Монгол төрийн алтан аргамжаа болсон гадаад харилцааны албанд зүтгэж, насны амьдралаа элээсэн, одоо ч бодол, сэтгэлээ чилээж яваа О.Эрдэнээ гуайг “Хоймор”-тоо урилаа. БНКУ-д анхны монгол оюутан болж очсоноор дипломат албанд ажиллах эхлэл нь тавигджээ. Тэрбээр Кубад сурсныхаа дараа Москвагийн их сургуульд суралцаж, дипломатч мэргэжилтэй болсон гэдэг.
-Төрсөн нутаг ус нь хүнийг түшиж явдаг гэдэгт би итгэдэг. Ганц би ч биш, монголчууд тэгж ойлгодог шүү дээ. Тиймээс хүнийг аль нутгийн, хэний хүүхэд болохыг эхлээд асуудаг. Тэр ёсоор таны унаж, төрсөн нутаг ус, бага насны тань талаар ярилцлагаа эхэлье?
-Би “Зулай цагаан Алтай” дуунд мөнхөрсөн Сутай хайрханы суганд мэндэлсэн Алтайн хөх харчуулын нэг. Сүрлэг Сутай хайрханы өвөрт Усан зүйлийн хүрээ буюу Тонхилын хүрээ гэж бурхан шашны томоохон төв байсан юм. Өнгөрөгч зууны гуч, дөчөөд оны их хэлмэгдүүлэлтэд Усан зүйлийн хүрээ өртөж, лам хуврагуудыг баривчлахыг нь баривчилж, цаазлахыг нь цаазлаад, шашин, соёлын үнэт өвийг үнсэн товрог болгосон гашуун түүх бий.
Харин сүм хийдийн хашаа, байшин барилгыг нурааж устгаагүй үлдээснийг тохижуулж, Тонхил сумын долоон жилийн сургууль байгуулсан. Аймагтаа бараг анхны сургууль л даа. Тиймээс Тонхилоос гадна Алтай нутгийн баруун алс хязгаарын Тамч, Дарви, Төгрөг, Биж Алтай сумын хүүхдүүд ирж суралцдаг байв. Тэр үеийн долоон жилийн сургууль төгсөгчдөөс хожим улсдаа нэр цуутай багш, эмч, зохиолч, эдийн засагч олон төрсөн. Тэдний нэг нь Биж Алтайн унаган хүү, Тонхил сумын сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор, профессор П.Жасрай агсан билээ. 1950 онд долдугаар анги төгсөөд П.Жасрай бид хоёр ар гэрийнхнийхээ хүсэлтээр бага ангийн багш болох хуваарь авав. Би аймагтаа 21 хоног семинарт суулаа.
Тэр үед хүүхэд, залуус “Багшийн сургууль” гэдэг дууг байнга аялдаг байлаа. Дуунд магтагдаад байдаг алдарт багшийн сургууль миний сэтгэлийг эзэмдэж, өнөөх бага ангийн багш болох хүслээ орхиход хүрлээ. Хайрт ижийтэйгээ ч зөвлөлгүй, аймгийн боловсролын газарт ч хэлэлгүй Том толгой гарган шууд л шуудангийн унаанд сууж, тав хоноод нийслэлд ирсэн. Хүссэн сургуулиа сураглаж очоод, нэг их төвөггүйгээр элсчихдэг юм байна. Багшийн сургуульд хамт элсэгчдээс анхны танил маань Алтай нутгийн хоёр хөвүүн. Тэд бол хожмын суут эрдэмтэн зохиолч Л.Түдэв, орос хэлний анхны доктор Ш.Сүхээ нар.
-Ижийдээ ч хэлэлгүй, таньж мэдэхгүй, их хөлийн газар Улаанбаатарт ирсэн гэхээр үнэхээр том толгойтой байж дээ.
-Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх ёстой ч ургац хураах ажилд туслахаар дайчлагдан, Жаргалантын сангийн аж ахуй руу явлаа. Сангийн аж ахуйн ажил сунжирсаар нэг мэдэхэд гол ус хадаалж, байгаль дэлхий шаргал дээлээ нөмөрч, уулын толгой бууралтан өвлийн дохио орчихов. Биднийг буцаж ирэхэд хичээл эхэлчихэж. Ингэж л бид намрын намарт ургац хураалтад оролцож, өвөл, хавартаа эрдэм номд шамдан, шуугилдсаар гурван жилийг өнгөрөөн, багшлах эрдмийн үнэмлэх өвөртлөх цаг тулж ирэв. Гэтэл Улсын багшийн институтэд орос хэлний анги нээж, багшийн сургууль төгсөгчдөөс 25 хүүхэд шилж авахад Ш.Сүхээ, Л.Түдэв бид гурав багтсан юм.
-Сайхан түүх байна. Ажил амьдралын гараагаа хаанаас эхлэв?
-Сургуулиа төгсөөд Аж үйлдвэрийн яаманд хэвлэлийн орчуулагч, дараа нь Холбооны техникумд орос хэлний багшаар нэг хэсэг ажилласан. 1959 онд гэр бүлийн хүн (ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дорждулам) минь Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын их эмч мэргэжлээр төгсөж, төрсөн нутаг Баянхонгортоо хуваарилагдав. Манайх Баянхонгор аймаг руу нүүж, би аймгийн төвийн 10 жилийн сургуульд мэргэжлээрээ багшиллаа. Хүний хүсэлд хязгаар гэж байх биш. Би гэдэг хүн олон улсын харилцаа, Монгол Улсын төр, засгийн гадаад бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг их сонирхож, амихандаа энэ салбарын мэдлэг, боловсрол эзэмшихийг мөрөөддөг байв. Гэвч хаашаа явах, хэнтэй уулзах учраа мэддэггүй. Тэгтэл манай аймагт Гадаад явдлын яамны сайд ажиллав. Цаг завыг нь харж байгаад уулзаж, санаа бодлоо хэллээ. Сайд “Манай яам энэ салбарын мэргэжилтэн бэлтгэх асуудлыг хариуцдаг. Чи үнэхээр сурахыг хүсэж байвал өргөдлөө эртхэн өгөөрэй. Олон хүн шалгуулдаг, өрсөлдөөн ихтэй учраас олигтойхон бэлтгээрэй” гэв. 1962 оны тавдугаар сард Монгол, Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн II их хурал нийслэлд болж, аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэл бид хоёр төлөөлөгчөөр оролцох завшаан гарлаа. Би энэ завшааныг ашиглаж, Гадаад явдлын яамны боловсон хүчин хариуцсан дарга нарт өргөдөл бичиж, бусад холбогдох материалаа бүрдүүлээд зургадугаар сард шалгалт өгөхөөр болов.
-Шалгалт өгсөн ч хүссэн хуваариа авч чадаагүй гэл үү?
-Баянхонгор луу хурдхан шиг буцлаа. Аравдугаар анги удирдсан багш тул сурагчдынхаа төгсөх ангийн шалгалтыг өгүүлж, хуваарийг нь сонсгоод бүх ажлаа цэгцлээд нийслэлд ирж шалгалтаа амжилттай өгөв. Удалгүй хэнийг ямар сургуульд хуваарилснаа зарлахаар Гадаад явдлын яамны коллеги хуралдлаа. Тэнцсэн дөрвөн хүн байсны гурвынх нь хуваарийг эхэлж хэлэлцээд Москвагийн Олон улсын харилцааны сургуульд элсүүлжээ. Уг нь би тэр сургуульд явуулах болов уу гэж горьдож байсан юм.
О.Эрдэнээ Кубад суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байгаа нь
-Тэгээд юу болов?
-Гадаад харилцааны албанд зүтгэсэн хугацаагаа эргэн санавал хагас зуун жил одсон байна. Гэтэл намайг хамгийн сүүлд хурлаар оруулж, Куба улсад явуулахаар шийддэг юм байна. Ингэж би Куба улсад суралцсан анхны монгол оюутан болсон юм. Хурлын төгсгөлд зарим зүйлийг зориуд анхаарууллаа. “Дэлхийн хамгийн том империалист гүрэн болох АНУ-ын хамар доор кубачууд социалист хэлэлцээр байгуулаад байна. Анхны оюутнаар чамайг илгээхээр шийдлээ. Чи МАХН-ын гишүүн, багш тул эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хүлээлгэсэн үүргийг үнэнч шударгаар биелүүлнэ гэж найдаж байна” гэв. Сургуульд явах болсондоо баярлав ч ертөнцийн нөгөө бөөрөнд дөнгөж саяхан хувьсгал ялсан гэх тэр орон руу явна гэж бодохоор үнэндээ айдастай байсан. Наймдугаар сарын 10-даар хотод ирэхэд Налайхын гал командад ажиллаж байсан н.Шатар гэх залуу надтай хамт явахаар болсон байв.
