Граунд (талбайн) гольфоор хичээллэдэг ахмад тамирчдаас П.Гантөмөр Монголдоо төдийгүй гадаадын томоохон тэмцээнүүдэд оролцож, 14 алтан цомын эзэн болжээ. Тэрбээр БНХАУ-ын Шанхай, Япон, ӨМӨЗО-д болсон тэмцээнээс алтан цом гардаж байв. Хамгийн сүүлд Польшид зохион байгуулсан Европын анхдугаар нээлттэй тэмцээнд Монголоос дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс хүрэл медаль өвөртөлж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан. Тэрбээр 2021 онд Японд зохион байгуулах дэлхийн мастеруудын олимпын наадамд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй.
-Та “Таван цагариг”-ийн шинэ оны анхны дугаарын зочин боллоо. 2020 онд оролцохоор төлөвлөсөн тэмцээнүүдээсээ сонирхуулж яриач.
-“Таван цагариг”-ийн уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Энэ оны эхний дугаарын зочноор уригдаж байгаадаа баяртай байна. Би 2019 оныг амжилт бүтээлээр арвин үдэж, 2020 оныг олз омог дүүрэн угтлаа. Гольф дотроо дэлгэцийн, талбайн гээд олон төрөлтэй. Граунд гольф Монголд хөгжиж байгаа спортын төрлүүдээс хамгийн залуу нь. 2015 онд энэ спорт манайд нэвтрэхэд тууштай хичээллэж, өдгөө 14 алтан цомын эзэн болоод байна. Хичээллээд удаагүй ч богино хугацаанд гаргасан амжилтаараа 2019 оны шилдэг тамирчнаар шалгарсан. Монголын мастеруудын биеийн тамир, спорт холбооны ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар Дэлхийн граунд гольфын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоноор манай улс гишүүнээр нь энэ сарын 3-нд элслээ. Тэрбээр 35-аас дээш насны тамирчдыг энэ спортод хөл тавиулсан ачтан. Миний хувьд гадаадад болсон олон тэмцээнд тамирчдынхаа хамт оролцож, эх орныхоо нэрийг өргөж яваадаа бахархдаг.
-Ч.Наранбаатар дасгалжуулагч энэ спортоор хичээллэдэг. Тиймээс ахмад тамирчдаа бэлтгэл хийх зориулалтын талбайтай болгосон гэв үү?
-Энэ спортоор хичээллэдэг тамирчид талбайгүй тул Яармаг, Нисэхийн ойролцоох зүлгэн дээр бэлтгэл хийж, эзэнд нь хөөгдсөн удаа бишгүй. Бидэнд хамгийн их дутагдаж байсан зүйл бол зориулалтын талбай. Манай тамирчид зүлэгтэй талбай олохоор бөмбөг, цохиураа үүрээд гардаг байлаа. Дарга маань хөлбөмбөг, үндэсний сурын харвааны талбайд бэлтгэл хийх цаг авбал нь өглөө эрт очиж базаана. Харваачдын талбайн нэг жигүүрт бэлтгэл хийж байхад суманд нь оногдохгүйг хичээнэ шүү дээ. “Сум маш хүчтэй шүү, болгоомжтой байгаарай” гэж сануулдаг юм. Урин дулаан орохоор орон нутгуудаар явж бэлтгэл базаадаг. Энэ мэтчилэн хэссэн газар олон. Ч.Наранбаатар дарга тамирчдаа талбайтай болгох гэж их хичээсэн, зүтгэсний эцэст санасандаа хүрлээ. Өөрөө энэ спортод зүрх, сэтгэлээ зориулж яваа болохоор биднийг хаана, ямар тэмцээнд оролцоно тэнд хамт байдаг юм.
-Сар шинийн дараа хаврын тэмцээн эхэлнэ. Тамирчид зориулалтын талбайтай болсон тул өрсөлдөөн ширүүсэх байх даа?
-Би өвөл зуслангийнхаа хашаанд тохижуулсан 15-20 метрийн талбайд багийнхаа тамирчидтай бэлтгэл хийдэг юм. Граунд гольфын тамирчид хүйтэнд хөрч, халуунд халж бэлтгэл хийсээр тэмцээнд оролцдог. Өнгөрсөн намар Польшид болсон тэмцээнд 11 орны 110 тамирчин өрсөлдөхөд Монголын тамирчдаас З.Туяа мөнгө, би хүрэл медаль хүртсэн. Тамирчин хүн шагналын тавцанд эх орныхоо нэрийг гаргах нь л хамгийн сайхан. Ийм амжилт хүссэн болгонд олддоггүй.
