БСШУСЯ, “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Би багш” улсын уралдаан зохион байгуулсан. Уралдааны ялагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын III сургуулийн багш Ц.Аюуштай ярилцлаа. Тэрбээр шавь нараа хүнлэг, зөв хүмүүжилтэй хүн болгоход түлхүү анхаардгаа онцолсон юм.
-“Би багш” улсын уралдаанд түрүүлж, олон улсын багш нарын тэмцээнд ур чадвараа сорихоор боллоо. Шагнал гардах мөчид юу бодогдов?
-Дэлхийн багш нарын ур чадварыг сорих тэмцээнд ирэх оны аравдугаар сард Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Эх орныхоо нэрийг гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн учир нэр төртэй биелүүлэх ёстой. Дэлхийн тэмцээнд бэлдэхийн тулд эхний ээлжид япон, англи хэлний чадвараа улам сайжруулна. “Би багш” тэмцээнд түрүүлэх мөчид хамгийн түрүүнд ээжийгээ л бодсон. Яагаад гэвэл гурван хүүхдээ боловсролтой болгохын төлөө ажиллаж, амьдарч ирсэн хүн. Би хоёр дүүтэй. Ээж минь “Та нарт өв хөрөнгө үлдээж чадахгүй. Боловсролтой л болгоё” гэж хэлдэг. Ямар ч зүйл тохиолдсон ээж минь намайг түшиж, тулна гэсэн сэтгэлээр эрч хүчтэй байж чаддаг юм. Тэр үед өөрийн эрхгүй “Ээж ээ, охин нь чадсан” гээд хэлчихсэн.
-Багш мэргэжлийг яаж сонгов. Зургаан жил бага ангийн багшаар ажилласан юм билээ. Мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрхэн мэдэрдэг вэ?
-Мэргэжлээ өөрийн хүсэлтээр сонгосон. Ерөнхий боловсролын сургуулийн багш нараасаа үлгэр дуурайл авч, энэ мэргэжилд хөтлөгдсөн юм. Багшийн онцлог, давуу тал, сайхан зүйл нь сурагчдын амжилт. Ээж нь хүүхдүүдээ сайн явахад баярладаг шиг багш нар сурагчдаа амжилт гаргахад нь бахархаж, урам авдаг. Мэдээж алдаа, дутагдал гаргаж буй хүүхдүүдээ хараад сэтгэл зовох үе бий. Ийм хүүхдүүдээ амьдралд нь зөв чиглүүлэх гэж зааж, зөвлөн, үргэлж санагалздаг. Багш хүн нэг анги төгсгөөд сурагчдаа хамааралгүй боллоо гээд хаядаггүй. Багш, шавийн барилдлага үүссэн цагаас эхлээд насан туршид тасардаггүй шүү дээ.
-Багшийн ажил цаг наргүй, ар гэртээ анхаарал тавих боломж тааруу. Та ачааллаа хэрхэн даван туулж, ажил, амьдралаа зохицуулж байна вэ?
-Багшийн ажил тэр дундаа бага ангийнх бол цаг наргүй, ачаалал ихтэй. Нэг ангид зургаан настай 30-40 хүүхэд элсэн, хуваарилагддаг. Улаанбаатар хотын хэмжээнд энэ тоо бүр ч нэмэгддэг. Ийм нөхцөл байдал багшаас ихээхэн тэсвэр тэвчээр, ур чадвар шаардана. Бага ангийн багшийн ажлыг хийж чадна, хүүхдийн төлөө ажиллана гэсэн сэтгэл зүрхтэй хүн л үүнийг даван туулна. Хүний балчир үрд эрдэм ном заахаас гадна ёс суртахуунтай байх, биеэ зөв авч явах гэх мэтчилэн хүмүүжлийн үндэс суурийг бага ангийн багш нь л зааж, үлгэрлэдэг.
-Та хоёр дахь ангитайгаа ажиллаж байгаа юм билээ. Хүүхдэд уншиж, бичиж, бодож сургах амаргүй даваа байдаг. Ямар арга барилаар хүүхдүүдийг хэрхэн дэмжиж, сургадаг вэ?
-Хүүхдийг ойлгож, сонсох хэрэгтэй. Хүн бүр л сул талтай байдгийн адил би ч алдаа дутагдал гаргана. Гэхдээ түүнийгээ засахын тулд хичээж, байнга шинийг эрэлхийлж, суралцаж ажилладаг. Үүнтэй адилаар хүүхдэд ч сул тал бий. Алдаа дутагдал гаргадаг гээд давуу талгүй гэсэн үг биш. Ямар нэг хэмжээгээр тухайн хүүхэд нэг зүйлийг чаддаг байх ёстой. Түүнийг нь багш олж харан, дэмжих хэрэгтэй. Уншиж, бичиж чаддаггүй гээд хүүхдийг “унтраах” бус, гарын ур дүйтэй байвал тэр чиглэлээр нь хөгжүүлж, урамшуулан сургах арга барилаар ажилладаг. Хүүхдэд хичээл заахаасаа урьтаж итгэл өгөх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй хүүхэд ямар ч зүйлийг суръя, мэдье гэсэн чин эрмэлзэлтэй болдог.
