Эзэмшсэн мэргэжлээс гадна сонирхол, хобби гэдэг хүний мартаж, орхиж болохгүй чухал зүйл гэдгийг залуу үеийнхэнд үлгэрлэж буй, түүхийн ухааны доктор Д.Сэрдарамтай ярилцлаа. Тэрбээр ШУТИС-д багшлахаас гадна арав гаруй жил мод тарьж, ургуулж байна.
-Та түүхийн ухааны доктор. Яагаад мод тарих болов?
-Би 1991 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн түүхийн ангид элсэн орж байлаа. 2000-2006 онд Солонгосын Дангуг их сургуулийн Дорно дахины түүхийн судлалын төвд докторын зэрэг хамгаалахаар суралцсан. Өөрийн хүч хөдөлмөр, итгэл үнэмшлээрээ ажиллаж, амьдарч байгаа 1970-аад оныхны нэг төлөөлөл. Би ШУТИС-д 25 жил багшилж байна. Одоогоор багшаар ажиллахаас гадна “Дэлхийн энхийн их наадам” ТББ-д гүйцэтгэх захирлын алба хашдаг. Дунд сургуульд байхдаа “Залуу байгальчдын станц” гэдэг дугуйланд явдаг байлаа. Тэнд суралцаж байхаасаа эхлээд мод тарих болсон. Мод бол миний амьдралын нэг чухал хэсэг. Гэхдээ би хувьдаа мод тарихаас илүү олон нийтээрээ, ялангуяа залуу үеийг дагуулж ажиллах дуртай. 2006 онд “Миний клуб”-ийг байгуулан оюутан залуучууд, хүүхдүүдийг дагуулж мод тарьснаар 13 жилийг үджээ. Монголын цөлжилтийг бууруулах, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой цахим клуб байгаа юм. Мод тарих, арчилж тордон ургуулах, аялах, англи хэл сурах зэрэг сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. Бид нэг сая мод ургуулах зорилго тавьж байлаа. Маш удаан ч бага багаар зогсолтгүй, тогтвортой үргэлжлүүлсээр л байна. Зорилгодоо хүрсэн ч цаашдаа дахиад л үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.
-Оюутан залуусыг л хамруулдаг хэрэг үү. Эсвэл сайн дураараа мод тарих хүсэлтэй хүн бүр нэгдэж болох уу?
-Мод тарих хүсэл эрмэлзэлтэй, тууштай хамтран ажилладаг байгууллага, хувь хүн бүртэй хамтран ажилладаг. Бид олон хүний хүч шаардлагатай “Ногоон Ази”, “Ногоон хэрэм” гэх зэрэг үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрт тусалдаг. Ийм удаан тогтвортой ажиллахад бидэнд хамгийн их тусалсан байгууллага бол “Ногоон Ази”. Тэдний тогтмол үйл ажиллагаа явуулдаг зургаан талбайд нь 13 жилийн турш мод тарьж байна. Энэ хугацаанд Монгол Улсынхаа 17 газарт мод тарьж, түүнийгээ арчилж ургуулахад нь хүмүүст тусалжээ.
-Оюутнууд мод тарихдаа хэр их сонирхолтой байдаг бол?
-Залуучуудын хамтын хөдөлмөр дээр манай клуб оршин тогтнодог гэж хэлэхэд хилсдэхгүй. 2006, 2007 онд манай клубийг “Динозовар”-ууд гэх багийнхан эхлүүлсэн бол өдгөө залгамж халаа болсон хүн олон болжээ. Гэхдээ энэ хүүхдүүд бүгд л өөр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой. Тэдэнтэй нэг л янзаар харилцаад байж болохгүй. Анх би хүүхдүүдэд маш хатуу шаардлага тавьж, заримдаа цохиод авах тохиолдол ч байлаа. Тэд үгээс гадна ачаалал даана. Тэгвэл одоогийн залуустай ойлголцохын тулд хатуу арга хэрэглэхээс илүүтэй зөөлөн ханддаг. Тэд эмзэг нялх, мэдрэмтгий учир би ингэж харилцдаг юм биш. Тэдний хэлээр ойлголцохын тулд ингэж хандахаас өөр аргагүй. Миний хүүхдүүд, зарим нь бүр ач нар баймаар энэ хүүхдүүдийг эрхлүүлж, хоол, амттанаар хуурч, сайн дурын ажил хийлгэх, мод арчилж ургуулах нь нэн шаардлагатай гэж ойлгуулахаас илүү хамтын хөдөлмөр, хамт олонч сэтгэлгээнд суралцуулахыг хичээдэг.