-Зорилгынхоо төлөө зүтгэвэл хүн хэдэн насандаа ч амжилт гаргаж болдгийг ахмад тамирчид харууллаа. Тухайлбал, дэлхийн аварга Ц.Раднаа, Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор, бас та.
-Би одоо 58 настай, дөрвөн хүүхэд, 10 ач, зээтэй. Намайг амжилт гаргахад ханийн минь тус их бий. Бид спортын төлөө амьдралаа зориулж яваа. Нөхөр минь хөнгөн атлетикийн тамирчин, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө болгон гүйж бэлтгэл хийдэг юм. Надад “Намайг гүйж байхад чи бөмбөг хэд цохиод ав” гэдэг. Цохиур, бөмбөгийг минь машиндаа ачаад зүлэгтэй газар луу дагуулаад явдаг. Нөхөртэйгөө анх танилцсан үеэс л спортоор хичээллэсэн. Нөхрийгөө Хандгайтад бэлтгэл хийх үед нь хүүтэйгээ эргэж очсоор байгаад цана, тэшүүрээр гулгаж сурсан. ОХУ-ын Буриадын Эрхүү хотод 1986 онд оюутнуудын дунд зохион байгуулсан цанын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв. Тэр үеэс урам орж, цана, тэшүүрээр зургаан жил хичээллэсэн. Эрхүүд хэлний бэлтгэлд нэг жил, дараа нь Украины Донецк хотод үргэлжлүүлж суралцсан. Тэр үед 26 настай, гурав хүүхдийн ээж болчихсон “хөгшин” оюутан байлаа. Оюутнууд амралтынхаа өдөр үзвэр үзэж байхад би украин хүүхдүүдтэй хөлдөө тэшүүр углаад гулгаж өнждөг. Граунд гольфын спортод хөл тавихад фитнесээр хичээллэдэг байсан минь их нөлөөлсөн. Гольфчид бөмбөг цохихын тулд гартаа бяртай байх хэрэгтэй байдаг юм. Фитнесээр хичээллэхэд гар чанга, хүчтэй болдог.
АМЖИЛТ ГАРГАХ ТУСАМ УРАМ ЗОРИГ ОРЖ, ЭРЧ ХҮЧ АВДАГ
-Улсын 24 удаагийн аварга Б.Вандан-Очир гуайг хөнгөн атлетикийн спортод гаргасан амжилтаар нь монголчууд мэднэ. Таныг нөхрөө дагаад хөнгөн атлетикаар хичээллэдэг болов уу гэж бодож байлаа.
-Ханийн минь 10 км-ийн уралдаанд гаргасан амжилтыг нь шинэчилсэн тамирчин Монголд одоогоор алга. 1985 онд таван км-ийн зайд 14 минут, 32 секунд гүйж шинэчилсэн улсын дээд амжилтыг нь 24 жилийн дараа Гавьяат тамирчин Б.Сэр-Од хэдхэн долиор ахиулсан. Өнгөрсөн жил Налайхын тартан замын нээлтийн үеэр нөхөр минь өөрийнхөө нэрэмжит тэмцээн хийсэн. Өдгөө 61 настай, ахмад тамирчдын эгнээнд шилжжээ. Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-д түрүүлсэн. Нөхөр минь олон шавьтай. Олимпод олон тамирчин бэлдсэн. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс паралимпийн хөнгөн атлетикийн тамирчид бэлтгэн, дасгалжуулагчаар ажиллах болсон. Тэр тамирчдаас Ж.Лхагважав Гавьяат тамирчин цол хүртлээ. Гавьяаныхаа амралтад гарсан ч гэртээ суудаггүй хүн дээ. Ахмад насныхны тэмцээн хаана болно, оролцож байдаг. Нас бол тоо гэдгийг амжилт, амьдралынхаа замналаар баталж яваа. Хэт холын зайд хурд сорьж, 255 км-ийн уралдаанд тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн удаа олон. Залуу байхдаа нөхрийгөө өвлийн хүйтэнд Хандгайт, Налайх, Төв аймаг хүртэл гүйгээд ирэхэд нь айдаг байж билээ. Хоёр жилийн өмнө хэт холын марафон Өмнөговь аймагт болоход ханьдаа шинэ пүүз авч өгсөн юм. Хөлд нь тааруулаад авчихсан чинь холгоод, хумсаа унатал гүйсэн байсан. Тэр тэмцээнд монгол хүний тэсвэр тэвчээр ямар байдгийг харуулж түрүүлэхэд БНСУ-ын үзэгчид бахархаж, хойтон жил нь ханьд минь зориулан медаль хийж явуулахдаа “Монголын тэсвэр тэвчээр” гэж нэрлэсэн байсан шүү.
