Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, Шашны бодлогын Зөвлөх Цоодолын Хулантай ярилцлаа
-Саарал ордонд ороод таг чиг алга болсон хүн гэж хэлбэл гомдох уу?
Цөөн хэлбэл билиг гэж хэсэгтээ чимээгүй байсан нь дээр ээ. Үнэн үгнээс сонин гаж зүйлийг илүүтэй сонсдог, дэвэргэдэг болсон цагт хэд гурван үг минь үнэ цэнээ барчихаас айдаг ч болж. Миний байр суурийг Ерөнхийлөгчийнх гэж ойлгох тул хувь хүний тэвчээр зааж байна бас. Зөвлөхийн хувьд ярихын төдий амьтан бужигнуулаад өнгөрөх биш, төрийн бодлогод тусгах, нийгэмд нөлөөлүүлж үр дүнг нь хүртээхэд анхаарлаа хандуулах ёстойг ч мэднэ. Тэсээд л байна, элдэв юм ярихгүй. Харин тэсч байгааг минь сэтгэл хангалуун яваад байна гэж ойлгож огт болохгүй.
Монгол ялна гэж Ерөнхийлөгчийн баг уриалж гарч ирсэн цагаас хойш улс орны байдалд ер нь ямар өөрчлөлт гарсан бэ. Бид ялсан уу?
Төрийн гурван өндөрлөг сүүлийн 30 шахам жилд анх удаа нэгэн зүгт хардаг болсон нь хамгийн олзуурхмаар өөрчлөлт юм. Улс орны хөгжлийг нам институци, лидер бүхэн санаснаараа зүтгүүлэх биш, нэгдмэл алсын хараатай болох чухал байсан. Тогтолцоог өөрчлөх ярвигтай замаар биш, хүн хоорондын зөвшилцлөөр үүнд хүрсэн нь яах аргагүй Ерөнхийлөгчийн хийсэн ажил. Хамтарч ажиллах хугацаанд Газрын тосны шинэ үйлдвэрийн болон говийн төмөр замын төсөл нэлээд ахицтай явж байна. Шинэ төмөр замаар экспортын ашиг орлого ард иргэдийн халаасанд ороод ирэх цагт үр дүн нь гарна байх. Улс төрд намчирхан талцах нь арай багассан зэрэг яривал чамлахааргүй өөрчлөлт олон байнаа.
Саарал жагсаалтад орууллаа гэж банк санхүүгийн дарга нараа огцруулах биш, төрийн хулгайч нарыг олон жил өөгшүүлсээр ирсэн Хууль зүйн яамны сайдаа огцруулаач! Үйлдэл ба эс үйлдэлд дадсан хуурамч багтай сайд дарга нар цаагуураа амь нэгтэй ,түрийвч нэгтэй. Парисын шийдвэр иргэдийг дахин их өрөнд унагаах замыг хаасан хэрэгтэй зүйл гэж хүмүүс харж байгаа байлгүй дээ. Гэхдээ энэ сэдэв минийх биш, ярих ёстой улс нь ярихгүй болохоор л тэсэлгүй ярьчихлаа.
МАНАН гэдэг нэр томьёог Та анх хэлсэн шүүдээ. Энэ үг улс төрд бат суурилсан ойлголт болоод явж байна. Түүн шиг Х.Баттулга, У. Хүрэлсүх нарын нэгдэл нэгэн зүйл манан болох вий гэх болгоомжлол байдаг уу?
Аливаа нүглээс хэн ч даатгуулаагүй. Хүний зөв үйлдлийг дэмжихээс бус, өмнөөс нь амлалт авч хаацайлах, магтах зусардлаас хол явах минь! Хүрэлсүх намаасаа харьяат хэдий ч Монгол улсын бодит хэцүү байдлыг мэдэж мэдрэх суудалд байгаа болохоор том эрх ашгийг умартаж намын болон бусад өчүүхэн эрх ашгаар дөрлөгдөөд явчихгүй байлгүй дээ, сонгуулиар! Манан гэдэг томьёо анх, энэ хоёр нам эрх ашгаараа нийлээд Манан боллоо. Уг нь байрыг нь солиод улс орны төлөө Ана Мана үзэлцдэг сэн бол гэж Өнөөдөр сонинд өгсөн ярианаас анх гарсан. Баабар дараахна нь “Борооны дараах мананд мөөг ургадаг шиг, манан бас ашигтай байж болноо” гэх мэтээр түгээд явчихсан шиг байдаг. Иргэд олон жил хуршсан улс төрийн хямрал завхралын горыг амссан хэвээрээ 2020 оны сонгуульд л найдаж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг шаг дээр байж баталгаажуулсан Ерөнхийлөгч тус хуулийн биелэлт амьдралд хэр буухыг үзэж үнэмших, засч залруулах цаг хугацаа бага үлдэж байна. Тогтолцоог өөрчилж болдог, харин хүний хүчин зүйл гэдэг сонин томьёо үйлчлээд л байх юм биш биз? Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд дахиад л сонгуульд сойгоод эхэлчихлээ. Сонгуульд нам намаас нэр дэвших эрхийн ханш зарлагдаад, хураагдаад эхэлчихсэн. Их ч бай, бага ч бай, мөнгөний гараатай сонгуульд би хувьдаа итгэдэггүй. Ингэж мөнгөөр босдог сонгуулиудад та бидний “Энэ л нэг сонгуульд гараасай” гэж санадаг, шударга, мэдлэг боловсролтой хүмүүс оролцож чадалгүй хоцорсон байдаг. Харин оронд нь худалч хулгайч , эрээ цээргүйчүүл… Төрийн ордныг Найрамдал зуслан болгосоор ирсэн. Тэнд хүүхдүүд амардаг бол, энд хулгайч голдуу улс ээлжээр нэгэндээ найр тавьдаг газар болсон гэхэд нэг их хатуудахгүй.
УИХ-ын гишүүдийг та хэлж байна уу?
