнхий мэс заслын болон Сэхээн амьдруулах тасаг гэсэн бүрэлдэхүүнтэй. Энэ эмнэлгийн үйл ажиллагааны дийлэнх хувь нь мэс засалтай холбоотой гэхэд буруудахгүй байх. Жилдээ багцаалсан тоогоор 5000 орчим хагалгаа хийдэг. Өнгөрсөн онд зөвхөн ходоодны хагалгаа гэхэд 500 хийсэн байна. Ийм том хамт олныг удирдах ажлыг би ганцаараа гүйцэтгэнэ гэвэл барахгүй. Олон жилийн ажлын явцад арга барил тогтчихдог юм билээ. Хамт олон болон бидний бойжуулсан эмч, шавь нар маань өсөж дэвжээд тасаг удирдаж, ажлын ачааллаас хуваалцаж байна. Ер нь залуучуудаа сургаж, хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэдэг байх ёстой.
-Хавдар судлалын албыг хөгжүүлж, залгамж халаагаа бэлтгэх үйлсэд их хувь нэмэр оруулсан зэрэг таван шалгуураар танд оны өмнөхөн Н.Нямдаваагийн нэрэмжит шагнал олгосон. Хавдрын эмнэлгийн шавь сургалт, дэг жаяг гэдэг зүйл бий болоход таны хувь нэмэр их гэдэг юм билээ. Ер нь энэ эмнэлэгтэй холбогдсон учир шалтгаан тань сонирхолтой санагдсан. Энэ талаар дурсаач.
-Хавдрын эмнэлгээс хүмүүс айдаг, тэнд хэвтсэн хүн бараг эргэж ирдэггүй гэж ярьдаг, цэрвэдэг үе байсан шүү дээ. Тийм л нөхцөл байдалд ажиллаж байсан ахмад үеийнхэн ХСҮТ-ийн школ гэдэг зүйл бий болоход тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулсныг дурдах ёстой.
Би Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байлаа. Үүнээс гадна спортын мастерын 50 төгрөгийн цалинтай. Сар бүрийн 500 төгрөг бол гэр бүл, үр хүүхдээ хангалуун авч явахад хангалттай байлаа шүү дээ.
АУИС-ийг 1989 онд улаан дипломтой төгссөн. Аав, ээж маань эмч мэргэжилтэй. Аав олон жил эмнэлгийн удирдах ажил хийсэн, шударга хүн байлаа. Намайг их сургууль төгсөх үед юм уу даа, Эрүүл мэндийн яамны сайдаа хэвлэлд шүүмжлээд биччихэж. Энэ нь над дээр тусаад, би бараг нэг жил ажилгүй явсан. Аавын ангийн Н.Нямдаваа гуай тэр үед Хавдрын эмнэлгийн захирал байсан юм. Түүнтэй нэг өдөр яаманд таарахад “Миний хүү, манайд цалингүй ч гэсэн ажиллаж байвал яасан юм бэ” гэсэн. Ингэж энэ эмнэлэгт ороод, хэдэн сарын дараа жинхэлж, хоёр жилийн дараа гэхэд тасгийн эрхлэгч болсон. Н.Нямдаваа багш маань надад итгэл үзүүлсэнд үргэлж талархаж явдаг. 20-иод жил багштайгаа хамтран олон хагалгаа хийж, их зүйл сурсан.
Багш минь Монголд энэ салбарын суурийг тавьж, хөгжүүлж, өвлүүлсэн гавьяатай, мэдлэгтэй, мэдрэмжтэй эмч, нөгөө талаасаа дотнын хамтрагч, зөвлөгч, найз, мэргэжлийн минь эцэг байлаа. 1994 онд илүү сурч, боловсормоор байгаагаа багшид хэлж, зөвлөгөө хүсэхэд “Москвагийн Хавдар судлалын эрдэм шинжилгээний төвд очоод уулзаад ир” гэсэн. Тус төвийн орлогч захирал М.И.Давыдовтой уулзтал “Нэг реферат бичээд ир” гэж байна. Ходоодны хавдрын талаар бичээд нэг сарын дараа очлоо. Би ямар олигтой юм бичив гэж, ямартай ч зүтгэлийг минь үнэлсэн болов уу “Арваннэгдүгээр сард ирээрэй” гээд сургалт, байрны төлбөр хэд болохыг хэлсэн. Багш маань тэр төлбөрийн талыг төлж билээ. Үлдсэнийг нь эхнэр маань наймаа хийж, нааш цааш явж байгаад барагдуулсан, уг нь эмч хүн шүү дээ. Ингэж Москвад гурван жил сурсан.
