Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдлаа. Томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах нь. Энэ тогтолцоо ямар онцлогтой вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хоёр жил гаруй хугацаанд олон нийтээр хэлэлцүүлж баталлаа. Хууль батлах процессын хувьд олон талын оролцоог хангасан гэж үзэж байгаа. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, сонгуулийн үйл явцад хуулиар үүрэг хүлээж оролцдог төрийн байгууллагын төлөөллүүдээс 400 гаруй санал ирүүлсний дийлэнхийг нь тусгасан. Томсгосон мажоритар тогтолцоогоор 1992 онд болсон, анхны УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулсан. Дараа нь 2008 оны УИХ-ын сонгуулийг бас явуулсан. Монгол Улс үүнийг хоёр удаа туршсан гэж хэлж болно.
-Олон мандаттай тойргоос сонгоно гэж хэллээ. Тэгэхээр сонгуулийн тойрог, мандат нь хэзээ тодорхой болох вэ?
-Сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө УИХ сонгуулийн тойрог байгуулж, үүнд ногдох мандатын тоог тогтооно гэж сая баталсан хуульд заасан. Тойрог байгуулахдаа энд тэндээс газар нутаг сонгон авч, нэгдмэл байдлыг алдагдуулдаг дутагдалтай тал байсныг хязгаарласан байгаа. Өөрөөр хэлбэл, тойрог нь хилийн цэсийн хувьд нэгдмэл буюу зэргэлдээ байна гэж зохицуулж өгсөн.
-УИХ сонгуулийг хэзээ товлон зарлаж, санал авах вэ?
-Хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. Санал авах өдөр нь зургадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна гэж заасан. Өмнөх УИХ-ын сонгуулиудын санал авах өдрийг зургадугаар сарын сүүлчээр товлодог байсан. Энэ жишгийг хадгалсан.
-Нам, эвсэл сонгуульд оролцох, эсэх нь хэзээ тодорхой болох вэ. Эвслийн талаар гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан. Үүнийг хэрхэн тусгасан бэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо илэрхийлсэн байх ёстой. Дөрөвдүгээр сард гэж ойлгож болно. Сонгуулийн тухай хуульд “180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам, эвсэл сонгуульд оролцох эрхтэй” гэж байсан. Энэ заалттай холбоотойгоор Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц гаргасан. Үүнийг хуулийн төсөл боловсруулахдаа анхаарч, сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй байхаар хуульчилж баталсан. УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, эвсэлд нэгдсэн намын олонх нь эвслээс гарвал тарсан гэж үзэхээр тусгасан байгаа. Энэ заалт нь эвслийг харьцангуй тогтвортой байлгахад чиглэгдсэн зохицуулалт гэж ойлгож болно.
-Сонгуулийн хандив, зардалтай холбоотой ямар шинэ зохицуулалт орсон бэ?
-Өмнө нь иргэн гурван сая төгрөг, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэлх хандивыг нэг удаа өгч болдог байсан. Одоо иргэн таван сая төгрөг, хуулийн этгээдээс 20 сая төгрөг хүртэл хандив өгч болохоор өөрчиллөө. Хандив өгөх нийт дүнг энэ хэмжээнд багтаана гэсэн үг. Мөн хуулиар чиг үүрэг хүлээн оролцож байгаа төрийн байгууллагуудын хувьд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд шаардагдах зардлаа тухайн жилийн төсөвт тусган батлуулдаг болох, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль зохион байгуулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргадаг байх зохицуулалтыг тусгасан.
-Нэрийн жагсаалттай холбоотойгоор ямар өөрчлөлт орсон бэ? Царцааны нүүдэл хийлээ гэх шүүмжлэл дагадаг шүү дээ.
-Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгахтай холбоотой харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргаан дагуулсан асуудлыг зогсоох зорилгоор хязгаарлалт хийсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн байгууллагын ажилтан, санал авах байрын аюулгүй байдлыг ханган ажиллаж буй цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал зэрэг албан хаагч, мөн нэр дэвшигчийн менежер, шадар туслагч гэсэн хэдхэн субъектийн шилжихийг л зөвшөөрч байгаа.
-Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаатай холбоотой ямар зохицуулалт орсон бэ?
-Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргана. Өмнө нь хэзээ дүгнэлт гаргах, ямар хугацаанд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх гэх зэрэг процессын зохицуулалт байгаагүй. Үүнийг засаж, нарийвчлан зохицуулсан. Сурталчилгааны хувьд сонгуулийн зардлыг багасгахад чиглэгдсэн олон заалт багтаасан байгаа. Тухайлбал, сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, төрлийг багасгасан.
-Сонгуулийн сурталчилгаанд цахим орчныг хязгаарлана гэж яригдаж байсан нь туссан уу?
-Хязгаарлалт хийхгүй. Сонгуулийн сурталчилгаанд цахим орчныг ашиглаж болно гэж заасан. Харин нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс хойш гурван хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Цахим хаягаар сурталчилгаа явуулах тохиолдолд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг ашиглаж болно.
-Өмнөх сонгуулиар үнэмлэхээ аваад шууд сурталчилгаагаа эхлүүлж болдоггүй байсан биз дээ?
-Өмнө нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөө сурталчилгаа хийж болдоггүй, дөрөв хоног хүлээдэг байсан. Хуульд заасан хугацаа болоогүйгээс шалтгаалан ил, далд хэлбэрээр хууль бус сурталчилгаа явуулах нөхцөл бүрдэж байсныг зогсоож, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал хураалт болохоос 22 хоногийн өмнө олгоно. Нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж болохоор хуульчилсан.
-“Хар машин”-ыг ашиглах нь хэвээрээ юү. Хяналтын тооллого хийх үү?
-УИХ 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль баталсан. Энэ хуулиар УИХ, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахаар заасан. Иймд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу санал авах, тоолох техник хэрэгсэл ашиглана. Санал хураалт дууссаны дараа нийт хэсгийн 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого хийх зохицуулалт бий. Хяналтын тооллогыг санамсаргүй сонголтын аргаар хийнэ.
-Саналын хуудсанд нэр дэвшигчийг ямар дарааллаар бичих вэ?
-Нам, эвслийн тухайд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, нэр дэвшигчийн хувьд намаас нь ирүүлсэн дарааллын дагуу бичнэ. Бие даан нэр дэвшигчийн тухайд СЕХ-нд бүртгүүлсэн дарааллыг баримтална.
-Маргаан, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд ямар өөрчлөлт орсон бэ?
-Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан хянан шийдвэрлэх харьяалал, журмыг маш тодорхой болгосон нь энэ хуулийн нэг онцлог юм. Цагдаа, шүүх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, тагнуул зэрэг байгууллага ямар зөрчлийг шалгах харьяаллыг тодорхой болгосон.
-Төрийн албан хаагч нэр дэвших бол ажлаасаа хэзээ чөлөөлөгдөх вэ?
-Төрийн жинхэнэ албан хаагч болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ээлжит сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж заасан. Харин ээлжит бус, дахин, нөхөн сонгуулийн хувьд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө чөлөөлөгдөнө.
-Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль хэзээ батлагдах бол. Ямар шатандаа явж байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ удаагийн хуулийн онцлог нь гурван тусдаа сонгуулийн зохион байгуулалт, харилцааг нэг хуулиар зохицуулснаас үүдэн гарч байсан зөрчил, хүндрэлийг арилгах зорилготой.
-Сонгуулийн дүнг өмнөх шиг дэлгэцээр шууд дамжуулах уу?
-2016, 2017 онд сонгуулийн дүнг олон нийтэд дэлгэцээр шууд харуулж мэдээлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг мөн адил мэдээлнэ.
-Танай хорооны нэн даруй хийх ажил юу вэ?
-СЕХ-ноос 2020 оны УИХ-ын сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна. Шинэ он гарангуут манай хороо хуралдаж, сонгууль зохион байгуулах болон автоматжуулалтын төлөвлөгөө, сонгуулийн цаг хугацааны хуваарь хэлэлцэж батлах, журам, заавар, загвар, маягтыг батлагдсан хуульд нийцүүлэн боловсруулах, хуулиа сурталчлах гээд хийх ажил их байна.
Бэлтгэсэн: Б.Уран