2019 оны нийслэлийн “Байгаль орчинд ээлтэй шилдэг залуу” шагнал хүртсэн, “Хотол констракшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Дагвадоржтой ярилцлаа. Тэрбээр малын өөх ашиглан, дотооддоо автомашины тос үйлдвэрлэхээр зорьж байгаа аж.
-“Эмээлт” захын хаягдал өөхийг хараад үйлдвэрлэл эхлүүлэх санаа олсон гэсэн. Нөхцөл байдал ямар байсан юм бол?
-2015 онд “Эмээлт” захаар явж байхдаа их хэмжээний өөх хаягддагийг анзаарсан. Мөн би төрсөн өдрөөрөө хогийн цэгт очиж, тэнд ажиллаж буй хүүхдүүдэд бэлэг тараадаг байсан юм. Ингэж явахдаа ч мал нядалгааны газрууд хаягдал өөхөө тэр чигээр нь хогийн цэгт хүргэдгийг харсан. Өөх дулааны улиралд хурдан муудаж, нян тархах, улмаар өвчлөл үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс их хэмжээгээр хаягдаж буй энэ зүйлийг ашиглан юу хийж болох талаар гадаадын улс орнуудаас туршлага судалсан. Гэсэн ч монгол ахуй минь надад гол аргыг нь заалаа. Өөх хайлуулж, тос гарган, боорцог хайрдгийг мэдэхгүй монгол хүн бараг байхгүй биз ээ. Гадаадын улс орнууд малын өөхөөр техникийн болон хүнсний хэрэгцээний тос үйлдвэрлэдэг. Малын өөхийг өндөр зэрэглэлийн буюу шар тосны дараа орох эко тос гэж тооцдог юм билээ. 2016 онд БНХАУ-ын Бээжин, Тэнжинь хотод очиж, хэрхэн үйлдвэрлэл явуулах талаар судлав. Тэгэхэд хятадууд өөх хаядгийг сонсоод гайхаж, “Малын өөх бол хамгийн чухал түүхий эд шүү дээ” гэж хэлж билээ.
-Тоног төхөөрөмж оруулж ирэх, хөрөнгө босгох зэрэг асуудлаа хэрхэн шийдвэрлэж, үйлдвэрлэлээ эхлүүлэв?
-Банкнаас зээл авах зэргээр төсвөө бүрдүүлж, тоног төхөөрөмжөө захиалан, туршилт хийсэн. Эхний ээлжид өөхнөөс тос ялган авч, түүхий эд болгон экспортлохыг зорьж байгаа. Ингээд 2019 оны аравдугаар сард үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан. Одоо экспортлох зөвшөөрөл авахаар материалаа бүрдүүлж байна. Бидний үйлдвэрлэж буй тос бүх төрлийн бүтээгдэхүүний түүхий эд болдог. Цаашид санхүүжилтээ шийдэж чадвал дотооддоо тосол, техникийн тос үйлдвэрлэхийг зорьж буй. Магадгүй 30 градусын хүйтэнд хөлддөггүй техникийн тос үйлдвэрлэх боломжтой. Одоогоор өдөрт 15 тонн тос үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлээ эрчимжүүлбэл 45-50 тонныг гаргах чадалтай болно. Нийт 20 ажлын байр бий болголоо.
-Түүхий эдээ хэрхэн цуглуулж байна вэ. Хаягдал өөх хэр их гардаг юм бэ?
-Өөх худалдаж авдаг савангийн үйлдвэрүүд зэрэг газар бий. Одоо хүмүүс өөхөө зардгийг мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, үнэгүйдсэн өөх үнэд хүрсэн. Жишээлбэл, мал нядалгааны газруудын ажилчид өөхөө бидэнд борлуулдаг. Гэхдээ бид очиж авдаггүй, авчирч өгдөг гэсэн үг. Саяхан дөрвөн аймгийн нутгаар явж, нийлүүлэлтийн судалгаа хийлээ. Ченжүүд ихэнхдээ орон нутагт малаа бойлж, өөх нь тэндээ хаягддаг юм байна. Тиймээс орон нутагт цэг байгуулж, малчид, ченжүүдээс өөх худалдаж авахаар болсон. Тодорхой хэлбэл, өдөрт 50 тонн тос үйлдвэрлэж, экспортлохын тулд түүхий эд хангалттай байх хэрэгтэй. Орон нутгийнхан энэ саналыг уриалгахан хүлээж авсан.
-Өөх хайлуулж, тос гарган авахтай адилаар үйлдвэрлэл явуулж байгаа гэж ойлгож болох уу?