-Монголд болсон талбайн гольфын тэмцээнд та “Одтой тамирчин”-ы шагналыг нэг бус удаа хүртсэн санагдах юм.
-2017 онд Архангай аймагт болсон тэмцээнд өрсөлдөхөөр талбайд гарахад тус аймгийн биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Нэргүйбаатар “Байгалийн зүлгэн дээр хэр баргийн тамирчин бөмбөг оруулдаггүй юм даа” гэхэд нь би нэг цохилтоор хиймэл, байгалийн зүлэг дээр бөмбөг оруулж, хос “Алтан бөмбөг” шагнал хүртсэн. Энэ спортод амжилт гаргах тусам урам орж, эрч хүч авдаг. Би оролцсон тэмцээн болгоноосоо алтан цом, “Одтой тамирчин” шагналтай ирдэг. Залуудаа гаргаагүй амжилтыг ахмад насандаа гаргаж яваадаа ч баярладаг. Амжилт гаргахад өмнө нь спортоор хичээллэдэг байсан үеийн минь тэсвэр, хатуужил нөлөөлдөг. Манай тамирчид бороо орж, нар шарж байсан ч бэлтгэлээ таслахгүй хийдэг. Бид хэдий тамирчин ч гэлээ робот биш шүү дээ, хааяа ядарч, эцэж цуцна. Тийм үед нь тамирчдадаа халуун цай, хоол хийж өгдөг. Дуу шуу ороод, бие нь хөнгөрөөд ирэхээр нь багийнхаа тамирчдыг “Одоо талбайгаа нэг тойрчихъё” гээд уриална шүү дээ.
-Та тэмцээнд оролцохын хажуугаар шүүгчээр ажилладаг. Тамирчин, шүүгч байхын аль нь хэцүү вэ?
-Аль аль нь амаргүй. Тэмцээний шүүгчээр ажиллаж байхдаа тамирчдад аль болох туслахыг хичээдэг. Талбайд зогсолт их чухал. Тиймээс “Та буруу зогсож байна шүү, цохиураа зөв барь. Зүлгээ сайн хар, өмнөх тамирчныхаа цохилтыг ажиглаарай” гэж зөвлөдөг. Тамирчид олон тойрч тоглохдоо тоогоо алддаг тал бий. Тийм үед нь “Танд нэг тойрог дутуу үлдлээ шүү” гэж сануулдаг. Уг нь тэмцээнд шүүгч ингэж зөвлөх ёсгүй л дээ. Гэхдээ тухайн тамирчныг яльгүй зүйлээс болж алдаа битгий гаргаасай гэж бодсондоо хэлдэг юм. Архангай аймагт нэг эгч тэмцээнд оролцохоор зээтэйгээ ирсэн байлаа. Зээ нь уйлсан чинь санаа нь зовоод анхаарал нь төвлөрдөггүй. Тэгэхээр нь “Эгч ээ, одоо юу ч бодохгүйгээр анхаарлаа төвлөрүүлээд бөмбөгөө цохиорой” гэлээ. Тэр эгч миний зөвлөсөнөөр тоглож, түрүүлээд алтан цом гардсан. Тэмцээний дараа “Намайг зөв чиглүүлж, алтан цом авахад тусалсанд их баярлалаа” гээд талархаж байгаагаа хэлсэн. Би зөвхөн өөрийнхөө тамирчдад гэсэн бодлоор ханддаггүй. Гадаадын тамирчдад гэсэн халуун хоол, цай өгдөг. Тэмцээний талбайд Хятадын аварга тамирчин нэлээд ядарсан байгааг хараад хоол, цай өгөхөд их баярлаж билээ. Спорт олон орны тамирчдыг нэгтгэж, нэг гэр бүл шиг эвтэй болгодог нь гайхамшигтай.
