“Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчаар “Ковер Монголиа” компанийн гүйцэтгэх захирал, зах зээлийн шинжээч Б.Мөнхдөл ажиллалаа. Бизнесийн удирлагын мэргэжилтэй тэрбээр Сингапурын үндэсний их сургуулийн Ли Куан Югийн нэрэмжилт Төрийн бодлогын сургуульд энэ онд төрийн бодлогын магистрийн зэрэг хамгаалсан юм. Б.Мөнхдөл эдийн засагч Б.Дөлгөөнтэй уул уурхай, төсвийн бодлогыг хөндөн ярилцлаа.
-Засгийн газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нэг жилийн хугацаатай зогсоолоо. Монголын хайгуулын салбар уналтад орсон гэж үздэг. Хайгуул нь уул уурхайн хөгжлөөсөө 20 жилийн түрүүнд явах учиртай. Лиценз олгохыг зогсоосон нь уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлнө гэж би бодож байна. Та ямар бодолтой байна вэ?
-Засгийн газарт ийм шийдвэр гаргах шалтгаан байгаа биз. Байгаль орчин сүйдэж байна гэсэн дотоодын улстөржилтөд нөлөөлсөн болов уу. Үүнд тулгуурлаж, улс төрийн нөхцөл байдлаас үүдэж ийм шийдвэр гаргасан байх. Энэ шийдвэр нь эдийн засаг, бизнесийн салбарт богино болон урт хугацаанд ямар нэгэн нөлөө үзүүлж таарна. Богино хугацаанд уул уурхайн хайгуулын салбарт орох гадаад, дотоодын хөрөнгө оруулалт буурна. Ер нь Засгийн газар гэнэт шийдвэр гаргахаа болих хэрэгтэй гэж боддог. Бизнесийн орчныг сайжруулъя гэж бодож байгаа бол гэнэтийн шийдвэрээсээ татгалзах хэрэгтэй. Ийм тодорхойгүй байдал арилахгүй байгаа учраас манайд орж ирэх хөрөнгө бага байна. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулаад өндөр эрсдэл үүрэн, их ашиг олохыг л эрмэлзсэн тоглогчид манайхыг зорьж байгаа. Бусад салбарын хөрөнгө оруулалт манайхыг тойроод л яваа. Экспортоо төрөлжүүлье, гадаадын хөрөнгө оруулалтыг аж үйлдвэрийн салбар руугаа татъя гэж бодож байгаа бол тодорхой алхам хийх хэрэгтэй. Юун түрүүнд тээвэр ложистикийн дэд бүтцээ сайжруулж, цахилгаан дулааны хангамжаа нэмэх шаардлагатай байна. Монгол Улсад аж үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн үндсэн шалтгааны нэг нь дэд бүтцийн дутагдал юм.
...Энэ бол бидний том алдаа. Алдаа гаргасан тухай олон жишээ ярьж болно. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг жилийн хугацаанд зогсоосон нь аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандахгүй байгаагийн тод жишээ...
-Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 10 сард 1.56 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө орж ирснийг мэдээлсэн. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал зургаан хувиар буурчээ. Гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь “Оюутолгой” төсөлд л зориулсан хөрөнгө байна. Нэг талаар энэ нь хөрөнгө оруулалтын баланс алдагдсаныг харуулдаг. Манай Засгийн газар өмнө нь лиценз олгохыг зогсоож байсан. Шинээр лиценз олгохгүй болохоор Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт шиг орд нэмж нээх хугацаа хойшилно. Хайгуулын дийлэнх лицензийн хугацаа ойрын хоёр жилд дуусна. Тэгэхээр хайгуулын салбар тэг зогсолтод орох юм. Цөөн том төслөөс эдийн засаг хамааралтай болох нь. Уул уурхайгаа солонгоруулах хэрэгтэй юм шиг санагддаг. Та ямар бодолтой байна вэ?
-Төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тэгэхээр хүндэрсэн гэж хэлж болохгүй. Хамгийн асуудалтай зүйл нь эскпорт. Үүний 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаарч байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшаас хамаараад манайд орж ирэх валютын орлого хэлбэлздэг. Энэ нь манай улсын эдийн засгийг савлуулдаг гажигтай. Эдийн засгийн тогтворгүй байдал экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаатай холбоотой. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хоорондоо уялдаатай байдаг. Нэгийнх нь үнэ унахаар бусдынх нь хэвээр үлддэггүй, бүгд хямдардаг. Түүхий эдийн үнийн савлагаа манай эдийн засагт шууд орж ирж байна. Эдийн засгаа биш юм гэхэд экспортоо солонгоруулах хэрэгтэй. Ялангуяа боловсруулаагүй түүхий эдийн экспортод эзлэх хувийг багасгах учиртай юм. Энэ бол ойрын хэдэн жилд хийчих ажил биш. Дунд болон урт хугацааны бодлого хэрэгжүүлж байж экспортын орцыг солонгоруулна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эзлэх хувийг 50-иас доош оруулж байж, эдийн засгийн савлагаа багасна гэж боддог. Экспортод уул уурхайн бүтээгдэхүүний эзлэх хэмжээг бууруулах гэж хайгуулын лиценз олгохыг зогсоож байгаа гэдэгт эргэлзэж байна. Уул уурхайн түүхий эдийн экспортод эзлэх хувийг багасгах, цаашлаад аж үйлдвэрээ хөгжүүлэхээр гаргасан шийдвэр бол хүндэтгэж үзэх үндэстэй. Гэвч хайгуулын лиценз олгохыг өнөөдөр зогсоогоод жилийн дараа дахин өгч эхэлнэ. Эндээс бодлогын ямар ч уялдаа холбоогүй шийдвэр гаргаж байгаа нь харагдлаа.
-Бодлогын уялдаа холбоог хангахад бид ямар арга хэмжээ авах ёстой вэ. Ямар санал байна вэ?
-Хамгийн түрүүнд гадаадын хөрөнгө оруулалтыг нэг багцад хийхээ болих хэрэгтэй гэж боддог. Хоорондоо ялгаатай дөрвөн өөр зорилготой гадаадын хөрөнгө оруулалт бий. Эхнийх нь түүхий эд, ашигт малтмал эрэлхийлсэн хөрөнгө оруулалт. Удаах нь Монголын өнөөгийн дотоодын зах зээлийг эрэлхийлэх хөрөнгө оруулалт. Өөрөөр хэлбэл, манай зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар орж ирж байгаа хөрөнгө оруулалт гэсэн үг. Гуравдугаарт, стратегийн хөрөнгө хайсан мөнгө орж байгаа. Жишээ нь, үзэсгэлэнт байгальтай нуурын эрэгт жуулчны бааз байгуулахыг стратегийн хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Дөрөв дэх хэлбэрийн хөрөнгө оруулалт нь үр бүтээмжийг эрэлхийлдэг. Үүнийг тухайн улсын хямд хүчин зүйлийг ашиглаж, баялаг бүтээх хөрөнгө оруулалт гэж хэлж болох юм. Жишээ нь, манай хямд ажиллах хүчээр бүтээгдэхүүн үйлдвэрлүүлээд гадаадад экспортолж болно. Монголд оруулж буй хөрөнгийн 82 хувь нь уул уурхай, 15 нь зах зээл, гурав нь стратегийн нөхцөл эрэлхийлсэн байдаг.
Харин үр бүтээмж эрэлхийлсэн хөрөнгө орж ирэхгүй байна. Эндээс хоёр зүйл ажиглагддаг. Монголд оруулж буй хөрөнгийн дийлэнх нь уул уурхайтай холбоотой. Үүн дотроо дийлэнх “Оюутолгой” төсөлд ногддог нь харагдана. Хайгуулын лицензтэй холбоотой шийдвэр уул уурхайн хөрөнгө оруулалтад шууд нөлөөлнө. Хятад, БНСУ-ын хөгжлийн нууц болсон үр бүтээмж эрэлхийлсэн хөрөнгө оруулалт яагаад Монголд орж ирэхгүй байна вэ. Монголд тээвэр ложистик, цахилгаан, дулаан үнэтэй байгаа учраас ийм төрлийн хөрөнгө оруулалт хийх байгаа нь судалгаанаас харагддаг. Дэд бүтэцтэй холбогдсон аж үйлдвэр байгуулах газар Монголд алга. Хувь хүн машин авч чадна. Гэхдээ зам тавьж чадахгүй. Орон сууц худалдаж авч чадна. Харин цэцэрлэгт хүрээлэн байгуулж чадахгүй. Үүнтэй адилхан компаниуд үйлдвэр барьж чадна. Гэхдээ цахилгаан станц барьж, инженерийн шугам сүлжээ тавьж чадахгүй байна. Мөн дэд бүтэцтэй холбогдсон газар асар үнэтэй нь аж үйлдвэр хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан. Компаниуд өндөр үнээр авсан газартаа олон давхар орон сууц барьж л ашиг олж байна. “Гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувьд нөлөөлөх, бууруулах хэмжээний шийдвэр гаргачихлаа. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх шийдвэр гаргасан юм уу” гэж Засгийн газраас асуумаар байгаа юм.