-Тухайн үед Москва орохын тулд галт тэргээр долоо хоног явдаг байсан гэсэн үү?
-Тийм ээ. 1962 оны наймдугаар сарын 20-нд бид Москваг зорив. Бидэнтэй хамт Кубад Монголын хэргийг түр хамаарагчаар очоод байсан Гончигсамдангийн гэргий Хоролжав, жолоочоор томилогдсон Мөнхөө эхнэр, хүүхдийн хамт явсан. Долоо хоногийн дараа галт тэрэгнээс Москвад буулаа. Монголын Элчин сайдын яамнаас биднийг хүлээн авч, хол явах хүмүүс хэмээн Москвагийн төвийн хамгийн тохилог буудал “Украин”-д байрлуулсан. Тэр үед Кубын байдлаас шалтгаалаад АНУ, Зөвлөлтийн харилцаа эрс муудсан байлаа. Тиймээс Москва Гаванагийн хооронд онгоцны нислэг хэсэг хугацаанд саатжээ. Нислэг хүлээж Москвад сар илүү саатсан. Манай Элчин сайдын яамнаас бидэнд өдөрт хоолны мөнгө гэж гурван рубль өгнө. Түүнийгээ дуусахаар Элчин сайд С.Лувсангаар цохуулаад долоо хоногийн мөнгө авна. Олон хоног хүлээж, итгэл алдарч байтал нэг юм нисэхээр боллоо. Элчин сайд С.Лувсан гуай “Би саяхан Финланд яваад ирсэн. Хол явах хүнд мөнгө хэрэгтэй. Надад үлдсэн нь энэ гээд гурван ам.доллар өгсөн. Замдаа Африкийн Сенегалын нисэх буудалд газардлаа. Энд тэндгүй нүд, шүд нь гялалзсан хар хүмүүс. Заримыг нь модноос дүүжилчихсэн ч байх шиг. Урьд өмнө нь харж байгаагүй, үзэж дуулаагүй орчин. Дээрээс нь халуун гэж. Гэтэл Мөнхөөгийн хүүхэд өлсөж, цангаснаасаа болоод дуугарч чадахгүй боллоо. Тэр үед С.Лувсан гуайн өгсөн гурван ам.доллароор хоёр лааз ус авсан нь аминд нь орж билээ.
-Тэгээд хэзээ нь Кубад очсон юм бэ?
-Удалгүй Куба ниссэн. Тэнд газардахад халуун орны дал мод тэнгэрийн харуул шиг энд тэндгүй сагсайж, бүгчим халуун агаар нь амьсгал давхцуулж угтсан. Эрс тэс сэрүүн уур амьсгалтай эх нутаг минь өөрийн эрхгүй үгүйлэгдсэн шүү. Биднийг ирснээс хойш Кубын байдал онцгой хүндэрч агаарын хилийг бүр хаалаа. Сиймхий таарч ганц онгоц нисэхэд нь бид суусан юм билээ. АНУ-аас Кубыг улс төр, эдийн засгаар хавчин боогоод зогсохгүй, хүч хэрэглэн хувьсгалчдыг нь дарахыг оролдон, дайны ирмэгт байсан.
-Ямар газар ирчихэв ээ гэж их л айсан байх даа.
