ДБЭТ-ын гоцлол дуучин, басс хоолойт, шинэ оны өмнөхөн Засгийн газраас тухайн оны шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” шагнал хүртсэн С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр 1989 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумд төржээ. Дөрөвдүгээр анги төгссөн жил нь тэднийх Улаанбаатарт нүүж ирсэн тул 39 дүгээр дунд сургуульд суралцаж, аравдугаар анги дүүргэсэн байна. Хүүхэд байхдаа ер дуулж байгаагүй отгон хүүгээ ээж нь заавал дуучин болгоно гэж зүтгэсээр “ХБК-ийн дуулаачийн ангид шалгуул” хэмээн явуулсан бөгөөд шалгалтад тэнцсэн өтгөн дуутай, өндөр нуруутай, шөвгөр хүүг Ардын жүжигчин Д.Жаргалсайхан олзуурхан шавиа болгож авсан нь өдгөө ДБЭТ-ын басс хоолойт цөөхөн дуучны нэг. Түүнтэй ийнхүү хөөрөлдсөн юм.
-Хүүхэд байхдаа дуулдаг байгаагүй гэлээ. Гэтэл танай ээж дуучин болгохоор хичээсэн нь юутай холбоотой юм бол?
-Би есөн хүүхэдтэй айлын бага. Дөрвөн ах, дөрвөн эгчтэй. Манай ээж хүүхдүүдийнхээ нэгийг заавал урлагийн хүн болгоно гэж зүтгэдэг байсан юм билээ. Явж явж намайг “барьж авсан”. Ээж, аав хоёр маань малчин. Нэгдлийн болон сүүний үйлдвэрийн мал хариулдаг байсан. Одоо бол хоёулаа тэтгэвэрт, нас нь ч өндөр болж байгаа. Хужиртынхан ээж, аав хоёрыг сайхан дуулдаг гэцгээдэг. Эцэг, эх хоёр маань дээхнэ Баянхонгор аймагт ажиллаж байхад нь хотоос урлагийн сургуульд сурагч элсүүлэхээр очсон багш нар таарахдаа ээжийг сайхан дуулдгийг мэдээд хотод ирж урлагийн сургуульд орох урилга өгсөн гэсэн. Гэтэл эмээгийн бие муудаад, ирж чадаагүй гэдэг. Өөрөө урлагийн хүн болж чадаагүй болохоор хүүхдүүдийнхээ нэгийг дуучин ч юм уу, жүжигчин болговол сайхан санагддаг байсан болов уу. Намайг дунд сургуулиа төгсөхөд урлагийн сургуульд ор гээд, аавын хамаатан, дуу хөгжмийн багш Ариунболд гэдэг ахад даатгаад явуулчихаж билээ. ХБК-ийн элсэлтийн шалгалтад тэнцлээ. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийнхаа шавь боллоо. Бэлтгэлд нэг жил суралцаад, үндсэн нэгдүгээр курст орсон жилээс багшийн бие бүр муудсан л даа. Багшийг өөд болоход намайг өдгөө Гавьяат багш Ц.Ерөөгийн мэдэлд хуваарилсан.
-Хоёр мундаг багшийн ухаанаар дуучин болжээ. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийнхаа эрдмээс хэр ихийг өөрийн болгосон бэ?
-Заасан бүрийг нь анхааралтай сонсож, хүлээж авдаг байсан. Одоо бодоход багш үргэлж доод өнгөнд дасгал уншуулсан нь намайг өөрийнхөө залуу нас гэж хардаг, хайрладаг байсных юм болов уу.
-Өөртэй нь адил басс хоолойтой болохоор уу?
