“Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь өнгөрсөн жил Эстонийн Таллин хотод болсон чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгө, Унгарын нийслэл Будапештэд зохион байгуулсан U23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай. Мөн ОХУ-ын чөлөөт бөхийн олимпын анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын АШТ-д хоёр жил дараалан түрүүлж, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль өвөртөлж, шагналын хуртай эх орондоо ирж байв. Тэрбээр энэ жилийн УАШТ-д хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан. 50 кг-ын жинд улсын аваргаар дөрвөн удаа шалгарсан ОУХМ Э.Нарангэрэлийг оноогоор цэвэр ялсан ч 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий хүрэл, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ц.Намуунцэцэгт ялагдсан юм. Н.Анударьтай ярилцлаа.
-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д хүч сорьж, хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Энэ тэмцээн залуу тамирчдад ур чадвараа ахиулж, өөрийгөө хөгжүүлэх том боломж бийг ойлгуулдаг гэж бодож байна.
-Баярлалаа. Чөлөөт бөхийн УАШТ-д гурав дахь удаагаа оролцлоо. Энэ удаа жин хасаж 50 кг-д хүч сорьсон тул их ядарсан. Надад хүрэл медаль үнэ цэнтэй ирлээ. Гэхдээ өөрийнхөө санасанд хүртэл барилдаж чадсангүй. Ялагдал минь сургамж болсон. Миний жинд барилдсан бөхчүүдээс хамгийн хүчтэй нь Ц.Намуунцэцэг эгч байв. Зорьсондоо хүрэхийн тулд илүү хичээх ёстойг энэ тэмцээн санууллаа. Тиймээс медалийнхаа өнгийг хувиргахын төлөө хичээж зүтгэнэ.
-Энэ спортод амжилт гаргаж яваа бөхчүүдээс та тэмцээнд өнгөлж оролцдог тамирчдын нэг болжээ.
-Би чөлөөт бөхөөр зургаан жил хичээллэж байна. Залуучуудын чөлөөт бөхийн ДАШТ-д хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын бөхтэй учраа таарахад туршлагаар илүүрхсэн тул өөрт байгаа бүхнээ шавхаж барилдсан. Түүнд хожигдож яваад ялсан л даа. Барилдааны цаг дуусахад гурван секунд дутуу байхад ялсан. Өөрөөсөө хүчтэй тамирчныг хожсондоо их баярласан. Түүнийг хожно гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд байв. Дэлхийн дэвжээнд хүч үзнэ гэдэг Монголд болдог тэмцээнд зодоглохоос үнэхээр өөр гэдгийг тэр үед мэдэрсэн дээ.
-ОХУ-ын Красноярск хотод Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гран при” олон улсын тэмцээн удахгүй болно. Энэ тэмцээнд өмнө нь өрсөлдөж байсан санагдах юм.
-Өнгөрсөн жил тэмцээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөхтэй зодоглосон ч ялж яваад хожигдсон. Хэрвээ түүнтэй дахиж барилдвал даагаа нэхнэ. Казахстан, Киргизийн бөхчүүд хүчтэй, барилдахдаа гар өргөж шиддэг. Тэд тэмцээний цаг дуусахаас өмнө энэ мэхээ хийдэг юм билээ. Тиймээс барилдааных нь техник, мэхээс нь суралцахыг хүсэж байгаа.
-Чөлөөт бөхийн ертөнцөд найзтайгаа их сонин тохилдлоор хөл тавьсан гэл үү?
-Би Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд сурдаг байлаа. Биеийн тамирын багш нэг өдөр “Чөлөөт бөхийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болно, оролцох хүүхэд байна уу” гэж асуулаа. Оролцох хүүхэд гараагүй тул багш “Б.Энхцэцэг, Н.Анударь хоёр барилд” гэв. Найз минь биерхүү, бяртай. Тэр тэмцээнд Б.Энхцэцэг түрүүлж, би хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээн дээр дасгалжуулагч П.Чулуунбаатар багш ирж, бидэнтэй уулзаад “Та хоёр чөлөөт бөхөөр хичээллэх үү, Спортын төв ордонд очиж бэлтгэл хийгээрэй” гэж хэлсэн. Түүнээс хойш гурван сарын дараа энэ спортоор хичээллэсэн. Тэмцээнд санаандгүй оролцож, багштайгаа таарсандаа одоо ч баярладаг. Бөхийн спорт намайг амьдралын ухаан, хүнийг хүндлэх, харилцааны ёс зүйд сургаж, эерэг хандлагатай болгосон.