НӨХӨР МИНЬ Л НАМАЙГ ЭНЭ СПОРТ РУУ УРВУУЛСАН
-Энэ спорт Европт түлхүү хөгжсөн. Азийн орнуудаас ямар улс тэргүүлдэг вэ?
-Талбайн гольф 1982 онд Япон Улсын Тоттори мужид үүссэн гэдэг. Япончуудын эрүүл, урт насалдаг нь энэ спорттой холбоотой. Японд 30, Солонгост 20 жилд хөгжиж байна. Монголын тамирчид чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Азиас БНСУ, Японы тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэмцээнд тэд шилдгээр шалгарч, хамгийн хүндтэй шагналыг хүртдэг юм. Миний хувьд Японд болсон тэмцээнд дөрвөн удаа оролцлоо. 2016 онд болсон тэмцээнд Архангай аймгийн тамирчин И.Энхбаяр амжилттай оролцож, монголчуудын шагналын салхийг хагалж, хүрэл медаль хүртсэн. Дараа жил нь би тэр тэмцээнээс шагнал авсан. БНХАУ-ын Шанхайд болсон тэмцээнд ганцаараа эх орноо төлөөлж оролцсон. Надтай таван хятад тамирчин 25 метрт тоглосон юм. Гүвээний цаана байгаа нүхэнд бөмбөг орохыг тамирчид харахгүй шүү дээ. Миний өмнө Хятадын аварга тамирчин бөмбөгөө цохихдоо хажуу бэлээр нь цохиод байлаа. Би дотроо “Энэ тамирчин олон жил тоглосон туршлагатай. Аваргыг дагаж цохиход алдахгүй байх” гэж бодоод цохитол хүмүүс “Mongolia” гээд хашхираад эхэлсэн. Очоод үзтэл миний бөмбөг нүхэнд орчихсон байв. Би ингэж Шанхайгаас алтан цом гардаж билээ. Тамирчин хүн өрсөлдөгчийнхөө давуу талаас байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг байх хэрэгтэй.
-Гольфын тамирчид бөх, бокс, тулааны тамирчид шиг сэтгэл хөдлөл, хүч, бяр, хурд тэгтэл их гаргадаггүй. Та тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Би тэмцээний өмнөх өдөр сайн унтаж амардаг. Граунд гольфын тамирчид тэмцээн дээр сэтгэлийн хөөрөл бага гаргадаг. Аль болох тайван байж, алдаа гаргахгүйг хичээнэ. Сэтгэлийн догдлол багатай. Энэ спортод ялгарах онцлог бий. Талбайд тамирчин өөрөө өөртэйгөө өрсөлддөг. Тиймээс граунд гольфыг сонгосон тамирчин өөрийгөө ялан дийлэх чадварт суралцдаг юм. Товчхон хэлбэл, тайвшрал, сэтгэлийн таашаал авдаг. Яарч сандраад цохивол бөмбөгөө наанадуулж, эсвэл давуулах тул амжилт гаргахгүй. Польшид болсон нээлттэй тэмцээнд манай тамирчид оролцохын хажуугаар мини гольфоор өрсөлдсөн юм. Тэр тэмцээн тамирчдын цайны цагаар болсон. Намайг тамирчдын зургийг авч байгааг нэг залуу харчихаад сандарсандаа болоод алдчихсан. Би алдахыг нь харсан болохоор “Энэ тамирчин анхаарал нь төвлөрөхгүй алдчихлаа” гэж гэмшээд, бушуухан талбайгаас холдсон. Спортын ямар ч тэмцээнд анхаарал жаахан сарнивал амжилт гаргахгүй. Надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байлаа. Нэг цохилтоор хоёр бөмбөг оруултал нэг нь нүхнээс ойгоод гарчихсан. Очоод үзтэл гольфын шар бөмбөг нүхэнд байв. Тэр бөмбөгийг “Надад алдааг минь ухааруулж, сургамж хайрласан” гээд авч хадгалсан. Манай тамирчид тэр бөмбөгийг дургүйхэн авч байгааг харчихаад “Чи их азтай, гольфын бөмбөг оллоо” гээд бэлгэшээсэн.
-Фитнесээр хичээллэж байсан хүнийг хэн талбайн гольф руу уруу татчихав аа?