УИХ-д эрх мэдэл, мөнгөний нууц сүлжээг атгадаг нь гарын арван хуруунд багтана. Бусад нь хувь хүртэж чимээгүй аялдан дагагсад юм. Олон түмэнд өөрийгөө Их хурлын гишүүн гэж нүүрээ таниулж явах нь л дээдийн заяа хүн ч байдаг. Олонхи нь танхимд ч, амьдралд ч хэлд оролгүй өтөлж хугацаа нь дууслаа. Мөнгөнд орооцолдоогүй нэг нь нөгөө хэдээ болиоч гэж илчлэх зориггүйдээ л УИХ-д олон жил хулгай нүүрлэсэн. Үзэл бодлын зөрөлдөөнгүй, амьдралд наалдаж хүмүүст хүрэх зөв хандлагагүй УИХ нэг ээлжээ авлаа даа. Олон түмний шахалт, цаг үеийн захиалгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн нь л арай шинэлэг гэвч, хуулийг хэрхэн хөсөрдүүлж, өөрсдөд ашигтайгаар эргүүлчихдгийг нь мэддэг учраас нэг их баясах юм одоогоор алга даа. (инээв)
Ганц байгууллагын хулгайг цэгцэлж чадахгүй бол төр засаг маань улс орон дахь шударга ёсны төлөө тэмцэж чадах уу? Төмөр замын асуудлаар ноцтой баримтууд үнэхээр бий. Мөнгөөр аргалж, хулгайгаа хуульчилсан хүн эрт орой нэгэн цагт нүглээ үүрч л таарна.
Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааг Та хэрхэн харж байна вэ?
Төрийн алба, Засгийн яамдын үйл ажиллагаа тэнд олон жил тогтвортой сайн ажилласаар ирсэн эгэл албан хаагчдын нуруун дээр тогтдог юм шүү. Ямар ч төр засаг, сайд дарга нар ирсэн, халагдчихгүй л бол, ажлаа сайдаас ч сайн хийгээд явдаг нэг давхарга бий, тэдэнд л бид баярлах ёстой юм. Орхон мөрний дагуу газрын хөрс эргүүлж , хүн малыг олон жил хордуулж байсан уул уурхайн компаниудыг хаасан явдал нь Хүрэлсүхийн Засагт гэгээ оруулж байна. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн нь дангаараа энэ Засгийн газрын гавьяа биш ч, эрсдэл хохирол үүрч байж нэвтрүүлсэн, хотын агаар цэнгэгшсэн нь мөн хоёрдахь нэмэх. Бас алдаатай ,гоомой юм ч гардаг нь хүний хувьд болох ч ,Ерөнхий сайдын хувьд байж болохгүй.
Жишээ нь?
Хүмүүс ичиглээд байгаа нь зөв шүү дээ. Ус шуурганд автаад, өөрсдөө яая гэж байгаа япончуудаас хөрөнгө мөнгө гуйж амаа алгадуулах нь бүдүүлэг ч гэх үү, улс төрийн мэдрэмжгүй ч гэмээр юм уу? Мотоцикльтэй зургаа авахуулж пиар хөөцөлдсөн нь, Путин далайд шумбаж цэргийнхэндээ таалагдах гэсэн эхэн үеийнх нь үйлдлийг санагдуулах…Монгол сэтгэл сэтгэлгээнд буух төрийн ёс, ёс зүй ,хэм хэмжээг эд нар л тодорхойлохоо мэддэг ч болоосой. Ганц Хүрэлсүх ч биш. Энэ ч яахав, нэг их хорон зүйл биш гэе. Аливаа үйлдвэрийн нээлтэд очиж тууз хайчлаад, сүр сүндэртэй үг хэлж салбар яамныхан нь гүйлдээд л ,зурагтаар гарна. Явсных нь дараачаас л мөнөөх үйлдвэр гацаанд ордог. Ялангуяа ,монгол эзэнтэй үйлдвэр! Нэг жишээ хэлье. Эмээлтэд мал нядлаад, гэдэс дотор, арьс ширийг нь олон жил жалга сайр болгон руу хаяж дүүргэсээр, Төв аймгийн Аргалант сум хүртэл хогийн өмхий цэг болгосон юм байна лээ. Хятад голдуу эзэдтэй энэ газарт монгол хүн, мал хоёр хэцүү л байна. Бизнес эрхэлдэг жирийн нэг монгол айл зээл авч, Итали технологиор ямар ч үлдэгдэл, хаягдалгүйгээр малаас ашиг шимийг нь авах, Европ стандартын төсөрхөн цэмцгэр үйлдвэр барьсан.
Гэдэс дотор, толгой шийрийг хүртэл үйлдвэрийн дамжлагад оруулж боловсруулаад шувуу, гэрийн тэжээмэл амьтад, хөрсний нэг номерын органик бордоо, гоо сайхны бүтээгдхүүний түүхий эд болгож, өдөрт 100 тонныг гаргах хүчин чадалтай. Гэтэл яав? Хүнс Хөдөө аж ахуйн сайд Ч Улааныг хүртэл гүйгээд үйлдвэр өнөө ч сул зогсч, зээлийн хүүнд баригдсаар байна. Учир нь Эмээлт ,Налайхад байдаг өнөө л хятад эзэдтэй, яг ижил үйл ажиллагаатай хэрнээ орчноо балиар завааны туйл, хогийн өмхий цэг болгодог үйлдвэрүүд улсаасаа татаас хөнгөлөлт эдлэхийн сацуу ,манай сайд дарга нартай ажиллаад сурчихсан бололтой юм. Хятад руу бүтээгдхүүн гаргах зөвшөөрөл хятад хүндээ нэг номероор гардаг давуу эрх Монгол улсад үйлчилсээр байна. Бодлогоор ганц ч бол, ийм орчин үеийн дэвшилтэт үйлдвэрээ ашиглалтад оруулчихаж чадахгүй бүхэл бүтэн яамаар яанаа? Ерөнхий сайд энэ үйлдвэрийг дэмжиж , доош үүрэгдэвч цаадуул нь тоохгүй! Засгийн газруудын тогтворгүй байдал хариуцлага үүрдэг яам, түшмэдийг байхгүй болгосны нэг жишээ юм даа!
Театрын улаан хөшгийг шинэчлэхэд, орон нутагт түгжээтэй голдуу байдаг болсон сум сумын нэг соёлын төв, спортын ордныг барьж байгуулахад ч бус, монгол хүний өдөр тутмын аж амьдралын хэв маяг, хэдэн зуу мянган жилээр бүрэлдэн буй болсон соёлыг хэвээр хадгалахад, хөгжүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй. Төсвийн хөрөнгө соёлын нэрээр тарамдагдаж байна. Өвөрхангайн Хархоринд буддын шашны нэг бага дунд сургууль барьсан нь одоо арав гаруйхан хүүхэдтэй, тэр тооны багштай, бөөн зардал үрэгдэлтэй байж байх.
Монгол хөгжлийг мөрөөдөөд байгаа атлаа хэн ч хөдөлмөрлөхийг хүсэхгүй байгаа юм биш үү. Тэр тусмаа эрх баригчид?
Зүгээр суугаад баяжих дон нийгэмд халдварласаар байна. Үндэсний аж үйлдвэрээ сэргээе гэж хий ярьсаар, тэрэнд зориулсан гадны тусламж хөрөнгийг дээгүүрээ хувааж идчихээд байна. Гобсек буюу мөнгө хүүлэгч бирдийн тухай Бальзакийн зохиол ямар зөнч юм бэ? Монголд боссон энэ олон хоосон шахам шилэн барилгууд, хадгаламж зээлийн хоршоонууд , банкнуудын мөлжлөг ,уул уурхайн далд дээрэм… Мөнгийг хамгийн амар олох энэ аргууд л амь бөхтэй байна! Түрээс, түрээс ,түрээс …Юу ч хийхгүй байхад л өглөө сэрэхэд нь дансанд нь өчнөөн саяар ороод ирэх болохоор түрээслэх ,мөнгө хүүлэх, дамлан худалдаалах л ашигтай байна. Төрийн алба тушаалыг ч түрээслэнэ! Жаран тэрбумын асуудал энэ биш юм уу? Оюуны болон нийгмийн баялаг үйлдвэрлэхгүй баяжицгаах санаатай, бүгдээрээ! Сү. Батболдын хүү Англид ч гэлүү, сурч боловсорсон гэнэ лээ.
И-Март сүлжээ дэлгүүр барьж,пиавр сав, кимчи зараад ард түмний хамаг мөнгийг гадагш нь гаргахаас өөрийг сэтгэж чадахгүй байгаа юм уу? Аягүй бол одоо УИХ -д дэвшинэ дээ ! Үг даах байлгүй, би хувь хүмүүстэй нь муудалцаад ч юм уу, хэлж байгаа юм биш, таньдаг л улс. Төрийн зохицуулалт юу ч алга. Үндэсний худалдааны салбар хумигдаж, хоногийн хоолоо олдог жижиг дэлгүүрүүд бүгд дампуурах нь тодорхой. Оффшорын мөнгөө гадаадад тансаг хаус, усан онгоц худалдаж авахад биш, яагаад эх орондоо ганц ч бол үйлдвэр барихад зориулж болохгүй байгаа юм, энэ олон баячууд? Улаанбаатар хот , улс орон даяараа малын сэг зэм, ахуйн хог хаягдал, уул уурхайн хорт ялгадсаар дүүрч , цэвэр байгаль, ус ундаргагүй боллоо! Дахин ялгаж, боловсруулах үйлдвэр хийвэл ард түмэн, газар ус баярлана даа! Ер нь ганц энэ ч биш, толгой баячуулын толгой ажиллахгүй байна. Жижиг ,дунд үйлдвэрүүдийг дэмжихийн оронд бизнесийг нь булааж залгихаа зогсоомоор юм. Ард түмнээ шулах биш, улсын хөгжлийг нөхцөлдүүлэх бүтээн байгуулалт хийгээч ээ?! Төр өөрөө авлига, худал хулгайн үлгэр болчихоод ,эдэнд хэлэх үггүй байна л даа.
Ерөнхийлөгчийн хатуу тэмцэнэ гэсэн оффшорчдын хэрэг, тэрчлэн өдөр бүхэн шахам мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа төмөр замын асуудлыг асуумаар байна. Ерөнхийлөгчтэй холбоотой байнга яригддаг болохоор тэр л дээ?
Яг ямар асуудал? Төмөр зам гэвэл зөндөө л асуудал байдаг шүү дээ.
Төмөр замын салбар нь биш өнөөгийн удирдлагууд нь л манай Ерөнхийлөгчийн ивээлд байдаг юм биш үү?
Үгүй дээ! Төмөр замын сэдвээр Ерөнхийлөгчид буруу ташаа мэдээлэл өгдөг улс олон байдаг юм байна гээд орхиё. Ёстой нөгөө, цааш нь ярих уу болих уу? (инээв) Ганц байгууллагын хулгайг цэгцэлж чадахгүй бол төр засаг маань улс орон дахь шударга ёсны төлөө тэмцэж чадах уу? Төмөр замын асуудлаар ноцтой баримтууд үнэхээр бий. Мөнгөөр аргалж, хулгайгаа хуульчилсан хүн эрт орой нэгэн цагт нүглээ үүрч л таарна. УБТЗ, ОХУ- ын РЖД хоёрын хооронд улстөр, бизнесийн бүлэглэл зуучлал хийгээд удаж байна. Ярих уу болих уу, цааш нь? Төмөр зам монголчуудын ирээдүйг шийдвэрлэх стратегийн чухал салбар атлаа энэ мэт бүлэглэлээс болж гацаанд орсон хэвээр л байгаа. Ганцхан Ерөнхийлөгч хичээгээд бүтэх ажил биш. Авлига ,хулгайн гинжин хэлхээг таслах Ерөнхийлөгчийн зорилго хэвээрээ ч өнөөг болтол яагаад энэ төрлийн ганц ч хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэхгүй байна? Яс юман дээрээ Ерөнхийлөгчийг ганцаардаад байна гэж би хардаг.
Төрийн томчуулын авлига, хулгай олон улсын хэмжээнд зарлагдлаа шүү дээ? Саарал жагсаалт үүний тод жишээ мөн үү?
Ер нь энэ зах хязгааргүй зээл тусламжийн гуйлгын визийг олон нийт нь мэдэж зөвшөөрдөг, зээл тусламж авах хууль журам мөрддөг болбол яасан юм? Хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хотын дарга С.Амарсайхан нарын хүмүүс Дэлхийн банкнаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч гэр хорооллын таван мянган айлын халаалтыг цахилгаанаар шийдэх төсөлд зарцуулахаар болжээ. Тэгвэл уг хөрөнгөөр гэр хорооллын үлэмж хэсгийг орон сууцжуулах боломжтой байтал ард түмний нэрээр их хэмжээний өр тавих эрхийг хэн олгоод байгаа юм бэ. Туул голын ундны усыг сайжруулах бодлогын чиглэлээр АНУ-аас 470 орчим сая ам.доллар орж ирэх болсныг олон нийт төдийлөн мэдээгүй болов уу. Энэ мэтээр том дарга нарын хувийн халаасыг дүүргэдэг өр зээл үргэлжилсээр байна. Саарал жагсаалтад орууллаа гэж банк санхүүгийн дарга нараа огцруулах биш, төрийн хулгайч нарыг олон жил өөгшүүлсээр ирсэн Хууль зүйн яамны сайдаа огцруулаач! Үйлдэл ба эс үйлдэлд дадсан хуурамч багтай сайд дарга нар цаагуураа амь нэгтэй ,түрийвч нэгтэй. Парисын шийдвэр иргэдийг дахин их өрөнд унагаах замыг хаасан хэрэгтэй зүйл гэж хүмүүс харж байгаа байлгүй дээ. Гэхдээ энэ сэдэв минийх биш, ярих ёстой улс нь ярихгүй болохоор л тэсэлгүй ярьчихлаа. Миний сэдэв рүү одоо орвол яасан юм?
Энэ талаар тэр тусмаа шашны тухай ярих гэхээр "соёл урлаг болон чихний ээмэгэрхүү юм уу" гэж анхны Ерөнхийлөгч маань хэлж байж шүүмжлүүлсэн шиг л юм болох байх даа?
Соёлыг хүн төрөлхтний болон үндэсний өргөн утга агуулгаар нь авч үзэх , хууль эрх зүйг нь амьдрал цаг үеийн шаардлагад нийцдэг болгоход мэргэжлийн төдийгүй, бусад орчны мэдлэг хэрэгтэй. Ерөнхийлөгчийн эрх үүргийн хүрээнд тус салбарт май гэж өгөх мөнгө хөрөнгө байхгүй. Засгийн газар, яамруу үүрэг чиглэл болгоод ч соёлд зарцуулдаг хэд нь чамлахаар бага, төсвийн үлдэгдэл шахуу юм байдаг. 2020 онд хэдэн музей, театрын барилгад өгч байгаа 3~4 тэрбумыг эс тооцвол дорвитой хөрөнгө оруулалт байхгүй. Гэвч энэ бол жилийн жилд яригддаг, хийгддэг ажил. Соёл гэж юу болохыг илүү өргөн энтэй авч үзэх төрийн бодлого дутагдаж байна. Театрын улаан хөшгийг шинэчлэхэд, орон нутагт түгжээтэй голдуу байдаг болсон сум сумын нэг соёлын төв ,спортын ордныг барьж байгуулахад ч бус, монгол хүний өдөр тутмын аж амьдралын хэв маяг, хэдэн зуу мянган жилээр бүрэлдэн буй болсон соёлыг хэвээр хадгалахад, хөгжүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй.
Төсвийн хөрөнгө соёлын нэрээр тарамдагдаж байна. Өвөрхангайн Хархоринд буддын шашны нэг бага дунд сургууль барьсан нь одоо арав гаруйхан хүүхэдтэй, тэр тооны багштай, бөөн зардал үрэгдэлтэй байж байх. Энэ сургуулийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн болгож, нүүдэлчин соёл иргэншлийн боловсрол олгож яагаад болдоггүй юм? Баруун аймгуудаас хүүхэд залуусыг сургаж болно. Хотыг чиглэсэн энэ их нүүдэл бол малдаа гологдоод ирж байгаа нүүдэл шүү дээ, овоохон хэлчихвэл. Араг савар, тэрэг чарга, чөдөр ногт,дээвэр цаваг, сүү цагаа, айраг хөхүүрээ хэн хийж яаж уламжлулах юм? Зах зээлээрээ болгог гээд хаячихаж болохгүй. Соёлд хамаагүй юм гэж үгүй. Ярих өгүүлэх, бичих туурвих , идэж уух ,өмсч зүүх ,анагаах сувилах, байгаль орчинтой харилцах гээд, амьсгал авах агшнаас амьсгаа хураах хором хүртэлхи өч төчнөөн соёлын сүлжээсэнд бид амьдарч байгаа ч үнэ цэнийг нь тэр бүр мэддэггүй. Энэ соёл бол монгол хүн монголоороо оршин тогтнох эх суурь соёл, соёлын дархлаа мөн. Үндэсний соёлын дархлаагаа авч үлдэхэд онцгой анхаарах ёстой. Эс тэгвээс харийн соёл монголчуудыг нэрвэж ,монгол соёл уламжлал, зан заншлаа устгаж мартагнаснаас хүн амын өвчлөл хүртэл ихэссэнийг тоо баримт хэлэлгүйгээр харж болох шүү дээ.
Соёл өвчин хоёр холбоотой гэж үү? Сонин сонсдож байна.
Гоё асуулт байна. Шууд холбоотой. Наад зах нь, монголчууд бид идээ ундаа зөв тохируулдаг соёл уламжлалтай байсан нь устжээ. Бүтэн жил мах идэхийн зэрэгцээ, харь улсын сүлжээний бизнесийн золиос болж, генийн өөрчлөлттэй тахиа, гахайнд хүүхдүүдээ оруулчихлаа. Гэдсээ цайлгадаг сүү ,цагаан идээгээ хийх нүүдэлчин соёл устсаар байна. Урд газрын хөх саванд худгийн мотор шиг юм дүрчихээд айраг исгэж мөнгө олдог малчин айлыг энэ намар Булганы Сайхан суманд очоод үзлээ. Хавтгайгаараа ийм байдлаа яах вэ? Монгол хүнсний технологи алдагдсан. Айл болгон сүү цагаан идээгээ хийдэг байсан бол ,одоо зам дагаж мөнгө олдгуудаас бусад нь малыг мах л гэж хардаг болсон байна. Ааруул ээзгийгүй өссөн хүүхэд яаж бөх сайхан шүдтэй болох юм? Хот хөдөөгүй ийм байна. Шагай нь гарсан оймс худалдаанд их дэлгэрсэн. Спорт оймс гэнэ. Манай эх орон бол мөнх цэвдгийн хөрс зонхилсон, газрын чийг хүйтэн дороос байнга босч байдаг, тийм бүс гэсэн. Бидний ижий аав,биднийг багад дороосоо зузаан хувцас өмс гэж үглээд байсан нь зөв байж. Нарийхан шуумагтай өмдтэй хөвгүүд залуус, татийсан цээж цамцтай охид бүсгүйчүүдийг хараад, монгол хүний үржиж өсөх, удам ургаа цагаан сүүгээрээ хөхүүлж өсгөх соёл алгуурхан устаж буйг харж болно.
Үндэсний аж үйлдвэрлэл байхгүй болох цаанаа ийм уршигтай байж шүү дээ! Халуун цуст монголчууд бид Солонгост очоод халуун ногоонд орж, элэг дотроо муутгаад ирдэг нь хоёр халуун харшин хямарснаас элгээ хатууруулаад ирдгийг ч, идээ ундны соёлгүйтэй нь л холбож ойлгоё. Улс үндэстэн бүхэн өөрийн соёлдоо яагаад хайртай байна вэ гэвэл, соёл нь эрүүл оршин тогтнох амин хэрэгцээ нь болохоор тэр шүү дээ ! ОХУд Америкийн Макдоналдсыг оросын өөрийнх нь түүхий эдээр хийх бодлого барьсан. Блинчик буюу орос шарвинг дэлгэрүүлэх аян үе үе өрнөсөөр байгаа. Теремок, Избушка, Шоколадница гээд хоолны сүлжээгээ дэмждэг. Борщ ба хүрэн манжинтай шөлийг Оросын үндэстний хоол хүнсний билэг тэмдэг болгож Гадаад хэргийн яам нь твиттер хуудасдаа зарлалаа. Украйнчуудтай булаалдаж байгаагаас харахад энэ муу жоохон шөл хүртэл үндэстний асуудал байх нь! Хятадад гадаадын олон улсын хоолны сүлжээг бас л Хятадын дотоодын бүтээгдхүүнээр, нарийн хараа хяналт дор хийх зөвшөөрөл олгодог. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад улс гүрнүүд хэрэглээнийх нь соёлоор бодлогоо барьдаг гээд яривал даанч их юм байна.
