Сэлэнгэ аймагт өнгөрсөн нэгдүгээр сард жүдо бөхийн УАШТ зохион байгуулахад эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам түрүүлсэн юм. Тэрбээр тус тэмцээнээс шилдэг эмэгтэй тамирчны шагналыг ч бас хүртэв. Сүүлийн үед бөх сонирхогчдын анхаарлыг татах болсон эл жүдоч “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын наадмын мөнгө, Марокко улсын Марракеч хотод зохион байгуулсан залуучуудын ДАШТ-д түрүүлж аварга болсон гээд чамлахааргүй амжилттай яваа. Жүдоч болсон түүний түүх тун сонирхолтой. ОУХМ Л.Лувсандэмбэрэл 2011 онд Баянхонгорт багш дасгалжуулагчаар ажиллахдаа тэмцээн үзэж суусан охидоос түүнийг сонгон, энэ спортоор хичээллүүлсэн гэдэг. Өдгөө Л.Сосорбарам жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчин, ҮБТДС-ийн оюутан. Залуучуудын УАШТ, Туркийн Анталья, Хонконгод болсон олимпын эрх олгох тэмцээнээс тус бүр алтан медаль хүртсэн гээд түүний амжилтыг нэрлэвэл урт жагсаалт гаргаж болно. Энэ жил “Бөртэ чоно-2019” наадмын шилдэг залуу тамирчны шагнал гардсан түүнийг багштай нь хамт “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
-Ирэх сард жүдогийн тамирчид УАШТ-д оролцоно. Шинэ онд болох олон тэмцээний анхных нь болохоор тамирчид амжилтаар эхлэхийг хүсэж буй нь лавтай. Та ч гэсэн ийм бодолтой байна уу?
Л.С: -Тийм ээ. Аливаа зүйлийг сайнаар эхлүүлбэл сэтгэл өөдрөг байдаг. Миний хувьд Хятадын Чиндао хотод болсон олимпын өмнөх энэ оны сүүлчийн тэмцээн “World masters“-т оролцож ирээд, бэлтгэлээ шаргуу базааж байгаа. Шинэ он гараад жүдо бөхийн УАШТ-тэй. Ямар ч тамирчин тэмцээнд түрүүлэх зорилготой оролцдог шүү дээ. Би 52 кг-ын жинд барилддаг. Энэ жинд хүч сорьдог Б.Хорлоодой, Э.Гэрэлмаа гээд чадварлаг олон тамирчин бий. Бид найз ч дэвжээнд гараад өрсөлдөгч болдог. Тиймээс амжилттай оролцохыг зорьж байна.
-Өнгөрсөн намар Мароккод болсон Залуучуудын ДАШТ-д түрүүлж, алтан медаль хүртэхэд тань бөхийн хорхойтнууд шинэ аварга төрлөө гэж их олзуурхсан. Дэлхийн шилдгүүдтэй хүч сорьж, илүүрхэж аварга болно гэдэг амаргүй байсан биз.
Л.С: -ДАШТ-д амжилттай өрсөлдөхийн тулд багшийнхаа удирдлагад бие, сэтгэл зүйн бэлтгэлээ сайн базаасан. Эхний тойрогт хийлж, дараа нь Германы бөхтэй барилдлаа. Тэрбээр эвгүй барилдаантай, мэхний олон хувилбартай, хурдтай тамирчин байв. Түүнийг сууж өрөхөд нь шидэж, вазаригаар ялсан. Тэмцээний өмнө барилдааных нь арга барил, техникийг багштайгаа хамт судалсан. Ямар барилдаантай бөх вэ гэдгийг ерөнхийд нь мэдсэн тул төвөггүй ялсан. Дараа нь Узбекистаны бөхтэй зодоглоход баруун талтай, сууж үүрдэг, эвхдэг мэхтэй нэгэн байв. Түүнийг хэвтээ байрлалаас дарж хожоод, Нидерландын бөхтэй барилдсан. Тэрбээр Зүүн Европын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн, чамлахааргүй амжилттай нэгэн. Нэг жинд өрсөлддөг ч надаас биерхүү болохоор багшийнхаа зөвлөгөөг бодож барилдсан. Түүнийг хожоод хэсгийн аваргын төлөө Бразилын тамирчинтай учраа таарлаа. Энэ бөх насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл, залуучуудынхаас мөнгөн медаль хүртсэн амжилттай. Түүнийг зүүн талаараа өмсөж, вазари үнэлгээ авч ялсан.