-Анх төгсгөсөн ангийнхантайгаа холбоотой байдаг уу?
-Анхны шавь нартайгаа илүү дотно байдаг. Намайг эргэж ирнэ, зурвас явуулна, захиа бичнэ. “Багш аа та мундаг шүү, Тандаа хайртай шүү” гэдэг үгийг сонсох үнэхээр сайхан. Ажиллах эрч хүчээ үүнээс л авч байна. Анх хүлээн авсан ангийнхан минь миний хувьд хамгийн эрхэм нандин хүмүүсийн нэг. Шавь нарынхаа хувьд ч би эрхэм хүн нь гэж боддог. Жижигхэн цаасан дээр таван үгтэй мэндчилгээ бичиж ирүүлэхэд нь л урам зориг авч, илүү ихийг бүтээх хүсэл төрдөг.
-Багш бүрт нэг онцлог байдаг шүү дээ. Тухайлбал, тэр багшийн ангийнхан зөв хүмүүжилтэй, эсвэл бичгийн хэв сайтай гэдэг шиг. Шавь нараар тань таны онцлогийг ингэж тодорхойлж байв уу?
-Бусад багш намайг хэрхэн үнэлдгийг мэдэхгүй. Гэхдээ би шавь нараа хүнлэг болгохыг хичээдэг. Хүнтэй мэндэлж, хүндэтгэлтэй харилцаж, туслах нь эрхэм чанар шүү дээ. Үүнийг байнга хэлж, зөвлөн, өөрөөрөө үлгэрлэдэг. Тиймээс манай ангийнхан хүнлэг зан чанартай болж төлөвшдөг. Жишээлбэл, цэвэрлэгч шал угааж байхад дээгүүр хараад, тоохгүй алхах хүүхэд манай ангид байхгүй. “Орж болох уу”, “Алхаж болох уу, эгч ээ” гэж асууж буй нь анзаарагддаг.
-Танай сургуулийн хамт олон, захирал, хань тань уралдаанд оролцоход маш их дэмжсэн. Ялагч болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх?
-Сургуулийн удирдлага, багш нар минь намайг их дэмжлээ. Ялангуяа бага ангийн багш нар багаар хамтарч ажиллан, зөвлөлдөж, харилцан бие биенээ дэмждэг хүмүүс. Үүний үр шим гарлаа гэж бодсон. Миний амжилт манай сургуулийн хувьд мэдээж анхных биш. Үүнээс өмнө улс, аймгийн чанартай уралдаанд манайхан тогтмол дээгүүр амжилт үзүүлдэг. Намайг дэмждэг хамт олондоо үнэхээр их баярлаж байна.
-Хамгийн сүүлийн даалгаварт тэгш бус байдлын талаар хөндсөн. Боловсролын салбарт тулгамдаж буй, яаралтай шийдвэрлэх ямар асуудал байна вэ?
-Бага боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь гэсэн сэдэвтэй даалгаврыг биелүүлэхийн тулд олон хоног бодож, судалгаа хийсэн. Жишээлбэл, нийслэлийн зарим сургуулийн нэг ангид 50-70 хүүхэд суралцах тохиолдол бий. Нэг ширээнд гурван сурагч суух ч үе бий. Сурах бичиг, хичээлийн хэрэгслээс эхлээд тулгамдаж буй асуудал олон. Гэхдээ бага ангийн багшийн хувьд би юу хийж чадах вэ гэж эргэцүүлсэн. Бусдын хэлснээс илүүтэй зургаан жилийн ажлын туршлагадаа үндэслэн, тэгш бус байдлыг шийдвэрлэж чадсан, эсэхээ тунгаасан. Түрүүлэхийн төлөө бус, ажлынхаа нөөц боломжийг хэрхэн ашиглаж, шийдвэрлэж чадах, мөн залуу багш нарт урам зориг өгөх үүднээс бодож сүүлийн даалгавраа гүйцэтгэсэн. Энэ нь ч шүүгчдийн үнэлгээнд нөлөөлсөн болов уу. Боловсролын салбарт тулгамдсан олон асуудал байсаар ирсэн. Тэр болгоныг сайн шийдвэрлэхэд манай салбарынхан хичээн ажиллаж байгаа. Хамгийн гол нь тулгамдсан асуудлыг шүүмжлэхээс илүүтэйгээр багш боломж, нөөцөө ашиглан засаж, сайжруулах хэрэгтэй. Харах өнцөг, хандлагаа зөв болговол асуудлаа шийдвэрлэж чадна. Тухайлбал, манай сургууль 540 хүүхдийн багтаамжтай ч 1500 гаруй сурагч хичээллэж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд олон хүүхэдтэй сургууль. Бид нэлээд ачаалалтай ажилладаг. Гэхдээ манай багш нар хүүхэд бүрийг эрдэм номд сургахын төлөө багаараа хамтарч ажиллан, даван туулдаг. Боловсролын салбарын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд үр өгөөжтэй ажиллаж буй гэж хамт олноо дүгнэнэ.
