Арилжааны банк болон хөрөнгийн зах зээлийг ашиглалгүйгээр аж ахуйн нэгжүүдээ дэмжих, иргэдээ орон сууцжуулах гэх зэрэг бодлого хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрынхаа дэргэд Хөгжлийн банк байгуулдаг жишиг дэлхийд тогтсон. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар 2010 оны долдугаар сарын 20-нд 195 дугаар тогтоол гаргаж, 2011 онд Хөгжлийн банкны тухай хууль баталснаар Хөгжлийн банк байгуулсан. Монгол Улс эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих том хөдөлгүүр болсон энэ банкийг удирдаж байсан хүмүүс нь эрх мэдлээ урвуулж, гадаадаас босгосон хөрөнгийг нь шамшигдуулсан явдал 2012-2016 оны эрх баригчдын үед гарч, хууль хяналтын байгууллагынхан сүүлийн 3-4 жил шалгаж буй ч татвар төлөгч иргэдийн мөнгийг завшсан гэм буруутнуудад хариуцлага тооцуулж чадаагүй байна. Үүний тод жишээ бол Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбат нарт холбогдох хэрэг билээ.
Тус банкнаас 2016 оны арваннэгдүгээр сарын 31 хүртэл нийтдээ зургаан их наяд төгрөгийн зээл олгосны 3.2 их наяд нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, 1.7 их наяд нь Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн, арилжааны банкуудаар дамжуулсан нэг их наяд төгрөг байдаг. “Чингис”, “Самурай” гэх мэт өрийн олон бичгийг гадаадын зах зээлд гаргаж, мөнгө цуглуулсан ч маш хэмжээний зээл эргэн төлөгдөх боломжгүй гэдгийг тус банкинд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийнхэн дүгнэсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийн хямрал биш, эрх дархтнуудын хямрал болжээ. Улсын төсвийн орлого нь таван их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна” хэмээн хоёр жилийн өмнө мэдэгдсэн юм.
Ийм байдалд хүрсэн шалтгаан нь тухайн үеийн Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага нь хуулиа хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд нь Засгийн газар, улстөрчдийн нөлөөлөл их байсан зэргийг тоочиж болно. Тус банкны үйл ажиллагаанд улстөрчид оролцож, хамаарал бүхий хүмүүс, найз нөхдөдөө давуу байдал олгосон, хахууль авсан хэд хэдэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан билээ.
“Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэрэгт хамгийн түрүүнд тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг байцааж эхэлсэн. Түүнээс хойш УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд байсан М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 2012-2016 онд ажилласан, Улсын баатар Э.Бат-Үүл, ТОСК-ын захирал А.Гантулга нарын олон хүнтэй холбоотой хэргийг тус бүрт нь нарийвчлан шалгасан юм. Энэ удаа бид Н.Мөнхбатад холбогдох хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байгаа тул хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудаас хэрэг ямар шатанд байгааг тодруулан хүргэж байна. Мөрдөн шалгах ажлын дүнд түүний зөвхөн нэг үйлдлийнх нь улмаас улсад дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт шинжээчид гаргаад буй аж.
ДАМПУУРСАН “МОНГОЛ ГАЗАР”-ЫН ОФФИСЫГ БАРЬЦААЛСАН ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан Н.Мөнхбатад тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш гурван жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Түүнийг нэлээд хэдэн үйлдэлд буруутгасан байдаг.
Тухайлбал, “Монгол газар” компанийг дампууруулах хүсэлтээ захирал Ц.Мянганбаяр 2014 оны долдугаар сард мэдэгдэж, тухайн үеийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүх (өнөөгийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх)-ийн шүүгчийн 2014 оны наймдугаар сарын 11-ний захирамжаар “Монгол газар” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байдаг. Гэтэл тэр үед нь буюу 2014 оны наймдугаар сарын 5, 15-нд Ц.Мянганбаярын хамаарал бүхий оффисын барилгыг барьцаалан Хөгжлийн банк зээл олгосон аж. Уг чанаргүй зээлийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат эрх мэдлээ урвуулан өгснийг АТГ-ынхан шалгаж тогтоосон юм. Тодруулбал, “Мон лаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй байхад нь гурван сая ам.доллартой тэнцэх буюу 5.6 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон аж. Ингэхдээ “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярын хамаарал бүхий компанийн оффисын барилгыг барьцаанд тавьжээ. Харамсалтай нь, дампуурлаа зарласан “Монгол газар”-ын барьцаалсан хөрөнгө нь бусад аж ахуйн нэгж, байгууллагад төлөх төлбөрт нь хураагдах болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүйд хүрсэн байна.
Зээл олгохдоо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат Хөгжлийн банкны тухайн хууль, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, тус банкны Зээлийн үйл ажиллагааны журам зэргийг зөрчсөн гэж дүгнэдэг юм билээ. Уг нь “Мон лаа” компани үндсэн зээлээ 2017 оны арванхоёрдугаар сарын 11-нд төлөх үүрэгтэй боловч одоо хүртэл төлөөгүй, зээлийн хүүгийн төлбөр нь 2.5 тэрбум төгрөг болж, улсын төсөвт их хэмжээний хохирол учирсаар байгаа аж.
Б.ШИНЭБААТАРЫН ХАМТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭХ БОЛОЛТОЙ
Тэгвэл АТГ-аас Н.Мөнхбатад холбогдох, Худалдаа хөгжлийн банкныханд давуу байдал олгосон гэх үйлдлийг нь шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон байдаг. Прокурор, мөрдөгчид үүнийг Худалдаа хөгжлийн банканд хууль бус давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан. Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгасан юм.
Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны төв байрны (УНТЭ-ийн баруун хойд талд) 11, 12 давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг хэргийг нь өнгөрсөн жил шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүх хэргийн бүрдэл дутуу үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Түүнээс хойш АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх санал гарган хоёр ч удаа НПГ-т хүргүүлсэн байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр ийнхүү шилжүүлснээс хойш хяналтын прокурор нь ямар нэг шийдвэр гараагүй байна. Бидэнд олдсон мэдээллээр Н.Мөнхбаттай хамт ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарт нь яллах дүгнэлт үйлдэж энэ сардаа багтаж шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буй гэх. Прокурорын байгууллагын хэд хэдэн эх сурвалж үүнийг баталсан юм. Түүнчлэн Б.Шинэбаатарт холбогдох тусдаа өөр нэг хэргийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн.
Харин Н.Мөнхбатад холбогдох, Хөгжлийн банкан дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах шийдвэр эрх мэдлээ урвуулан, бие даан гаргаж, 2013 оны есдүгээр сараас 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд түүнийгээ буцаан татах шаардлагагүй байхад арилжааны банкуудаас мөнгөн хадгаламжаа хугацааны өмнө авч Хөгжлийн банкны хадгаламжийн хүүгийн орлогыг алдагдуулж, тус банканд онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.
Ийнхүү 3-4 жил шалгасан Н.Мөнхбатад холбогдох үйлдлүүдээс аль нэгийг нь шүүхээр эцэслэн шийдэхгүй байгаа нь магадгүй хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах санаархал юм болов уу гэсэн хардлага хууль сахиулагчдын дунд байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа