“Оюутолгой” компанийн залуу геологичдын нэг Ц.Нинжинтэй ярилцлаа.
-Компанийнхаа хамгийн залуу ажилтан нь юм байна. Яагаад геологич болохоор шийдсэн бэ?
-Би ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг 2018 онд төгссөн. Палеонтологич болно гэж боддог байлаа. Манай улсад палеонтологийн чиглэлээр суралцахын тулд геологич мэргэжлийг сонгон, улмаар хичээлүүдийг нь гүнзгийрүүлж үзэх хэрэгтэй юм билээ. Тэгээд л геологич болчихсон хэрэг. Зарим хүн геологийн салбарыг ашигт малтмалтай шууд холбон ойлгож, алт, нүүрс хайж илрүүлдэг гэж боддог. Гэтэл геологи бол маш баялаг, олон талт шинжлэх ухаан бөгөөд миний мэдэхээр 300 орчим чиглэлд хуваагддаг. Тэдний нэг нь л ашигт малтмал хайх, илрүүлэх юм.
-“Оюутолгой” бол манай улсын уул уурхайн томоохон компани. Ямар шалгуур ханган ажилд оров?
-Сургуулиа төгсөх үед “Оюутолгой”-д шинэ төгсөгчдөд зориулсан, тодорхой шалгууртай ажлын байр зарласан. Тэдний нэг нь инженер геологийн чиглэлээр уурхайд дөрвөн жил ажиллаад, цаашид юугаар мэргэшихээ тодорхойлох хөтөлбөр байв. Тэр жилийн төгсөгчдөөс би ганцаараа тэнцсэн юм. Эхлээд хүдрийн хаягдал хадгалах байгууламжийн төлөвлөлтийн чиглэлээр ажилласан. Одоо Ил уурхайн геологийн хэлтэст структур геологийн чиглэлээр ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд өрөм, тэсэлгээ, уул уурхайн ашиглалтын инженер зэрэг чиглэлийн аль алиныг нь сонгон ажиллах, суралцах боломжтой. Хоёр дахь жилдээ ажиллаж байгаа ч багагүй зүйл сурч мэдэж байна.
-Манай улсын уул уурхайн салбарын бүтээмж сүүлийн жилүүдэд тогтмол өсөн, залуус ч энэ төрлийн мэргэжил сонгох нь элбэг болж. Ажлын байрны олдоц хэр байдаг бол?
-Манай ангийг 50 орчим хүүхэд төгссөнөөс 30 гаруй хувь нь магистрт сурч байгаа. Миний хувьд эхлээд ажиллаж дараа нь ахисан түвшний сургалтад хамрагдъя гэсэн бодолтой. Ажил хийж дадлагатай болсноор цааш сурахад дөхөм болох болов уу гэж үздэг. Гэхдээ миний ажигласнаар шинэ төгсөгчдийн олонх нь хайгуулын зураглалын чиглэлээр ажиллаж байна.
-Уурхайн геологийг яагаад залуус сонгохгүй байгаа юм бол. Ер нь эмэгтэй хүн уурхайд ажиллахад хэр бэрхшээлтэй вэ?
-Дуртай, сонирхолтой ажлаа хийж буй тул бэрхшээл бараг үгүй гэж болно. Мэдээж хээрийн нөхцөл, уурхайн кэмпэд ажилладаг тул маш нарийн дүрэм журамд захирагдах шаардлагатай. Амрах, ажиллах цагийн хуваарийг ягштал баримталж, илүү бүтээмжтэй ажиллахыг хичээдэг. Мөн манай компанид чадварлаг геологич, мэргэжилтнүүд олон байдаг учраас тэднээс суралцаж, бага хугацаанд их зүйл амжуулахыг чухалчилдаг.
-Олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байв уу?