-Аваргын төлөөх барилдаанд тамирчдын хамгийн торгон агшныг харах гэж үзэгчид сэтгэл догдлон хүлээдэг. Багш нь шавьдаа юу гэж захин дэвжээнд гаргасан бол?
Л.С: -Багш дэвжээнд гарахын өмнө “Барилдаан болгон үнэ цэнтэй, хариуцлагатай байгаарай. Өрсөлдөгчөө ялахын тулд хийнэ гэж бодож байсан бүхнээ гаргаж, шийдэмгий, дайчин барилдаарай” гэж хэлсэн. “Л.Сосорбарам Монголиа” гээд зарлахад сэтгэл огшиж, эх орноороо их бахархсан. Аварга болчихоод шагналын тавцанд зогсохдоо “Багшийнхаа олон жилийн хөдөлмөрийн үр дүнг жаахан ч гэсэн харууллаа” гэж бодож байв. Би ганцаараа зүтгээд амжилт гаргахгүй шүү дээ. Амжилтын минь ард олон хүний хөдөлмөр, сэтгэл, итгэл, найдвар байдаг. Дэвжээнээс бууж ирэхэд багш баяр хүргээд “Болох юм болдгоороо боллоо” гэсэн. Дэлхийн аварга болчихоод хамгийн түрүүнд ээжтэйгээ, дараа нь найздаа дуулгаж баяраа хуваалцсан.
Л.Л: -Шавь нараа барилдахаар сэтгэл догдлоод сууж төвддөггүй. Тэр үед би хоёр ч удаа сануулга авчихсан, хөөгдөхөд бэлэн байлаа. Өмнө нь шавиа “Буэнос-Айрес-2018” Залуучуудын III олимпын наадмаас мөнгөн медаль хүртэхэд нь баярын нулимс унагасан. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий шигшээд барилдаад хоёр удаа торгуулахад нь биеэ барьж дийлэлгүй “Одоо сайн барилд, магадгүй торгож мэднэ шүү” гэж хашхираад сануулга авсан юм. Залуучуудын ДАШТ-ий хэсгийн аваргын төлөө барилдаж байхад нь бас сануулга авч билээ. Нэг харсан чинь хожиход тун ойрхон болсон байлаа. Харахаар л босож харайгаад хашхирах гээд байдаг гэмтэй хүн дээ, би. Тиймээс тайван байж “Болдог юм болдгоороо л болно. Хүн өөрийгөө хүчилж барих хэрэггүй. Шавийг минь олон тэмцээн хүлээж байгаа. Энэ бол эхний алхам” гээд бодож зогссон. Шавиа дэвжээнээс бууж ирэхэд “Болдог юм болдгоороо боллоо” гэж хэлсэн. Шагналын тавцанд зогсон алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлж буй шавиа хараад өөрийн эрхгүй омогшсон. Тэр үед “Тамирчин хүн олон даваа давна. Ялагдсан ч ялах өдөр ирдэг. Ямар ч байсан хүний хүүхдийн цагийг дэмий үрээгүй л юм байна” гэж бодсон. Миний шавь даруу. Би шавь нартаа “Залуу хүнийг даруу зан л чимнэ. Гэхдээ дэвжээнд барилдахдаа асаж буй гал шиг дүрэлз. Дэвжээнээс буугаад уян зөөлөн бай. Өөрөөр хэлбэл, тэмцээнд арслан барс шиг, энгийн үед энэрэх сэтгэлтэй яваарай” гэж захидаг юм. Тамирчин хүний амжилт гаргах хугацаа богино байдаг. Амжилт гаргахын төлөө олон жил хөдөлмөрлөж, он жилүүдийг үддэг. Спорт өндөр босготой, хатуу шалгууртай. Харамсахгүйн тулд хийх ёстой зүйлээ хөдөлмөрлөж байгаа он жилүүддээ л гаргах хэрэгтэй.