-Энгийнээр тэгж тайлбарлаж болно. Монголчуудын хийдэгчлэн тогоондоо өөх хайлуулж, тосыг нь ялган авна гэсэн үг. Гэхдээ үйлдвэрлэлийн стандарт, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шүү дээ. Бид бас өөхний шимэлдгийг ялган авч, тэжээвэр амьтдын хоол болгож борлуулдаг. Мөн БНСУ, Япон Улс руу шимэлдгээ шинжилгээнд явуулж, зөвшөөрвөл экспортолно. Харин тосыг хүнсний зориулалтаар ашиглах бол олон улсын стандартын дагуу үйлдвэрлэлийн горимоо бага зэрэг өөрчлөх шаардлагатай. Тухайлбал, тоног төхөөрөмжөө сайжруулж, зэс, хөнгөн цагаан тогоотой болох ёстой. Бүтээгдэхүүний дээжээ Хятадын нэлээд хэдэн компани руу явуулаад байна. Тэдгээр компани манай тосыг 100 хувь шаардлага хангаж байна гэж үзээд, аль болох хурдан импортлох хүсэлтээ илэрхийлсэн. Галт тэргээр тээвэрлэн, хилээр гаргахаар төлөвлөж буй. Манайх 50 тоннын савтай. Түүндээ хуримтлуулж, зөөвөрлөнө гэсэн үг. Газар зүйн байршлын хувьд манайхтай ойр, хил залгаа учир эхний ээлжид урд хөрш рүү экспортлохоор төлөвлөсөн. Тээврийн зардал бага шаардагдана шүү дээ. Цаашид Япон, БНСУ-ын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Танайхаас гаргаж буй бүтээгдэхүүнийг ашиглан олон улсад юу хийж байна вэ?
-Техникийн болон гутлын тос, саван, тосол, хүнсний бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Эхнэр минь гэртээ гар аргаар саван хийдэг. Техникийн буюу автомашины тос нь дэлхий дахинд хэдийн хөгжсөн үйлдвэрлэл. Гэхдээ эх орондоо үүнийг үйлдвэрлэж буй нь сайхан. Тиймээс үйлдвэрлэлээ өргөжүүлж, санхүүжилтээ шийдвэрлэж чадвал техникийн болон хүнсний тос үйлдвэрлэнэ. Бид үйлдвэрлэлийн явцад тосыг галлагаанд ашиглах боломжтойг тогтоосон. Үйлдвэрийнхээ зуухны хэлбэрийг өөрчилж, тосоор галладаг болгосон. Ямар ч түлш ашиглахгүй, яндангаар нь агаар соруулж галлана гэсэн үг. Ингэвэл утаа гарахгүй, өртөг багатай юм билээ. Манай үйлдвэрийн цахилгааны сарын төлбөр ойролцоогоор гурван сая төгрөгт хүрдэг байсан. Гэтэл энэ зуухыг ашигладаг болсноор цахилгааны төлбөр бага, гурван тонн тос л зарцуулж байна. Бид айлууд тосоор зуухаа галлавал хэр өртөгтэйг тооцоолсон. Нэг айл цагт 2-3 литр тос хэрэглэх юм билээ. Гэхдээ үүнийг хараахан боловсронгуй болгоогүй.
-Та ямар мэргэжилтэй вэ. Энэ үйлдвэрлэл таны мэргэжилтэй холбоотой юу?
-Би ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг тээврийн удирдлага мэргэжлээр төгссөн. Мөн олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн. Газрын баялгаа ухаж, хөрөнгө олох сонирхолтой гэх зэргээр хүмүүс эрх мэдэлтнүүдийг шүүмжилдэг шүү дээ. Солонгост сурч байхад нэг багш “Монгол Улс газрын баялаг ихтэй. Шарилж нь хүртэл эмчилгээний бүтээгдэхүүн болдог. Ялангуяа малын гаралтай түүхий эдээс нь хаях зүйл байдаггүй” гэж билээ. Гадаадын улс орнуудад, тэр дундаа БНХАУ-д ажлын шугамаар явахдаа малын гүзээ, сархинаг, дайвар бүтээгдэхүүн нь махнаасаа илүү үнэтэй байдгийг харсан. Миний цаашдын зорилго бол зөвхөн өөхнөөс бус, Улаанбаатар хотын бохироос тос гарган авч, экспортлох юм. Бусад орон цэвэрлэх байгууламждаа суваг барьж, тосыг нь ялган авдаг юм билээ. Таван эрдэнэ малынхаа тосыг дотооддоо бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, бохироос ялгасныгаа экспортолно. Зөв голдиролд нь оруулж чадвал бидэнд боломж их бий.
-Холбогдох газруудад үйлдвэрлэлээ танилцуулан, зөвшөөрөл хүсэхэд юу гэж зөвлөж байв. Цаашид хамтран ажиллах санал ирсэн үү?
-Байгаль орчны үнэлгээний хурлаар ороход холбогдох албаныхан их урам өгсөн. Хаягдал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна гэхээр хэн хүнгүй нааштай хүлээж авдаг юм билээ. Нийслэлийн “Байгаль орчинд ээлтэй шилдэг залуу”-гаар шалгарснаас хойш хүмүүс холбогдож, дэмжих саналаа илэрхийлэх болсон. Гадаад биш, дотоодын иргэдтэй хамтран ажиллахад бэлэн. БОАЖЯ-ныхан өөхний үйлдвэрлэлийн анхны тохиолдол гэж тодотгосон. Гэхдээ манайхтай ижил үйлдвэрлэл эрхэлдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гурван байгууллага байдаг сураг сонссон. Тэд зөвшөөрлөө аваагүй байх. Энэ төрлийн үйлдвэр олон байх тусмаа сайн шүү дээ. Монгол Улс хэчнээн малтай, түүнээс гарч буй ашиг ямар их билээ. Үүнийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх нь сайн хэрэг.
Бэлтгэсэн: Б.Нандин