УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдах байсан ч ирц бүрдэлгүй, хуралдаанаа хойшлуулав. Уг ньҮндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцах байв. Тус байнгын хорооны дарга С.Бямбацогтоос хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүд болон цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх байлаа. Уг хуульд оруулах гэж буй гол нэмэлт, өөрчлөлт нь юу вэ?
-Бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгохоор болсон. Тиймээс тус хуульд эл өөрчлөлттэй холбоотой зохицуулалтуудыг тусгана. Мөн Сонгуулийн тухай нэгдсэн хуулиас салгаж байгаа. Эдгээрийг эс тооцвол тийм олон өөрчлөлт орохгүй. Ер нь бид Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг тус бүр долоон удаа зохион байгууллаа. Энэ болгонд хуулиудыг нь засаж, сайжруулахыг зорьж ирсэн. Тиймээс сонгуулийн хууль, эрх зүйн орчинд зарчмын том өөрчлөлт тэгтлээ орохооргүй болсон.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 45 хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Эдгээрийг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу?
-Бүгдийг нь хэлэлцэж амжихгүй. Хамгийн түрүүнд буюу нэн яаралтай хэлэлцэх нь УИХ-ын тухай хуулийн төсөл. Яагаад гэвэл, сонгуулийн дараа УИХ шинэ бүрэлдэхүүнээр ажиллана. Тэр үед хууль, эрх зүйн орчин бүрдсэн байх ёстой. Мөн шинээр бүрдсэн УИХ Засгийн газрыг байгуулах ёстой. “Давхар дээл”-тэй байх сайд нарын тоог тодорхой болгосноос гадна Ерөнхий сайдын эрх, үүрэг нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тухай хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулна. Цаашлаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай. Үүний араас Ерөнхийлөгчийн болон Шүүхийн тухай хуулийн төслийг нэрлэж болно. Ер нь нэр бүхий 45 хуулиа 2020 онд багтаан баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хууль, эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Хэдийгээр энэ парламентын бүрэн эрхийн сүүлийн чуулган ч гэлээ голлох хуулиудаа батлахын төлөө Төрийн байгуулалтын байнгын хороо тасралтгүй ажиллана.
-УИХ-ын сонгуулийн санал хураах өдрийг хэдэнд байхаар төлөвлөж байна вэ?
-Хуулийн дагуу зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр санал хураалт явуулах ёстой. Үүнийг баримтлан санал хураах өдрийг зургадугаар сарын 24 гэж тогтох саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан. Үүнийг УИХ-аар хэлэлцэн шийднэ.
-Олон мандаттай дүүргүүдийн мандатаас хасаж, зарим аймгийнхыг нэмэх гэж байгаа юм уу?
-Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймгийн тойрог тус бүр нэг мандаттай. Улаанбаатар 28 мандаттай. Нийслэлийн мандатаас дөрвийг нь дээрх нэг мандаттай аймгууд руу шилжүүлэх талаар ярьж байгаа. Гэхдээ эцэслэн шийдээгүй. Юутай ч одоогоор 26 тойрогт 76 мандатаа хуваахаар ярьж байна. Аль дүүргийн мандатыг шилжүүлэх вэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо тооцож, судалж байж УИХ-д өргөн мэдүүлэх байх.
-Томсгосон мажоритар хувилбараар сонгууль явуулахдаа улсын хэмжээнд 26 тойрогт нийт мандатыг хувааж ирсэн. Тойргийн тоог энэ удаа нэмэхгүй гэсэн үг үү. 30-35 тойрог байгуулах тухай ярьж байсан.
-Одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна. Тодорхой ярьж байгаа зүйлүүд бий. Тухайлбал, Налайх, Багахангай, Багануур дүүргийг нэг тойрог болгох тухай хөндөгдсөн. Сонгуулийн ерөнхий хорооны тооцоо, судалгаанд үндэслэж УИХ шийдвэрээ гаргана. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоог тодорхой болгох ёстой.
-Ер нь мандат хуваарилахдаа ямар зарчим барьж байгаа вэ?
-Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзан хуваадаг. Аймаг, дүүрэг тус бүрт дээрх үзүүлэлтүүдийг харгалзан ойролцоо байхаар тооцож мандатыг хуваарилна. Түүнээс биш мандатын тоо хотод их, хөдөөд цөөн байна гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, хот, хөдөө гэсэн ялгаа байж болох ч хөдөөд аймгууд, нийслэлд дүүргүүдийн мандат ойролцоо байна.
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үү?
-Хаврын чуулганаар хэлэлцэх бодолтой ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улс төрийн намтай холбоотой тодорхой зохицуулалтууд багтсан шүү дээ.