Монголын талбайн теннисний талбарт нэрээ гаргаж яваа өсвөрийн тамирчин цөөнгүй бий. Тэдний нэг бол нийслэлийн 84 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 8а ангид суралцдаг Б.Эрхбилгүүн. Тэрбээр “Дархан цом 2018” нээлттэй тэмцээнээс хүрэл, “Best tennis cup” талбайн теннисний анхдугаар тэмцээнд мөнгө, өсвөрийн талбайн теннисний “Mongolian open 2018” тэмцээнээс хүрэл, өсвөрийн талбайн теннисний чансаа эрэмбийн оноо олгох тэмцээнээс мөнгө, “Max cup 2017”, “Max cup 2019”-өөс хүрэл, 2018-2019 оны УАШТ-ээс хошой мөнгө, “Asia 14 & under develop¬ment championships 2019” Тайландад зохион байгуулсан, Азийн АШТ-д V байр эзэлж, тусгай байрын шагнал хүртсэн амжилттай.
-Талбайн теннисээр хэдэн настайгаасаа хичээллэсэн бэ. Анх ямар багшийн шавь болж, тэмцээнд оролцох болов?
-Би талбайн теннисээр 10 настайдаа хичээллэж, олон улсын теннисний холбооны I зэргийн дасгалжуулагч Б.Дүүрэнбаяр багшийн шавь болж байлаа. Анх ОХУ-ын тамирчидтай хамтарсан “Ирээдүйн од” нөхөрсөг тэмцээнээс хүрэл медаль хүртэж, урам авсан. Тэр үед гурван сар хичээллэсэн байв. Энэ тэмцээний дараа “Сөүл” клубт хөл тавьж, Талбайн теннисний холбооны шигшээ багийн дасгалжуулагч С.Сүхжаргал багшийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэсэн.
-Эмэгтэй хүүхдэд талбайн теннисээр хичээллэх хамгийн тохиромжтой юм шиг санагддаг. Тэмцээнд оролцоход хэн урам хайрлаж, урагшлуулдаг вэ?
-Аав биеийн тамирын багш мэргэжилтэй. Намайг бүх талаар дэмжиж, цаг, заваа харамгүй зориулдаг. Мэргэжлийн тамирчин болох зорилго төрүүлсэн анхны зөвлөгч, туслагч минь. “Багшийн амжилт шавиас” гэдэг үг бий. Бэлтгэл сургуулилалт хийлгэж, тэмцээнд амжилттай оролцуулсан дасгалжуулагч багш нараараа их бахархдаг. Багш нарынхаа болоод гэр бүлийнхээ тус дэмээр теннисний талбарт урагшилж яваа.
-Тамирчин хүнд хоногшиж үлдсэн тэмцээн байдаг даа.
2016 оны долдугаар сард ОХУ-ын Буриадын Улан-Үд хотоос ирсэн тамирчидтай тоглосон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Миний шагналын салхийг хагалсан медаль болохоор их бэлгэшээдэг юм. 2018 онд өсвөрийн аварга шалгаруулах “Цагаан сар кап” тэмцээнээс алтан медаль хүртсэн. Энэ мэтчилэн медалийнхаа тоог ахиулсаар л байгаа.
-Монголын тамирчдаас хэн хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?
-Монголын тамирчдаас хамгийн чадварлаг нь Ч.Маралгоо эгч. Энэ оны нэгдүгээр сард Тайландад болсон Азийн аварга шалгаруулах ITF тэмцээнд оролцоход гадаадын тамирчдаас хүчтэй өрсөлдсөн теннисчин Вьетнамын София байлаа. Тайланд, БНСУ хүчтэй тамирчидтай. Гадаадад оролцсон тэмцээнүүдээс Буриадын Улаан-Үд хотын тамирчидтай өөрийнхөө насанд болоод дээд насны ангилалд оролцсон хоёр тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ бүхэн надад урам хайрласан шагнал байсан.