Хавар их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын үеэр төрийн өмчит сургуулиудад оруулж өгнө хэмээн иргэдийг залилан мэхлэх явдал цөөнгүй гардаг. Мөн энэ үеэр тухайн сургуулийн албан тушаалтнууд хахууль авч, босго оноондоо хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэх тохиолдол ч бий. Ийм нэг хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өнөөдөр тус шүүх хэлэлцэхээр товлоод байна. Хуучнаар ХСИС, өнөөгийн ДХИС-ийн багш, санхүүгийн албаны ажилтнууд иргэдээр зуучлуулан хахууль авч, тус сургуульд элсүүлнэ хэмээн залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ынханд шалгуулсан юм.
Улмаар НПГ-аас Б.Энхжаргал, Б.Амгаланбаяр, Г.Болормаа, Ж.Баярзул, С.Уранчимэг, О.Байгалмаа, З.Ариунжаргал, Ч.Цэдэндамба, Ч.Цэндхүү нарт Эрүүгийн хуулийн 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн”, 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан”, 17.3-1 дэх хэсгийн бусдыг залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.