Тэрбээр Москвад суралцах хугацаандаа “Улаан хоолойн хавдрын цээжний хөндийн булчирхайг түүх” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар эрдэм шинжилгээний ажлаа бичсэн ч өндөр өртөгтэй учраас Монголдоо хамгаалахаар иржээ. Гэхдээ “Монголд хийдэггүй хагалгаагаар докторын зэрэг горилох шаардлага байхгүй” гэсэн хариу сонсож, Н.Баасанжав багштайгаа зөвлөсний дагуу судалгааныхаа сэдвийг “Ходоодны дээд хэсгийн өмөнгийн мэс заслын эмчилгээ” болгон өөрчилсөн гэдэг. 1997 оноос хойш 10 гаруй жил судалгаа хийж 2008 онд докторын зэргээ хамгаалтлаа ходоодны хорт хавдартай 1000 гаруй хүнд хагалгаа хийжээ. Эрдмийн зөвлөлийнхөн түүнээс хоёр л жил хангалттай судалгаанд 10 жил зарцуулсан учрыг нь асуухад “Хагалгаа хийсний дараах таван жилийн үр дүн маш чухал байсан учраас арван жил урт хугацаа биш. Уг хагалгааг хийлгэсэн хүний тав ба түүнээс дээш жил амьдрах магадлалыг судлах зорилготой байсан” гэж хариулжээ. Энэ бол Я.Эрдэнэ-Очир хэр ул суурьтай, хөдөлмөрч, эрэл хайгуулч эмч болохын баталгаа буй за. Түүний судалгааны ажлын үр дүнд ходоодны хавдрын хагалгаа хийлгэсэн хүмүүсийн амьдрах хугацааг 1996-гаас өмнөх онуудынхтай харьцуулахад 2.5 жилээр уртассан гэдэг юм билээ. Түүнчлэн 1996 онд Монголдоо ирээд, урьд өмнө нь цөөхөн ч болов хийж байсан, нэг хэсэг тасарсан улаан хоолойн хагалгааг орчин үеийн арга барилаар амжилттай эхлүүлсэн аж. Энэ бол хэвлий болон цээжний хөндийг хоёуланг нь нээж хийдэг маш том хагалгаа юм. Өнөөгийн байдлаар ХСҮТ-д эл төрлийн хагалгааг долоо хоногт 3-4 хийж байгаа нь бахархмаар.
-Хавдрын эмч, мэс засалчид хэцүү нөхцөлд ажилладаг, стресстэх эрсдэл өндөр. Ядаргаа, стрессээ яаж тайлдаг вэ?
-Ер нь стрессгүй хүн манай нийгэмд, тэр дундаа эмнэлгийн байгууллагад байгаа юу. Би багаасаа л спортод дурлаж, сагсан бөмбөг, волейбол тоглож ирсэн, хөнгөн атлетикийн спортын мастер. Одоо ч тоглож, идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг. Миний хобби юм даа. Ууланд алхах бас сайхан амралт шүү.
-Та хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ?
-Ажлаа хийж байхдаа аз жаргалтай хүн дээ. Оюутан байхдаа номын сан, спортын танхимаас салдаггүй байлаа. Бусадтай адил нийлж, ийш тийш явах дургүй, ганцаараа байх сонирхолтой байсан. Ганцаараа байх амар санагддаг юм. Тийм болоод тэр үү, цөөхөн ч гэсэн чанартай, сайн андтай. Найз гэдэг цаг хугацааны явцад шалгараад үлддэг юм. Харин шавь олон байгаа шүү. Зарим хүн “Та хүнд хагалгаа хийдэг юм чинь хонь гаргаж чадна биз” гэдэг. Уучлаарай, би хонь гаргаж мэдэхгүй, чадахгүй, хүсэх ч үгүй.
-Эмч, мэс засалч гэж хэн юм бэ?