-Эх нутаг, элгэн саднаасаа алсад, бөмбөрцгийн нөгөө бөөрөнд ирсэн бидэнд мэдээж амаргүй байсан. Кубын удирдагч Фидель Кастро бараг цаг тутам ард түмэндээ хандан мэдээлэл хийж, эх орноо хамгаалахад хүн бүр бэлэн байхыг уриалж байв. Үнэхээр хүн бүр зэвсэглэж эх орноо хамгаалахад бэлэн байсан. Дайн дэгдвэл хэрэглэхэд зориулж хүн бүр цусаа өгч байв. Гадаадын оюутнууд бид ч цусаа харамгүй өгсөн. Өндөр байшин барилгын орой дээр байлдааны зэвсэг техник байрлуулж, шөнийн цагаар гэрэл асахгүйн дээр Гавана хотын гол гол гудамжуудыг минжүүлсэн үе. Ер нь Гавана, Куба тэр чигтээ дайнд бэлэн болсон байсан. Кубын Засгийн газрын хүсэлтээр ЗХУ дунд тусгалын пуужингаа эргүүлэн татсаны ачаар цэрэг зэвсгийн хүч хэрэглэх аюул намжсан юм. Дайны аюул намжсан хэдий ч түгшүүртэй байдал удаан үргэлжилсэн.
-Тэгээд та нар хичээлдээ хэзээ суусан юм бэ?
-Бид аравдугаар сараас испани хэлний сургуульдаа орлоо. Биднээс гадна Болгар, Солонгос, Африкийн оюутнууд испани хэл үздэг байв. Сэтгэлээсээ айдсаа холдуулахын тулд бүх хормыг хичээл номдоо зориулсны хүчинд богино хугацаанд испани хэлний наад захын мэдлэгтэй боллоо. Манай улсын хэргийг түр хамаарагч испани хэл мэдэхгүй учраас бид Фидель Кастрогийн мэдэгдэл, Куба орны байдлын талаар өдөр бүр Элчин сайдынхаа яаманд мэдээлэл өгдөг байсан. Элчин сайдын яамныхан ч бидний сурлагыг судалж, салбарын яаманд мэдэгддэг байж. Бид хагас жил испани хэл үзэж, ойр зуурын зүйл ярихтайгаа болж, мэргэжил сонгох болов. Гэтэл хэлний мэдлэг нь зохих түвшинд хүрсэн гэж үзээд намайг Монголын Элчин сайдын яаманд III нарийн бичгийн даргаар томиллоо. Ингэж би гадаад харилцааны албанд хөл тавьсан түүхтэй. Намайг III нарийн бичгийн даргаар томилогдоход Г.Багаа гэж хүн Кубад суух анхны Элчин сайдаар ирсэн юм. Тэрбээр дипломат алба хашиж байгаагүй ч төр улсын хариуцлагатай албанд насаараа зүтгэсэн үлэмж туршлагатай тул хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж ажилласан. Би энэ хүнээс их зүйл сурсандаа баярладаг юм. Г.Багаа гуай анхны Элчин сайдын хувиар Монгол, Кубын найрамдалт харилцааны үндэс суурийг маш сайн тавьсан нь уламжлагдсаар өнөөдрийг хүрсэн гэж би боддог.
-Нутагтаа хэзээ буцаж ирсэн бэ?
-1966 онд ирсэн. Гадаад явдлын яаманд референт, тасаг, хэлтсийн даргаар ажилласан. Мөн Намын төв хорооны Гадаад харилцааны хэлтэст зааварлагчаар ажилласан. Дунд нь Москвад суралцаж, дипломатчийн мэргэжил эзэмшсэн.
-Багш бас дипломатч. Хос морьтой хэрнээ ихэнхдээ гадаад харилцаатай холбоотой ажил хийж дээ?
-Тийм шүү. 1982 онд Ленинград хотод анхны Ерөнхий консулаар томилогдон ажилласан юм. Тухайн үед Зөвлөлт холбоот улсад манай олон мянган залуу суралцаж, мэргэжил эзэмшиж байсны олонх нь Москва, Ленинградад байв. Ерөнхий консулын ажлын гол зорилго нь оюутан залуустайгаа ажиллах, тэдний сургууль, боловсролын байгууллагатай хамтран ажиллаж, эх орондоо мэдлэг, боловсрол сайтай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарлаа хандуулж байлаа. Үүнээс гадна Ленинградад арав гаруй Консулын газар ажиллаж байсан учраас тухайн улс орнуудтай Монголын харилцааг бэхжүүлэх, тэднээс ашигтай санал солилцох, туршлагаас нь эх орондоо нэвтрүүлэхээр чармайн ажилласан.
-Кубад ажилласан таны туршлага өрхийн эмнэлэгтэй болоход нөлөөлсөн гэх юм билээ.
