Сэтгүүлч Жамаль Хашгогийг өнгөрсөн оны 10-р сард алсан хэрэгт холбоотой таван хүнд Саудын Арабын шүүх цаазаар авах ял оноожээ. Энэ тухай BCC агентлаг мэдээлэв. Мөн энэ хэрэгт оролцсон гурван хүнд 24 жил хорих ял оноосон байна. Ингэхдээ Саудын Арабын эрх баригчид уг хэргийг санаатай үйлдээгүй гэдгээ мэдэгдсэн байна. Эл мэдэгдэл өмнөх мэдэгдэлтэй нь зөрчилдөж байгаа аж. Хэвлэлүүдэд бичиж байсанчлан уг аллагын гол зохион байгуулагч хунтайж Мухаммед бин Салманы зөвлөх Сауд аль-Кахтани ял аваагүй өнгөрчээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаас нь огцруулж, баривчилж байсан Саудын Арабын Тагнуулын газрын орлогч дарга асан Ахмад аль-Асиригийг нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар суллажээ. Сэтгүүлч Хашогги нь Саудын Арабын эрх баригчдыг шүүмжилдгээрээ алдартай бөгөөд өнгөрсөн оны 10-р сарын 2-нд Туркийн нийслэл Стамбул дахь Саудын Арабын консулын газар бичиг баримтаа авах гэж ирээд алуулсан юм. Саудын Арабын эрх баригчид эхэндээ Хашоггийг амиа алдсан хэргийг үгүйсгэн, Консулын газрыг эсэн мэнд орхисон гэж мэдэгдэж байсан билээ. Гэтэл тус улсын хэвлэлүүд Хашоггийг үнэхээр амиа алдсан гэхдээ Консулын газрын ажилтнуудтай маргалдаж, зодолдсоны улмаас ийм хэрэг гарсан гэж мэдээлж байсан аж.
Гэвч Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийг санаатайгаар хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Туркийн мөрдөн байцаагчдын мэдээлснээр, Хашоггийн цогцсыг хэдэн хэсэг болгон Консулын газраас гаргажээ. Түүний цогцос одоог хүртэл олдоогүй байна. Эх орондоо хавчлага мөрдлөгийг туулсан сэтгүүлч Хашогги 2017 оны есдүгээр сард Саудын Арабаас гарч, Америкийн “Washington Post” сонинд ажиллах болсон байна. Тэрээр тус сонинд хунтайж Мухаммедыг тэрс үзэлтнүүдийг хавчиж мөрддөг талаар шүүмжилсэн нийтлэлүүд бичсээр байжээ. Энэ нь Баруунд шинэчлэгч, соён гэгээрүүлэгч гэдэг нэрийг олох гэж оролдож байсан хунтайж Мухамедадын бодлоготой тэрсэлдэж байв. Чухамхүү угсаа залгамжлагч хунтайж Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбоотой гэж бүс нутгийн төдийгүй Өрнөдийн орнуудад буруутгасан юм. Түүгээр барахгүй АНУ-ын Сенатын танхим 2018 оны 12 дугаар сард холбогдох тогтоолын төслийг баталсан билээ. Хашогги шиг алдартай тэрс үзэлтнүүдийг зөвхөн Мухаммед бин Салманы зөвшөөрөлтэйгөөр хөнөөх ажиллагааг хийх боломжтой гэж шинжээчид, шүүмжлэгчид үзэж байгаа аж.