-Бусдын төлөө хамаг юмаа зориулсан “амьтан” юм даа. Сард сая хүрэхгүй төгрөг авдаг ч ар гэрийн амьдралаа хүртэл умартаж чаддаг, магадгүй бусдын хараат хүн бол эмч юм. Манай эмч нар ёстой л хоббигоороо ажилладаг байх. Мэс засалч хүн бүх насаараа л суралцдаг. Нөгөөтээгүүр, мэс засалч гэхээр хагалгаа хийгээд л болчихдог гэж ойлговол өрөөсгөл. Энэ мэргэжлээр ажиллах хүн сэтгэл судлаач байхаас эхлээд ар гэрийн амьдралаа төвхнүүлж, тогтворжуулсан байх ёстой гэж боддог. Ар гэрийнхэн нь зөв ойлгож, дэмждэг байх хэрэгтэй. Тэгж байж л сэтгэл тайван ажиллана биз дээ. Саяхан нэг телевизийн ярилцлагад орсон юм. “Эмч хүн энэрэнгүй үйлстэн үү, цус хараад айдаг уу” гэж асуух юм. Цуснаас айдаг хүн яаж хагалгаа хийх вэ дээ. Тэгсэн ч гэсэн “Үгүй ээ, би айдаггүй” гэлтэй биш сонин болсон. Мэс засалч бол цаанаасаа л бэлтгэгдчихдэг юм. Ингэдэг, тэгдэг гэж томьёолж хэлэхэд хэцүү л дээ.
-Эмчийг ур чадварын зэрэглэлтэй болгох ёстой гэдэг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Манай эрүүл мэндийн тогтолцоо бүхэлдээ гажуудалтай. Системийг нь өөрчилж байж л үнэлэмжийн тухай яригдана. Энэ бол зөвхөн манай салбарт тулгамдсан асуудал биш. Овоо туршлагажаад, жинхэнэ хийж, бүтээдэг насанд нь эмч, сувилагчдыг тэтгэвэрт гаргачихдаг нь учир дутагдалтай гэхчлэн яриад байвал асуудал мундахгүй.
-Та хэзээ өөрөөрөө хамгийн их бахархсан бол?
-Энэ талаар ер нь боддоггүй юм байна шүү. Би аав, ээж хоёртоо хавдрын хагалгаа хийсэн хүн. Үүгээр л өөрийгөө бага ч гэсэн үнэлж болох юм уу даа. Түүнээс биш, өөрийгөө тоогоод, бахархаад байх нь утгагүй. Ээжийн эхний хоёр хагалгаанд би ороогүй юм. Тэгтэл нэг удаа “Миний хүү ээжийнхээ хагалгааг хий. Санаа зовох хэрэггүй” гэсний дараа “Нээрэн би хийхгүй бол болохгүй. Өөр хэн хийх юм бэ” гэж бодсон. Хагалгаа амжилттай болсон. Ээж минь өдгөө 80 нас нэлээд гарсан сайхан хөгшин бий.
-Аав, ээжийнхээ хэвлийг нээхдээ юу бодсон бэ?
-Юу ч бодоогүй. Хагалгааны эрсдэл, энэ тэр асуудлыг урьдчилан тооцоолоод ажилдаа өөрийгөө бэлтгэнэ шүү дээ. Би ер нь том хагалгааны өмнө сэтгэл болоод биеэ бэлддэг. Алхаж, толгой тархиа сэргээнэ. Олон цагаар зогсож, төвлөрч ажиллах хүний хөл хөшөөд, энд тэнд нь өвдөөд байж болохгүй.
Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, АУИС-ийг дан онцоор “зодож” төгссөн, Монголын урдаа барьдаг эмч нарын нэг Я.Эрдэнэ-Очирын эхнэр, хүү нь ч Хавдар судлалын үндэсний төвийн эмч. Эмчийн удмын эмчийн гэр бүлийнхэн гэхээр сайхан. Гэхдээ тэр сайхны ард хувийн “амьдралгүй”, бусдын төлөө өдөр, шөнийг үл ялган зүтгэдэг их зоригтнууд байдгийг иргэд бид ойлгож, хүндэлж, төр, засаг нь хамгаалж, ойлгох учиртай. Эс бөгөөс тэд ч халширч мэднэ. Яагаад гэвэл эмч, мэс засалчдын цээжинд биднийхтэй адил зүрх, ард нь гэр бүл бий. Я.Эрдэнэ-Очир эмч ХСҮТ-ийн шинэ удирдлагыг хүлээн авах үеэр ч энэ талаар хөндөж “Өдөр дамнан хагалгаа хийдэг эмч нарынхаа үнэлгээ, үнэлэмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай” хэмээн хүссэн гэсэн.