Л.СОСОРБАРАМ: ХҮҮХДҮҮД ХАРИХААР ЯАРЧ БАЙХАД, БИ БЭЛТГЭЛ ХИЙХ ГЭЭД ҮЛДДЭГ
-Охид теннис, сагсан бөмбөг, волейболд илүү сонирхолтой байдаг юм билээ. Гэтэл өөрөө бөхийн спортын хамгийн хүнд төрлийн нэг жүдог яагаад сонгов?
Л.С: -Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум миний төрсөн нутаг. 2011 онд жүдогоор хичээллэхээр бүртгүүлсэн ч боломж гарахгүй явсаар 2012 оны намар хичээллэсэн. Нэг өдөр “Чөлөөт бөх, жүдогийн секцэнд хүүхэд бүртгэж байна” гэсэн зарлал бичсэн харагдлаа. Тэр үед долдугаар ангийн сурагч, ямар ч спортоор хичээллэдэггүй байв. Манай сургуулийн дэргэд “Ягаан заал” нэртэй спортын танхим байдаг. Тэнд бүртгүүлээрэй гэсэн болохоор бямба гарагт яваад очлоо. Манай биеийн тамирын багш намайг өмнө нь чөлөөт бөхийн секцэнд ороорой гэж хэлж байсан юм. Чөлөөт бөхийн секц эхлээгүй, жүдогийн бэлтгэл болж байв. Хоцорч очсон болохоор бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийг харж хэсэг зогслоо. Тэгсэн жүдо бөх гоё санагдаад бүртгүүлчихэв. Ингэж анх багштайгаа уулзсан. Багш зургаан хүүхэд сонгож, 2016 онд Улаанбаатарт авчирч бэлтгэл хийлгэсэн. Секцэнд анх орсон өдрөөсөө л жүдод сэтгэл татагдлаа. Долдугаар сард болдог “Чингис хаан гран при” тэмцээнийг зурагтаар үзээд, улам их сонирхох болсон. Хичээл амрахаар хөдөө гэр лүүгээ явна. Очоод удалгүй аймгийн төв явж, жүдогийн бэлтгэл хиймээр санагддаг болсон. Сүүлдээ хүүхдүүд гэр лүүгээ явах гээд яарч байхад би аймгийн төвд бэлтгэл хийх гээд үлддэг байлаа.
Л.Л: -Би Баянхонгор аймагт дасгалжуулагчаар ажиллаж байхдаа хэдэн тамирчин сонгож авахаар тэмцээн үзлээ. Тэгсэн заалны буланд гурван охин хөөцөлдөж тоглоод, анзаарах сөхөө ч алга. Тэмцээн үзэхээр ирсэн бололтой. Охидтой уулзаад “Маргааш жүдогийн бэлтгэлтэй ирээрэй” гэв. Тэгсэн нөгөө хоёр охиныг багш нь чөлөөт бөхөөр хичээллүүлэхээр секцэнд оруулсан. Хоёр найз нь Л.Сосорбарамыг чөлөөт бөх рүү урвуулах гэж үзсэн боловч жүдод үлдэж билээ. Миний шавийн амьдрал Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралыг өгүүлсэн “Цагаан хадаг” киноны үйл явдалтай төстэй. Тэрбээр амьдралын жаргал, зовлонг туулсан ч тамирчин болохоосоо хэзээ ч шантарч халгаагүй. Өвөрхангай аймагт болсон тэмцээнд оролцохоор явахдаа аав, ээжтэйгээ осолдож, азаар бүгд амьд гарсан. Амьдрал, спортын талбар олон зүйлээр түүнийг сорьсон. Тэр дундаа бөхийн спорт хүнд. Тэсвэр хатуужил их шалгадаг. Спортод хэцүү бүхнийг даван туулж чадсан хүн л тамирчин болдог шүү дээ. Үүнд тэмүүлэл, зорилго их нөлөөлнө. Шавьдаа “Жаахан амжилт гаргаад хамраа сөхөж болохгүй, жижиг бэрхшээлтэй тулгараад халширч буцаж болохгүй. Амьдрал, спортын замналын жаргал, зовлон, магтаал, шүүмжлэлийн аль алийг нь дааж яваарай” гэж хэлдэг юм.