Мод тарих сонирхолтой, өвөрмөц хүүхдүүдийг зөв залахыг хичээдэг гэх үү дээ. Мэдээж надаас маш их зүтгэл гардаг ч манай клуб өмнөх жилүүдийнх шигээ идэвхтэй болж чадахгүй байна. Учир нь намайг залгамжлан, ажлыг минь үргэлжлүүлэн хийх хүн л надад хэрэгтэй. Миний бодлоор үүнийг ямар нэгэн их, дээд сургуулийн залуу багш л хийх ёстой гэж санадаг. Гэвч өдий хүртэл хайгаад олохгүй юм. Аль ч үеийн залуучуудын сэтгэл зүрхний түлхүүрийг зөв тааруулж чадвал тэдэнд бидний, манай өмнөх үеийнхний хэлэх дуртай уулыг нураах, усыг эргүүлэх хүч байж л байгаа. Яагаад гэвэл залуучууд шүү дээ. Гэтэл бидний үеийнхэн тэднийг балчир дорой, нялх нялзрай, залхуу хэмээн шүүмжлээд үл тоомсорлодог. Залуучуудаа сэргээж, асаан, итгэл өгөх сэтгэлгүй байж өөрчлөлтийг хүсээд байгаа бид нээрээ л тэдний хэлдгээр хуучны хүмүүс болчихжээ. Тиймээс тэдэнтэй адилхан сэтгэн, ойлгож, удирдаж чадах л хэрэгтэй болоод байна даа.
-Хийж буй ажлынхаа сайн талыг юу гэж хардаг вэ?
-Бидний тарьсан, арчилж ургуулсан мод олон газар сайхан ургаж байгаа. Хажуугаар нь явахад ямар сайхан байдаг гээч. Би тарьсан, усалсан мод бүрээ хүүхдүүд шигээ сайн мэддэг учир их л бахархалтай санагддаг. Гэхдээ надад, бидэнд түүнээс ч илүү сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл бол клубийн үе үеийн оюутнууд. Клубийн үе үеийн хүүхдүүдийг ажиглахад 4-5 хуваагддаг юм шиг байна лээ. Хамгийн эхний үе нь манай “Динозаврууд”. Дүү нар нь тэднийг их хүндэтгэнэ. Тэр ч байтугай би хүртэл атаархмаар санагддаг. Клубийн үе үеийн хүүхдүүдийн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр домог шиг яригддаг гишүүд. Хийж буй ажлын минь өөр нэгэн сайн тал гэвэл хэн нэгнийг хооронд нь учруулах гэх юм уу даа. Манайхаас 27 хос гэр бүл зохиож, үр хүүхдүүдтэй болсон. Цаашдаа ч нэмэгдэнэ гэж би хувьдаа боддог. Энэ клуб зөвхөн миний биш, бидний үнэ цэнтэй сайхан зүйл модоор дамжиж бий болсон учир намайг байхгүй болсон ч цаашдаа үргэлжлээд л байгаасай гэж хүсдэг юм. Гэхдээ “Миний клуб”-ийн залуучууд гэхээсээ илүү монгол хүн бүр мод тарих хэвшил, дадалтай болоосой гэж хүсэж байна.
-Та цахим хуудсандаа “Миний клуб”-ийг хэрхэн байгуулсан талаараа нийтэлсэн байсан. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач.