-Тийм ээ. “Ийм хоолойтой дуучин олон байдаггүй юм. Хоолой тавьж болно л доо. Гэхдээ төрөлхийн өгөгдөлтэй бол их болгоомжтойгоор зөв залж, ухаалгаар хөгжүүлэх ёстой” гэдэг байсан. Хичээл 08.30 цагт эхэлдэг. Гэтэл багш мэргэжлийн хичээлгүй өдрөө ч ирчихсэн, 08.00 цагаас өмнө надаар хоолойн дасгал уншуулж суудаг байлаа. “Хоёулаа хүүхдүүд ирэхээс өмнө нэлээд юм амжуулаад авъя” гэдэг байсан. Нэг удаа “Багш нь шууд хэлье. Дуурийн дуулаач болохоор олон хүүхэд сурч байна. Тэдний дундаас чиний л амьдралын хонгилын үзүүрт өчүүхэн гэрэл асаж харагдана. Тэр галыг бөхөөх үү, бадамлуулан бадраах уу гэдэг чамаас хамаарна” гэж хэлсэн. Би ч ойлголоо гэсэн.
-Тантай илүү цагаар хичээллэх дуртай байж дээ.
-Дуртай байсан. Нэг удаа найруулагч Л.Эрдэнэбулган гуайг орж ирэхэд “За, миний шавийн нэрийг тогтоож ав. Дуурийн театрт их хэрэгтэй дуучин бэлтгэж байна” гэж хэлсэн. Найруулагч тэгж хэлснийг нь санаж явдаг юм билээ. Манай театр энэ сарын 26-нд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь тоглоно. Би анх удаа Хоролдой ноёны дүр бүтээх гэж байгаа юм. Бэлтгэл сургуулилалт ид үргэлжилж байна. Л.Эрдэнэбулган гуай найруулагч нь. Нэг өдөр надад “Чиний дуулахыг сонсоод Жагаагаа их саналаа. Найз минь нүдэнд харагдаж байна. Чи багшийнхаа захиасыг биелүүлэх нь дээ, сайн байна” гэсэн. Жагаа багш маань надад “Болоогүй байхад их том дүр бүтээх гэж хоолойгоо эвдэх вий. Басс хоолой 30 нас хүрч байж тогтдог юм” гэж болгоомжлуулж байсан. Том дүрүүдийн нэг гэдэгт Хоролдой ноёных орно. Гоё ч дүр. Одоо дуулах цаг нь болсон гэж бодож байгаа.
-Дөнгөж нэгдүгээр курсийн оюутныг тоож, ирээдүйг тань ч харж, аминчлан захидаг байснаас харахад ихэд итгэж байж дээ.
-Багш одоо ч мэнд сэрүүн байх насны хүн шүү дээ. Цагаасаа өмнө явчихсанд нь харамсаад байдаг юм. Бид багшийг эргэж очиход надаар толгойгоо бариулдаг байв. Том гартай, сайн барьдаг гээд дуртай байсан. Нэлээд доройтоход нь Чингис ах бидэнд хэл өглөө. Яваад очтол юм ярьж чадахаа больчихсон байсан. Гэсэн ч сонин сайхан дуулгах санаатай удахгүй Орос руу Л.Линховоины нэрэмжит уралдаанд оролцохоор явах гэж байгаагаа хэлэхэд Чингис ах чихэнд нь ойртож чангаар хэлэхэд багш намайг “Нааш ир” гэж дохиж байна. Очвол “Чанга, зоригтой дуулна шүү” гэж их тод хэлсэн юм.
-Сүүлчийнх нь захиас байжээ.
-Тийм ээ. Түүнээс хойш гурав ч хонолгүй өнгөрсөн. Бас нэг удаа надад “Чи энэ хоолойн хэргийг гаргаарай. Гадаадын том театруудад дуулдаг дуучин болно шүү” гэлээ. Хэлснийг нь санаж яваа. Гэхдээ одоо л дөнгөж дуулж сурч байгаа болохоор яарахгүй байна. Тэгээд ч 32 нас хүрэхээсээ өмнө олон улсын хэд хэдэн уралдаанд оролцох тухай л бодож байна даа.