-Өөрийг тань амжилт гаргадаг болсон үеэс аав, ээжийн тань ах дүүсийн хүүхдүүд жүдогоор хичээллэх болсон гэл үү?
Л.С: -Би таван хүүхэдтэй айлын охин. Намайг жүдогоор хичээллэж эхлэх үеэс ээж минь дэмжсээр ирсэн. Миний төлөө бүхнээ харамгүй зориулдаг. Энд тэнд болсон тэмцээнд оролцохоор болоход ирэх, очих зардлаас эхлээд бүх зүйлийг бэлддэг. Гэрээсээ тамирчин болсон нь би. Аавын минь талын ах дүүс бөхийн удамтай, бүгд барилддаг. Б.Баасанжаргал ах үндэсний бөхөөр барилддаг, аймгийн начин. Өвөө минь сумын заан. Дүү нар маань намайг дуурайж спортоор хичээллэх сонирхолтой болсон. Харин би тэднийг бөхийн спортоор хичээллүүлэхээс татгалздаг. Өөрөөсөө том хүүхдүүдэд хэд шидүүлээд халширчихна гэж боддог юм. Спортоор хичээллэхийн хэцүүг өөрийн бие, сэтгэлээр мэдэрч яваа болохоор тэднийг дуртай мэргэжлээ сонгоод, түүгээрээ амжилт гаргаасай гэж хүсдэг. Би ангийнхаа Одонтунгалаг багшид баярлаж явдаг. Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн бид гурвыг спортоор хичээллэхэд маш их дэмжсэн. Тэмцээнд оролцохоор болбол сургуулийн захиралтай уулзаж, биднийг хичээлээс чөлөөлдөг. Спортод дуртай болохоор шавь нарынхаа төлөө сэтгэл гаргадаг хүн. Бидний спортын замыг ангийн минь багш зөв чиглүүлж өгсөн. Одоо Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар чөлөөт бөхийн тамирчин болсон шүү дээ.
Л.Л: -Сургуулийнх нь биеийн тамирын багш чөлөөт бөхийн секц хичээллүүлдэг юм. Чөлөөт бөхийн тамирчин Ө.Пүрэвсүрэнг тивийн АШТ-ээс медаль хүртээд ирэхэд нь биеийн тамирын багш нь дүн гаргахдаа 90 оноо тавьж л дээ. Тэгсэн ангийнх нь багш өглөөний хурал дээр биеийн тамирын багшийг нь “Тивийн аварга болчихоод чамайг бүтэн сарын цалингаар тань шагнуулж байгаа хүүхдийг чи 90 оноогоор үнэлж байгаа юм уу. Математик, дуу хөгжмийн хичээл байсан бол өөр хэрэг. Чөлөөт бөхийн секц хичээллүүлдэг багш нь байж чи тивийн АШТ-ээс медаль хүртэж үзсэн юм уу” гээд зэмлэж билээ. Ингэж л хүүхдүүдийнхээ төлөө зүтгэдэг багш даа.