-Уул уурхайгаа хөгжүүлж бусад салбараа дэмжих ёстой гэж хардаг. Гэтэл уул уурхайн хөгжлийг “гацааж” буй нь бусад салбараа хөгжүүлэх сувгаа хааж байгаагаас ялгаагүй биш үү.
-Дахин хэлэхэд ямар ч уялдаа холбоогүй шийдвэр гаргаж байна. Дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой, бүр наашлаад ирэх оны төсөвтэй яаж уялдаж байна вэ гэж үзье. Ямар ч уялдаа байхгүй. Ядаж орлогын тооцоолол хийсний дараа шийдвэр гаргах хэрэгтэй байлаа.
-Сэтгэл хөөрлийн шийдвэр гэж үзэж байна уу?
-Үүнийг тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэн шийдвэр гэж бодож байна. Тооцоо судалгаатай, эсэх нь эргэлзээтэй. Зарим улстөрчид давуу тал олгож байгаа учраас ийм шийдвэр гаргасан болов уу. Нэг талаар бидэнд бодож тунгаах, шүүж ярилцах хугацаа олгож байгаа нь сайн хэрэг юм.
-Төрөөс эрдэс баялгийн салбарт 2025 онд хүртэл баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Тэгэхээр ярилцчихсан гэж ойлгож байгаа.
-Тэгвэл ярилцаад шийдэл гаргасан хүмүүс нь яагаад эсэргүүцэхгүй байна вэ. Мэргэжлийг нь эзэмшээгүй мөртлөө өөрийгөө сэтгэлзүйч гэж нэрлээд явдаг хүний тухай нэгэн элэглэгч ярьсан нь сонирхол татсан. “Сэтгэлзүйч биш хүн сэтгэл зүйн салбарыг доромжилж байхад жинхэнэ сэтгэлзүйчид хаана байна вэ” гэж тэрбээр асуусан. Жинхэнэ сэтгэлзүйчид доромжлуулаад л яваад байгаа хэрэг. Доромжлуулаад яваад байхаар дуугарах хэрэгтэй гэсэн санаа хэлье. Өргөн хүрээнд ярилцаад бодлого баталсан гэж байгаа бол зөвшилцөлд хүрсэн гэсэн үг. Гэтэл батлуулсан хүмүүс нь хаана, юу хийж явна вэ. Монгол баялагтай. Гэхдээ Саудын Араб гэх мэт улстай харьцуулахад бага баялагтай. Монгол Улс баялгаа ашиглаад дунд хугацаанд бусад салбараа хөгжүүлж чадах уу гэдэг асуултад хариулах хэрэгтэй болсон. Уул уурхайгаа тэргүүн ээлжинд хөгжүүлэх, эсвэл бусад салбараа зэрэгцүүлээд дэмжих үү гэдэг сонголт бий. Одоо бол манай төр алийг нь ч хийхгүй урсаж явна. Засгийн газар олсон мөнгөө дахин сонгогдоход л зарцуулж байна.
-Уул уурхай бидэнд ашиг өгөхгүй байна гэж орон нутгийн иргэд эсэргүүцдэг. Эсэргүүцэх шалтгааныг нь зөв гэж боддог. Ашигт малтмалын хуульд татварын 20-30 хувийг тухайн орон нутагт шилжүүлэх заалт бий. Үүнийг хэрэгжүүлэх зүйтэй гэж боддог уу?