-Танайхан дунд өөр ийм өтгөн дуутай хүн бий юү?
-Манай гэрийнхний эрчүүд нь бүгд над шиг хоолойтой. Тэгэхээр төрмөл гэж хэлэх байх. 2014 онд Улаан-Үдэд уралдаанд оролцох үеэр дуучин Б.Эрдэнэтуяа эгч биднийг “Та нар энэ сайн эмчид хоолойгоо үзүүл, зөвлөгөө ав” гэхээр нь үзүүлсэн юм. Тэгэхэд эмч надад “Та хоолойгоо гамнаж яваарай. Сайн дуучин болоорой. Ийм том дууны хөвчтэй хүн ховор байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр манай ах нарын ч дууны хөвч том байх. Ц.Ерөө багш маань сургалтыг үргэлжлүүлэхдээ бас их зөв хөгжүүлсэн гэж боддог. Олон сайн шавь төрүүлсэн мэргэжилтэн шүү дээ. Ц.Ерөө багш бол Жагаа багшийн анхны шавь нь юм. Тэгэхээр арга барил адилхан. Хагас жил хэртэй Ч.Чинзориг багшаар заалгаж байлаа.
-Театр нэг үе басс хоолойт дуучнаар тасрах нь гээд байсан. Одоо байдал өөр болсон байх, хэдүүл ажилладаг вэ?
-Тийм үе байсан. Одоо гоцлол дуучин О.Хүрэлбаатар, Б.Алтанхуяг ах бид гурав ажиллаж байна. Саяхан дуурийн дуулаачдын подгрупп гэдэг дээ, бэлтгэлд Мөнхтөр гэж залуу орж ирсэн.
-Та хэдэн онд театрт гоцлол дуучин болж, хэдэн дүр бүтээгээд байна вэ?
-2013 онд найрал дууны ангид зургаан сар хэртэй ажиллаад, подгруппэд гурван сар болоод жинхэлсэн. Түүнээс хойш дуурийн гол болон туслах дүр 20-иодыг бүтээжээ.
-Анхны дүр нь юу байв?
-“Чингис хаан” дуурийн Боорчи.
-Хамгийн хэцүү, хөлс их урсгаж бүтээсэн нь аль дуурийн ямар дүр вэ?
-Манай театр Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” гэж дуурийг солонгос маэстрогийн удирдлагаар тавьсан даа. Тэр дуурийн бүхий л дүр дуучдаас хамаг юмыг нь шавхсан. Баритон, тенор, басс ялгаагүй. Би Раймондо гэж Лучиа, Энрико хоёрын загалмайлсан эцгийн дүр бүтээсэн юм. Дуурь эхлээд дуусах хүртэл шахам тайзан дээр байдаг дүр. Тэр дуурийг тавих үед манайхан бүгд их зүдэрсэн (инээв). Миний бүтээдэг нь өвгөн, ноён, хаан ч юм уу, нас тогтсон хүмүүсийн дүр байдаг юм. “Чингис хаан” дуурийн Ван хаан, “Травиата”-гийн доктор, “Учиртай гурван толгой”-н Балган гэхчлэн дурдаж болно.
-Залуу хүн настай хүмүүсийн дүр бүтээх хэцүү юү?
-Амаргүй. Алхаа гишгээнээс авхуулаад, намба төрхийг нь харуулах гэж маш их бэлтгэнэ. Анх хэцүү байлаа. Одоо дасаад, ядаж л нүүрээ хувиргаж сурч байна. Ер нь одоо л дуулж сурч байна даа.
-“Кармен”-ы Хозе шиг тайзан дээр дурлалдаа шатаж явах сан гэж боддог уу?
-Яг тэгж бодож байгаагүй ээ. Нэгэнт басс хоолойтой юм чинь, өөрт ногдсоноо сайн хийж, гүйцэтгэхийг л хичээдэг.