Л.ЛУВСАНДЭМБЭРЭЛ: НАДАД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫГ ДАСГАЛЖУУЛАХАД АМАР БАЙДАГ
-Жүдогийн залуучуудын шигшээ багт хөл тавьсан тухайгаа сонирхуулаач. Багш тань та нарыг амжилт гаргана гэдгийг мэдээд, зөв газар авчирчээ.
Л.С: -Улаанбаатарт ирснийхээ дараа жил, 2017 онд насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн. Түүнээс хойш залуучуудын шигшээ багт орж, тэмцээнд байнга оролцох боллоо. Багшийн хүү жүдогоор барилддаг, бид нэг үеийн тамирчин. Барилдааны тал дээр алдаа дутагдлыг минь олж хараад зөвлөгөө өгнө. Би үеийнхээ тамирчдын давуу талаас суралцах дуртай. Анх хотын хүүхдүүдтэй барилдахад байнгын бэлтгэлтэй байдаг болоод ч тэр үү, хурд, барилдааны техник сайтай санагдсан. Тэмцээн дөхөхөөр багшийн хэлсэн үг бодогдоод эхэлнэ. Багш намайг хааяа “Чи үгэнд орохгүй байна шүү” гэдэг юм. Тэмцээнд амжилттай оролцоход “Сайн байна. Барилдаанаа сайжруулж, улам хичээгээрэй” гэдэг. Бид багшийн хэлэх дуртай үгийг цээжилчихсэн. Тэр нь Д.Сүхбаатар жанжны “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэдэг үг л дээ. (Инээв)
Л.Л: -Тэмцээнд ялж, ялагдах нь байдаг л зүйл. Сайн тамирчин болъё гэвэл хичээх хэрэгтэй. Өөрийгөө чамлаж, амжилтаа ахиулахын төлөө зүтгэх ёстой. Биеийн бэлтгэл базаагаад сэтгэл зүйгээ орхивол өрсөлдөгчдөө амархан ялагдана. Бэлтгэлээр тодорхой үр дүнд хүрэх ч үүнээс гадна овсгоо самбаа, хичээл зүтгэл, итгэл найдвар нөлөөлнө. Дасгалжуулагчийн хувьд өдөр бүр өөр зантай хүүхдүүдтэй харилцдаг. Тиймээс хоёр өөр хүүхдийг нэг системээр бэлтгэл хийлгэж болохгүй, зан чанар, бие бялдрынх нь онцлогт тохируулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр сэтгэл зүй нь биеийн бэлтгэлтэй зөрж болохгүй. Би тамирчдад зөв хүн байх, спортоор өөрийгөө төлөвшүүлэн, алдаа дутагдлаа засаж болдог талаар зөвлөдөг. Шавь нартаа М.Уранцэцэг, Д.Сумъяа нарын давуу талаас ярьдаг юм. Тэд өөрийн дуртай зүйлээсээ татгалзаж, зорилгынхоо төлөө зарим зүйлийг хойш тавиад амжилт гаргаж яваа.
Л.С: -М.Уранцэцэг эгч бид хоёр нэг нутгийнх. Тамирчдаасаа арай дотно. Надад туршлагаасаа харамгүй хуваалцаж “Чи хэвтээ барилдааны техникээ сайжруулах хэрэгтэй. Тэгвэл өрсөлдөгчдөө ялагдахгүй” гэдэг. Нутгийнхаа эгчийн барилдааны арга барилаас төдийгүй даруу зан, нөхөдтэйгөө харилцаж буй байдал, аливаа зүйлд хандаж байгаа зөв хандлагаас нь суралцаж, үлгэр дуурайл авдаг. Дасгалжуулагчдаас Гавьяат тамирчин М.Бундмаа багш тайван зантай. Тамирчдад зааж, зөвлөхдөө зэмлэхээсээ илүү аргачлан ойлгуулж хэлдэг юм.