-Туйлын харамсалтай нь, энэ шийдвэр хэзээ ч хэрэгжихгүй. Улстөрчид нь нөлөө бүхий аймагтаа их хэмжээний төсөв хуваарилж байгаа. Хэнтий аймагт ирэх онд 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Тэгвэл Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдарч буй Сонгинохайрхан дүүрэгт хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байна вэ. Харьцуулаад үзэхэд, Хэнтий аймгийн нэг хүнд ногдох хөрөнгө оруулалт Сонгинохайрхан дүүргийн иргэнийхээс хэд дахин их байх нь тодорхой. Улаанбаатарын төсөв улсын нийт төсвийн есөн хувьтай дүйж байна. Гэтэл Улаанбаатарт хүн амын тал нь амьдарч байна. Энэ хуваарилалт шударга бус, улс төрийн шийдэл.
Эдийн засгийн хамгийн зөв шийдэл гаргаж ирсэн ч улс төрөөс хамаарч өөрчлөгддөг. Улаанбаатараас сонгогдох УИХ-ын гишүүний тоог цөөлөх гэнэ. Тэгэхээр ногдох төсөв нь улам л багасна гэсэн үг. Нэг төгрөгийн зарцуулалтаас их үр ашиг хүртэе гэвэл олон хүн амтай газартаа хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгвэл уул уул уурхайгаас олж байгаа татвар олон хүнд хүрнэ. Таван мянга хүрэхгүй хүн амтай суманд соёлын төв, ахмадын өргөө гэсэн ашиглалтгүй барилга барьсаар байх уу. Сүүлийн хэдэн жилд Сонгинохайрхан дүүрэгт нэг ч цэцэрлэгт хүрээлэн байгуулаагүйг мэдэх юм. Уул уурхайгаас орж ирсэн орлогоо сонгуульд бэлтгэхийн тулд хуваарилж байгаа учраас ард иргэдэд ч, эдийн засгаа хөгжүүлэх салбарт ч хүртээмжгүй байна. Хууль байгаа ч хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл алга. Миний мэдэхээр, тавдугаар цахилгаан станцын шавыг таван удаа тавьсан. Уг нь цахилгаан станц хэрэгтэй гэдэгтэй улс үндэстнээрээ санал нэгддэг. Нийгмийн зөвшилцөл байгаад ч станц барьж чадахгүй байна.
Хөрөнгө оруулалтыг нь хүртэл шийдчихсэн байсан станцыг барьж чадаагүй. Монголчууд алдаанаасаа суралцдаггүй. Тиймээс нэг алдааг хэд ч давтаж магадгүй. Энэ бол маш аюултай хандлага. Юунаас болж алдаа гаргаж байна вэ гэдгээ ч мэддэггүй. Үүнийг судлах, сонирхох ч хүн алга. Монголчууд дэмий л бужигнаад байгаа юм шиг санагддаг. Монголчууд аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандахгүй, судалгаа, арга зүй ашиглахгүй байна. Энэ бол бидний том алдаа. Алдаа гаргасан тухай олон жишээ ярьж болно. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг жилийн хугацаанд зогсоосон нь аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандахгүй байгаагийн тод жишээ. Эдийн засаг, уул уурхайн салбар, бизнесийн орчинд үзүүлэх сөрөг нь юу байх вэ, байгальд, улс төрд ямар давуу тал авчрах вэ гэдгийг тооцох ёстой. Үүнийгээ иргэдэд сайтар тайлбарлах хэрэгтэй. Өөр нэг жишээ татъя. “Тавантолгой түлш” компани шинжлэх ухаанчаар хандсан бол түлшээ шатааж үзээд, утааных нь найрлагыг хэмжсэний дараа худалдаанд гарах байсан. Гэтэл хүн угаартан нас барж, асуудал дэгдсэний дараа шинжилгээ хийж байх жишээтэй.
-Судалгаанд үндэслэж, шийдвэр гаргах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэж байна.
-Ядаж төр нь судалгаанд үндэслэж шийдвэр гаргах хэрэгтэй. Төрийн гаргасан шийдвэр шууд болон шууд бусаар бүх иргэнд нөлөөлдөг. Тиймээс алдаа гаргах эрхгүй. Эхний ээлжинд төр нь судалгаанд үндэслэж шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм.