“Мотив” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэсэн, хадгалсан үйлдэл дээрээ уржигдар шөнө дахин баригдсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч шүүхэд материалыг нь холбогдогчийн хамт хүргэж өгсөн аж. Шүүх хурал болохын өмнө цагдаагийнхан түүнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хүргэхдээ гарт нь гав зүүсэн бөгөөд тэнд очмогц “Өмгөөлөгчтэйгөө уулзмаар байна” хэмээн зөвшөөрөл авсан байна. Тэгээд мөрдөгчөөсөө зугтан алга болж, Хар тамхитай тэмцэх газар, НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хамтран эрэн сурвалжилсны дүнд 18-ны 02.00 цагийн үед байгаа газрыг нь тогтоон баривчилжээ.
Улмаар өчигдөр НПГ-аас Г.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан үйлдэлд нь яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих арга хэмжээ авахаар шүүх шийдвэрлэлээ. Уг нь өмнөх өдөр нь таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор очоод байхдаа шүүхээс оргон зайлсан тул прокурор дээрх нөхцөл байдлаас шалтгаалж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй тул улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авах санал шүүхэд гаргасан аж. Түүнийх нь дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Эрдэнэбаярт хилээр гарахыг хязгаарласан юм. Яллагдагчийг саатуулсны дараа буюу өчигдөр тус шүүхийн шүүгч хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээгээ хүчингүй болгож, цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг энэ сарын 17-нд баривчлах үед “мөс”-нөөс гадна өөр төрлийн мансууруулах бодис гарсныг хураан авсан гэнэ.
Тэрбээр мансууруулах бодис хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт удаа дараа холбогдож буй бөгөөд 2018 оны нэгдүгээр сард баригдан тавдугаар сард нь шүүхээс хоёр жил хорих ялаар шийтгүүлсэн. Гэвч зургаан сар хорьсны дараа шүүх магадлангийн хурлаар оруулж, засрал хүмүүжил олсон хэмээн хугацаанаас нь өмнө сулласан юм. Хар тамхи хэрэглэж, донтсон хүн салж чаддаггүйг тэрбээр нотолж, түүнийхээ төлөө дахин гэмт хэрэг үйлдэж ч болзошгүйг харуулав.
Бэлтгэсэн: Г.Равжаа