Л.Л: -М.Бундмаа өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай бөх. Солгой барилдаантай, хөмрөх, тохох, хутгах мэхтэй. Түүний дархан мэх нь. Ямар ч тамирчинтай барилдсан өөрийнхөө барилдааны арга барилыг өөрчлөхгүй. 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ хутгах мэхээр өрсөлдөгчөө ялсан. Тэрбээр өөрийнхөө барилдаанд ашигтай ямар барьц сонгомоор яг түүнийгээ авдаг онцлогтой. Нэг барьц авсан бол бараг салгахгүй, өөрийн болгодог.
-Та гадаадад болсон томоохон тэмцээнүүдэд оролцож, эх орондоо медалийн буухиатай ирдэг. Ази, Европын тамирчидтай гар зөрүүлдгийн хувьд барилдааных нь онцлог ямар байдаг талаар яриач.
-Азийн тамирчдын барилдааны арга барил ойролцоо. Европын бөхчүүдтэй барилдахад биерхүү болохоор хүчтэй, гар, хөлийн ажиллагаа сайн, сэтгэл зүйн бэлтгэл хангасан байдлаараа давуу байдаг. Азиас Японы бөхчүүд жүдог бий болгосон улсын тамирчид гэдгээ дэвжээнд жинхэнэ утгаар нь харуулдаг. Тэд ямар ч барилдаанд өөрт олдсон боломжийг ер алддаггүй. Өнгөрсөн жил манай тамирчидтай Японы жүдоч Фүна Тонаки хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэрбээр бөхийн суурь сайтай, хэвтээгээс сайн барилддаг. Миний хувьд сууж үүрэх мэх голдуу хийдэг. Энэ мэхээрээ өрсөлдөгчдөөсөө БНСУ-ын бөхийг хожсон. Би өмнө нь нэг жинд хүч сорьдог бөхчүүдийнхээ барилдааныг судалж үздэг байлаа. Одоо өөртэйгөө өрсөлдсөн, өрсөлдөх магадлалтай гадаадын бөхчүүдийн барилдааны онцлогийг судалж эхэлсэн. Зарим бөхийн барилдаан, хийдэг мэхийг нь дэлхий нийтээрээ мэддэг.
Би Хифүмэ Абэгийн дүү Үта Абэтэй хүч үзэж, ялахыг хүсдэг. Тэрбээр надаас нэг насаар эгч, 18 насандаа дэлхийн аварга болсон. Одоо Үта Абэ19 настай. Хифүма Абэ ч -66 кг-ын жинд аваргалж, ах, дүү хоёр дэлхийн аварга гэж цоллуулах болсон. Хэзээ нэгэн цагт Үта Абэтэй учраа таарна гэдэгт итгэдэг. Сайн судалбал ялж болохоор санагдаад байгаа юм. Тэд Токиогийн олимпыг өнгөлөх тамирчдын жагсаалтад нэрлэгдэж буй. Миний хүсэл мөрөөдөл алхам алхмаар урагшилж байгаа. Тиймээс олимпын эрх олгох Европын томоохон тэмцээнүүдэд амжилттай хүч сорих бодолтой байна. Зүүн Азийн АШТ-д Хятадын тамирчныг ялж түрүүлээд, ОУХМ-ын болзол хангаж, шигшээ багт хөл тавьсан. Мөн жиндээ өсвөрийн улсын аварга болж, Энэтхэгт болсон өсвөрийн Азийн АШТ-д оролцсон юм. Аваргын төлөө Японы Ватанабэтэй зодоглосон. Наалгуулаад вазари алдсан ч цаг дуусахаас өмнө тонгорч, вазари авч, Азийн аварга болж байлаа.