Гадаадад ингэдэг тэгдэг гээд л ярих юм, та нар? Бодит ажил хийгдэж байгаа юу?
(Инээв ) Овоо шүү дээ ,асуудаг чинь. Ахицтай явж байгаа цөөн хэдэн ажлын нэг. Иргэдээ байг, боль гэж хэлээд нэмэргүй, зах зээлийн хуулиа л барьдаг тул зарим зүйлийг ухуулан сэнхрүүлэх хэрэгтэй. Монголоороо амьдраач, монгол соёл хэрэгтэй шүү гэж Ерөнхийлөгч зарлиг гаргаад ч, үнэмшихгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан Монгол уламжлалт анагаах ухааны 108 ботийг АШУИСийн эрдэмтэн багш нар, уламжлалт эмнэлгийн салбарынхны олон жилийн нөр их хөдөлмөрөөс бүтсэн зохиол бүтээлийг ард олондоо хүргэхээр болсон. Уншиж мэдээд ирвэл, ямар агуу ухаанаа бид гээсэн байв аа гэдгээ дээр доргүй ойлгох биз. Энд би 108 боть хэвлэх эхний гарааны төсөв харамгүй өгч байгаа, Засгийн газрын болон УИХ ын гишүүн ЭМЯ ны сайд, хатагтай Д. Сарангэрэлд онцгой талархал өргөе !
Сайхан мэдээ байна. 108 боть хэзээ хэвлэгдэж дуусаад, уншигчиддаа очих бол?
Эхний ботиуд энэ оны12 дугаар сард гараад эхэлчихнэ. Үлдсэн нь төсвийн хөрөнгө, бас дараачийн сайдаас л хамаарах асуудал. Үнэхээр онцгой ач холбогдол бүхий ботиуд шүү. Монголын маань өнөө цагийн хамгийн мэдлэг туршлагатай багш, эрдэмтэн судлаачид энэ төсөлд100 хувь хамрагдаж байгаа. Хоёр жилийн маань ажлын нэг үр дүн гарч байна. Монгол анагаах ухааны эрт цагийн мэргэдийн намтар, бүтээлээс эхлээд шинжлэх ухаан хөгжсөн орчин цагийн тайлбартайгаа нийлээд хосгүй энэ бүтээлийг гардан хийж байгаа Шинжлэх ухааны доктор, академич Ш. Болд болон Ардын багш Чоймаа, Зурхайч Тэрбиш, Нацагдорж маарамба, уламжлалтын доктор Амбага, Цэрэндагва, Мэндсайхан, Болдсайхан, Чимэдрагчаа гээд нэгэн үйлсэд хамтарч чадаж байгаа эрхмүүддээ үнэхээр баярлаж байна.
Соёлын Зөвлөхийн ажлаа аваад Та Галерей, МУЭ ийн фондын уран зургууд. Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байсан үнэт эд зүйлсийн талаар дуугарсан. Энэ ажил ямар үр дүнтэй байна?
Үндэсний соёлын өв голчлон нэг нийгмээс нөгөөд шилжих үед эзэнгүйдэж, алдагддаг нь хүн төрөлхтний туулсан гашуун түүх. Зарим дайсагнагч улс зориудаар нөгөө улсынхаа түүх соёлыг устгаж, шатааж үгүй хийдэг. Троягийн номын сан, Луврын музей, Инкүүдийн дурсгал, Хятадын соёлын хувьсгалаар эртний хөгжмийн зэмсэгнүүд ,1937 онд Мэгжид Жанрайсиг тэргүүтэй олон мянган бурхан гээд… бүгд дайн, хувьсгалын халдлагад өртсөн жишээ. Монгол улс 1990оноос өнөөг хүртэл ямар зүйлсээ алдав гээд банжихаар ч нэлээд юм гарна. Энд ирээд гутарсаан. Бид чинь соёлын дархлаагаа найгүй алдсаар байна. Ерэн оны эхээр манайд Элчин сайд байсан Жон Дингер гэгч жишээ нь хуучны нандин хийц бүхий 200- гаад мөнгөн аягыг дипломат шуудангаар аваад харьд гаргасан гэдэг. Сураг тавихад, тэр хүн өөрийн мөнгөөр, эздээс нь худалдаж авсан юмыг бид одоо эндээс нэхээд яах вэ дээ? Монгол уран дархны ,нутаг нутгийн, өнөө л дарьганга, ноен сэврэй гээд шагшигддаг ур хийц шингэсэн аяганууд гараад явчихсан байж таараа.
Эрдэнэсийн санд байсан үнэт зүйлс, тэр дотор Жавзандамба хутагтын эд юмс, Гандан хийдээс тэнд хадгалж байсан найман авдар зүйл хаа байгааг мэдэхтэйгээ боллоо. Сүм хийдүүд ,улсын музейнууд дэхь Өндөр гэгээн Занабазарын мутрын бурхад хаа хаана байгааг таамаглах болсон. Эцсийн дүн гараагүй байна, нэлээд ажиллагаатай ,ярвигтай нь мэдээж. Алдсан хүн арван тамтай гэгчээр, сайд дарга нарыг хардахаас яах вэ? Санкт-Петербургийн Эрмитажид л гэхэд, ихэвчлэн аль гучаад онд бүртгэгдсэн картотек бүхий монгол төвөд бурхад байдаг байсан бол одоо очоод хар даа ! 2008 , 2015 гэх зэрэг, сүүлд очсон үзмэрүүд байх болсон нь, хил гаалиар өнөө ч соёлын үнэт өв хальж гараад байгаа л гэсэн үг биз дээ?!
Музейн хосгүй үнэт өв соёл маань хэвээрээ байгаа юу? Хуурамч болж солигдсон гэх хүн олон байдаг. Бид үр хүүхдээ дагуулж очоод хуурамч юм үзүүлээд байдаг юм биш биз дээ?