-1988 онд Куба улсад суух Элчин сайдаар томилогдсон. Ингэхдээ Мексик, Никарагуа, Аргентин улсыг хавсран ажилладаг байв. Элчин сайд, дипломат ажилтан бүр суугаа улс орныхоо ёс заншлыг юуны түрүүнд сайн ойлгож, нийгэм, эдийн засгийн байдалтай нь гүнзгий танилцах ёстой. Тиймээс тухайн орны хэлийг ямар нэг хэмжээгээр эзэмшсэн байх нь чухал. Кубад Элчин сайдаар ажиллахдаа манай улсад нэвтрүүлэх сайн туршлага юу байна вэ гэж судалсан. Ингээд Кубын өрхийн эмнэлгийн туршлагыг нэвтрүүлье гэж шийдээд Гадаад явдлын яам, Эрүүл мэндийн яаманд мэдээлэл бичиж, мэргэжлийн хүмүүсийг ирүүлж, туршлага судлахыг санал болгосон юм. Үүний дагуу Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд Кубад очиж, судалгаа хийсэн. Тэр туршлагаа улсдаа нэвтрүүлж, өрхийн эмнэлэг байгуулсан даа. Манай өрхийн эмнэлэг зохион байгуулалт, тэнд ажиллах мэргэжилтэн яг Кубынх шиг биш ч зарчмын хувьд төстэйгөөр хүн ардад хамгийн ойр дөт үйлчилгээ үзүүлж байгаад уг асуудлыг хөндөн тавьсан хүний хувьд сэтгэл хангалуун явдаг. Мөн Аргентины туршлагыг судалж, эх орон руугаа мэдээлсэн юм. Аргентин хөдөө аж ахуй, арьс, ширэн эдлэлээрээ алдартай. Алдартай байдгийн гол онцлог нь түүхий эдээ боловсруулдаг арга технологи нь. Тэд арьс, ширийг химийн бодисоор бус, байгалийн гаралтай зүйлээр идээлж боловсруулдаг учраас бүтээгдэхүүн өндөр үнэлэгддэг. Бид үүнийг судалж мэдээд Монгол руу мэдээлсэн. Тухайн үед манай талаас анхаарч үзээгүй. Нийгмийн өөр системтэй нь нөлөөлсөн байх. Одоо үүнийг дахин судалж, холбоо тогтоон Аргентины арьс шир боловсруулах технологийг нэвтрүүлбэл манайд хэрэгтэй гэж боддог.
-Кубын өрхийн эмнэлэг ямар зохион байгуулалттай вэ?
Бидний ярианд О.Эрдэнээ гуайн гэргий Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Дорждулам гуай оролцов.
-Кубын өрхийн эмнэлгийн зохион байгуулалт Монголынхоос өөр. Өрхийн эмнэлэгтээ их эмч, сувилагч нь амьдардаг. Эмч, боловсон хүчнээ бэлтгэхдээ нарийн анхаардаг. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэдрэл зэрэг анагаахын бүх салбарт дадлагажуулж, бүрэн сургасны дараа өрхийн эмнэлэгт ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, дадлага туршлагатай, хамгийн сайн, бүхнийг чаддаг хүнийг өрхийн эмчээр томилдог. Ажиллах нөхцөл, амьдрах байраар нь хангадаг. Нийгмийн асуудлыг нь бүрэн шийдэж өгдөг гэсэн үг. Гэтэл манайхан дөнгөж сургууль төгсөгчдийг өрхийн эмнэлэгтээ томилдог. Үнэхээр шаардлага хангахгүй, ядаж дотор, хүүхдийн эмчилгээгээр мэргэшээгүй хүнийг ажиллуулж байна. Гэхдээ яах вэ, жилээс жилд хөгжөөд л байна. Бас сайхан ажиллаж байсан гутал, арьс, ширний үйлдвэрээ бүгдийг хувьчилсан. Тэр үед гадаадын туршлагыг нэвтрүүлэхдээ сайн судалж, сайтар нэвтрүүлж ажилладаг байв. Одоо үйлдвэрүүдээ хувьчлаад үгүй хийчихсэн. Зориулалтын байшин барилгаа оготнын нүх шиг тасалгаатай болгоод хүмүүст түрээслүүлэх болжээ.