Л.Л: -Шавь минь сэтгэлийн тэнхээтэй. Өнгөрсөн жил тэмцээнд оролцож байхад нь аав нь бурхан боллоо. Гэрийнхнээс нь надад түрүүлж мэдэгдсэн. Тэр үед “Хэзээ шавьдаа энэ тухай хэлэх вэ” гээд сэтгэл зовниж зогстол хүрээд ирлээ. Нүд рүү нь харж байгаад “Миний охин ээжийгээ бодоод сайн барилдаарай” гэж хэлээд дэвжээнд гаргасан. Тэрбээр миний харцнаас зөн совингоороо таагүй зүйл болсныг мэдэрч “Ээж минь зүгээр байгаа даа” гэж бодоод барилдсан гэдэг. Дэвжээнээс бууж ирээд “Багш аа, ээж зүгээр биз” гэж асуусан. Тамирчин хүнд багш нь ийм л зүйлийг дуулгах хэцүү байдаг юм. Сэтгэлийн хат тэвчээрт хэр суралцсан нь тийм үед харагддаг. Шавь минь тайван, хүлээцтэй тэр бүхнийг хүлээж авсан. Л.Сосорбарам багаасаа нэг зүйлийг сайн мэдэрсэн тамирчин. Тэр нь амжилт амархан ирдэггүй, ямар ч тэмцээнд зүтгэл гаргаж, медаль зүүдэг гэдгийг ойлгосон. Түүний хувьд өвөртөлсөн медалиуд нь их үнэтэй олддог байлаа. Шавьд минь учраа бөхөө басдаггүй, тэмцээнд өөрт байгаа бүх зүйлээ шавхан дайчилдаг давуу тал бий. Багшийнх нь хувьд түүнийг олимпын эрх авах тэмцээний эхний гурван байрт орох, орохдоо тэмцээнийг өнгөлж оролцох хэрэгтэй гэж боддог юм.
-Та дасгалжуулагчаас гадна шүүгчээр ажилладаг юм билээ. Шүүгч хүн тэмцээнд оролцож байгаа тамирчдаас олон зүйл олж хардаг болов уу?
Л.Л: -Монгол эмэгтэйчүүд тэвчээр хатуужлаараа гадаадын тамирчдаас илүү. Миний хувьд эмэгтэй тамирчдаа дасгалжуулахад амар байдаг. Тэдний сэтгэл зүйг мэдэрч ойлгох, барилдааны тактик, техникийн талаар хэлэхэд хүлээн авч хэрэгжүүлэх нь хурдан. Тамирчин хүний бүх замналыг би туулсан. Шүүж байгаа тэмцээнээсээ шүүгч олон зүйлийг олж хардаг. Тэмцээнд зарим шүүгч тамирчнаа шүүх биш тамирчиндаа шүүгдэж байгаа харагддаг. Дэлхийн алдартай зарим тамирчин эсрэг бөхдөө гаргах гэж байгаа сэтгэл зүйгээ шүүгчээр гаргуулж байна. Үйл хөдлөл, харцаараа илэрхийлэн ойлголцож байгаа. Тухайлбал, худлаа тонгойж, үүнийг торгоод өгөөч гэх үйлдэл үзүүлэхэд шүүгч нь торгож байх жишээтэй. Тамирчны барилдаан, сэтгэл зүйгээс гадна техник, дүрэм, шүүлтээр өндөр оноо авч байна. Үүнийг манай тамирчид ч гэсэн мэддэг байгаасай. Нэг жишээ хэлэхэд, 52 кг-ын жинд барилддаг Африкийн эмэгтэй тамирчнаас энэ бүхэн тодорхой харагдсан. Тэрбээр Японы тамирчдын хаана ч хүрэхгүй, гэхдээ жингийнхээ хоёр хүчтэй япон тамирчныг шүүгчийн туслалцаатайгаар ялсан. Тэгэхээр шүүгчийг өөрийнхөө талд удирдаж чадах арга барил, сэтгэл зүйг сайтар эзэмшжээ гэж би дүгнэсэн.
Бидний ярилцлага үүгээр өндөрлөв. Амжилтын төлөө нэг зүгт зүтгэж буй багш, шавь хоёрт олимпын дэвжээ ойрхон байна.