Иргэд маань төрөөс хавьгүй ухаалаг сэхээлэг, миний энэ ажилд урам дэм өгдөг хүн цөөнгүй байгаа тулдаа л энэ ажлыг хийж байна. Тэдний нэг нь зөвлөж зуучилсан юм. Наяад оны дунд үеэр Монголд ирж, бараг л бүх соёлын өвийн фото зургийг өндөр нарийвчлалтай дурангаар авсан, Япон улсын иргэн Сугияма гуайд хүсэлт тавиад удаж байна. Эдгээр фотозургийн слайдуудаа манайд өгөөч гэсэн. Харьцуулж харах, тодруулах эх үндэс ямар ч байсан, бий болсон.Музейд байгаа нь ориг уу үгүй юу гэж эх зурагтай нь харьцуулах ухаантай юм, эхний ээлжиндээ. Занабазар Богдын маань бүтээлүүд дэлхийд гайхагдаж, олон сая еврогоор дуудлага худалдаанаас алга болж байна. Монголд ба гадаадад байгаа Занабазарын бурхдын альбомыг хийх далимд, бүртгэж авья гэдэг дээр Сугияма гуайтай тохиролцсон ,хүлээж байна. 80 гарсан настай хүн шүү дээ. Ерөнхийлөгч мөн Архивын Ерөнхий газрынханд найман зүйл үүрэг өгсний нэг нь ,гадаадад буй соёлын өвийг бүртгэх ажил юм. Европт буйг нь Боннын Их сургуулийн монголч эрдэмтэн арваад жил судлаад гаргачихсан, бэлэн байгаа. Хүний өөрийнгүй санаа тавих ажил шүү. Англи дахь Төвөдийн фондоос ерэн оноос гараалан хөрөнгө тусгайлан гаргаж, Монголчууд та нар буддын уламжлалт өв соёлоо баримтжуул гэсэн ч.БСШУСЯ -наас хэд гурван альбом цөөн тоогоор хэвлэгдээд байхгүй болсон юм билээ. Тэндээс л гэхэд нийт 650 гаруй мянган паундын үлэмж хувийг үүнд зарцуул гэж яамруу өгч, үлдсэнг Гандан, бусад ТББ- уудад өгсөн.Тайланг нь гаргуулж өгнө үү гэж хүсэлт ирсэн л дээ.
Музейн барилгуудыг нураагаад байх юм? Яах ёстой байдаг юм бол оо? Иргэд фейсбүүкээр баахан шуугиад л өнгөрөх юм? Соёлын өвөө хамгаалахад иргэн хүн яг яаж оролцох ёстой юм бэ?
Цахим сүлжээнд ордоггүй болохоор музейн барилгуудыг нураах үед дуу хоолойгоо илэрхийлж чадсангүй. Харин яамдын түшмэдүүдтэй энэ сэдвээр ярилцсан. Түүх соёлыг мөнгөнөөс дор үздэг хомхой сэтгэлгээ арилаагүй цагт музейн барилгуудын доорхи А бүсэд шунасан үйлдэл л яваад байна гэж харж байна. Ард иргэдийн маань түмэн зөв. Улс төрийн хэлмэгдэгсдийн музей гэж модон жоохон байшинг нураахад миний дотор муухай оргисон. Би ч бас буудуулж хороогдсон улсын үр сад болохоор тэр байх. НҮБ-ын Соёлын түүх дурсгалт өвийг хадгалж хамгаалах, унаган төрхийг нь алдуулахгүй, сэвтээхгүй байх заалт ч бий. Хуучны хэв маягтай байшин барилгаа нүүрэн хэсгийг ба фасадыг нь хэвээр үлдээж, ар талд нь шинээр барьдаг ёс журам бусад улс оронд хэрэгжсээр л байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан УИХ-д батлуулахыг хүсдэг нэг хууль бол Меценатын тухай хууль юм Одоогоор эртэдсэн байж мэднэ. Эдийн засаг тамиржаагүй улс оронд хуулийн цоорхойг ашиглах нь их тул, хүлээзнэе. Соёл урлагийн ивээн тэтгэлгийн хууль буюу Меценатын хуулийг пост социалист орноос гэхэд ОХУ, Беларусь ,Казахстан зэрэг улс мөрдөөд эхэлсэн. Хууль бол энгийн. Монголын баячуул жишээ нь, уран зураг худалдаж авах,, музей сүм хийд засварлах, соёлын үнэт өвийг төрийн өмнөөс даатгал хийж гадаадын үзэсгэлэнд толилуулах зэрэг олон эрх үүргийг эдэлнэ.
Тэрхүү соёл урлагт зориулсан үйл ажиллагааны зардлыг үндсэн үйл ажиллагааных нь улсын татвараас чөлөөлдөг болох, ийм хялбар ч гэмээр арга замаар соёл урлагийн төрөөс хараат байдлыг салгах юм. Ингэснээр соёлын өвийн хулгай ч байхгүй болно. Нэрт зураачийн бүтээлийг гал уснаас аварч хадгалсан хүн бүрийг хулгайч гэвэл яах болж байна? Ирээдүйн Марк Зукерберг, Билл Гейтс, Азим Премжи, Гордон Мур гээд энэ цаг үеийн , дэлхийн алдарт меценатуудыг төрүүлсэн улс оронд иргэдийнх нь үндэсний соёлын ухамсар өндөр байдаг. Элит гэж ийм л давхаргыг хэлдэг юм. Тархи, зүрх нь зэрэг ажилладаг баячуудыг. Хүүхэд залуустаа ч дуурайл болдог. Манайд эсрэгээрээ жишээ цөөнгүй шүү! Богд хааны 150 жилийн ойгоор ордон музейн хашаанд нь төрөөс тохижилт хийх гэхэд, Вантрэйд компани цагийн ороо бусгаад хууль зөрчиж ,хуйвалдаж авсан хэсэг талбайд эзэн сууж газрыг нь чөлөөлөхгүй шүүхдэлцсээр байгаа. Үүнээс болоод Ерөнхийлөгчийн зарлигаар санаачлагдан Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас дэмжигдсэн бүтээн байгуулалт товлосон цагтаа хийгдэж амжсангүй. “Баячууд” төрөөс илүү их эрх мэдэлтэй байх юмдаа.
Меценатын хууль алсдаа хэрэгжинэ гэж та харж байгаа юм байна. Одоохондоо тэгвэл иргэд бид энэ бүхнийг хүлцэнгүй хараад л суух хэрэг үү?