-Улсаас өгсөн даалгавраа үнэнчээр биелүүлдэг, үр шимийг нь гаргадаг байж дээ.
-Гадаад харилцаа, нам, боловсролын байгууллагад ажиллахдаа надад итгэл хүлээлгэж даалгасан ажлыг чадлынхаа хэрээр шударгаар гүйцэтгэхийг хичээж ирсэн. Гадаад харилцааны салбарт алба хашиж ирсэн бүх л хугацаа бол миний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй, сэтгэл хангалуун өнгөрөөсөн үе. Тэр үеүдэд нэгэн зорилгын төлөө баг болж ажилласан нөхдөө цаг ямагт сайн сайхнаар дурсдаг.
-Одооны Элчин сайдын яаманд ажиллаж буй зарим хүн улс орны нэрийг сэвтүүлснийг сонсоод танд амаргүй байдаг байх.
-Хариуцлага, мэдлэг шаардахгүй ажил гэж хаана ч, хэзээ ч байдаггүй. Тэр дундаа хамгийн өндөр хариуцлага, ухамсар, мэдлэг шаарддаг, алдаж болохгүй ажил бол гадаад харилцаа, Элчин сайдын алба юм. Элчин сайд эх орон, төр, засгаа төлөөлж, хоёр орны харилцааны гүүр болохоос гадна тухайн оронд амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тэргүүн зорилго, үүрэг хариуцлагатай. Энэ шаардлага өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү чухал боллоо. Глобалчлагдсан энэ ертөнцөд монгол хүний хөл хүрээгүй улс орон, тив гэж алга. Тэднээс эх орныхоо нэрийг сайнаар дуурсгаж яваа бахархам хүн олон ч саар муугаар ойлгуулж хэрэг төвөгт орооцолдогчид цөөнгүй. Элчин сайд хүн суугаа орныхоо төр, захиргааны байгууллага, тэдгээрийн удирдлагатай харилцаад зогсохгүй, бололцоо байвал жирийн ард түмний дунд орж тэндээс мэдээлэл сонсохыг бодолцох нь зүйтэй. Эх орондоо ашигтай туршлага, санаа олоход тал талын мэдлэг хэрэгтэй. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар мөн чухал. Нэг үгээр хэлэхэд, дипломатч хүн маш сайн судлаач байх ёстой юм. Ялангуяа гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого барих болсон өнөө үед энэ нь маш чухал. Дахин хэлэхэд дипломат ажилтнууд, ялангуяа Элчин сайд хүн уншиж, сонсоод өөрт ашигтай мэдээллээ олж авч чаддаг байх ёстой. Алба амины аливаа ажил, уулзалтад орчуулагч дагуулж яван хэлмэрчлүүлэх нь өөрөө үг хэл, бодол санаагаа бүрэн ойлгуулж, бас харилцагчийнхаа хэлснийг гүйцэт ойлгож чадахгүй. Ийм учраас уулзалт яриа нь чин сэтгэлийн элэгсэг дотно биш, хөндий хүйтэн болдог.
-Зарим Элчин сайд хэлмэрч дагуулж явдаг юм билээ?
-Сүүлийн үед дипломат алба, ялангуяа Элчин сайдыг ажил багатай, Элчин сайдын яам нь амралт зугаалгын газар мэтээр ойлгох болж. Дипломат албаны талаар бараг ойлголтгүй, бас “хэлгүй”, “дүлий”-тэй ижил хүмүүс Элчин сайдаар томилогдох нь цөөнгүй байна. Энэ нь гадаад харилцааны салбарт боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотой. Дипломат алба танил тал, ах дүүсийн алба биш, эх орон, төр, засгаа төлөөлөн хариуцлагатай албан тушаал хашихад өндөр шалгуур хэрэгтэй. Гэтэл Ерөнхийлөгчөөс эхлээд яамдын сайд, дарга нар УИХ-ын зарим гишүүн хашиж байгаа албан тушаалаа ашиглан, хамаатан садан, үр хүүдээ, нутаг ус, анги, сургуулийн танил талаа гадаад харилцааны албанд зүтгүүлж санасандаа хүрдэг муу арга нь зуршилтай болоо юу даа. Үүний уршгаар гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажил алба, доголдож, улмаар Монгол Улсын нэр хүнд олон улсын хэмжээнд унах болов. Энэ салбарт олон жил зүтгэсэн ахмад дипломатчид үүнийг сонсоод миний нэгэн адил харамсаж суугаа нь лавтай.