-“Миний клуб” өнгөрсөн мягмар гарагт 13 нас хүрлээ. Хуучин тэмдэглэлийн дэвтрээ нээж үзтэл 2006 оны арванхоёрдугаар сарын 17-нд ШУТИС-ийн бидний хэлж заншсанаар ТВ танхимд цахим клуб байгуулсан хурлын тухай тэмдэглэсэн байснаа олсон юм. Тухайн үед бид нэг сая мод ургуулна гэж хэлэхэд итгэх хүн их цөөхөн байв. 13 жилийн турш цуцалгүй ажилласны үр дүнд бидний тарьсан, ургахад нь тусалсан мод 810 000-д хүрчээ. Магадгүй үүнээс ч олон байж мэднэ. Энэ хугацаанд 382 гаруй сая төгрөг цуглуулж, мод тарилаа.
-Гадаадын зарим улстай харьцуулахад манайх хүүхдээ хүмүүжүүлэхдээ экологийн боловсролыг орхигдуулдаг талтай. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?
-Бид хүүхдээ хүмүүжүүлж чаддаггүй гэж хэлж болно. Гэр бүлийн суурь юу вэ гэх асуултад ихэнх нь санхүү, мөнгө, эсвэл хайр дурлал, итгэлцэл гээд бодит болон хийсвэр хариулт өгдөг. Гэтэл яг үнэндээ эхнэр, нөхөр, хүүхэд гурвын ойлголцол гэж уншиж байсан юм. Эр нөхөр нь мөнгө хөөгөөд ажил гээд алга болчихно. Эхнэр нь гэр орны ажил, өрхийн төсвөө хүргэнэ гээд бухимдах зүйл их. Боломжтой айлууд хүүхдүүдээ өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгт даатгаад орхидог. Яг үнэндээ би хувийн бага сургууль, цэцэрлэгийн эсрэг байр суурьтай хүн. Манай боловсролын систем, нийгэм хүүхдийг хар багаасаа хүнтэй ялгаварлан харилцах сэтгэлгээнд сургаад байна. Цэцэрлэгт байхаасаа орчноо, багшаа, үеийн хүүхдүүдтэйгээ ялгаварлан харилцана гэсэн үг. Сургуульд ороод багшаа чухал, чухал биш, хичээлээ гол болон гол биш гэж ялгаж эхэлдэг. Гэр орондоо, анги хамт олон, найз нөхөдтэйгөө энэ сэтгэлгээгээрээ харилцана. Тиймээс бүгдээрээ миний мэргэжил, миний хичээл, миний гэсэн юм чухал гээд чичрээд дайрдаг сэтгэлгээтэй. Гэтэл бүх зүйл чухал. Би мод тарьж сайн дурын ажил хийж байна. Энэ бол та нарын төлөө, ирээдүйн төлөөх хамгийн чухал ажил. Монгол Улс экологийн хувьд сүйрч байна гээд дайраад байвал сайн дурын ажил хийхээр бидэн рүү ирэх хүмүүс цөөрнө.
-Экологийн боловсролд манай улс нийтээрээ муу дүн авна гээд хэлэхэд бараг хилсдэхгүй байх. Боловсролын тогтолцоонд энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгтэй юү?
-Хөтөлбөр гэж хүчээр оруулаад хэрэггүй. Тэртэй, тэргүй манай боловсролын системд гажиг, гацаа үүсчихсэн болохоор бас нэг хөтөлбөр орж ирээд, багш номлоод эхлэхээр хүүхдүүд дургүй болох нь ихэснэ. Би түүхийн багш. Түүхийн хичээлийн хөтөлбөр бараг байгалийн ухааны хичээлүүд шиг их байдаг. Гэтэл дунд, ахлах сургуулийн түүхийн хичээл өдгөө ямар түвшинд байна вэ. Энэ бол нөгөө ялгаварлах сэтгэлгээнээс гадна хүүхдүүдэд тохирсон хөтөлбөрийг бид сонирхолтойгоор гаргаж чадахгүй байгаа хэрэг. Тиймээс хөтөлбөрөөс илүү тэдэнд яг тохирсон онцлог, сонирхолтой зүйлийг сэтгэж олох хэрэгтэй.