-Олон мэргэжил, мэргэжилтнүүд даяаршин, хил хязгааргүйгээр хоорондоо харилцдаг болсон. Тэдгээрийн нэг бол геологи. Тиймээс ч бид өдөр тутмын ажлаа хийх явцдаа шаардлагатай тохиолдолд австрали, америк залуустай холбогдон, мэдээлэл солилцдог. Тэд ч туслахдаа дуртай. Мөн 2016 онд Харвард, Колумбийн их сургуулийн эрдэмтэн, багш, судлаач оюутнуудын хамтарсан олон улсын шинжилгээний ангитай Алтай Таванбогд уулын орчимд зуссан юм. Эл анги Алтай Таван богдын мөстлөг хэзээ хайлж эхэлсэн, орчных нь гадаргын усны хэмжээ, дэлхийн уур амьсгалд үзүүлэх нөлөөллийг судлан 3-4 жил ажилласан байв. Бага ч болов хугацаанд олон орны эрдэмтэн, залуустай хамтран ажилласандаа баяртай байдаг. Үүнээс улбаалан би дипломын ажлаа “Алтай Таван богдын мөстлөгийн геохронилоги ба менералоги” сэдвээр бичсэн. Энэ нь уг уулын мөс хэзээнээс хайлж эхэлснийг тогтоох зорилготой. Үр дүн нь 14 000 жилийн өмнөөс гэж гарсан бөгөөд эл дүнг би ганцаараа бодоод олчихсон хэрэг биш шүү. Манай улсад байдаггүй дэвшилтэт тоног төхөөрөмжтэй тул Америк руу хэд хэдэн удаа судалгааны ажлаа тайлагнах, илүү сайн материал бэлтгэх зорилгоор явж ажиллаж байлаа. Нэлээд сонирхолтой судалгаанд оролцон, чухал санаа дэвшүүлсэн тул мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ авсан. Боломж гарвал эл сэдвээ цаашид илүү гүнзгийрүүлж судлах бодол бий.
...Гэхдээ манай улсын хэмжээнд нарийн шинжилгээний багаж, дэвшилтэт тоног төхөөрөмж дутмаг. Тиймээс зарим судлаач, эрдэмтэн, инженер гадаадад ажиллахыг илүүд үздэг болов уу. Олон улсад ажиллах нь мэдлэг, боловсрол, ур чадвараа өндөр үнэлүүлэх нэг боломж ч юм...
-Уурхайн геологийн албанд ажиллах, эрдэм шинжилгээний ажилтан болох хоёрын алийг нь сонгохоор шийдэж байна. Ер нь үе тэнгийн, мэргэжил нэгтнүүд чинь аль чиглэлд түлхүү ажиллах сонирхолтойг анзаарав уу?
-Миний хувьд хараахан шийдээгүй. Гэхдээ аль ч чиглэлийг сонгосон манай улс маш сонирхолтой, атар онгон, арвин баялаг судлагдахуун гэдгийг л ойлгосон. Залуус өөрсдийгөө сайтар боловсруулж, мэргэжилдээ дурлавал бидэнд хийх ажил тун их бий. Одоогоор манайх нийт газар нутгийнхаа 15 орчим хувьд геологийн нарийвчилсан судалгаа хийсэн дүн байдаг. Хэрэв судалгааны далайцыг нэмэгдүүлбэл нүүрс, зэс, газрын ховор элемент олборлон, ашиглах “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” шиг томоохон аж ахуйн нэгж байгуулагдах боломжтой. Тиймээс эрдэм шинжилгээний ажилтан, хайгуул болон уурхайн геологич зэрэг маш олон мэргэжилтэн шаардлагатай болно. Аль нэг салбар нь түлхүү хөгжинө, хэн нэг нь орхигдоно гэж бодохгүй байна.
-Ажлынхаа талаар сонирхуулаач.
-Би долоо хоног уурхайд, долоо хоног оффист ажиллан долоо хоног амардаг юм. Энэ бол тун таатай цагийн хуваарь. Амралтаараа ихэвчлэн мэргэжлийн ном, товхимол, шинжлэх ухааны нийтлэл уншдаг. Монгол, орос, англи хэлээрх ялангуяа геологи, уул уурхайн чиглэлийн өгүүлэл түлхүү уншихыг хичээдэг. Ойлгож, гүйцэхийн аргагүй шахам их мэдээ, мэдээлэл гардаг тул нэлээд шаргуу ажилладаг даа. Мөн үе тэнгийн, мэргэжил нэгтэй залуустай нийлэн, өөр хоорондоо мэдлэг, мэдээллээ солилцох, мэргэжлээ сурталчлах зорилгоор “Монголын уул уурхайн залуу мэргэжилтнүүдийн холбоо” төрийн бус байгууллага байгуулаад удаагүй байна. Байгуулагдаад удаагүй ч хэд хэдэн ажил хийсэн. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй бид уулзалт зохион байгууллаа. Тэднээс цөөнгүй нь геологич мэргэжлийг төдийлөн мэддэггүйг анзаарсан. Алт, нүүрс, чулуу судалдаг хүн үү гэх мэтээр асууж сонирхох нь элбэг байв. Тиймээс манай улсын ирээдүйд тун чухал хэрэгцээтэй уул уурхайн чиглэлийн мэргэжлүүдийн талаарх ойлголтыг хүүхдүүдэд багаас нь өгч, анхан шатны мэдээллээр хангах хэрэгтэй болов уу гэж бодсон. Гадаадад сургууль, цэцэрлэг болон хүүхдийн зуслангууд эрдэс баялгийн булантай шүү дээ. Тэнд нь төрөл бүрийн чулуу, ашигт малтмал тавьсан байдаг. Тийм байдлаар геологи, уул уурхайн салбарын талаарх мэдлэгийг багаас нь олгон, мэргэжлээ сурталчлах хэрэгтэй болов уу хэмээн бид ярилцаж, юу хийх талаараа зөвшилцөж байна. Мэдээж бид хоорондоо холбоотой байж, мэдлэг мэдээллээ солилцон, илүү идэвхтэй ажиллах зорилготой.
-Манай маш олон мэргэжилтэн гадаадад геологи, уул уурхай инженерээр ажиллаж, олон улсын захиалгат ажлыг гүйцэтгэдэг юм билээ. Шинэ залуу мэргэжилтнүүдийн ур чадвар, боловсрол хэр түвшинд байгаа гэж бодож байна вэ?
-ШУТИС, МУИС-ийн багш нар өндөр мэдлэг боловсролтой, заах арга барил сайтай гэж болно. Гэхдээ манай улсын хэмжээнд нарийн шинжилгээний багаж, дэвшилтэт тоног төхөөрөмж дутмаг. Тиймээс зарим судлаач, эрдэмтэн, инженер гадаадад ажиллахыг илүүд үздэг болов уу. Олон улсад ажиллах нь мэдлэг, боловсрол, ур чадвараа өндөр үнэлүүлэх нэг боломж ч юм. Гэхдээ багш нар ямар ч мэдлэг өгч, юу ч заасан гэсэн хувь хүний хичээл зүтгэл хамгаас чухал. Залуус өөртөө итгэлтэй ажлаас бэрхшээж зүрхшээлгүй хийгээд байвал үр дүнд хүрч, илүү боловсорч, өсөж дэвжих нь дамжиггүй.
-Геологичид хөдөө орон нутагт их ажилладаг. Хэдэн аймаг сумаар явав?
-Оюутан байхаасаа цөөнгүй аймаг, сум, улс орноор явжээ. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь Баян-Өлгий аймаг байсан. Байгаль, цаг уур, хүмүүсийнх нь соёл, уламжлал, иддэг хоол нь ч халх монголчуудаас өөр. Тэнд олон улсын багт ажиллан, амьдралынхаа нэгээхэн хэсгийг дурсамжтай, сургамжтай өнгөрүүлсэндээ баяртай байдаг.