-Энэ алдааг хэрхэн засах вэ?
-Уг нь Элчин сайдыг томилох эргүүлэн татах ажлыг Гадаад харилцааны яам хариуцаж, Ерөнхийлөгчид асуудлаа танилцуулж зөвшилцсөний дараа УИХ-аар шийдвэрлүүлдэг зарчимтай. Гэтэл зарим үед Гадаад харилцааны яамны оролцоогүйгээр (саналгүйгээр) Ерөнхийлөгч шууд УИХ-аар оруулж томилж байх жишээтэй. Үүнийг манай төр, засаг анхаарч гадаад харилцааны байгууллага, дипломат төлөөлөгчийн газрууддаа мэргэжлийн дипломатчид ажиллуулж, боловсон хүчнээ бэлтгэхэд онцгой анхаараасай гэж хүсэж байна. Дипломат алба, ялангуяа Элчин сайд ер нь ямар ч шатны дипломат ажилтнууд нам, эсвэл бүлэглэлд татагдан орж тэдгээрийн ашиг сонирхолд тохирсон үйл ажиллагаа явуулбал эх орон, ард түмний эрх ашигт хор уршиг учруулж, гадаад харилцааны залгамж чанарыг алдагдуулах аюултайг анхаарах учиртай. Бидний үед юун хэрэг төвөгт холбогдох. Эх орондоо сайн туршлага нэвтрүүлье л гэж зүтгэнэ. Тийм зүйл огт гардаггүй байлаа.
Гэрийн эзэгтэй хоол, цай болон угтлаа. Нас 80 хол гарсан гэхэд хөнгөн шингэн буурлууд аж. Өөрсдөд нь дасаж, бараадсан ач, зээгээ харахаас гадна гадагш орж, гарахдаа хэн нэгний тусламжийг харахгүй. Ярилцлага авах зуур Д.Дорждулам гуай “Бид 20, 22 настайдаа гэрлэсэн. Өдгөө 65 жил ханилжээ” хэмээн хуучлав. Үүний зэрэгцээ сайн, муугийн алинд нь ч нээлттэй энэ нийгэмд сэтгүүлч гэдэг ариун мэргэжилдээ үнэнч явахыг залуу дүү нартаа захисан билээ. Бас 50 гаруй жил сэтгүүлчээр ажилласан тэрбээр залуудаа ажил дээрээ хар цай буцалгаж уугаад шөнө болтол сууж, шаардлагатай бол хоёр, гурван хоногоор ч хамаагүй ажилладаг байсан үеийнхнээ дурссан юм. Мөн ярианы завсраа С.Удвал, Р.Бямбаев, М.Бизьяа, Г.Даваадаш, Х.Цэвлээ, Г.Эрдэнээ нарын бүтээлийг уншаарай хэмээн захисан.
Ярианы төгсгөлд сэтгүүл зүйн салбарын өндөр ээж хэмээх (хэн өвдөж, зовно хамгийн түрүүнд гараа сунгадаг энэрэнгүй нэгэн тул “Үнэн” сониныхон ингэж авгайлсаар иржээ) Д.Дорждулам гуай “Монголын шилдэг нийтлэл” цувралд багтсан бүтээлийнхээ дээжийг бэлэглэсэн билээ. Түүнийг цаад өрөөндөө орох зуур О.Эрдэнээ гуай “Энэ номын “Сэтгэл ширгэхгүй бол сүү ширгэдэггүй” өгүүлэл надад хамгийн их таалагддаг” хэмээн сэм хэлэв. Гэртээ ирээд номоо дэлгэх нь ээ өнөөх аминчлан хэлсэн өгүүлэлтэй 46 дугаар талын хуудсыг заавал уншаарай гэсэн аятай нугалж орхижээ. Түүнийг уншаад сэтгэлд нэг их гэгээ татаж, урам зориг орсон. Гайхалтай хоёр бууралтай ярилцаж, үгийг нь сонсож өнгөрүүлэхэд нэгэн үдэш даанч богино хугацаа санж.