-Бүх нийтээр мод тарих өдрийг хүмүүс аргацааж өнгөрөөдөг мэт харагддаг. Үүнд юу нөлөөлдөг юм бол?
-Ямар нэг зүйлийг кампаничилж хийдэг, хийсэн болж харагдах гэдэг сэтгэлгээ нөлөөлж байна. Бид энэ өдөр нийтдээ 16 сая мод “булсан” гэдэг тооцоо гаргасан байдаг. Гэтэл Бразилын гэр бүл, Энэтхэг, Мьянмар, Хойд, Өмнөд Солонгос улсад хувь хүмүүс мод ургуулж, эко- системээ аварсан шиг нэг ч жишээ манайханд алга. Монголчууд бид эхлээд тархиндаа мод ургуулах хэрэгтэй. Тэгвэл эх орноо ногоон арал болгож чадна. Хиймэл дагуулаас авсан Хятад, БНАСАУ-ын газрын зургийг хараад судлаачид “Ямар хурдан ногоон арал болчихсон юм бэ?” хэмээн гайхсан гэдэг. Коммунист систем, хатуу сахилга батаар, буу тулгаж байгаад тэднээр мод тариулсан юм биш. Сэтгэлгээндээ л байгаа хэрэг.
-Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэхийн тулд хүмүүс хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?
-Бас л сэтгэлгээ. Ямар ч ажлыг мөнгөтэй болон мөнгөгүй ажил гэж хуваадаг. Гэтэл төлбөргүй, ухамсраараа хийж болох ажлуудаа бүгдийг нь мөнгөөр үнэлээд тэндээсээ хөрөнгө цавчиж идээд байгаа болохоор олон нийтийн сэтгэлгээнд урам хугарах, үл итгэх хандлага бий болно. Хууль, эрх зүйн зөв тогтолцоонд тулгуурлаад тэр нь байгалийн хуулийг дагасан, хүмүүсийн урам зоригийг сэргээсэн олон сайхан ажил санаачлах хэрэгтэй.
-Та мод тарьж, ургуулахаас гадна байгаль орчин, экологийн чиглэлээр өөр ямар нэгэн ажил хийдэг үү?
-Ямар ч ажил хийдэггүй. Ус энд тэнд асгарч байвал холбогдох хүмүүст хэлнэ. ШУТИС-ийнхаа ойр орчим ургадаг моднуудыг арчилж тордоно. Улаанбаатар хотод ургасан хамгийн гоё, том моднуудыг харж баясна. Огтолсон, тайрсан байхад нь гутарна. Манай хотод социализмын үеэс хойш ургаж байгаа, өндөр настай мод 300 000 орчим л үлдсэн байх.
-Хуурайшилт, ган, зудаас болж мод тарихад хүндрэл учирдаг уу?
-Маш их хүндрэл гардаг. Монголд зуны хамгийн чухал зургадугаар сард аймшигтай ган гачиг сүүлийн хоёр жилийг эс тооцвол найман жил дараалан болсон. Ялангуяа 2015-2017 оны зуны эхэн сарын ган гачиг олон мод үхүүлсэн. 5-6 жил сайхан ургасан моднуудаа үхэхийг хараад уйлж буй хүүхдүүдийг би олон ч удаа үзлээ. Гэхдээ жилдээ 2400 орчим хүүхдийг хооллож ундлан, экологийн сайн дурын ажил ухамсраар нь хийлгээд, тэдэнтэй хамт тоглож наадаж, сайхан энерги авдаг. Бид энэ эрч хүчээ сааруулахгүйгээр 3-4 жил зогсолтгүй ажиллачихвал нэг сая мод ургуулах зорилгодоо хүрэх гээд л байна. Манай хүүхдүүд цааш нь үргэлжлүүлээд хоёр, гурван саяд хүргэнэ гэдэгт итгэдэг.