Одоохондоо Соёлын өвийн тухай хуулиа боловсронгуй тодорхой болгох нь зүйтэй. Ялангуяа гадаадад удаан хугацаагаар явж байгаа үзэсгэлэнгүүдийн даатгал, хараа хяналтын эрх зүйг сайжруулахгүй бол, үзмэр харгалзагчийн зардлаа ч хариуцах төсөвгүй, гадны урилгаар санхүүждэг үзэсгэлэнгээсээ юуг ч алдаж болно шүү дээ. Иргэд гар дээрээ байгаа өвгөд дээдсийнхээ өв хөрөнгийг үнэт соёл гэж хардаг, хямгаддаг болоод ирвэл нэг их хэцүү зүйл бас биш ээ.
Монгол улс дахь шашны талаар яриад өндөрлөх үү? Зонхилох шашин гэж хуульчилсан атлаа энэ шашныхаа гол тэмдэглэлт өдөр болсон Бурхан багшийн Дүйчин өдрийг бүх нийтийн амралт болгох санал УИХ- д ороход шаггүй маргаан нийгэмд дэгдээд байгаа юм биш үү?
Төвөдүүд 1959 онд улсаа алдаад, шашнаа авч үлдсэн. Монголчууд бид1920 оноос шашнаа хэсэгчлэн алдсаар ,устгасаар ирсэн. Гэхдээ төвөдүүдээс ялгаатай нь, төр улстайгаа хоцорчээ. Төр улсаа авч үлдсэн байхад шашнаа сэргээх боломжтой. Гагцхүү сэргээх гэж юуг хэлнэ вэ? Цөөхөн ч гэсэн, сүм хийдээ сэргээн босголоо. Нутаг нутгийн хутагт хувилгаадыг тодрууллаа. Үр дүн нь юу байна? Өнгөцхөн өөрчлөлтдөө ханачихаад байгаа юм болов уу? Төр шашны хос ёсны сургааль буюу нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн, иргэн хүнээ гаднаас нь чанд хуулиар, дотор талаас нь шашны өндөр ёс суртхуунаар хүлж хүмүүжүүлэх тэр үүргээ хаа хаанаа мартчихсан юм биш үү? Төр ч сул дорой, шашин ч нэр төдий, хоосон орон зай үүсчихвээ дээ? Энэ зай завсраар шашны нэр барьсан харийн улс төрчид, хутган үймүүлэгчид, ашиг хонжоо хайгч нар дураараа сүм хийдээ босгоод байгаа юм биш биз? Муусайн ядуу иргэдийг маань дарлаад, тархийг нь угааж шашин сурталдаа элсүүлээд байгаа юм биш биз? Шашны хуулийн өөрчлөлт хийх төдийгүй, уламжлалт шашныхаа шинэтгэлийг нийгмийн хамгийн шилдэг оюунтнууд ,түүхчид, эрдэмтэд, эх орончид маань санаачлах цаг болжээ гэж бодогддог.
Нээрээн л ,Хууль зүйн яамны 2018 оны мэдээ баримтад христийн сүм цуглааны газар 164 байхад буддын сүм хийд104 байгаа юм. Шашны асуудал аль хэдийнээ улс орны маань дотоод асуудал биш болжээ? Түгшүүр дэлдэх асуудал мөн үү?
Шашны асуудал аль хэдийнээ гадаадын хараа хяналт, шахаа тулгалт дор өрнөсөөр ирсэн хуучин, шинэ баримтууд Ерөнхийлөгчийн ширээн дээр очдог. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч өргөн их энгээр нь харж байгаа гэж найддаг. Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн хэмжээнд хэлэлцэгдэх зүйлсийг ч олны санаа сэтгэл ,эв нэгдлийг бодолцон өөртөө хорыг нь шингээж үлддэг Төрийн тэргүүний ухаан ч байгаа. Хэзээ ч хуулиа зөрчиж, шашны дотоод асуудалд ордоггүй шүү. Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэж заасан. Энэ заалтыг харин хэрэгжүүлэхгүй байх нь их усны дэргэд цангаж үхэхийн үлгэр болох бус уу. Хэлмэгдүүлж хядсан өвөг дээдэс, элэг нэгтнүүдээ бодсон ч, Монголын төр засаг буддизмд өртэй.Бурхан багшийн Дүйцэнг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төслийг ард иргэд маань олонхи нь дэмжсээр байгаа, хүлээж ч байгаа. Харин өөрөөр үзэл бодолтой байгаа улс цөөн. Цахим хилийг зөрчиж, ард иргэдийг дотроос нь хагалан бутаргадаг хүчин зүйлсэд итгэх хэрэггүй.
Та Зөвлөхийнх нь хувьд Эв нэгдлийн билэгдэл болсон Ерөнхийлөгчийн Зөвлөх буддын шашныг дэмжлээ гээд л шүүмжлүүлэхээс айхгүй байна уу?
Айхгүй байна. Зарим зүйлд шударга, хатуу байж сурцгаая ! Буддын шашин бол хүн амын ихэнхийн шүтдэг,хуулиар дээдлэгдсэн уламжлалт шашин. Төрийн тэргүүн нь буддистуудээ дэмжих хамгаалах үүргээс татгалзах ёсгүй. Хүний эрхийн чиглэлээр ч олон улсын өмнө Монгол улс үүрэг хүлээсэн, энэ үүргээ л Ерөнхийлөгч хэрэгжүүлж байна.
2018 оны10 дугаар сард Шашин шүтэх эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн олон нийтэд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр Та байр сууриа нэлээд чанга илэрхийлж байсан?
Цаг нь болохоор ил гаргаж тавих их юм бий гэж товчхон хэлье. Эдийн засгийн зээл тусламжуудын цаад барьцаанд соёл, түүх шашин, иргэний нийгмийн бүтцийн ойлголтууд явсаар ирсэн юм байна лээ. Шинэ баримтууд ч олж авч байна. Байдал хэцүүдвэл миний бие ард иргэдээсээ зөвлөгөө ,тусыг хүсэх болно. Яагаад гэвэл, би улстөрчдөд итгэхээ больсон хүн шиг байна.
Таны ар талд монголын сүсэгтнүүд, лам хуврагууд “асаалттай танк”шиг байгаа юм биш үү?
Оюуны их өв хөрөнгө бий, өөр юу ч байхгүй гэвэл ямар байна? Монголын буддизм бол буддизм доторхи сэтгэлгээний сор манлай гэдэгтэй хэн ч маргахгүй. Магнайдаа эвэртэй үхэр л биш бол.Мугалзуур эвэртэй үхрийг мунхгийн дээд төлөөлөл болгож шашинд үздэг юм л даа ,тэгээд л тэгж хэлчихлээ. Монгол лам нарын эрдэм ухааныг сорих тунгаах оюуны талбар өнөөдөр үгүйлэгдэж байна. Сайхан хурдан хүлэг байлаа гэхэд уралдуулан сойх уяачгүй , сарвааг нь тэнийлгэх уудам талгүй бол яахсан билээ? Тэрэн шиг л юм. Эртнээс нааш хүний газар он жилээр сууж дээдийн номд шарлаад , нутагтаа эргээд ирсэн ч гайгүй сайндаа, гүрэм хийх хийдтэй болох ,эс бөгөөс бадарчлан тэнэх гэсэн хоёрхон л зам байсан, өнөө ч хэвээрээ. Бурханы шашныг монгол хүн энэтхэг төвөдүүдээс илүү юу гэхээс дутуугүй хөгжүүлсээн. Агуу лам нар шүү дээ, монгол лам нар. Гэсэн ч , монгол лам нарын хойч үе их хядлагын дараа аанай л өндийж өгөхгүй байгаа нь бүх нийтийн ядууралтай ч холбоотой. Бусад улс орон уламжлалт шашнаа яаж хадгалж хөгжүүлж байгааг харьцуулбал монголчууд бид нүүрээ хийх газаргүй , хоорондоо дэмий л цэцэрхэж хэрэлдсэн, хардсан улс болчихсон шүү дээ
Шашны шинэтгэл гэж түрүүхэн дуугарлаа. Юуг нь шинэчлэх ёстой байдаг юм бол?
Шашны сонгодог ухагдхууныг гээж орхилгүйгээр өнөө цагт шинжлэх ухаанч байр сууринаас тайлбарлаж ,номлож, эх хэлээрээ ч мөн айлдаж чаддаг, төрийн болоод нийгмийн харилцаанд аваад явчих шинэ үе, сэтгэлгээний шинэ гарааг гэж хэлж болох юм. Бүдүүн тоймоор шүү. Энэ шинэтгэлийг ард иргэд захиалж санаачилж , төрөөс дэмжиж ,монгол лам нар маань гардан бүтээж чадаж гэмээнэ, жинхэнэ үндэсний шашны хөгжлийг бий болгоно.
Шашнаар сэжимдэн монголчуудыг бутаргаж, өөрсдийгөө товойлгосон хүний өөрийн баахан ренбуучи хутагт хувилгаан болгонд хэдий болтол гэр дэх ээ, гар дээрхээ өргөж гүйгээд байх вэ. Монголын буяныг Монголд нь тогтооё. Монгол лам нартаа илүү боломж олгоё. Хийморийн сан тавиулаад өргөдөг хэдэн төгрөгөө харамлаад, лам нар баяжлаа, таргаллаа гэхээсээ илүү, яаж хамтарч нийтийн буяныг бүтээхээ боддог больё. Гэгээчүүлээр тодорсон хутагт хувилгаад маань хэлд, хөлд хурдан ороосой. Юун түрүүнд тэд нийгэмдээ гэрэл гэгээ цацраах оюуны манлайлал гэдгээ огоорч болохгүй. Тэдний өмнөх дүрүүд ямар мундаг эрдэм чадал төгс эх орончид байлаа даа? Өөрсдийгөө эд нар маань харьцуулах цаг болсон шүү! Хүчирхэг бүү хэл, ядмаг улсын ч гар хөл болохоос ард иргэд маань сэрэмжилж, бидний цөөн монголыг хооронд нь хагалах муудалцуулах аливаа зүйлээс сэрэмжлэх ухаан суумаар байна даа ! МБШТГандан тэгчинлэн хийд ч гэсэн эв эеийн үлгэр болж, Бурхан багшийн тогтсон тааллын дөрвөн урсгал салааг ялгаваргүй тэгш барих ухаанаа гээгээгүй гэж санадаг шүү.
Ингэж нэгдмэл бодлогод хандуулахгүй бол, Шүгдэн гэх мэт ,угтаа бол монголчуудад бидэнд харь хамаагүй бугийн үлгэрээр хагалаад, шашны Ландрамыг өөрсдөө бид төрүүлээд байх шиг санагдана.
Шашны сэдвээрээ хаая гэж бодож байлаа ,харин ч дараа дараагийнхаа ярилцлагыг нэн түрүүнд энэ л сэдвээс эхэлмээр санагдчихлаа. Танд баярлалаа.
Өө юу гэж байгаа юм, харин ч өөрт чинь гялайлаа. Соёл, шашны сэдэв олон сэтгүүлчийн хувьд “ашиггүй” сэдэв болчихсон байх шиг ээ. Би саяхан Бутан, Энэтхэг яваад ирсэн. Бутаны Шашны тухай хууль ёстой сайн хууль байна. Бутанд Олон улсын Хүний эрх хэрэгжиж байна Гэхдээ соёл, шашин нь хэдэн зууны өмнөх тэр хэвээрээ, шинээр гадны сүм хийд барихыг хуулиар хатуу хориглосон болохоор буддын сүм хийдийн гоёмсог урлал, бясалгалын ариун дагшин орныг үзэх л гэж жуулчид жилдээ хэдэн саяараа очиж үлэмж орлого оруулж байна. Иргэд нь баян байна. Жижигхэн Бутаны цөөхөн улс төрч том сэтгэдгийг харлаа.
Энэтхэгт сурч байгаа, Монголоос очсон бяцхан ламбугай нарт гарынхаа гурилтай хоол хийж өгч ,цээж бичгийн шалгалт аваад ирсэн. Хүүхдүүд маань хүний газарт ,хүний соёл түүхээр,хүний эх хэлээр хүмүүжиж эх оронгүй өсчих вий! Тэнд суугаа мянга гаруй хүүхэд залуусаас эх хэл бичгээрээ нэрээ ч зөв бичдэггүй хүүхэд олон байна шүү гэдгийг төр засагт ойлгуулах ,үзүүлж үнэмшүүлэх юм олж ирэх гэж ийм ажил хийлээ. Харин замын зардлыг хувиасаа гаргадаг шүү, ихэнхдээ. Төрийн мөнгөөр зугааллаа гэх вий! Хувиасаа, ёстой нөгөө өвөр дотроосоо л “дээрэм” хийж төрийн ажил хийж байна(инээв) Ерөнхийлөгчийн Тамгын газар ийм зардал өгөх төсөвгүй.Эцэст нь Ардчилсан хувьсгалын ЗО жилийн ойн баярын мэндийг хот хөдөөгийн хэдэн зохиолч ,яруу найрагч нар , эрдэмт даруу лам хувраг нар болон урлаг соёлын ажилтан ажиллагсдадаа хүргэе ээ! Хуулиар цэгцэрч өнөө хэр амжаагүй улс орноо сэрээж ,хуураар өчнөөн жил аргадан зөөллөж өнөөдөртэй золгуулсан гавьяатнууд бол та нар шүү.
Ярилцсан: Ш.Даваадорж ЗГМ сонин