-Би учиргүй дурлаж ороогүй. Нөхөр минь л намайг талбайн гольф руу урвуулчихсан. Нэг өдөр граунд гольфоор хичээллэх сонирхолтой хүмүүсийг бүртгэж байгаа зар уншаад миний нэрийг бичүүлчихсэн байв. Тухайн үед “Би энэ спортоор хичээллэж чадахгүй, сонирхохгүй байна” гэсэн. Тэгсэн “Хоёулаа, Төв аймаг явъя. Тэнд нэг сонирхолтой тэмцээн болно, оролцъё” гээд дагуулаад явлаа. Очтол тэмцээнд оролцох хүмүүстэй хамт намайг бүртгүүлчихсэн байсан. Юу ч мэдэхгүй хүн талбайд гараад цохиураар бөмбөг цохиод санаандгүй оруулчихлаа. Тэр үед бөмбөг оруулснаа ч мэдээгүй зогсож байлаа шүү дээ. Насны хязгаар заадаггүй спорт болохоор сонирхож хичээллэх хүмүүсийн хүрээ тэлж байгаа. Талбайн гольф стресс тайлдаг. Сонирхогчид хичээллэнгээ хоорондоо ямар ч сэдвээр яриа өрнүүлж болдог. Байгальд алхангаа, тоглодог болохоор бясалгал хийсэн мэт амарна.
-Хүүхдүүд тань гольф, хөнгөн атлетикаар хичээллэдэг үү?
-Манай дунд охин Солонго буудлагын спортоор хичээллэдэг. Германд болсон тэмцээнд оролцож, ОУХМ цол хүртсэн. Нөхрөө амжилт гаргах гэж яаж хөдөлмөрлөж байсныг мэддэг болохоор ач, зээ нараа спортын хүнд замаар явуулахыг хүсдэггүй. Тэр дундаа гүйлгэх бүр дургүй. Бага охин минь аавыгаа дагаж гүйсээр байгаад ургамлын харшилтай болсон. Тиймээс спортын өөр төрлүүдээс сонгож хичээллээсэй гэж боддог. Манай зээ нараас нэг охин талбайн гольф тоглож байгаа. Нэгдүгээр ангийн сурагч хэрнээ намайг дагаж ирээд талбайд цохиур бариад зогсчихдог. Бөмбөг оруулчихаад “Эмээ, би бөмбөг оруулчихлаа” гээд бөөн баяр. Энэ спортод сонирхолтой байгаа болохоор хойшдоо тоглуулах бодол бий. Би хамгийн анхны алтан цомыг 2017 онд Улаанбаатар хотын хаврын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нэг цохилтоор хоёр бөмбөг оруулж, “Одтой тамирчин” шагнал хүртсэн юм. Тэр өдөр том охин минь амаржиж, охинтой болоход шагналын мөнгөө “Эмээдээ аз авчирсан зээ” гээд бэлэглэж байлаа.
-Хүмүүс гольфын талаар ойлголттой байдаг ч гайхамшгийг нь төдийлөн мэддэггүй. Таныг энэ спорт өөртөө дурлуулж, өөрчилж чадсан тухай яриач.
-Граунд гольфын спорт хараа, хурд их шаарддаг. Бүх насны хүмүүс эрүүл агаарт тоглох боломжтой. Японд болсон тэмцээнд долоон настай орос хүү, 92 настай солонгос өвөө өрсөлдсөн. Тэд тэмцээний хамгийн залуу, хамгийн ахмад тамирчны шагнал хүртсэн. Талбайн гольфод нэг цохилтоор оруулсан тохиолдолд “Алтан бөмбөг”-ийн эзэн болдог юм. Энэ спортоор хичээллэдэг тамирчин байнгын хөдөлгөөнтэй байдаг болохоор өвдөх завгүй явдаг. Эрүүл, өвчингүй явна гэдэг хамгийн сайхан. Амьдралын үнэ цэнтэй зүйл бол гэр бүл, эрүүл амьдрах. Бид хүүхдүүддээ “Залуу дээрээ спортоор хичээллэж, биеэ эрүүл байлга” гэж захидаг. Би жин ихтэй байсан тул турна гэсэн бодолтой фитнесээр хичээллэсэн. Одоо миний хамгийн дуртай спортын нэг. Энэ спортод хөл тавиад 12 жил болжээ.