- “Би багш” тэмцээнд орох шийдвэрийг хэрхэн гаргав?
-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул иргэн. Сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд, МУИС-д монгол, япон хэл судлаач мэргэжил эзэмшсэн. 2008 онд бага боловсролын багшаар суралцсан, боловсрол судлалын магистр зэрэгтэй. “Би багш” улсын уралдаанд оролцох багшийг хамт олноороо хэлэлцэж, намайг сонгосон. Дараагийн шат болох Сэлэнгэ аймгийн сонгон шалгаруулалтад 17 сумын сонгогдсон багш нар хоёр минутын танилцуулга дүрс бичлэг хүргүүлсэн. Үүнээс гурван багш шалгаруулснаар бүсийн тэмцээнд орж, би тэргүүлсэн юм. Улсын тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 30 багштай өрсөлдлөө. Танилцуулах дүрс бичлэгт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, ажлын үйл явцын талаар багтаасан.
-Нэвтрүүлгийн үеэр даалгавраа гүйцэтгэхэд асуудлууд тулгарч байв уу. Хамгийн хүнд санагдсан, амжилттай даван туулсан даалгавар аль нь вэ?
-Эхний дөрвөн даалгаврыг багаар, бусдыг нь ганцаараа гүйцэтгэсэн. Даалгавар бүр онцлогтой, боловсролын салбарт тулгарч буй асуудлуудыг хөндөж, хөнгөнөөс хүнд рүү шилжсэн. Хүүхдийн хэл ярианы бэрхшээлийг засах арга техник боловсруулах даалгаврыг амжилттай биелүүлж, тэр үе шатанд түрүүлсэн. Бүгдийг нь амжилттай даван туулж чадсандаа баяртай байна. Ер нь жижиг гэлтгүй бүх ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, бүрэн гүйцэд биелүүлэх зарчим баримталдаг.
-Хоёр минутын дүрс бичлэгт төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулсан гэлээ. Энэ ямар учиртай юм бол?
-Хүүхдүүд монгол ахуйгаасаа их холдож, ёс заншил, уламжлалт зан үйлээ мэдэхгүй болж байна. Тухайлбал, Мандал сум хотынхныг бодвол мал ахуйтай харьцангуй ойр байдаг ч хонь, ямаагаа ялгахгүй хүүхэд манай ангид олон бий. Тиймээс энэ асуудлыг хөндөж, хүүхдүүдийг хэрхэн монгол ахуйд нь ойртуулах талаар санал, дүгнэлт тусгасан төслийн талаар бичиж, танилцуулсан. Намайг сурагч байхад зөв хүмүүжил олгоход чиглэсэн унших бичиг гээд хичээл ордог байлаа. Энэ хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан ч 2014 онд цөм хөтөлбөрийн хүрээнд үүнтэй адил агуулгатай иргэний боловрол хичээл заадаг болсон. Үүгээр хүүхдүүдэд монгол зан заншлын болон ёс суртахууны хүмүүжил олгож байна. Энэ жилээс эхлээд монгол ёс, хүмүүжил нэртэй хичээл заадаг болсонд баяртай байгаа.
-Нэвтрүүлгийн үеэр сургалтад хамруулах зэрэг олон ажил явууллаа. Хэрхэн хөгжсөн гэж өөрийгөө дүгнэж байна вэ?
-Энэ тэмцээн надад их үр өгөөжтэй байлаа. Тэмцээнд оролцсон аймаг, дүүргийн шилдэг багш нар бүгд арга туршлагаасаа хуваалцсан. Мөн боловсролын салбарын бодлого, зорилтын талаар болон хувь хүний хөгжлийн сургалтад хамруулж, даалгаврууд гүйцэтгэхэд тусалж, өөрийгөө олон талаар хөгжүүлж чадлаа.
-Өрсөлдөгч багш нарын ур чадвар ямар байсан бэ. Боловсролын салбарт 31 жил ажилласан багш сүүлийн шатанд тантай өрсөлдсөн шүү дээ.
-Тэмцээнд оролцсон 30 багш үнэхээр туршлагатай, чадварлаг байсан. Хүн болгоноос суралцан, хэрэгжүүлэхээр үр дүнтэй санаа гарч, би тухай бүрт нь тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсан. Хоёр, гурван ч тэмдэглэлийн дэвтэр дуусгачихаад байна (инээв). Зарим зүйлийг санахгүй, мартаж болох ч дэвтэрт үлдээсэн нь алга болохгүй, надад “багш” болж тусална. Ялангуяа сүүлийн шатанд шалгарсан Налайх дүүргийн Н.Бадамсүрэн, Хөвсгөл аймгийн Л.Энхжаргал багш маш эрч хүчтэй, дайчин байсан. Завхан аймгийн Н.Наранчимэг багш бараг миний насны тоотой адил хугацаанд боловсролын салбарт ажилласан юм билээ. Биенээсээ үлгэр дуурайл авч, багш хүнд байх ёстой эрхэм чанарт суралцлаа.