ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Уламбаяртай ярилцлаа. Тэрбээр “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний хуралд “Улаанбаатар хотын халианы асуудалд (Баянзүрх дүүргийн X хорооны жишээн дээр)” судалгааны бүтээлээр оролцон, БСШУС-ын сайдын нэрэмжит судалгааны тэтгэлэг хүртсэн юм.
-Нийслэлд өвөл халиа үүсэх тохиолдол олширлоо. Энэ нь ямар шалтгаантай юм бол?
-Хүйтний улиралд хөрс, гол, булгийн ус хальж, янз бүрийн хэмжээтэй мөсөн хучаас үүсэх үзэгдлийг халиа гэдэг. Халиа нь байгальд үүсэхдээ тухайн орчныхоо чийгийн горим, усны эргэлтэд эергээр нөлөөлж, ургамал ургах орчин нөхцөлийг сайжруулахаас гадна экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин хот, суурин газарт халиа их үүсвэл, айлуудыг усанд автуулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг.
-Улаанбаатарт урьд нь халиа үүсдэггүй байсан юм уу?
-Халиа үүсэлгүй яах вэ. Айл өрх, аж ахуйн нэгжүүд халиа үүсдэг талбайд хараахан суурьшаагүй учир анзаардаггүй байжээ. Харин өдгөө халиа тархах газарт айл, өрхүүд шороо асгаж буусан. Зарим нь бүр өвөл гэр орноо халианд автуулчихаад дүрвэж байна. Энэ нь нийслэл рүү чиглэсэн шилжилт, хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой. Түүнчлэн халиа үүсэх эрсдэлтэй талбайд газар олгосноос үүдэлтэй.
-Та яагаад Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэрийг сонгож судалгаа хийсэн юм бэ?
-Монгол орны цэвдэг, хүйтний үзэгдлүүдийн (халиа тошин, хүйтний хагарал, хөрсний гулсалт, бөөрөг, термокарст гэх мэт) судалгааг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын үе үеийн эрдэмтэд судалж, шинжлэх ухаан, практикийн ач холбогдол бүхий олон бүтээл гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн түүхтэй. Мөн дэд бүтцийг хөгжүүлэх судалгаа хийж, санал, зөвлөмж боловсруулсан нь үр дүнд хүрсэн. Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас манай хүрээлэнд хүсэлт ирүүлсэн. Уг дүүргийн X хорооны нутагт байрладаг “Амгалан” дулааны станц, түүний ойр орчимд жил бүрийн өвөл халиа үүсэж, айл, албан байгууллага усанд автдаг. Уг асуудлыг шийдэхийн тулд судалгаа хийлгэх шаардлага тулгарсан юм билээ. Энэхүү хүсэлтийн дагуу уг газрын халианы судалгааг хээрийн болон суурин байдлаар хэд хэдэн үе шаттайгаар явуулж, тайланг хүлээлгэн өгсөн. Нөгөөтээгүүр, Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт үүсдэг халианы зүй тогтол, гарал үүслийг харуулсан, нарийвчилсан судалгаа өнөөг хүртэл хийгээгүй байсан.
-Таны судалгаанаас ямар үр дүн гарсан бэ?
-Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт үүсдэг халиа нь булгийн болон хаягдал усны гэсэн холимог гарал үүсэлтэй. Халианы баруун дээд хэсэгт жилийн дөрвөн улирал тасралтгүй ундардаг булаг бий. Тус булгаас өдөрт ойролцоогоор 362, жилд 132 451 тонн ус ундардаг нь халиа үүсгэх үндсэн нөхцөл болдог. Нөгөөтээгүүр, Баянзүрх дүүргийн IX хороонд байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бохир усыг халиа үүсдэг талбай руу гадагшлуулдаг нь тогтоогдсон. Жилд 54 000 орчим тонн бохир усыг асгаж буй нь уг газарт халиа үүсэх нэмэлт шалтгаан болсон.
-Ямар нэгэн гарц шийдэл бий юү?
-Бий. Аравдугаар сарын дунд үеэс дараа оны хоёрдугаар сарын эхэн хүртэл халианы талбайн хэмжээ идэвхтэй тэлж, тавдугаар сарын дундуур бүрэн хайлж дуусдагийг судалгааны явцад тогтоосон. Тэгэхээр намрын сүүлчээс зуны эхэн сар хүртэлх хугацаанд халиа үүсдэг гэсэн үг. “Амгалан” дулааны станц халиа үүсдэг хугацаатай бараг зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс булгийн усыг айлуудын дулааны хангалтад ашиглах талаар дээрх станцын холбогдох хүмүүстэй бид уулзаж ярилцсан. Тус станцад ус шаардлагатай, мөн халианд автах аюулгүй болох учраас бидний зөвлөмжийг нааштайгаар хүлээн авсан. Харин зуны улиралд ус ашиглахгүй учир байгалийн голдирлоор нь урсгах хэрэгтэй. Ингэснээр тухайн орчмын экосистемийн тэнцвэр хэвээр хадгалагдан үлдэх ач холбогдолтой.
-Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэрээс гадна өөр хэд хэдэн байршилд халиа үүсэх болсон. Эл асуудлыг бүхэлд нь шийдэж болох уу?
-Нийслэл хотын газрыг төлөвлөж буй хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чийглэг, намгархаг бүсэд газар олгож, байшин барих нь байгалийн олон “дайралтад” өртөх шалтгаан болдог. Чийг багатай, хуурай газруудад мод суулгаж, ургуулахад бэрх. Энэ бодлого үндсээрээ буруу. Бид чийглэг, намгархаг газартаа мод таривал ядаж усалгаа, арчилгаа шаардахгүй ургаж, нийслэлийн ногоон байгууламж бүхий талбайн хэмжээ тэлнэ. Энэ нь цаашлаад тухайн орчны чийгшлийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой. Харин чийг багатай газруудаа иргэдэд өмчлүүлж, ая тухтай байх орчин нөхцөлөөр нь хангах хэрэгтэй. Улаанбаатар хотод тулгамдаж буй ихэнх сөрөг асуудал байгаль орчинтой холбоотой. Жишээлбэл, агаарын болон хөрсний бохирдол, үерийн эрсдэл, шар усны үер, халиа тошинд автах зэрэг нь буруу, бодлого төлөвлөлтөөс үүдсэн байгалийн эрсдэл. Эдгээр асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, судалгаа шинжилгээ хийлгэн, зөв гарц, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь иргэд болон төр, засгийн үр ашиггүй зардлыг бууруулж, улмаар тогтвортой хөгжих үндэс болох чухал ач холбогдолтой юм.