Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл өчигдөр олны анхааралд байлаа. Түүнийг визийн хураамжийн төлбөрийг гэр бүлийнхээ гишүүдийн дансаар дамжуулж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдаж аван мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан шалгахын тулд ийм арга хэмжээ авсан хэмээн зарим хэвлэлд мэдээлж буй. Түүнд хилийн хориг тавих шүүгчийн захирамж баталсныг прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Өдгөө түүнийг АТГ-т шалгаж байгаа юм. Энэ талаар тус газрынхнаас тодруулахад “Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Хэн нэгний гомдол, мэдээллийн мөрөөр хийж буй ажил биш, гүйцэтгэх ажлын явцад илрүүлсэн үйлдэл. Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байсан түүнд одоогоор хилийн хориг тавьсан нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд АТГ-ын гадаад харилцаа өргөжиж, эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй, гэрээгүй орнуудтай мэдээлэл солилцон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж, хууль бусаар гадаадад гарсан хөрөнгийг буцаан авах ажиллагаа зохион байгуулж буй.
Энэ хүрээнд гадаадын улсуудтай мэдээлэл солилцон Элчин сайд А.Баттөрд холбогдох үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа юм байна. Тэрбээр өмнө нь Бельги улсад суух Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байгаад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр томилогдсон. Улмаар Францад Элчин сайдаар томилогдсон юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа